Ноён Генсек ээ! Хятадын коммунист намын “төлөвлөгөө”-нд орчихолгүй МАН-ын 100 жилийн ойг үдчих юмсан
-Хятадын комиссын намын дүрмээс эш татсан МАН-ын генсекийн мэдэгдэлд Америкийн сенаторууд санаа зовсон нь тоглоом биш шүү-
МАН-ын генсек Д.Амарбаясгалан ХКН-тай яаж ийгээд гэнэ сэрэггүйхэн нэр холбогдчихоод байх юм. Хамгийн сүүлийнхээс эхэлье. Тэрбээр энэ сарын 7-нд АН-ын гишүүдийг өлсгөлөн зарлах үеэр үг хэлэхдээ “Дарангуйлал тогтоох гэж байна гэж улс төр хийж байна. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж яваа Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Нэг хүний, нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй” гэж хэлсэн. Худлаа биш боловч инээд хүрээд болдоггүй. Инээд маань ханиад ч болох шинжтэй.
Юу гэвэл яг тэр өдөр мэдээллийн зарим сайтуудад АНУ-ын сенатор Марко Рубио, Патрик Лихи нар Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдалтай холбоотойгоор Монголын ардчилалд санаа зовниж байгаа талаарх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнд хүргүүлсэн ил захидлыг нийтэлсэн нь дуулиан тарьсан. Гэвч төв талбайд өлсгөлөн зарласан хэддээ санаа зовниод, удтал хүлээсэн хөл хорио тавигдах гэж хөөрөөд тэгтлээ анзаараагүй өнгөрөөсөн. Угтаа энэ захидал тун ноцтой юм. Нэг талаас хаа холын Америкаас манай ардчиллын дархлаанд санаа тавих “халамж”, нөгөө талаас тусгаар тогтносон Монгол Улсын гадаад харилцааны асуудалд анхааруулга нэвт үнэртэж байв.Үүнд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын Далайн ламыг дахин айлчлуулахгүй гэсэн цочирдом байр суурийг “дурсаж”, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна" гэсэн мэдэгдэл болон үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг сүүлийн жилүүдэд удаа дараа хийж байгааг “тоочиж” мөн ардчиллын үнэт зүйл, суурь зарчмуудын эсрэг үйлдлүүд хэмээн дүгнэсэн байлаа. Хамгийн ноцтой нь АНУ-ын сенаторуудын захидалд Монголын нэр бүхий удирдлагууд авлига өгөх, үгсэх замаар ардчилал, хууль ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлсэн ХКН-ын явуулгад Монгол Улсыг “өртөмтгий” болгож байна хэмээжээ. Айхавтар ажигласан байгаа биз.
Энэ бол өнөөх бидний мэдрээд бухимдаад байгаа мөртлөө гар утас, компьютерийн цаанаас “Хуц” гэдэгтэй адилгүй, аюултай дүгнэлт юм. Ялангуяа МАН-ын генсекийн байр сууриа илэрхийлсэн үгс бол МАН-ыг төлөөлнө. 2021 онд МАН, ХКН-уудын 100 жилийн ой давхцаж байгааг Хятадтай, Монголтой харилцдаг орнууд анхааралтай ажиглаж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна" гэсэн мэдэгдлийн “аюул” нь юундаа байгаа юм бэ гэж үү? Энэхүү “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”гэгч нь орчин цагийн Хятадыг үндэслэгч бөгөөд “Төр байгуулах стратеги” номын автор, Сунь Ятсен гэгчийн бодож олсон томъёо бөгөөд БНХАУ-ын Үндсэн хуулийн оршил болон ХКН-ын дүрэмд байдаг юм байна. Сунь Ятсен бол “Монгол бол Дундад улсын алдагдсан нутаг юм” гэдэг үзлээс Монгол, Хятадын түүхийг булингартуулж сурталддаг учраас нэр бүхий түүхчид түүнийг “хар тамхи” мэт үздэг. Тэгэхээр ХКН-ын дүрмээс цээжлээд мэдэгдэл хийж байгаа МАН-ын генсекийн мэдэгдэлд Америкийн сенаторууд санаа зовж л дээ. Үүнийг гуйвуулга, сонгуулийн кампанит ажил гэж үзэх үү? Тэгвэл манай УИХ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар “Сунь Ятсены ардчиллын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал, Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо онцлогтой” хэмээн “магтан дуулсан” байдаг. Энэхүү нөхөр Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулах түүхэн ажлын “гол баатар” юм шүү дээ.
