НДШ-ийн буцаалт ба НӨАТ-ын сугалаа тойрсон илүү "үглэл"
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь тулж ажиллахаас өөр замгүй.
Энэ долоо хоног чухам төсвийн хэмнэлт, төрийн зардлыг бууруулах асуудлаар давалгаалсан долоо хоног болж өнгөрөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч лхагва гаригт УИХ-ын гишүүдэд танилцуулахдаа “Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль” хэмээн тодорхойлсон 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан төслүүд өчигдөр Байнгын хороодоор дэмжигдэж, нэгдсэн чуулганд орж ирэв.
Засгийн газраас танилцуулснаар 2022 оны төсөвт тавьсан нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас 500 тэрбумыг нь танаж байгаа гэсэн. Мөн төрийн захиргааны байгууллагууд, УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд дээр орон тооны таналт, цомхотгол хийгдэх юм байна. Зөвхөн 80 орон тоог танахад 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн байна лээ. Тэгэхээр орон тоог ч гэсэн илүү олноор нь “хэмнэх” хэрэгтэй бололтой.
"Төсөвт байгууллагын 9800 автомашиныг хамгийн багадаа 60 гаруй хувиар бууруулна, цаашлаад төрийн байгууллагууд автомашин эзэмшдэггүй болно" гэсэн. Тэр нь мэдээж явган таваргаад бай гэсэн үг биш л дээ. Машины түрээсийн үйлчилгээ хөгжинө, ажлын байрууд шинээр гарч ирнэ. Ядаж л жил болгон төсвийн мөнгөөр автомашин худалдаж авахгүй, тэрнийхээ засвар үйлчилгээг төсвийн мөнгөөр төлүүлэхгүй болно.
Ер нь бол Ерөнхий сайдын сэдсэн төсөвт хэмнэлт хийх, төрийн зардлыг бууруулах санаачлага анхных нь биш. Тухайлбал, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын баталсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол интернэтэд байна.
Тэнд,
-Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, албан хаагчдын орон тоог бууруулах, чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэх,
-Засгийн газрын тусгай сангуудын зориулалт, зохицуулалтыг оновчтой болгох, давхардлыг арилгах, улсын төсвөөс санхүүжилт авдаг тусгай сангуудыг төсөвт шингээх, биеийг нь даалгах, татан буулгах;
-Бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх,
-Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог 50 хувиар бууруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;
-Төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаар тогтоох, түүнийг бууруулах,
-Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөс олгох хувьсах зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан ялгавартай тогтоож байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах.
-Улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах,
-Төрийн болон төсөвт байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх,
-Гадаад албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх;
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх,
-Хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах, төлөөлөгчдийн тоог цөөлөх, эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах... гэх мэтчилэн одоо гарч байгаа хэмнэлтийн бодлогод орсон болон ороогүй олон асуудлыг тусгасан байдаг юм. Гэхдээ тэр нь ажил болсон нь цөөхөн, мөн дараа дараачийн Засгийн газруудад огт хамаагүй явж ирсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд энэ бодлогоо хуульчилж гаргая гэсэн нь өмнөх Засгийн газруудаас онцлог. Үүгээр нь “анхдагч хууль” хэмээн тодотгосон байх.
Энэ удаагийн санаалчлагаас олон нийт хамгийн их анхаарал татаж, маргаан, шүүмжлэл дагуулж байгаа нь НДШ-ийн буцаан олголт, мөн НӨАТ-ийг сугалааг зогсоож байгаа явдал. Яалт ч үгүй иргэд өөрийнхөө гар дээр авч байгаа цалин, орлогоор амжиргаагаа хэмждэг учраас тусгал нь хурдан.
Анх ажилтнаас төлдөг шимтгэлийн 50 хувийг буцаана гэж мэдээлсэн боловч хуулийг хэлэлцэх явцдаа сая төгрөгөөс доош цалинтай ажилтны 50 хувийг буцаахаар тодотгосон нь шүүмжлэлд өртөөд байна. Гэвч энэ ч гэсэн “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн” арга хэмжээ гэдгийг бас бодолцох ёстой.
Статистикийн байгууллагаас мэдээлснээр одоо манай улсад цалингийн дундаж хэмжээ 1,1 сая төгрөг байгаа. Тэгэхээр Засгийн газраас дунджаас доош орлоготой иргэдээ дэмжиж, НДШ-д төлсөн мөнгөнийх нь 50 хувийг буцаахаар болжээ гэж шууд ойлгогдоно. Тийм болохоор саяаас дээш цалинтай ажилтны НДШ-ийг буцаая гэхээсээ илүү сая хүртэл цалинд ажил олгогчоос төлж байгаа НДШ-ийг буцаая гэж ярих ёстой. Буцааж чаддаг бол буцаах хэрэгтэй. Энэ нь иргэдээ дэмжээд зогсохгүй ААН-үүдээ ч гэсэн дэмжсэн бодлого болж гарна. Хэрэв тэгвэл аж ахуйн нэгжүүд маань буцаалтынхаа мөнгөөр дахиад нэг хоёр хүнийхээ цалинг нэмэх, нэмээд нэг хоёр хүн цалинжуулах боломжтой болно шүү дээ.
Хоёрдугаарт, НӨАТ-ын сугалааг зогсоож байгаа нь яалт үгүй цагаа олсон зөв бодлого. Анх Н.Алтанхуягийн Засгийн газар НӨАТ-ын буцаан олголыг гаргаж ирэхдээ ерөөсөө орлогыг бүртгэлжүүлье, татвараас гадуур ашиг олдоггүй байя гэсэн л зорилго тавьсан. Үүний үр дүнд улсын төсөвт ордог татварын орлого хоёр дахин нэмэгдсэн байдаг. Иргэдийг НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болгохын тулд сугалаатай болгосон. Анхандаа 500 сая төгрөг хүртэл супер хонжвортой байсан сугалаа явцын дунд тохирлын хэмжээ буурсаар одоо дээд тал нь 5-10 сая болсон, дээр нь тохирол зөв шударга явагддаг эсэх ч эргэлзээтэй байгаа. Тиймээс бараг “залилангийн” шинжтэй болчихоод байгаа сугалааг зогсоогоод оронд нь буцаан олголтоо нэмэгдүүлэх нь татварын орлогыг нэмэгдүүлэх, төгрөг нэг бүрийг бүртгэхэд илүү их дэмжлэг болж чадна.
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, зарим нь “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь ажиллахаас өөр замгүй. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь сугалаа зарласнаас илүү шударга хуваарилалт болно.
Харамсалтай нь үүн дээр төрийн бодлого хараахан цэгцрээгүй, жигдрээгүй байгаа бололтой. Тухайлбал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн гэж нөхөр “НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь өндөр орлоготой иргэдийн хэрэглээг дэмжсэн эрсдэлтэй алхам болно” гэж дэмийрсэн байх жишээтэй. Гэтэл уг нь тэр өндөр орлоготой иргэд нь хэрэглээгээрээ төсвийг орлогыг нэмэгдүүлж, татварыг бүрдүүлж байгаа шүү дээ. Үүнийхээ өчүүхэн хувийг буцаан олголтоор авдаг. Ийм энгийн логикийг ойлгохгүйгээр “буцаан олголтыг нэмэгдүүлэх нь буруу, зөв” гэж цэцэрхэх, эрсдэл энэ тэр ярьж томоор "бүлтрэх" хэрэггүй л дээ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин