Мушигдаг өвчин. Эрхэм удирдагч нар аа. Та нарыг “mэгнэ” гэхэд би “mэгэхгүй нь дээ” гэж мушигдаг хуучтай хүн. Мушигдаг зуршил надад нялх балчраас эмгэг болтлоо даамжирсан агаад эрх чөлөөт нийгэмд удам дамжсан мушигдаг эмгэгээ нуух айдас арилж гээд илчлэхээр зориглов. Буудуулсан ардын дайснуудыг өвөө маань гэмгүй хүмүүс байсан гэж мушигдаг байлаа. Аав маань бүх мал сүргээ нийлүүлээд идэж уух эдэлж хэрэглэх баялгаар бялхсан коммунизм байгуулахыг галзуу хүний солиорол гэж мушигдаг байв.

Тэгтэл яасан гээч. Гэмгүй хүмүүсээ ардын дайснууд гэж хилсээр яргалсан геноцит цагийн урсгалд тодорч, үнэнд гүйцэгдсэн нам засаг бултах гарцгүй тэвдэхдээ арга буюу булш ухаж, ил гаргасан хэнийх нь тодорхойгүй бүрлээчдийн араг яснуудад цагаатгасан зарлиг уншиж сонсгов. Сонсголдоо “Цагаатгал бол зөвхөн энхрий хайрт МАХН-д л оршдог ум, честь, совесть” гэж өөрсдөөрөө бахархахаа голлоод, хилсээр амиа алдагсдад үнэн зүрхнээс гашуудалгүй, хуурамч харамсал эсгээд мартав. 

Хайрлах өөрийн гэх оноосон эзэнгүй нэгдлийн сүрэг үрэгдэж, аминых бус улсын гэх аж ахуй шамшигдаж балрахын ирмэгт хувийн өмч болгож хямгадлаа. Аль эрт уулсаа дэрлэсэн аав өвөө хоёр зөв мушгаандаа урмын үг сонсох байтугай хуучны үлдэгдэл гэж нам засагт хавчигдсаар хорвоог орхисон. Тэд зөв мушгаандаа эргэлзээгүй. Эгдүүтэй нь аав өвөө хоёрын мушигдаг гэм тасарсангүй. Надад удамшжээ. Мушигдаг өвчин намайг хар нялхаас сүүдэр мэт дагав. Мушигдаг нь буруутай юу мушгуулдаг нь буруутай юу, би бодоод олдоггүй юм. 

Эрх баригчид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолдоо ихээр эмзэглээд, уярч хайлаад эхэлбэл төсвөөс хусах гэж буй нь тэр шүү. Эх оронч үг нь нялуурах тусам хулгай нь томордог гэж би мушигдаг. Тэдний гоё гоё амлалтыг мушгиж, тэс хөндлөн гөжвөл хойч үедээ мөр бүтэн зохиолч үлдэх гээд байна. Буруу ишилсэн зөрүүд сүхэн толгойгоор эрх баригчдыг сөрвөл бурхны өмнө нүгэл багатай очих тийм хачин “нохой ардчилал” үүсчээ. Нам толгойтой Төр засгийн айлдварыг мушгаад буй намайг өршөө! Эрх баригчдыг магтаж, заасан зүгт нь дүйвээнээр сохор нохой мэт хуцаж давхивал-хулгай луйварт үйлчилсэн нүгэлд уначих гээд байна. Гэлээ ч удам дамжсан мушгигч эмгэгийг минь эмчлэх ариун ёс зүйн хаанчлал айсуйд би итгэнэм. (“Айсуй” номын оршил). Утас: 99-25-97-30 



ЭХИЙН ЦАГААН СҮҮ

Икс бид хоёрын эхнэр 1975 онд нэг өдөр шахам амаржав. Хоёулаа хүү. Тэр үед Зөвлөлтийн туршлага судлахыг МАХН-ын нэг бүгд хурлаар ид сурталдаж байв. Ахын туршилга ингэж ухуулав: “Эхийн сүүнээс давуу гайхамшигт сүү зөвлөлтийн эрдэмтэд зохиов. Дөнгөж төрсөн нярайг хөхөөрөө хооллох хоцрогдол” гэж. 

Европын ах дүү соц. орнууд үр хүүхдийн нь амь нас бойжилт дружбагаас ч эрхэм тул зохиомол сүү-тэр тусмаа хоцрогдсон орос технологиор үйлдвэрлэсэн сүү гээд аваагүй гэдэг. (Өршөөгөөрэй цуурхал ч байж магадгүй шүү). Мухардсан ах нар өгөөмөр гараа сунгах нэрээр зохиосон сүүгээ Монголд шахсан уу, эсвэл Зөвлөлтөд үнэнчээ харуулж, тушаал дэвших гэсэн манай дарга нар захиалсан уу, ямартай ч хотод “хүүхдийн сүүний цэг”-үүд нээгдлээ.