Нэг жишээ дурдъя. 2021оны гуравдугаар сарын 25-нд буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын чуулганаар Хятад улсын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтын “14-р таван жилийн төлөвлөгөө”-г хэлэлцэж баталмагц Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Монгол Улсын төр засгийн удирдлагууд манай сурвалжлагчид ярилцлага өгөх үеэр, Хятад улсын таван жилийн төлөвлөгөөний талааролон удаагаадурьдаж байсан бөгөөд энэ ньбодлогынзалгамж чанар,бодитой хэрэгжилтийг ахиулж,үүнээс туршлага судлан,хамтран ажиллах илүү их боломжийг эрэлхийлнэ гэдээ илэрхийлжбайв” гэж бичсэн байдаг. Яахаараа тэдний “Таван жилийн төлөвлөгөө Монголын удирдагчдад хамаатай, бүр суралцаад хамтрахаар болчихдог билээ? Шинэ оны босгон дээр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын мэндчилгээнээс “Бид Монголын талтай харилцдаг харилцаагаа хөрш орнуудын гадаад харилцаан дахь чухал чиглэл болгохоор үргэлжлүүлэн хөгжүүлнэ” гэснийг анзаарсан уу?
Энэ бүхнээс харахад болж л өгвөл Монголыг “халааслах”, бусадтай харилцахдаа “жийрэглэх” гээд байгаа оролдлого харагдаад байгаа нь тусгаар тогтносон Монгол Улсын эрх барьж буй намынхны хандлагатай хамааралтай биш гэж үү?
МАН-ын100жилийн ойн логог хараарай. Энэхүү таван хөндлөн зураастай далбаанд “нүд дасч” байна уу? Намын гишүүд дэмжигчдээс дургүйцэх хүн олон байсан даа, уг нь. Өнөөх л Сунь Ятсен гэгчийн санаачилгаар Хятад, Монгол, Манж, Уйгар, Төвд тавыг зангидах билэгдлээр таван хөндлөн зураастай энэ далбааг 1912 оны эхний өдөр бүтээсэн гэж уншлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХКН-ын урилгаар 2018 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийхдээ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулах ажлыг урагшлуулах талаар санал солилцсон байдаг. Яг нэг жилийн дараа 2019 оны тавдугаар сарын сүүлчийн өдрүүдэд эрхэм генсек ХКН-ын нэг том албан тушаалтныг хүлээн авч БЗД-ийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах гоё ажилд оролцчихоод Оюутолгой руу явчихлаа гээд сошиалаар шуугиад эхэлсэн. Мөн бусад сэжиг, хар төрүүлсэн зарим уулзалтыг дараа бичье. Энэ бүхнээс үзэхэд МАН-ын генсек ХКН-тай арай л дэндүү “дотносоод” байгаа нь гадныхны нүдэнд өртөж эхэлсэн юм биш байгаа. Уг нь100 жилийн түүхтэй МАН-ын их ойгоос Монголчууд юугаа ч харамлаагүй. Ковидын үеийн хэцүү нөхцөлд ч МАН олонхоороо түрээд 100 жилийн ойн төсөвтөө 10 тэрбум төгрөг нэмж тусгасан.
Үүгээр 100 жилийн ойд зориулсан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа гээд том ажил болох юм билээ.
Энэ төсвөөрөө дотооддоо ойгоо тэмдэглэчих л дээ. Санаж байгаа бол 2019 оны хоёрдугаар сарын16-ны орой 21цаг өнгөрчихөөд байхад Хятадын нэр бүхий иргэдээс МАН-ын генсекийн албан өрөөнд “хэдэн шаазан” бэлгэнд авч байгаад тэр үед сошиалаар нэг давалгаалсан. Ширхэг шүдэнз ч авч болохгүй учраас тэр шүү дээ.
Уг нь “хэдэн шаазан”-гийн асуудал ч биш л дээ. Аргагүй л хаусаа амбаар гэж тайлбарладаг ах нартай тулдаа тэр үед олуулаа няцаасаар тэд дийлсэн.
Тиймээс улсаа нураачихалгүй, төсвөө тэглэчихгүй 100 жилийн ойгоо тэмдэглээрэй. Дээд шүүхийн шийдвэр гартал “МАН-аа бүтэн байлгаарай”. Айл хөршийнхөө айхавтар том цогц төлөвлөгөөнд битгий орчихоорой. Ам хэлээ болгоомжтой байж, 100 жилийн ойгоо дуусахаар тэр муухай логогоо авч хаяарай гэж төлөвшиж яваа түвшин нуруутай залуу даргад сануулъя!