Нийгмийн дэг журам оршин тогтнох нь
Нийгмийн дэг журмыг хангах нь төрийн чухал дөрвөн үүргийн нэг. Нөгөө гурав нь үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн шийдвэр гаргах юм.
Нийгмийн дэг журмыг (social order) хоёр утгаар ойлгож иржээ. Эхнийх нь, харилцах болон өөрийгөө авч явах тодорхой тогтолцоо, түүнийг бүрдүүлж, хадгалж бас сахиулж байгаа нийгмийн бүтэц, институт, харилцаа, заншил, үнэт зүйл зэргийн харилцан холбоотой систем гэж үздэг. Жишээ нь: эртний, феодалын ба капиталист нийгмийн дэг журам, эсвэл монголд бүрдүүлж буй “ардчилсан, зах зээлийн эдийн засагтай” нийгмийн дэг журам.
Нөгөөх нь, нийгмийн дэг журам алдагдах эсвэл замбараагүй байдал үүсэхийн эсрэг ойлголт буюу, нийгмийн гишүүд нь хүлээн зөвшөөрч, даган мөрдөж буй дэг журамд тулгуурлан орших нийгмийн тогтвортой байдал гэж үздэг.
Нийгмийн дэг журамтай улс оронд нийгэм, эдийн засаг нь хөгжиж, хүн ард нь элбэг хангалуун амьдрах боломж бүрддэг.
Нийгмийн дэг журмыг хангах нь
Нийгмийн дэг журмыг хангана гэдэг нь улс орон өөрийн хууль журамтай, түүнийг иргэд нь даган мөрддөг байхыг хэлдэг. Нийгмийн дэг журмыг хангах нь төрийн чухал дөрвөн үүргийн нэг. Нөгөө гурав нь үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн шийдвэр гаргах юм.
Нийгмийн дэг журмыг хангах нь иргэдийн өдөр тутмын амьдралд чухал, эерэг нөлөөг үзүүлдэг. Нийгэм дэг журамтай байхын тулд хүн бүр хуулийг сахин мөрдөх шаардлага гардаг. Хууль зөрчсөн хэн ч гэсэн заавал хариуцлага хүлээдэг зарчим үйлчлэх ёстой. Хуулиуд нь хүний эрх, эрх чөлөөг хүндэлсэн, арьсны өнгө, эд хөрөнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамааран, хүн бүрт ижил тэгш үйлчилдэг байх ёстой. Өөрийн газар нутаг дээр хууль сахиулах онц, бүрэн эрх зөвхөн төрд байх ёстой.
Төрийн эхний үүрэг бол баян ядуу эсэхээс үл хамааран бүх хүнд үзүүлэх нийтийн үйлчилгээ. Жишээ нь гал унтраах үйлчилгээ, цагдаа руу ярьж тусламж авах, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх гэх мэт. Төр нь хэн нэгнийг боловсрол авах, эмнэлгийн тусламж авахыг хязгаарлах эрхгүй.
Төрийн бас нэг үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу аль нэг улс орон, ямар нэг бүлэглэлээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах явдал. Ил түрэмгийллээс хамгаалахын тулд зэвсэгт хүчин, далд түрэмгийллээс тагнуул, гэмт этгээдээс шуурхай хамгаалахын тулд цагдаагийн байгууллагууд ажилладаг.
Төрийн өөр нэг үүрэг бол худалдаа, бизнес, зээл авах, компаниудын үйл ажиллагаа зэрэгт нөлөөлдөг эдийн засгийн шийдвэр гаргах явдал. Санхүүгийн мэргэжилтнүүд, эдийн засгийн зөвлөхүүд, бизнесийн удирдлагуудтай хамтран төр засаг тийм шийдвэрийг гаргадаг. Шийдвэр нь тухайн орны эдийн засгийн явц, иргэд, бизнесийн зээл авах боломжийг тодорхойлдог. Жишээ нь Төв банк зээлийн хүүгийн түвшинг тогтоодог, эсвэл Засгийн газар гадаад дотоодын зах зээлд бонд гаргадаг.
Нийгэм дэг журамтай байх нь сайн хуультай, түүнийг бүгд сахихаас гадна нийтийн үйлчилгээний хүртээмж ба чанар, аюулгүй байдлын баталгаа, төр засгийн эдийн засгийн шийдвэрээс ихээхэн хамаарч, өөрчлөгдөж байдаг.
Монголын нийгмийн дэг журам
1992 онд ардчилсан МУ-ын анхны Их хурал ээлжит бусаар чуулж нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталжээ.
Нийгмийн дэг журмыг хангахын тулд хууль тогтоомжийг бүхэлд нь Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд төрийн хуулиа хүндэтгэн биелүүлдэг дэг журам тогтоохыг зорьжээ. Тэгэхдээ “төрт ёсны болон үндэсний уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд хууль тогтоомжийг сахиулах, түүний дотор гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд чиглэсэн эдийн засаг, нийгэм, хууль зүйн цогцолбор арга хэмжээ авч” хэрэгжүүлнэ гэжээ.
Тэгвэл бид 26 жилийн дараа нийгмийн дэг журмаа хангаж чадсан уу? Хууль журам бол олон л байна. ХЗДХЯ-ны мэдээлснээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бие даасан 449 хууль, Олон улсын гэрээ конвенци 369, Улсын Их Хурлын тогтоол 2472 гэсэн бүртгэл байдаг. Бие даасан хуулиас 300 орчим нь нийгмийн харилцааг идэвхтэй зохицуулдаг. Мөн захиргааны хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж мөрдөх 976 шийдвэр бүртгэлтэй ажээ.
Тэгвэл яагаад улс оронд авлига, гэмт хэрэг, замын осол жилээс жилд өсөөд байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр олон хууль журмаа монголчууд биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Хүн бүр хууль журмаа биелүүлэх ёстой гэж үзэхгүй, төр засаг ч хууль зөрчсөн хүнтэй хариуцлага тооцож чадахгүй болжээ. Монголын төр өөрөө авлигад идэгдэж зэвэрсэн учир тийм чадвараа ч алджээ.
Нийтийн үйлчилгээ, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, хотын дэд бүтэц хэрэгцээ, шаардлагаасаа хэт хоцорч, бараг бүгд л нийгмийн дэг журмыг алдагдуулах түвшинд очоод байна. Ганц, замын түгжрэл л гэхэд түмэн олныг бухимдуулж, тэвчээрийг нь барсаар байна. Төрийн өндөрлөгүүдийн машиныг саадгүй өнгөрүүлэх гэж төв замаа чөлөөлдөг болсон нь гал дээр тос асгасаар байна.
Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ л гэхэд аюулын хонхыг хангинуулж байна. Иргэд хоолны оронд эм иддэг боллоо. Тэр эмийнх нь гуравны нэг нь хуурамч. Хилээр хэдэн мянган машин нүүрс зөөж гараад байхад гааль нь “харахгүй” байна. Хүнсний аюулгүй байдлын тухай ярихаа ч больсон.
Төрийн гаргаж буй эдийн засгийн шийдвэрүүд нь тооцоо судалгаа муу, тодорхой бүлэглэлд үйлчлээд удаж байна. Хаадын нэрээр авсан зээлийн бүтэн тайлан одоо хүртэл гараагүй, ганц хоёр хүнийг байцаасан болоод л таг. Авлигатай тэмцэхийн оронд, АТГ-ын даргатай нь тэмцэх боллоо.Үнэ тогтоох нэрээр тогтоосон бүлэглэл нь завшиж байна. Уул уурхайн салбарыг төр засгийн оронд “нинжа” нар хянаж эхэлсэн.
Нийгмийн дэг журмыг хангахын тулд хуулиа сахиулж, шударга ёсыг тогтоох учиртай. “Хууль бол шударга ёсыг тогтоох явдал”. Харин “Шударга ёс зөвхөн шударга бус нь алга болоход л ирнэ гэж Францын гүн ухаантан Ф.Бастиа бүр 170 жилийн өмнө бичжээ.
2018.09.12
Содном
Huniig huuli l humuujuulne
deco
Ж.Б
ATG l ajilaa hiihgyi bnaa
Төмөрчин
Эдийн засагч
ЗОЧИН
zochin
Yes
зочин