ПАРЛАМЕНТ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ УЯЛДААНЫ АСУУДАЛД
Миний бодлоор Монгол Улсын Үндсэн Хуулийн энэ удаагийн өөрчлөлт төгс шийдэл биш бөгөөд Үндсэн Хуулийг боловсронгуй болгох асуудал цаашид ч яригдсаар байх нь дамжиггүй. Тиймээс парламентат ёс, сонгуулийн тогтолцооны талаар олон талын судалгаа шинжилгээ хийж, уг асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандсаар байх учиртай.
ПАРЛАМЕНТ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ УЯЛДААНЫ АСУУДАЛД
Хамгийн сүүлд Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020 онд болж өнгөрсөн. МАН эрх баригч намын хувьд сонгуулийн хуулиа өөрт ашигтай томсгосон мажиротар хувилбараар баталж чадсан нь том давуу талыг авчирсан. Энэ удаа ч нийт сонгогчдын 44.9 хувийн дэмжлэгтэйгээр парламентын суудлын 81.6 хувийг МАН авч чадсан.
Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудалтай болж, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байжээ гэж зарим судлаачид тухайн сонгуулийн дараа ярьж, бичиж байсан.
Ийнхүү парламентын ээлжит сонгууль болдогоороо болоод өнгөрсөн. Ялалт, ялагдлынхаа учир шалтгааныг эрж хайсан нам, улс төрчид үндэстэй, үндэслэлгүй олон шалтаг, шалтгаан тоочин, тайлбарласаар өнөөг хүрч байна.
Сонгуулийн тогтолцооноос хамааралтайгаар сонгогчдын санал гээгдэдэг гэдгийг улс төрийн намууд нь ч тэр, сонгогчид нь ч тэр ойлгож эхэлсэн нь Монголын өнөөгийн улс төрийн сэтгэлгээнд гарч буй “том ахиц” гэж хэлж болно.
Түүнчилэн парламентын гишүүдийн тоог 152 хүртэл нэмэгдүүлж, сонгуулийг 76/76-аар холимог тогтолцоогоор явуулахыг эрх баригч намын зүгээс санал болгож, үүнтэй холбогдуулан Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж, олон нийтийн санал бодлыг ч сонсож, хүлээн авсан. ҮХНӨ-ийн талаарх гуравдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгох тогтолцоог УИХ-ын гишүүдийн 91,2 хувийн саналаар баталлаа.
Миний бодлоор Монгол Улсын Үндсэн Хуулийн энэ удаагийн өөрчлөлт төгс шийдэл биш бөгөөд Үндсэн Хуулийг боловсронгуй болгох асуудал цаашид ч яригдсаар байх нь дамжиггүй. Тиймээс парламентат ёс, сонгуулийн тогтолцооны талаар олон талын судалгаа шинжилгээ хийж, уг асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандсаар байх учиртай.
Цаашдын байж болох хэлэлцүүлэгт сэдэл өгөх, нэмэр болох үүднээс парламент болон сонгуулийн тогтолцооны хоорондын уялдаа, холбоог дэлхийн ардчиллын ололт амжилтын оргил болж буй Шведийн Вант улсын жишээтэй харьцууулан авч үзлээ.
***
Монгол, Шведийн парламентат ёсон
Манай хоёр орон хөгжлийн түвшингээр ялгаатай ч гэсэн хоёуланд нь парламентын ардчилал хөгжсөн орнууд бөгөөд Шведийн Риксдаг болон Улсын Их Хурал гэж нэрлэгддэг нэг танхимтай Парламент үйл ажиллагаа явуулдаг.
Парламентын сонгууль мөн ижил хугацаанд буюу дөрвөн жил тутамд явагддаг.
Монгол Улс 3,4 сая хүн амтай. 2,2 сая сонгуулийн насны иргэдтэй. Харин Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй, тэдгээр нь томсгосон тойрог бүхий мажоритари тогтолцоогоор сонгогдсон. Түүнчилэн УИХ-ын сонгуульд 76 жижиг тойрогтой хэлбэр болон 48:28 холимог хувилбар ашиглагдаж ирсэн.
Шведийн Вант улс 10,4 сая хүн амтай, бүртгэгдсэн сонгогчдын тоо 7,7 сая байдаг. 1866 оноос үүсэлтэй Шведийн Риксдаг нь 1971 оноос өнөөг хүртэл 349 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 310-ыг нь сонгуулийн 29 тойрогоос намуудын авсан саналын хувьтай тэнцүүлэн хуваарилах намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөллөөр сонгогддог. Өөрөөр хэлбэл, олон мандаттай томсгосон 29 тойрогтой пропорционал сонгуулийн хэлбэрээр сонгогддог, Үлдэж буй 39 суудлыг намуудын сонгуульд авсан хувь хэмжээнээс хамаарч хуваариллагддаг зохицуулалттай суудал /adjustment seats/ гэж нэрлэдэг.
