НОЁН АНТОНИУ ГУТЕРРЕШ, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ!
ОРШИЛ: Сүүлийн хэдхэн хоногт юм юм л болж байна. ОХУ-аас санхүүждэг байж болзошгүй “тагнуулч илрэв”. Бүр зэвсэгт хөдөлгөөн хийх гэж бэлдэж байсан хэсэг нөхдийг илрүүлж дарлаа гэж байна. Ерөнхий сайд, “улсын хөгжилд тушаа болж том төсөл гацаагсдыг илчлэх, яллах цаг болсон” гэж зоригтой мэдэгдлээ. Дэлхийн том том улстөрчид дараалан ирэв. Ерөнхийлөгч ч “кофи аннан”-аа хүлээж аваад бужигнаж байна.
БҮХ ЗҮЙЛ НААНАТАЙ ЦААНАТАЙ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хоёр сарын өмнө Монголд айлчилсан. Илэн далангүй байв, инээв, найрсаг байв гэчихээр юм болоогүйг ард түмэн мэдэрсэн байх. Ерөнхийдөө Азизовыгаа зоригжуулах, харин биднийг зожигруулах зорилгоор бараагаа харуулж, буугаад мордсон хэрэг. (ОХУ-аас манайд сууж буй бүрэн эрхт Элчин сайд Азизов гэгч нь дэлхийн дипломат түүхэнд тод тэмдэглэгдэх бүдүүлэг этгээд. Тусгаар улсын дотоод хэрэгт оролцох дуртай, тэрийгээ харуулах, илэрхийлэх бүр ч дуртай. Гаж донтныг санагдуулам гэмээр) Айлчлалын гадагшаах зорилго нь Украинд хийж буй түрэмгий дайндаа хань татах гэж, нөгөөтэйгүүр “Монгол манайх шүү” гэж харуулах.
Эл дайн эхэлсний дараахан НҮБ-ийн нэгэн хуралдаан дээр улсууд ОХУ-ыг бойкотлож бүгд танхимаас гарч явахад Монгол ганцаараа түдгэлзэж үлдсэн явдал дотоодод ихээхэн шуугиан дэгдээсэн. Гэвч энэ нь дайныг дэмжиж буй хэрэг биш гэдгийг дэлхий мэднэ. Ойлгоно. Газрын зураг харсан ч Монгол улс хоёр хөршийнхөө эсрэг илэрхий бодлого баримтлах боломжгүйг мэдэж болно. Өнөөдөр ч оросууд манай газар нутагт нэлээн дээрэнгүй, бүдүүлэг “хээрийн сургууль” гэгчийг хийж байна. Харин ямар ч үзэл санааг ямар ч монгол хүн ярьж болохуйц ардчилалтай байгаа нь бидэнд байгаа хамгийн том баялаг юм. Юугаар ч, түүний дотор шатахуунаар ч сольж болшгүй хамгийн эрхэм баялаг бол бидний энэ эрхчөлөө, ардчилал. Гэхдээ засаг, төр нь иргэд шигээ "чөлөөтэй" тавьж туух нь бидэнд одоохондоо ахдах учир тийн “түдгэлзсэн” хэрэг. Энэ бол Монгол улсын иргэн хэн ч бэлхнээ мэдэж байх учиртай геополитикийн хамгийн наад захын ойлголт билээ (өөр ч нээх цаад захсаад байх юм маруухан).
Лавровын айлчлалын дараа манайд Польшийн Гадаад хэргийн сайд, Германы цэрэг цуухын тэргүүн, Японы гадаад хэргийн сайд, тэгээд саяхан Хятадын гадаад хэргийн сайд нар айлчлаад байна. Хятадын Ван И-гээс бусад нь ардчилсан ертөнцийн төлөөлөл. Гэхдээ Ван И нь манай дүүжин даажингийн нөгөө тал. Дүүжин ба даажин шүү дээ.