Би хүүхдийн сүүнд очерлохоос залхуураад хүүдээ эхийнх нь мээмийг хөхүүлэв. Икс маань авгайнхаа хөхний сүүг “хоцрогдсон” гээд “зөвлөлт сүү”-гээр хүүхдээ угжлаа. Түүний энэ дэвшил “орос эрдэмтний зохиосон сүү эхийн сүүнээс илүү” гэдгийг Монголд нотлох сурталд олныг манлайлж, ингэснээр “хэн бэ” гэдгээ тэр намдаа харуулах шалгарсан карьер юм. Ийнхүү тэр бээр эрс оросжиж, дээд түвшинд намайг давав. Дэвших ийм тэмүүлэл ганц түүнд бус нийтлэг байв даа. 

Сар болсон уу үгүй юү Иксийн хүү тураалд орж, манай хүү малийтал мяраалав. Сүүлдээ Иксийн хүү сульдаад бүр биш боллоо. Авгай нь “Икс минь би хүүдээ мээмээ нэг соруулаад үзэх үү?” гэж гуйвал Икс гэр бүлийн хүрээнд төрсөн үрийнхээ төлөө арга буюу зөвлөлт туршлагаас нууцаар татгалзав. Тэгтэл эхийн нь хөх аль хэдийнэ ширгэжээ. Зохиомол сүү хөхсөн хүүгийн гэдэс цүрдийж, дөрвөн мөч нь дэрс шиг нарийссаар. Эх нь эцэнхий хүүгийнхээ хүйтэн хацрыг үнэрлэн Иксээс нууж уйлна.

Алаг үрээ тавиад тууж буй хөөрхий эх дээр манай эхнэр тэсэлгүй ороод хүүд нь мээмээ хөхүүлжээ. Хоёр хүүхний хуйвалдааныг ашгүй Икс мэдсэнгүй. Хуйвалдаан үргэлжилсээр. Бурхнаас заяасан сүү хөхсөн Иксийн нялзрай аажуухан торнисоор. Иксийн баяр хөөр гэж жигтэйхэн. Тэр бээр манай гэргийн сүүнд хөөрхөн божийж буй нялхынхаа бондгор хондлойг өхөөрдөн илбээд “Хүүхдийн сүүний газар”-ын сүү яваандаа аргагүй шимтэй юм аа гээд санаа алдан байж надад “Чи орос ах нараа ямагт дээдлэн дагаж бай” гэж сургахаа умартсангүй. Хөөрхий Икс коммунист нийгмийн ийм л нэг бүтээгдэхүүн.

1990 онд бид хоёр 50 хүрэв. Ардчилал ч гаарлаа. Хамгийн нажидтай нь бид хоёр ардчиллаас болоод юм бүр дээр зөрж эхлэв. Уг нь огт зөрдөггүй явсан хоёр найз. Яасныг бүү мэд. Ер нь монголчууд энэ үеэс талцаж эхэлсэн дээ. Анх бид хоёр БНМАУ-ын нэрийг солих дээр сүрхий хагарлаа. “Монгол улс” гэнэ гэсэн талд би, нөгөөх чинь Улсынхаа нэрийг хэвээр хадгална гэсэн талд. Эцэстээ Иксийн талынхан “ардчиллынханд зуун хувь бууж өгөх гутамшиг” гээд Монгол улсын нэрнээс зөвхөн “Ард” гэснийг хасаад БНМУ гэнэ гэж АИХ-ыг олон хоног гацааж, хомс төсвийнхөө ёроолыг цухуйлгав. Гэсэн хэдий ч ардчиллын тал дийлж, Монгол улсын нэр “Монгол улс” болов. Ер нь Монгол улсын нэр “Монгол улс” л гэж байхаас өөр юу ч гэж байх билээ дээ. 

Энэ явдлаас үүдэж Икс намайг барууныг сохроор дуурайгч инээдэмтэй хоосон ардчилагч гэж шоолов. Дараа нь МАХН-ын нэрнээс орос болъщевикуудын нэмсэн “Х” үсгийг авч Бодоо Данзангийн үүсгэсэн “Монгол ардын нам” болгоно гэж үзэлцээд Иксийн тал ялж, МАХН-ын нэр бүтнээрээ үлдлээ. Би улаан оросын санаа ялсанд хорсож, Иксийг болъщевикоор нь дуудаж хариугаа авав. Ингэж зүв зүгээр явсан найз хоёр талцаад зогссонгүй бүр дайсагналцдаг болсон гээч.

