Оюу толгой ба “үйлтэй толгой” (V)


Төгсгөл. ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН Ч “ХҮЧИНТЭЙ” БАЙЛГАСААР...

(төгсгөл. Түрүүч нь http://baabar.mn/article/oyuu-tolgoi-ba-uiltei-tolgoi-i болон http://baabar.mn/article/oyuu-tolgoi-ba-uiltei-tolgoi-ii , http://baabar.mn/article/oyuu-tolgoi-ba-uiltei-tolgoi-iv-д)

 Монголын эдийн засгийн хөгжлийг Оюу толгой төслөөс өмнө ба хойно гэж харьцуулж харж болохоор харагдаад байна л даа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

Монголын эдийн засгийн сүүлийн 100 жилийн түүхийг харвал Эрдэнэт, Оюу толгой гэсэн 2 том ордтой холбохоос өөр аргагүй. Оюу толгойн гэрээ зурагдахаас өмнө “ганц саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэртэй л байлаа. Тэлж байгаа эдийн засгаа тэтгэх чадамж нь улам хумигдсаар байсан. Дараагийн шинэ, хөгжлийн түүчээ нэн шаардлагатай үед гарч ирсэн нь Оюу толгой болсон.

     Оюу толгойн гэрээ зурагдсан өдрөөс эхлээд л Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж эхэлсэн. Нэгэнт сөхөрч эхэлж байсан манай эдийн засагт энэ төсөл гэрэл гэгээ, найдвар болж орж ирснийг бид үгүйсгэж болохгүй байх. Оюу толгой төсөл хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж, Монголын Улсын томоохон татвар төлөгч. Монгол Улс төсөвт төлсөн мөнгөөр нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө тавьж байна. 

     Өнөөдөр Оюу толгой Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байна уу гэвэл тийм. 2019 оны эцсийн байдлаар Оюу толгой төсөлд 10.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Татвар, хураамж хэлбэрээр нийт 2.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад зориулж манай дотоодын аж ахуйн нэгжүүдээс 3.1 тэрбум орчим ам.долларын худалдан авалт хийсэн байдаг. 

     Оюу толгойн уул уурхайн хөрөнгө оруулалт жил бүр эрчимтэй нэмэгдэж, 2011 онд ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал маш эрчтэй орж ирсэн. Дагаад уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалт ч ихээр орж ирсэн. Тэр жил Монгол Улсын түүхэнд хамгийн том хэмжээний буюу 4.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдэж байсан юм. 

     Эдийн засгийн өсөлт 2009 онд хасах 1.6 хувь байсан бол ердөө хоёр жилийн дараа буюу 2011 онд энэ үзүүлэлт нэмэх 17.3 хувьд хүрч, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хөрөнгийн зах зээлийн хамгийн эрэлттэй улс болж байсан. 

       Олон улсын санхүүгийн байгууллагууд, нэр хүнд бүхий 15 банкны 4.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн үндсэн дээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 онд эхэлсэн. Ийнхүү санхүүжилт олгох болсон нь уул уурхайн нэг төсөлд олгосон хамгийн том санхүүжилтийн нэг болсон. Эн энь олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулан гадаад санхүүжилтийн эх үүсвэрииг татах, зардлыг бууруулахад эерэгээр нөлөөлж, Монгол Улсын нэр хүндийг өсгөсөн.

      Дээр дурдсанчлан эдийн засагт бодитой мөнгөн дүнгээр нөлөөлөхөөс гадна шууд бус өгөөжийн асуудал бас байдаг. Аливаа хөрөнгө оруулалтад энэ өгөөжийг “investment multiplier” буюу “хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө”-гөөр тооцдог. Оюу толгой төслийн хувьд үржүүлэгч нь хоёр буюу нэг ам.долларын хөрөнгө оруулалт манай эдийн засагт хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаа ч байдаг. Үүний нөлөөгөөр эдийн засаг тэлэх учиртай. Хөрөнгө оруулалт, менежментийн туршлага, ноу-хау, соёлыг Монголд авчирч байна. Олон тооны ажлын байр бий болгож байна. Үндсэн 3000 ажилтан тогтмол ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын шатанд гэрээт, туслах ажилтан гээд нийт 17.0 мянган хүн ажилласан гэж тоо байсан. Нэг хүн ардаа 3-4 хүн тэжээж, амьдрал ахуйгаа тэтгэж байгаа. Ажилтай, орлоготой болохоор дагаад хүний амьдралын чанар дээшилнэ. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Дагаад бусад салбарууд хөгжинө. Монгол залуус дэлхийн өндөр техник технологи дээр ажиллаж, ур чадвараа экспортлох боломжтой болж, эхнээсээ гадаадын томоохон уурхайнуудад уригдан ажиллаж байна. 