Шведийн парламент нь намаас нэр дэвшигчдийн дотроос тухайн намын сонгуульд авсан саналтай дүйцэхүйц тооны нэр дэвшигч Риксдаг буюу хууль тогтоох байгууллагад сонгогддог пропорционал хэлбэртэй гэсэн үг.
Гэтэл амьдрал дээр Шведийн тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлэх болон олонхийн хэлбэрийг ухаалгаар хослуулсан холимог шинжийг агуулсан байдаг онцлогтой. Энэ нь сонгуулийн хууль, журмааараа нөхцөлдсөн байдаг.
Шведийн хувьд намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөлөлд хамаарах мажоратори буюу маш өвөрмөц тогтолцоотой гэж хэлж болно. Мөн зохицуулалттай суудлаараа гишүүний суудлаа нэмэх боломжийг улс төрийн намуудад олгож байдаг.
Өөрөөр хэлбэл, сонгогчдын намын төлөө, тойрог дох нэр дэвшигчийн төлөө өгсөн хоёр саналын аль аль нь сонгуулийн дүнд нөлөөлж, тооцогдож чадаж байдагт Шведийн парламент ёсны ололттой тал оршино.
Шведийн сонгуулийн тогтолцооны сонирхолтой, давуу талууд
Нэг. Шведэд улс төрийн нам бүхэн өөр өөрийн саналын хуудасаа хэвлүүлнэ. Саналын хуудас нь 3 төрөл байх тул санал өгөх хүний тооноос 3 дахин олон байхаар тооцож хэвлүүлдэг. Эндээс л хүний сонголтын эрх тэгш байдал хангагдаж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Шведэд шат шатны сонгуулиудад 3 төрлийн саналын хуудаснаас сонгогчид аль нэгийг сонгож саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Үүнд:
- Нэрээр санал авах хуудас – Нам бүрээс нэр дэвшигчдийн жагсаалт бүхий хуудсан дахь нэр дэвшигчийн нэрийн өмнө байх дөрвөлжингөөс сонгож, дэмжих хүнийхээ нэрийн өмнөхийг дөрвөлжинг чагтлаж зурна.
- Намаар санал авах хуудас -Сонгогчид тодорхой намыг сонгож санал өгнө. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцогч намуудын нэрс бүхий хуудсыг авч, дэмжих намаа тэмдэглэж саналаа өгнө.
- Хүснэгттэй санал авах хуудас – Энэ хуудаст сонгогч сонгох намын нэрээ өөрөө бичиж болно.
Сонгуульд оролцож буй нам бүхэн тус тусдаа саналын хуудастай байдаг бөгөөд сонгогчид намаас ирүүлсэн жагсаалтын дагуу хэн нэг нэр дэвшигчийг сонгох, эсвэл намуудын жагсаалтаас аль нэг намыг сонгож саналаа өгч болно гэсэн үг.
Энэ арга нь бидний нөгөө учир начираа олохгүй эцэс төсгөлгүй маргалдаад байгаа хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооны асуудлыг ямар ч маргаангүйгээр шийдэж чадсан хувилбар болно.
Сонгуулийн санал авах хуудаснууд хэмжээ болон материалын хувьд ижил байх ёстой боловч, сонгуулийн төрлөөсөө хамаарч өнгө нь өөр өөр байдаг онцлогтой. Тухайлбал, Рикстагийн сонгуулийнх шар, Мужийн сонгуулийнх цэнхэр, дүүрэг, хот, тосгоны болон Европын Парламентын сонгуулийнх цагаан байдаг ажээ.
Хоёр. Улс төрийн нам зарим нэр дэвшигчээ хэд хэдэн тойрогт “сойж” болно. Хэн нэг нэр дэвшигч нэгээс илүү тойрогт ялалт байгуулсан тохиолдолд түүний оронд түүний төлөөлсөн намаас гаргасан нэрсийн жагсаалтыг үндэслэн дараачийн нэр дэвшигчийн босго оноог хангасан байдал, тухайн тойрогт авсан санал болон түүнд ногдож буй намаас хамааралт саналыг тооцон орлуулан сонгогдсонд тооцдог. Ийм боломжийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд оруулж өгвөл манайд улс төрийн намууд өөрийн нэр хүндтэй гишүүнийг тойрогт болон намын жагсаалтад аль алинд нь багтаах нэр дэвшүүлэх боломжийг олгох талтай.