“Улсын үйлдвэр, САА-нуудыг хувьчилна” гэхэд би “Зөв” гэж хашгирав. Икс “Буруу” гэж бархирав. “Нэгдлийг тараая. Малыг малчдад” гэсэн уриа цуурайтав. Би алга ташлаа. Икс бүтэж үхэх дөхлөө. Орон сууцыг хувьчлах гэв. Би “ура” хашгирлаа. Икс “Орон сууцыг хувьчлах аваас хаалга цонхыг салгаж, туйпуу тоосгоор нь сугачиж зөөгөөд нийслэл балгас болно” гэж УИХ-ын гишүүн Т.Очирхүү, Т.Ганди, Ч.Улаан нартай дуу хоолой нийлүүлэв. Газрыг хувьчлах яриа өрнөлөө. Би ч яахав дээ хөөрхий чадлаараа дэмжив. Икс “Монголчуудыг гишгэх газаргүй болгох нь” гэж үзэлцэв. 

Бид хоёр тэмцлийн хурц хэлбэрт ороод байтал Хамбын овооноос арзайж сэрзийсэн үхдэлийн араг яс, цоо буудуулсан хэдэн зуун хохимой гарлаа. Икс “гамин бароны толгой” гэж өөртөө хаа хамаагүй яргалалд тулгамдаж гилбэлзэв. Икс өөрөө тэр олон зуун хохимойг цоо буудсан алуурчин мэт бажигдаж, учиргүй сандрахад миний ад хөдөлж, “Хувьсгалт намынхны буудсан хуврагуудын толгой” гэж хөндүүр шархыг нь маажлаа. Бид хоёр эвлэршгүй хоёр болжээ. Ийм их зөрчил Икс бид хоёрын алд зовлогонд урьд социализмын үед яаж багтаж, хэрхэн ажиг сэжиггүй нуугдаж явав аа? 

...Гэтэл хожим Икс надад юу гэж дээрэлхдэг болсон гээч. “Ардчиллыг эхнээс нь хэн дэмжсэн бэ? Би дэмжсэн” гэж байна нөгөө Икс чинь?! Монголчуудыг хэн анх гадаад паспорттай болгосон бэ? Икс гэнэ! Икс эхэндээ яаж эсэргүүцэж байлаа: нүүдлийн малчдыг гадаадад цөлөх гэлээ. Ганц сая монголчуудыг золигт гаргачаад энэ өргөн уудам эзгүй нутагт чинь хэн амьдрах юм бэ. Хятадууд уу? Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Бат-Үүл тэргүүтэй эргэсэн толгойтой эсэргүүчүүд хүн бүрд гадаад паспорт олгох гэж буйг таслан зогсооё! гэж Икс аймаг сумын контор дээр байдаг радио цагаан хоолойг улаан хоолой болтол бачимдлаа.

Хилийн чанадад зорчиж, дэлхийн зах зээлтэй танилцсан монгол хүний нүд нээгдэж, өөрсдийг нь бөмбөрцгийн харанхуй бүдүүлэг мухарт чандлан хашиж байсныг мэдэв. Дэлхийн улс гүрнүүд чөлөөт зах зээлээр хэрхэн хөгжиж буйг тэд үзлээ. Ганзагын наймаачдын буянаар картын барааны хомсдолоос хоромхон зуур гарч эхэлмэгц Икс “Иргэдээ гадаадад чөлөөтэй зорчих эрхээр бид хангасан” гэж надад ичих ч үгүй сайрхсан гээч. Энэ бүгдийн төлөө хэн тэмцсэн бэ? Икс тэмцсэн гэнэ хөөе. Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц Икс мэт нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсныг энд дахин сануулъя. 

Икс мөн ч зальтай шийр толгой доо. Намайг хоолныхоо хэдэн малыг өөрөө маллах ялдамд зохиол бичих гэж солиорч, эзгүй хээр хүйтэнд хөрч халуунд халж явахад Икс хувьчиллын бужигнаан дундаас улсын гэгдэх эзэнгүй өмч ёнцойтол туужээ. Татвар төлөгчдийн мөнгөөр байгуулагдсан олон сангаар туйлдаг бүлэгт багтчихаж. Икст хүрэх баян хүн хуруу дарам гэнэ шүү. Картын барааны зураанаас бүгдтэй зэрэгцэж жагсаад ухасхийсэн түүний хадгаламжийн хүү өнөөдөр яагаад тэрбум хүрэв. Яаж ийм хол тасарч чадав аа муу Икс. Эсвэл би түүнд атаархаад байна уу. Уг нь би шударга бизнесээр баяжихыг уухайлдаг зохиолч. Хулгайгаа хуулийн “хам”-уудтайгаа хуйвалдан илрэхээргүй булсан Икс “шударгаар хөлжсөн баялаг бүтээгчдийн манлайлагч” гэгдэн шийдвэр гаргах өндөрлөгт жаалж яваа хулгайч. 