       Дэлхийд хоёрт орох уул уурхайн том компани Монголд ажиллаж байгаа нь бусад компаниудад Монголд итгэх итгэлийг бататгаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна гээд шууд бус дам нөлөө асар их байгаа. Оюу толгой төслийн үр өгөөж нь цаашдаа тогтвортойгоор өсөн нэмэгдэж, ирэх хэдэн арван жилийн туршид улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур төслүүдийн нэг байх болно.


Та нарыг буруутган хэрэг үүсгэсэн зарим зүйл ангийг прокуророос хүчингүй болгосон гэж дууллаа.

-Харин тэгсэн. Ерөнхий сайд С.Баярыг 60 хоног, намайг 73 хоног хорихдоо “Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож их хэмжээний хохирол (8 их наяд) учруулсан” гээд 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн 5-12 жилийн ялтай зүйл ангиар, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2-8 жилийн ялтай зүйл ангиар 2017 онд хэрэг үүсгээд Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 4-р сарын 2-ны өдөр эхлэн яллагдагчаар татсан. 


Харин дээрх шийдвэрээ Нийслэлийн прокурорын газрын хяналтын 3 прокурорын шийдвэрээр 2020 оны 3-р сарын 5-ны өдөр хүчингүй болгосон байна. 

Прокурор өөрөө үүсгэсэн зүйл ангиа өөрөө хүчингүй болгож байна гэсэн үг үү?

- Хэрэг үүсгээд 3 жил, яллагдагчаар татан 2 жил болгоод, улмаар олон хоног сараар цагдан хорьсны эцэст Нийслэлийн прокурорын газар өөрсдийнхөө 2 жилийн өмнө гаргасан шийдвэрийг өөрсдөө хүчингүй болголоо.

      Үнэхээр энэ хугацаанд Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны зэрэг олон ажлын хэсгүүд олон жил, сар ажиллаж, тайлан дүгнэлтүүд гаргасан. 

    УИХ Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар асуудлыг 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. 

    Оюу толгойн ХөОГ 2009 онд байгуулагдахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэсэн 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа. 

     2009 оны ХөОГ-г Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсдаа ашигтай хийсэн гэдгийг Монгол Улсын төр засаг, хууль хүчний байгууллага ХөОГ-г хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойн босгон дээр дахин баталлаа. 


а нарыг буруутгасан гол үндэслэл хүчингүй болжээ. Хэрэг явдал ингээд зогсох болов уу, эсвэл "Нэгэнт аваачаад хорьчихсон юм чинь ямар нэг юм олж тохохгүй бол шүүх прокурорынхон шараа болно" гээд цаашаа үргэлжлэх болов уу?

Одоо бол тэгж харагдахаар байна. Оюу толгойн хэрэг хэмээх сүүлийн 3 жил сүр дуулиан болсон хэрэг хүчингүй болж хаагдлаа.  Гэсэн хэдий ч АТГ, прокурорын газраас заавал ямар нэг зүйлээр буруутгаж шүүх рүү явуулах сонирхол үнэхээр байна.  Надад 2018 оны 4-р сарын 2-ны өдөр яллагдагчаар татсан анхны тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг 2020 оны 3-р сарын 5-ны өдөр танилцуулсан.  Үүнтэй зэрэгцээд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан хоёр тогтоолыг хамт танилцуулсан. 

    Тэр хоёр тогтоолын нэг нь албан тушаалаа ашиглаж хувьцаа худалдан авч олсон ашгаа Монголд оруулж одоог хүртэл мөнгө угааж байгаа хэмээн буруутгаж 2019 оны 1-р сарын 13-ны өдөр намайг яллагдагчаар дахин татаж 13 хоног хорьж хэлмэгдүүлсэн. 

