ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦӨМ БОЛСОН ГҮНИЙ УУРХАЙН ЗАХИРГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЧАНДМАНЬ” ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
“Чандмань” төв нь гүний уурхайн бүх багуудын үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчид маань хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт билээ.
Энэхүү төвийн хамгийн гол хэсэг болох уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.
“Чандмань” төвд олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулсан. Тус системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх давуу талууд бүхий цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдэл ажээ.
Энэхүү төвийн барилгыг хүртээмжтэй шийдэж өгсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдийг уурхайн талбарт ажиллах боломжийг тэргэнцэртэй зорчих замууд, тусгай цахилгаан шат суурилуулж хангалаа. Уг бүтээн байгуулалтын ажлыг "Monnis International", “Moncon Construction”, “All engineering”, “IT Zone”, “Mec”, “Render Trade”, “Vertexmon”, “Tаван Орд”, “TC engineering”, “Metro express”, “DTU” болон “Best Fashion Elevator” зэрэг компаниудын 800 гаруй монгол залуучууд хамтран бүтээлцсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн байгууламжийг улсын комисс, уурхайн үйл ажиллагаанд ийнхүү амжилттай хүлээлгэн өгч байна.
“Чандмань” төвийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол,” “Эрдэнэс Оюу Толгой” компанийн удирдлагууд болон аймаг, сумын удирдлагууд маань уурхайчид бидэнтэй хамт оролцлоо. “Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.