“Роснефть”-тэй тэврэлдсэн ч, “тэмцсэн” ч шатахууны үнэ өснө
“Роснефть”-тэй тэврэлдсэн ч, “тэмцсэн” ч шатахууны үнэ өснө
Шатахууны үнэ 80 орчим төгрөгөөр нэмэгдэж буй талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Шалтгаан нь Ираны хориг арга хэмжээнээс шалтгаалж газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрсэн гэв. Харамсалтай нь шатахууны үнэ цаашид ч өсөх хандлагатай байгааг бүх талын эх сурвалжууд болон шинжээчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр брент нефтийн үнэ 72 ам.доллар даваад байна. Өнгөрсөн оны сүүлчээр 44 ам.доллар байсан газрын тосны үнэ дөрөвхөн сарын дотор 40 хувиар өсчихлөө. Шатахууны хилийн үнэ тонн тутамдаа өмнөх сараас А-80, АИ-92 автобензин 53 ам.доллароор, дизель түлш 17 ам.доллароор өссөн нь дотоодын шатахууны үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлж байна. Энэ талаар төрийг төлөөлж мэдээлэл өгч буй эх сурвалж “Дэлхийн зах зээл дээр брент төрлийн тосны үнэ 70 гаруй ам.долларт хүрсэн учраас Монголд шатахууны үнэ өссөн. Энэ нь дэлхийн зах зээл дээрх биржийн үнээс шууд тооцогдоод, үнэ нь шууд тавигдаж байгаа юм. Ийм л зарчимтай явагддаг” гэв.
Энэ зарчмаас гажих, тойрох боломжгүй юм. “Роснефть”-ийн оны эхний таван сарын импортын үнэ нэгдүгээр сард 531 ам.доллар, хоёрдугаар сард 533 ам.доллар байсан бол гуравдугаар сард огцом өсч 572 ам.доллар болжээ. Өсөлт цаашид дөрөв, тавдугаар сард ч үргэлжлэх нь тодорхой болоод байна. Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 5-10 хувиар буухад Монголд зарж байгаа АИ-92-ын үнэд нөлөөлөхгүй. Үүний гол шалтгаан нь сүүлийн таван жилийн турш аажмаар өсч буй ам.долларын өсөлт юм. Импортлогчид шатахууныг ам.доллараар худалдан авч иргэдэд төгрөгөөр зардаг учраас эцсийн хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн ханшийн сулрал гэсэн хоёр эрсдлийг үүрдэг. Өөрөөр хэлбэл шатахууны хадгаламж, борлуулалтын бизнес бол нийгмийн өмнө аюулгүй ажиллагаандаа байнга хөрөнгө оруулалт хийх шаардлагатай салбар байдаг. Энэхүү хөрөнгө оруулалт нь өнөөдрийн олж байгаа ашгаар нөхөгдөх боломжгүй тул шатахуун импортлогчдын зээл өсч, зээлээ бууруулах арга замыг эрэлхийлсээр байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийх үеэр “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ээс 29-ний өдрүүдэд тус сангийн Техникийн туслалцааны ажлын хэсэг дахин манай улсад ажилласан. Одоогоор тус ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох, томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулсан” аж. Гэвч онцгой албан татвараар ихэнх шатахууныг тэглэсэн тохиолдолд төр ч, Олон улсын валютын сан ч өөр ямар зохицуулалт хийх боломжтойг хэн ч хэлж чадахгүй байна. Ярьдаг нь “Газрын тос боловсруулах 1.5 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барих төслийн дэд бүтцийн ажил 80 хувьтай, графикийн дагуу явж байгаа юм байна” гэх улиг болсон мэдээлэл. Гэтэл бодит байдал дээр уг газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөц өсгөж, олборлолтоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
“Роснефть”-ийн хувьд таван жилийн хугацаатай үнийн гэрээгээ 2018 онд шинэчилсэн. Энэ удаа мөн л Монголд нийлүүлж буй шатахууны үнийг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд байгаа. Бид гэрээгээ Сингапур дахь бирж дээр үнээс үндэслэж сар бүрийн хилийн үнээ тогтоодог” гэх жижүүрийн тайлбараа хийлээ. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Роснефть” компанитай хамтарсан ажлын хэсэг хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээвэрлэлт, дамжуулах шугам хоолой, хайгуул хийх талбайн хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар “судалж байна”, “хамтарч байна” гэдэг ажлаа хийж буй.
Харин өнөөдөр, маргааш яах вэ? Нефть бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 30 гаруй хувийг АИ-92, 60 гаруй хувийг дизель түлш эзэлж байдаг. АИ-92 автобензины тонн тутмын үнэ өмнөх сард 672 ам.доллар байсан бол энэ сард 690 ам.доллар, дизель түлш 617 ам.доллар байсан бол энэ сард 642 ам.доллар, Н-80 автобензин 642 ам.доллар байсан бол энэ сард 660 ам.доллараар нийлүүлэх үнийн саналыг “Роснефть”-ээс хүлээн авсан.
Уул уурхай, барилга, газар тариалангийн салбарын ид ажлын үе эхэлчихлээ. Зөвхөн манайд ч гэлтгүй дэлхийн улс орнуудад зуны улиралд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж үнэ нь ч дагаад өсдөг онцлогтой. Энэ нь зуны дэлгэр цагт хүмүүсийн аялал зугаалга ихэсдэг учраас бензиний хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцсон нефтийн худалдаачид хаврын улиралд бүтээгдэхүүнээ нөөцөлж авдаг, эрэлт дээд цэгтээ хүрсний дараа намар, өвлийн цагт үнэ эргээд буурдаг билээ. Гэвч залгуулаад тариа хураалтын үе эхэлдэг учраас үүгээр прогноз хийх амаргүй. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засаг идэвхтэй өсөлтийн үедүйлдвэрлэл, тээврийн салбарт түлш шатахууны хэрэглээ нэмэгддэг. Жишээ нь 2017 оноос хойшхи үеийг 2007-2008 оны эдийн засгийн их хямралаас гарсны дараах газрын тосны хэрэглээний огцом өсөлтийн үе гэж нэрлэцгээж байсан. Үнэхээр ч 2017 оноос хойших нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөдөр ч төдийлөн сулраагүй, тэр ч байтугай урьдчилсан таамаглал бүрээс давж гарах болсон дүр зураг ажиглагдсаар байна.
Шатахууны үнийн огцом өсөлтийг эсэргүүцэх ганц арга нь нөөцлөх явдал. Хамгийн гол нь төр шатахуун импортлогчдын төлсөн татварыг нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийг дэмжихэд ашиглахгүйгээр тэс өөр зориулалтаар, өөр салбарт зарцуулдаг нь нөхцөл байдалд бодитой өөрчлөлт гаргадаггүй. Эцэст нь хэлэхэд шатахууны эцсийн хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн ханшийн сулралын өмнө эрсдэл хүлээж бухимдаж буй болохоос гудамжинд жагсаад, эсэргүүцэл илэрхийлж машинтай жагсаад ч, машинаа шатаагаад ч тэмцэхийн аргагүй зах зээл гэдэг бодит бэрхшээлтэй нүүр тулаад байгаагаа нэгэнт ойлгож эхлээд байгаа бололтой.