   Ингэж буруутгах шалтгаан нь мөн л Монгол Улсад хохиролтой Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн байсан. Гэтэл энэхүү үндэслэл нь буруу байсан гэдгийг өөрсдөө ойлгоод хүчингүй болгосон ч яллах тогтоолоо хүчингүй болгоогүй.  Одоо уг тогтоолыг харвал хуулийн ямар ч үндэслэлгүйгээр “хувьцаа худалдаж авсан нь” Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэсэн байгаа. 


Мөнөөх “С.Зоригийн хэрэг”-ийн далбаан дор “Казиногийн хэрэг” илрүүлээд, улмаар нэр бүхий гишүүдийг шоронд хийж, зарим нь нас барсантай адил үйл явдал давтагдах шиг санагдаж байна.

-Зүйрлэн дүгнэх эрхийг уншигчдад үлдээе. Харин биднийг “холбогдуулсан” хэрэгзүгээр зохион бичлэг шиг өрнөж байгааг бүгдээрээ харж байна.  Ер нь манай АТГ, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс сайн хуульчид, мэргэжилтнүүд байх, гэхдээ үнэхээр зах зээлийн эдийн засгийн талаарх мэдлэг мэдээлэл нь тун хомс юм байна гэдэг нь энэ хугацаанд тодорхой харагдаж байна. 

    Хөрөнгийн (үнэт цаасны) зах зээлийн талаар бүр ярих ч юм биш. Энэ үнэхээр Монголчууд бидний хувьд шинэ төрлийн эдийн засгийн харилцаа учраас мэдээлэл, мэдлэгийн дутагдал нийтлэг байна. Энэ хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр ойлголт мэдлэг цаашдаа сайжрах байх. 

  Өнгөрсөн гурван жилд, мөрдөн шалгах хугацаанд нэг ч удаа хөндөгдөж байгаагүй, надтай огт холбоогүй хувийн хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээг намайг сайд байхдаа хийсэн гэж хилсээр тулгаад нэг асуудал нэмчихсэн байх жишээтэй. 

   Хувийн хоёр компанийн хоорон дахь гэрээг Монгол Улсын төрийн ямар ч албан хаагч хийдэггүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой, илэрхий зүйл шүү дээ. Энэ нь яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлэхээс хоёрхон хоногийн өмнө нэмсэн цоо шинэ зүйл байсан. Уг асуудлаар мэдүүлэг, тайлбар, гомдол огт авч байгаагүй. 

Зохиомжийнх явц нэг иймэрхүү л байна.

(Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, Оюутолгойтой холбоотой бүх гэрээ, хэлцэл энэ номд орсон болно)


-Нийтлэлч Баабар “Монгол Дело” гэсэн цуврал бичээд, гаргаж байгааг харсан байх. Манай түүхийн зохиомол “Дело”-нуудын туршлагаас харахад, “нэг нь биш гэхэд, нөгөө нь таарах байлгүй” гэх байдлаар олон хэргийг хүнд тохож ирсэн харагддаг. Ийм ч учраас “Яг цагааддагийн даваан дээр тээр жилийн зуднаар үхүүлсэн, нэгдлийн өнчин ишигний хэрэг гарч ирээд ачигдав аа, хөөрхий” гэж хэллэг ч гарсан байдаг.

Анх 2017 онд АТГ-ын нэг мөрдөгч мэдүүлэг авч байх үед, “би хүний нэр дээр байгаа байшингийн суурь худалдаж аваад, үргэлжлүүлэн барьж байгаа барилга нь дуусаагүй байгаа” гэхэд, нэгдүгээрт, хүний нэр дээр байгаа, хоёрдугаарт, дуусаагүй барилгыг та мэдүүлэх шаардлагагүй гээд миний мэдүүлэгт тусгаагүй. Гэхдээ энэ нь видео бичлэгт нь үлдсэн байгаа. 

   Гэтэл 2 жилийн дараа өөр нэг байцаагч нь “байшингаа хүний нэр дээр гаргаж хөрөнгө, орлогоо нуусан байна” гэж үзээд 2019 оны 7-р сарын 16-ны өдөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хилсээр яллагдагчаар татсан байдаг юм. Энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Мөрдөгчид нь зохион байгуулалттай тоглолт хийгээд “ямар хамаагүй өнчин ишиг” олох гээд байгаа юм уу, бүү мэд. 