ШУУДАЙ БА КРАНТ
Лавровын хөргийг арагш нь харуулбал Ван И -гийн зураг гарч ирнэ. Гэхдээ Оросыг бодвол хэдэн арав дахин их худалдааг бидэнтэй хийдэг. Мөн л Оросыг бодвол худалдааны төрлийн 99 хувь нь бизнесийн шударга зарчмаар явагдана. Гэхдээ нэгэн цагт бид морьтой очиж бүслээд “хилээ нээ, худалдаа хий” гэдэг байсан бол өнөөдөр бид үсрээд л “хүсэх” боломжтой. Шуудайны ам хааж байгаа юм шиг л хилээ хааж биднийг бараа, материал болон зарим хүнсний дутагдалд оруулж орхино. Яг л оросууд бензиний крантаа “багасгаж” үзүүлдэг шиг.
Саяхан нэг америк эмгэн Тайваньд заавал очно гэж зүтгэхэд хятадууд дургүйцэж бараг байлдангаа алдав. Манайхны зарим нь “За одоо слава Украинчуудыг харъя, хэнийгээ дэмжих нь үү?” гэж тавласан. Америкийг дайн өдөөгч тал болчихлоо гэсэн санаагаар. Үнэндээ слава Украины агуулгыг илүү өргөн биш юм гэхэд гүнзгий харах учиртай.
СЛАВА УКРАИНЧУУД
Мэдээж дайн, хүчирхийллийг эсэргүүцэх үзэл санаа нь өөрөө хамгийн эхний шалтгаан. Мөн сөргөлдөж байгаа нөгөө тал нь “барууныхан” тул тааламж нь нөгөө талдаа жин дарж буй. Хүний эрх, хувийн өмч, хөгжил дэвшил, урлаг-соёлын манлайлал нь тэр л талдаа юм чинь. Оростой худалдаа наймааны хамааралтай хүн ч маш цөөн тул эсэргүүцэгчдийн тоо эсрэгээр их. Ерөөс, хэрэв бидэнд чин сэтгэлээсээ, шударгаар хариулах бололцоо бүхий, “Нийгэм, эдийн засгийн хөгжлөөр хэнийг дуурайж, хэнтэй адил болмоор байна вэ?” гэсэн асуулт ирвэл Орос шиг л болмоор байна гэх хүн гарахгүй. Тодруулсанчлан чин сэтгэлээсээ, шударгаар хариулах боломжтой бол шүү дээ.
Харин Хятад-Америкийн хооронд дайн дэгдсэн бол арай өөр нөхцөл үүсэж таарна. Хятад хэдийгээр бидний таалдаггүй дарангуй засаглалтай ч манай улсын эдийн засгийг бараг тэр чигт нь атгадаг. “Хятадын эсрэг үзэл санаатай хүнийг хил дээрээс бойкотлоно” гэхэд л дуугарч чадах хүн гарах уу, үгүй юу. Өнөөдөр талхаа үзэл санаагаар солиход бид бас л бэлэн биш. Гээд бас Америкийг харааж болохгүй, учир нь “Монгол бол ардчилсан улс юм” гэдэг батламжийг өгдөг хамгийн том дуу хоолой.
Энэ тохиолдолд чаддаг юмаа л хийнэ, “дуугүй байх”. Энэ л бидний бяцхан геополитик. Асуудал нь оростоо ч америктаа ч, украиндаа ч биш. Тэсч үлдэх, амьд гарах, арай гайгүйг нь сонгох.. л хувь тавилангтай байгаа нь бидний асуудал. Өглөө нь буддын, өдөр нь христийн, орой нь лалын сүмд мөргөсөн монгол эрийн үлгэр бол энэ. Гэхдээ бид хичээл зүтгэлээ хэзээ ч орхиж болохгүй. Энэ бол дэлхий нийтийн анхааралд орших.
ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЭРМЭЛЗЭЛ
Хаа очиж “Монгол аз” гэж байдаг. Дэлхий дахин ардчилсан ба дарангуй хоёр систем болон талцах хооронд өнгөрсөн гучин жилийн хугацаанд манай улс дарангуйллын аварга цөлийн дундах бяцхан баянбүрд болж хувирчээ. Дээр хэлдэг хүний хөгжил, нийгмийн ололтын дийлэнх охийг нэрж буй “барууныхан” гэгч нь чухам ардчилсан улсуудыг хэлж байна. Тэд Монгол хэмээх баянбүрдийг тэтгэж тэнхрүүлэхийг хичээдэг (мэдээж том геополитикийн үр шим ч гэсэн бид тэднээс ямар ч авлагагүй гэдгээ санах хэрэгтэй). Гээд энэ хоёр аварга тоталитар далайг даван гарах нь бүтэшгүй хэвээр буюу шуудай, крант хоёроо горьдон суух тавиланг өөрчилж чадахгүй л байна. Энэ боломжийг бид Орос ба Хятад гүрнүүд ардчилсан засаглалтай болсны дараа л эдлэх байх. Өнөөдөртөө хэрэндээ үзэл санаа болон оюун санааны хувьд ардчилсан ертөнцийн хэм хэмжээнд тэмүүлж буй нь бидний шүүрсэн өвс, чимхсэн утас. Гэхдээ өнөөдөр манай улс дотроо ардчилсан тогтолцоотой байхаар тохирсон, тийн замнаж яваа болохоос биш, дагалдах үр шим нь бүрэлдэх процесстоо л явааг анхаарууштай. Ард иргэдэд хамгийн өгөөжтэй, ээлтэй энэ тогтолцоо нь нуран унахдаа амархан, эмзэг учир үргэлж арчин тордох нь хүн бүрийн үүрэг байгууштай гэдэг.
2002 оноос монголчууд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь бидний хамгийн шилдэг шийдвэр. 2016 оны АСЕМ арга хэмжээ манай гадаад харилцааны түүхэн амжилт. Тэрнээс хойш удтал нам жим байв. Харин энэ бол амиа хорлолт! Өнөөдөр арай гайгүй сэргэж байх шиг. Ерөөсөө Төрийн тэргүүний л санаачлага, чармайлтаар биелдэг зүйлийн тухай ярьж байна. “Дайн болж буй учраас” гэж болох ч үүнийг бас л боломж гэж харцгаая. У.Хүрэлсүхэд ерөнхийлөгчид эрмэлзэл бол байгаа байх.
АНТОНИУ ГУТЕРРЕШИЙН АЙЛЧЛАЛ
НҮБ-ын тэргүүн дэлхийгээр байнга тэнээд байдаггүй. Энэ айлчлалын агуулга, үзэмж бла бла гэхгүйгээр нэг үйл явдлыг л онцлоё:
Бид Эг, Ховд голууд дээрээ нэг нэг усан цахилгаан станц барих санаатай улс. Их олон жил болж байгаа. Барьчихвал ОХУ-ын цахилгааны хамаарлаас гарчих гээд байдаг. Нэг айл байна даа тийм үү. Гэтэл орос хөрш маань үүнийг зөвшөөрдөггүй ээ. Ямар ч бизнесийн сонирхлоор биш, угаасаа ч задгай гапий юунд хэрэг болоо аж. Зүгээр л бидний гарын дороо байлгах гэж тэр. Гомдмоор биз.
Яг энэ үед нь Хятадын Ван И манайд ирснээ Эрдэнэбүрэнгийн ЦС барих мөнгийг нь зээлчихээд яваад өглөө. Жижигхэн Монгол дээр хоёр аваргын ашиг сонирхол зөрчилдөж байх нь бидэнд үргэлж хожоо авчирдаг нь энэ. Одоо оросууд Эгийн гол дээр “байгаль орчин сүйдэх” нэрийн дор НҮБ-д гомдол гаргаад явж байна. Мөн бидний дунд ч “дэлхийн, түүн дундаа Оросын байгаль экологийг монголчуудаасаа илүү хайрладаг” тэмцэгч нар цөөнгүй байдаг ба, тэд эх орныхоо эсрэг чарлаж эхлэх биз. Өгүүллийн Оршил хэсэгт хэлсэн "тагнуулууд илрээд буй" явдал нь энэ нөхдийн заримыг хэлж байгааг та бид мэднэ.
Харин НҮБ-ын тэргүүн биднийг “дэмжинэ” гээд дуугарчихлаа. Дипломат яриа хэлэлцээр, тэндээс гарах шийдвэр болгон бичигдсэн дүрэм, яг таг төлөвлөлт, протоколоор явагддаггүй. Учрал тохиол хамгийн чухал байдаг. Тэгэх юм бол, тэрбум модыг бид дотооддоо амаа урагдтал шоолсон ч том зургаар нь харвал хөөрхөн урьдчилгаа болж чаджуу дээ гэж харахаар байна.
Зургийг гүүглээс
Sarnai
Зочин
Зочин
Зочин