Гурав. Сонгуулийн тогтолцооны Шведийн энэ хувилбар нь сонгогч бүрийг намын төлөө болон нэр дэвшигчийн төлөө гэсэн хоёр боломжийн аль нэгийг сонгон санал өгөх тэгш эрхээр хангадаг давуу талтай. Монголын жишээн дээр авч үзвэл, сонгогчид УИХ-ын сонгуулийн тойрогтоо нам бүрээс нэр дэвшигчдийн нэрс бүхий хуудсанд нэр дэвшигчдээс сонгох хүнийхээ нэрийн өмнөхийг дугуйлан зурах эсвэл, хоёр дахь саналын хуудсыг сонгож, тодорхой намыг сонгож санал өгөх боломжтой болсноор хүнээ, эсвэл намаа сонгох тэгш боломж олгосонгүй гэх талаар гардаг шүүмжлэлийг шийдэх чухал шийдэл, гарц болно.
Дөрөв. Шведэд саналын хуудасны нэрсийн жагсаалтыг гаргахдаа намын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналын дараалалаар жагсаадаг нь шударга ёсонд нийцсэн журам юм. Өөрөөр хэлбэл, жагсаалт гаргахдаа тухайн нэр дэвшигчийн нэрийн эхний үсгийг цагаан толгойн дарааллаар бус харин намдаа эзэлж буй байр суурийг эн тэргүүн харгалздаг гэсэн үг.
Тав. Сонгуулийн тогтолцооны хамгийн маргаантай асуудал бол хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооноос хамаарч, сонгогчдын санал тооцогддоггүй, дутуу үнэлэгддэг гэдэг шүүмжлэл манайд их байдаг. Тухайлбал, 2020 оны сонгуульд АН нийт сонгогчдын 25 орчим хувийн санал авсан ч УИХ-д 11-хэн суудалтай үлдсэн гэж гомдоллодог. Үүнийг шийдэх арга бол сонгуулийн тогтолцоог зөв сонгохын зэрэгцээ санал тоолох, суудал хуваарилах аргыг зөв сонгох явдал болно. Үүнийг Сонгуулийн хууль, түүнийг хэрэгжүүлэх журамдаа тодорхой зааж өгөх нь чухал.
Шведийн хувьд сонгогчдын намын төлөө, тойрог дох нэр дэвшигчийн төлөө өгсөн хоёр саналын аль аль нь сонгуулийн дүнд нөлөөлж, тооцогдож чадаж байдагт сонгуулийн тогтолцооны давуу тал оршиж байна.
Тойрогт нэр дэвшигчдийг хэн хамгийн их санал авснаар нь жагсааж шалгаруулдаг бол намын төлөөллийг хувь хүнээр бус, харин намын авсан саналын хувиас шалтгаалан сонгуулийн өмнө намаас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас нь сонгодог байна.
Тиймээс намуудаас нэр дэвшигч бүр өөрийн намын доторх рейтинг болон сонгогчдоос авсан саналын тоо гэсэн 2 хүчин зүйлээс хамаарч сонгогдох эсэх нь тодорхой болно. Жишээлбэл, Парламентын сонгуульд сонгогчдын 8 хувийн босго саналаас дээш санал авсан буюу намынхаа авсан саналаас илүү их санал авсан нэр дэвшигчээс эхлэн рейтингийн дагуу намын нэрсийн дараалал гарна.
Санал дүгнэлт
Швед болон Монгол Улсын хувьд хүн амын хувьд нэгдмэл нэг үндэстэн, нэг шашин давамгайласан, цөөн хүн амтай улс орон гэдэг ижил төстэй талуудтай. Парламентат засаглалтай улс орны хувьд парламентын нэг гишүүнд ногдох хүн амын тоог авч үзвэл Швед 22 00 орчим, Монголд 44736 орчим байсан байна. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор17460 орчим болох төлөвтэй. Харин Шведийн дундажаар тооцож үзвэл 101-103 орчим байж болох байв. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог тогтооходцаашид тооцооллыг нарийн гаргаж байвал зохилтой.
Парламентын сонгуулийг тойрогт нь пропорционалаар тооцоолон санал хураадаг Шведийн Парламентын сонгуулийн тогтолцооны сонирхолтой хэлбэрийг нарийвчилан судлаж,Сонгуулийн тухай хуульдаа цаашид тусгаж чадвал санал гээгдэх асуудлыг шийдэж чадахсан.
Доктор /Ph.D./ Б.ЭНХМАНДАХ. ОББЭЭ 2023 оны 5-р сарын 31
Уншигч
Анд нь
Зочин
Зочин
Зураач Лондон
Зочин