30 жилийн өмнө монголд улс төрийн ганцхан нам байлаа. Тэгвэл 2018 онд 29, жилийн дараа 33 намтай болжээ. Намууд сонгуульд өрсөлдөх, ялвал төр засгийн эрхийг авахаас гадна нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, сонгуулийн бус үеэр ч иргэдийн дуу хоолой болж, үзэл бодлыг нь илэрхийлэх, төлөөлөх үүрэгтэй. Манай улс төрийн намуудын тоо нь өссөн ч чанар, төлөвшил хангалтгүй хэвээрээ, нийтийг нэгтгэж төлөөлдөг гэхээсээ илүү хаалттай клуб байсаар байна.

Хараат бус, судалгааны Дефакто Институт өнгөрсөн оноос намуудын нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, дотроос нь гишүүд нь, гаднаас нь олон нийтийн хяналт, шахалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс”-ийг гаргаж эхэлсэн. Хоёр дахь судалгааг энэ оны 4-6 дугаар саруудад явуулав.

Намуудын дотоод ардчиллын индекс нь намуудыг оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, ил тод байдал-санхүүжилт гэсэн дөрвөн бүлэг үзүүлэлтээр хэмжиж 0-100 оноогоор үнэлдэг. Үүнээс 0-30 оноо авсан бол ардчилалгүй, 31-60 оноо авбал хагас ардчилсан, 61-100 оноо авбал ардчилсан гэж ангилдаг.

Өнгөрсөн оны судалгаанд Ардчилсан Нам- АН, Монгол Ардын Нам- МАН, Монгол Ардын Хувьсгалт Нам-МАХН, Хөдөлмөрийн Үндэсний Нам-ХҮН, Иргэний Зориг Ногоон Нам-ИЗНН, Эх Орон Нам- ЭОН гэсэн зургаан нам оролцож байсан бол, 2019 онд Монголын Ногоон Нам-МНН, Үнэн ба Зөв Нам-ҮЗН нэмэгдэж найм болов. Бусад намууд холбогдох боломжгүй, бусад нь судалгаанд оролцохоос цааргалж, эсвэл татгалзав.

Өнгөрсөн жил тоон судалгааг намын гишүүдтэй утсаар холбогдож асуулгаар, чанарын судалгааг экспертүүдтэй ярилцаж гаргасан. Энэ жилийн хувьд судалгааны аргачлал, арга зүйгээ боловсронгуй болгож, чанарын судалгааны аргыг ашиглав.

Хүснэгт 1. Намуудын дотоод ардчиллын индекс 2019

Нам бол клуб биш

Судалгааны баг намуудын үндсэн дүрмийг хайлаа. МАН, АН, МАХН, МНН зэрэг намууд дүрмээ цахим хуудсандаа байрлуулжээ. ХҮН дүрмээ хүсэлтийн дагуу явуулсан бол, ҮЗН бусад нам хуулбарлана гээд явуулсангүй.

Судалгааны баг улмаар намуудыг бүртгэдэг Улсын Дээд Шүүхэд хүсэлт явуулсан. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.5-ын дагуу хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргахад тухайн этгээд бичгээр зөвшөөрсөн байх шаардлагатай гээд бас өгсөнгүй. Ардчилал хөгжсөн орнуудад намууд болон олон нийтийн байгууллагын талаар иргэдийнхээ мэдэх эрхийг баталгаажуулдаг. Тухайлбал Германы улс төрийн намын тухай хуулийн 6.3-т: “намын үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, намын төлөөллийн төв байгууллага болон орон нутгийн нэгжийн шийдвэр гаргах албан тушаалтнуудын нэр, үүргийн талаарх мэдээлэл, түүний хуулбарыг нийтэд үнэ төлбөргүй олгоно” гэжээ.

