ПУТИНИЙ ГАР ХӨЛҮҮД
Улмаар хорьдугаар зуунд тохиосон гурав дахь хувьсгалаасаа Орос орон чичрэн татвалзсаар гарч ирэх үед нь Санкт-Петербургийн боомт дахин түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус боомт эхлээд Орос орон даяар, харин дараа нь баруун руу хөл тавьсан зохион байгуулалттай гэмт бүлгүүд-КГБ хоёр холбоотны харилцаа тогтоосон 0 цэг болжээ. Чухам энд тус хотыг атгасан гэмт бүлгийн толгойлогчтой болон тус боомтоор газрын тос гадаад руу гаргаж байсан бизнесмэнтэй хотын орлогч дарга Владимир Путин ажил хэргийн харилцаагаа анх тогтоожээ. Энд эхлүүлсэн харилцаа, бартерын экспортын загвараараа сүүлд Путин Орос орныг удирдсан.
“Мөсөн уулын орой цухуйв”
САНКТ-ПЕТЕРБУРГ – Финландын булан Балтийн тэнгистэй нийлдэг Санкт-Петербург хотын баруун өмнөд хэсэгт далайн эрэг дагуух хувьсгалын өмнөх үеийн тансаг байруудын хажуугийн талбай дээр бөөн кран, контейнерууд багширчээ. Нэгэн жижиг арал дээр хаягдал төмөр, дүнзнүүд ирж авах хөлгүүдээ хүлээн овоолттой байх бол сувгийн нөгөө талд, хүнд машин механизмууд дундах хувьсгалын өмнөх үеийн худалдаачдын агуулах, гаалийн байрууд бараг эзгүй, хүнгүй орхигджээ. Бүр цаана баруун үзүүрт нь буй өндөр цементэн далантай замын нөгөө үзүүрт “Голден гэйт” хэмээх хаалга бий бөгөөд түүний цаана Санкт-Петербургийн стратегийн хамгийн чухал ач газар болох газрын тос хадгалах газрын бетон байгууламжууд сүндэрлэнэ. Энэ газрын төлөө 1990-ээд онд дээрэмчдийн дунд хамгийн харгис тулаан өрнөсөн юм.
Арлуудаас бүрдсэн эл олтригт Санкт-Петербургийн далайн боомт байрладаг бөгөөд уг нутаг Орос орны эрээнтэй бараантай түүхтэй салшгүй холбоотой. Их Пётр хаан тус боомт Оросын хамгийн том далайн боомт болж Оросын Евразийн их хуурай газрыг барууны зах зээлтэй холбох болтугай гэж ерөөн Санкт-Петербург хотыг арван наймдугаар зууны эхээр байгуулжээ. Барокко загварын сүрлэг том харшуудыг нь барьж, шавар намаг дундуур цэлгэр суваг ухах даалгаврыг нь гүйцэтгэх зуур олон мянган хамжлага боолууд нас нөгчсөн гэдэг. Санкт-Петербургийг хэзээнээс “Баруун руу харсан цонх” гэж үзсэн ба энэ хот ямар ч үнээр хамаагүй улс орноо дундад зууны Ази өнгө аясаас нь холдуулахыг чармайн араасаа чирчээ.
Барууны гүрнүүдийн хөлөг онгоцнууд хувцас, цай, торго, халуун ногоо ачин энд улам олноороо ирэх үед өөдөөс нь Орос гүрний дүнз, арьс үс, ороонго, поташ (калийн карбонат) уугин хүлээж байдаг байв. Санкт-Петербургийн худалдаачид, язгууртнууд хөлжин баяжсан бол харин энэ хотын ажилчин ардууд дэлхийн хамгийн дарлагдсан хүмүүс болсон. Жилийн хагаст нь боомтоор дайрдаг умардын хүйтэн салхи, мөсөнд хайрагдсан боомтын ажилчид ачаа барааг усанд онгоцонд бушуухан нэг ачиж, нэг буулган гүйлддэг. 1917 онд Владимир Ленин түр засгийн газрыг түлхэн унагахаар ажилчдыг цуглуулахад тэр бослогод оролцогчдын дийлэнх нь уг боомтын ажилчид байсан гэдэг. Түүнээс хойш Ленинград нэртэй болсон энэ хот дэлхийн II дайны үед нацистуудын бүслэлтэд орсон ч их өлсгөлөн, бөмбөгдөлтийг давахын тулд эцсийн хүчээрээ тэмцсэн түүхтэй.
Улмаар хорьдугаар зуунд тохиосон гурав дахь хувьсгалаасаа Орос орон чичрэн татвалзсаар гарч ирэх үед нь Санкт-Петербургийн боомт дахин түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус боомт эхлээд Орос орон даяар, харин дараа нь баруун руу хөл тавьсан зохион байгуулалттай гэмт бүлгүүд-КГБ хоёр холбоотны харилцаа тогтоосон 0 цэг болжээ. Чухам энд тус хотыг атгасан гэмт бүлгийн толгойлогчтой болон тус боомтоор газрын тос гадаад руу гаргаж байсан бизнесмэнтэй хотын орлогч дарга Владимир Путин ажил хэргийн харилцаагаа анх тогтоожээ. Энд эхлүүлсэн харилцаа, бартерын экспортын загвараараа сүүлд Путин Орос орныг удирдсан.
Ерээд оны эхээр тус боомт мөнгөний төлөө улайрсан гэмт бүлгүүдийн хамгийн халуун цэг байсан. “Манай боомтын түүх гэдэг бол бараг тэр чигтээ гэмт хэрэг, хар бараан явдлуудын түүх” хэмээн тус хотын зөвлөлийн дээгүүр тушаалын нэгэн хүн тайлбарласан юм.1 “Боомт тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн гарт орсон. Олон ч буудалцаан тэнд болсон” гэж тус хотын хамгийн том гэмт бүлэг болох Тамбовын бүлгийн экс гишүүн ярьдаг.
Энэ боомтыг эцэстээ гартаа оруулсан хүмүүс нь ерээд оны эхээр Питерт ирж бугшсан КГБ болон гэмт бүлгүүдийн эвсэл байсан бөгөөд энэ үйл явдлын төвд Владимир Путин байжээ. Москвад КГБ бараг л ичээндээ орсон бол Санкт-Петербургт бүгдийн өмнө ил гарсан. Санкт-Петербургийн эдийн засаг Москвагийнхыг бодвол хамаагүй жижиг болоод ч тэр үү мөнгөний төлөө тэмцэл энд хамаагүй ширүүн өрнөсөн бөгөөд хотын захирагчийн алба хотынхоо бараг бүх бизнес рүү тэмтрүүлээ шургуулжээ. Энэ хотод КГБ ийнхүү томорсны шалтгаан нь тус хотын дарга Анатолий Собчак үнэндээ хот удирдах өдөр тутмын ажилд оролцох сонирхолгүй тул тэр ажлаа гадаад харилцааны хороон дарга гэдэг үүднээсээ хотын бараг бүх худалдаа, түүнтэй холбоотойгоор бараг бүх бусад ажлыг хариуцаж байдаг Путин болон хотын эдийн засгийн асуудлыг хариуцсан нөгөө нэг орлогч болох Владимир Яковлев хоёрт даалгачихдаг байсантай холбоотой.
Собчак хотын захиргаагаа Санкт-Петербургийн ардчилсан үзэлтнүүдийн төв болсон хотын зөвлөлийн байрлаж буй Марийнскийн ордноос нүүлгэн, бүр Лениний үеэс коммунист нам байрлан хотыг удирдаж байсан, туулайны үүр шиг хэрсэн олон коридортой Смольнийн Хүрээлэн рүү нүүлгэжээ. Хүлээж авсан зүйл нь бараг уйлмаар чамлалттай байлаа. Хотын сан бүрэн хоосорчээ. Гадаадаас бараа худалдаж авах мөнгө хотод байсангүй. Лангуунууд хоосон. Дотоодын үйлдвэрлэл гээд байх зүйл үгүй. Улсын өмчийн колхоз, сангийн аж ахуйнууд ажлаа хийхгүй байгаагаас улаан буудай талбай дээрээ ялзарч байх зуур хэд хэдэн удаа ургац алдав. Хүнсний хямралын хажуугаар гэмт хэрэг гаарав. Зөвлөлт засаг нурсны дараах үймээн самуун дунд хууль тогтоох байгууллага хайлсан цас мэт алга болжээ. Эзгүй орон зайг нь эзлэхээр зохион байгуулалттай гэмт бүлгүүд урагш давшин бизнес эрхлэгчид, гадаадаас бараа оруулж ирдэг хүмүүсийг айлган сүрдүүлж, бизнесийг нь булааж эхлэв.
Энэ бүх улам хүндрэн буй нөхцөл байдлыг Смольнийн Хүрээлэнгийн сүрлэг баганатай өндөр ордныхоо цонхоор харж суугаа Собчакт бүх зүйл хяналтаас гарсан, энэ бүхний арга учрыг олж дийлэхгүй мэт санагдаж байлаа. Уг нь бол тэр царай төрх дажгүй, бусдыг уяртал ярьж чаддаг хүчирхэг уран илтгэгч боловч хотынхоо хууль сахиулах байгууллагатай нэг л арга эвээ олохгүй байгаа аж. “Собчак бол усан тэнэг амьтан” хэмээн Путинтэй хамт Санкт-Петербургт нэг хэсэг ажилласан КГБ-ийн дээгүүр тушаалын офицер өгүүлсэн юм. “Тэр дэгжин костюм пиджак өмсөж байгаад хэдэн цагаар ч хамаагүй илтгэл тавих дуртай. Тэр эрх мэдлийн балыг нь хүртэх дуртай. Язгууртан шиг тансаглах гэж хүссэн эхнэртэй. Өөрөө бол лимузинаар ажилдаа явдаг. Гэвч ажил хийх болохоороо тэр өөрөө хийдэггүй. Тэгээд хэн ажиллах юм бэ? Хэн нэгэн хийх хэрэгтэй биз дээ? Хэн гудамжнуудыг бааснаас нь салгаж, дээрэмчдийн учрыг олох юм бэ?”
Хууль сахиулах байгууллагын хүмүүс нь Собчакийг залгахад утсаа ч авдаггүй байв. “Петербургийн КГБ-ийн дарга түүнтэй нэг өрөөнд ч ордоггүй байлаа. Аюулаас хамгаалах яаж ажилладгийг түүнд тайлбарлаад ч ойлгохгүй. Цөмийн физик тайлбарлах гэж оролдсоноос өөрцгүй. Харин Путинтэй бол ярьж болно. Түүнд ‘Володя, хөгшөөн нөхцөл байдал ийм байна, энд ийм юм болоод байна’ гэж ярьж болно. Тэр ойлгодог. Тийм болохоор ямар нэг зүйл зохицуулахаар Путинийг цагдаагийн газар руу залгахад тэд утсыг нь тасалдаггүй байсан.”
Тийнхүү хотынхоо КГБ-ийн дээгүүр тушаалынхантай хэлхээ холбоотой болохоор нь Путинд энэ талын ажлаа Собчак хариуцуулдаг байв. Санкт-Петербург хотын КГБ буюу шинэ нэрээр бол ФСБ-ын шинэ дарга нь Ленинград хотын КГБ-ийн тэрс үзэлтэй тэмцэгч аймшигт Тавдугаар газрын хүн, Путиний өөрийнх нь сурган хүмүүжүүлэгч Виктор Черкесов байсан. Тиймээс цагдаа, хуулийнхантай холбоотой ажлуудыг зохицуулах гол хүн нь Путин болжээ. Путин бол “хэн нэгэн рүү утасдан ‘Нэг зүйл зохицуулах хэрэгтэй байна, үгүй бол ноцтой юм болно шүү’ гэж хэлж чаддаг тийм хүн байсан юм. Тэр ямар нэг асуудлын тухайд урьдчилаад генералтай ярилцан зөвшилцөөд, генерал нь тусгайгийнханд хэнтэй яаж харилцах зааварчилгаа өгдөг байв. Тэд холбогдож, ойлголцож чаддаг байсан. Тийм болохоор л аюулаас хамгаалах систем бусад газар нурж унасан ч энд ажилласаар байсан даа.”
Тэр их үймээн самуун дундаас, түүнчлэн Собчакийн үр дүн муутай удирдлагын үр дүнд – Путин, түүний КГБ-ийн сүлбээтнүүд, мафийнхны дунд нэгэн ойлголцол маягийн зүйл үүссэн нь хотын эдийн засагт тустай нөлөө үзүүлэв. Хотыг гартаа оруулах гэж тэмүүлэхийн оронд эд гагцхүү өөрснийгөө л хяналтдаа байлгав. Үнэндээ тогтолцооны уналт гэдэг бол өөрсдөө баяжих боломж гэсэн үг бөгөөд үүнийг ялангуяа Путин болон түүний КГБ-ийн холбоотнууд олж харан өөрсдийн сүлжээ болон байр сууриа олон жилийн турш хадгалахад туслах стратегийн ач холбогдол бүхий орлогын эх үүсвэр үүсгэн, түүнийгээ хадгалахыг зорьжээ. Яваандаа эд нөлөөний хүрээгээ тэнгисийн боомт руу, тэгснээ тэндээсээ газрын тосны терминал руу тэлсэн. Энэ бүхнээ тэд Санкт-Петербургийн Тамбовын бүлэгтэй хамтран хэрэгжүүлсэн юм. Энэ бол “дээрэмчид, цагдаа” хоёрын хамтарсан бизнес байсан бөгөөд Тамбов бүлгийнхний гараар цус хутгуулжээ.