  Уг байшинг барьсан хөрөнгийн эх үүсвэр нь манай гэр бүлийн компаниас 100 хувь төлөгдсөн. Компанийн ашиг орлого байшингийн зардлаас хэд дахин их байгааг татварын болон аудитын тайлан, АТГ-аас хөлсөөр ажиллуулсан шинжээч аудиторуудын тайлан, дүгнэлтээс бэлхэнээ харагдаж байгаа.

   Мөн 2007 онд гэрээ хийгээд 2009 онд төлбөрийг нь хийж дуусгасан, 2010 оноос хойш байнга Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичиж танилцуулж байсан байрыг 2015 оны Эрүүгийн хуульд орсон “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн заалтын буцаан хэрэглээд л яллаж байх жишээтэй. 


Бараг л “Өвөг эцэг нь том хувилгаан байсан асуудал сөхөгдөв” гээч болох нээ?


Үнэхээр ойлгохгүй байна.  Ер нь манай хууль, хүчний байгууллагынхан зах зээлийн эдийн засгийн талаар, тэр тусмаа олон улсын гэрээ, хөрөнгийн зах зээлийн талаар огт мэдлэг, мэдээлэлгүй байж хүн яллах шийдвэрүүд гаргаж байгаа нь харамсалтай. 

    Оюу толгойн гэрээг хийх улс төрийн шийдвэрийг гаргасан, хэрэгжүүлсэн хүмүүсийг ингэж зохиомлоор хэрэгт түлхэх хэний сонирхол вэ?  Хөндлөнгөөс харахад, ялын тогтоолыг бэлтгэчихээд түүндээ таарах хэрэг эрж байна уу гэж хардмаар ч юм шиг санагдаж байна.  Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд 14 хоногийн дотор дээд шатны прокурорт өргөдөл гаргаж болно гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа.    Гэтэл 2020 оны 3-р сарын 5-ны өдөр Пүрэв гарагт АТГ дээр танилцуулчихаад ажлын 2 хоногийн дараа буюу 3-р сарын 9-ний өдөр Даваа гарагт яллах дүгнэлт үйлдсэн байсан. 

  2020 оны 3-р сарын 5-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тус хоёр тогтоолд ажлын 3 өдөрт багтааж (14 хоног дотор гаргах ёстой) 2020 оны 3-р сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдоржид хуулийн дагуу эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан. 

   Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос “яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн учир яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгохоос татгалзаж байна. Улсын Ерөнхий прокурорт 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэсэн хариуг 2020 оны 3-р сарын 18-ны өдөр өгсөн.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу болон Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 3-р сарын 13-ны өдрийн 4/649, 4/650 албан тоотуудын дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байгаа. 

    Дашрамд хэлэхэд “зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн том ял тулгаад 3 жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг ч удаа түүнтэй холбоотой мэдүүлэг, тайлбар авч байгаагүй юм. Тэгээд хэрэгсэхгүй болгосон.

     Үүнийг хуульчид, та нарт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар хэрэг давхар үүсгэхийн тулд зориуд ийм хүнд зүйл ангийг хамт тулгасан. Монгол УИХ, Засгийн газраа зохион байгуулалттай гэмт бүлэг хэмээн ялладаг ямар ч тэнэг хуульч байхгүй гэж хэлдэг байсан. 

   Гурван жил гаруй сүр дуулиан болгож мөрдөн шалгаж байж яллах дүгнэлтээ гаргахаас ажлын 2 хоногийн өмнө огт хөндөж яригдаж байгаагүй, надтай огт холбоогүй асуудлыг намайг хийсэн мэтээр хилсээр нэмж яллаад мэдүүлэг, тайлбар авалгүйгээр шууд шүүхэд яаран шилжүүлж байгааг үнэхээр ойлгохын аргагүй байгаа юм. 

    Ардчилсан Монгол Улсад хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хүндэтгэж, шүүх шудрагаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. 


Сонирхолтой сэдвээр, нээлттэй ярилцсан танд баярлалаа.


             2019.XII-2020.III