Улс төрийн нам нь үйл ажиллагаанаасаа эхлээд дүрэм, журам, санхүүжилт нь хүртэл иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой олон нийтийн байгууллага. Наад зах нь, дүрмээ албан ёсны вебсайт, нийгмийн сүлжээний хаягаар нь уншиж болохоор байрлуулах ёстой.

Юу өөрчлөгдсөн бэ?

Энэ жил УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд бэлтгэх, нэр дэвшигчээ тодруулах зорилгоор улс төрийн намуудын  гишүүдийн оролцоо бүх түвшинд идэвхжсэн байлаа. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил гэдгээр онцлог байв. Намууд их, бага хурлаа хийж гишүүдийн оролцоо харьцангуй нэмэгджээ.

Өнгөрсөн жил судалгаанд оролцсон 6 намын хувьд тодорхой өөрчлөлт гарсныг доор харуулав. Дөрвөн намын дотоод ардчилал сайжирсан бол хоёр намынх (ЭОН, ИЗНН) суларсан байна.

Хүснэгт 2: 2018 ба 2019 оны индексийн харьцуулалт

Судалгааны бүлэг тус бүрээр онцолбол, гишүүдийн оролцооны хувьд намууд дотроо бодлогын мэтгэлцээн хийх талаар сул байна. Намынхаа дотоод асуудлыг хэлэлцдэг хэлбэрүүд олон буй ч намын бодлогыг тодорхойлохдоо гишүүд, дэмжигчдийг оролцуулах нь бага байгаа нь бүх намуудад нийтлэг ажиглагдав.

Намын дотоод өрсөлдөөний хувьд 2019 онд УИХ-д олонх, цөөнх болсон МАН, АН-д дотоод ардчиллын муу жишиг гэж хэлж болох тохиолдлууд гарлаа. Хоёр нам зарим гишүүдээ намын нэгдмэл байр сууринаас зөрсөн шалтгаанаар намаас нь гаргав. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнээс нь түдгэлзүүлж, АН УИХ-д намын бүлэггүй хүртэл болов. Харин МАН намын нэгдмэл байр суурь, намын шийдвэрийг зөрчин хотын даргад нэрээ дэвшүүлсэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намаас нь түдгэлзүүлэв. Намын улс төрийн зөвлөл эсвэл удирдах зөвлөл нэрээр цөөн хэдэн хүн хэн, ямар албан тушаалд очихыг шийддэг болжээ.

Улс төрийн нам нь нийгмийн бүх хэсгийн төлөөллийг хангадаг байх ёстой. Намууд хэдийгээр залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн зэрэг дотоод төлөөллийн байгууллагуудтай ч, УИХ-д төдийгүй намын шийдвэр гаргах албан тушаалуудад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь хангалтгүй байна. Гэтэл сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхыг шаарддаг. Зарим нам дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг нэмж тогтоосон ч, амьдрал дээр хэрэгжүүлдэггүй ажээ.

Хүснэгт 3. Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019, бүлгээр

Улс төрийн намын тухай хуулиар намууд санхүүгийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналт хийлгэж олон нийтэд тайлагнах ёстой. Энэ хуулийг зөвхөн ХҮН, МНН хоёр  хэрэгжүүлж нийтэд ил тод, нээлттэй байдлаараа сайн жишиг тогтоож байна. Энэ хоёр нам цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг дээрээ санхүүгийн тайлангаа аудит хийлгэн байршуулжээ. Бусад намуудын хувьд ил тод, нээлттэй байхыг зөвхөн намын гишүүдэд хамаарах, дотоод хүрээний асуудал гэж үзэх хандлага түгээмэл байна.

Өнгөрсөн жил намууд бүгд хагас ардчилсан ангилалд байсан бол энэ жил МНН, МАХН, АН, ХҮН зэрэг намууд ардчилсан ангилалд шилжээд байна. Гэхдээ судалгааны бүлэг тус бүр дээр намуудын оноо харилцан адилгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Монголын улс төрийн намууд төлөвших шаардлагатай байна.

2019.08.28