Ардчилал эхэлмэгц тэнэг толгой би өөрийн бодол гэгч элийрлээ бурж, дарангуйлагч нийгэмд сөхөж зүрхлээгүй сэдвээрээ эсэргүү зохиол бичнэ гэж хөдөө өвчигнөж явахад Икс өнгөндөө энхрий хайрт намаа хамгаалагч дүрд жүжиглээд ар хударгандаа хулгаруудтай дөрөө харшуулж явжээ. Баяжих ухаан төгцөг надад хэзээ суух бол. Бас хажууд нь нүгэлгүй орлого энэ тэр гэж солиорч явсныг яана. 

Гэхдээ яахав, зохиолч хүнд хувиршгүй гэгээлэг үзэл минь-нэг насны хоол! Нэг насны-жаргал! Тиймээс юу алзахав. Уг нь би өнөөгийн ардчилагч нарын хүн огт биш юм шүү дээ. Икс мэт нь л намайг ардчилсан намын гишүүн гэж гоочлохоос биш би өөрийн дур хүслээр зохиол гэгч юм сараачдаг энгийн нэг ард. Аль ч нам гэмт хэргийн үүр байдаг. Нам гэгч луйварчдын бүлэглэлээс халдвар авбал уран зохиол бузартаад үнэ цэнээ алддаг. Баян Иксийн тансаг хаус, хүчирхэг жийп, хурдан ажнай, галзуурам үнэтэй хөөрөг, тэр ч байтугай, аварга ордын хувьцаа ч миний мөрөөдөл биш. 

Нүглээр бүтсэн баялаг гай дуудаж, тамд унагана гэж би итгэдэггүй ч сэжиглэж, зай барьдаг. Магадгүй би гуйлгачин одонд төрсөн байх. Гол нь уран бүтээлд бохир мөнгө, бузар олз-харш. Би ганцаараа тийм шударга амьтан биш. Баталгаа нь шог зохиолч эрт эдүгээ хэзээ ч ядуу бадарчин явдгийг ардын үлгэр бэлхнээ хэлээд өгнө. Харин төсвөөс төрсөн эрх баригч-тэрбумтан, авилгаар баяжсан түшмэд-ер л буруу гараар хөлжигчид ямагт шог зохиолын түүхий эд байсаар өдгөөтэй золгосон агаад цаашид ч байсаар байх нигуртай.

Тэр харав уу? Шинэ сэдэв! Иксийн 1975 онд төрсөн хүү, яагаав нөгөө манай авгайн мээмийг хөхөж амь ордог. Тэр УИХ-ын сонгуульд мөнгөөр зодоод ялж байна гэнэ. Түүний луйврыг би бичихгүй юм шиг байна. Шог зохиолд донтсон хүү маань чацуутныхаа хулгайг бичнэ гэж догдлоод нойргүй. Икс бид хоёрын торчилдоон удам дамжин үргэлжлэх янзтай. Хошин шог хоцрогдсон оронд байдаг, хөгжсөн оронд үгүй болдог гэх өгүүлбэр саявтар нэг нийтлэлд харагдана лээ. Шог зохиолын түүхий эд дуусвал мэргэжил нэгт андууд маань бичих сэдэвгүй өлбөрөх үү? Бүү зов! Хүн төрөлхтөн бурханд хувираагүй цагт сэдэв олдоно. Юутай ч Икс хүүтэйгээ Шагжимуни болтол хүү бид хоёрт сэдэв тасрахгүй. Өөрийгөө болоод өрөөлийг ариусгахын төлөө оюунаа чадсан чадаагүй шавхах нүгэлгүй биз.

Ер нь Икс байгаагүй бол би ардчиллын хүн гэгдээгүй байх. Зэвүү хүргэсэн түүнээс би эрс зөрөөд эхэлтэл аяндаа ардчилагч болчхов. Сөргөлдөгч чинь чиний багш гэдэг. Икс намайг гэгээрүүлсэн юм биш үү. Уг нь би ардчилал, чөлөөт зах зээлийн онол огт мэдэхгүй монголчуудын нэг. Хүндэлмээр ардчилагч байдаг ч би тэдэнтэй дарвиж улстөржөөгүй. Тэдний дунд бүдүүлэг харанхуй солиотууд галзуурахаас гадна ардчиллын давалгааг дөрөөлж баяжих далд санаатай-цөөвөр цөөнгүйг анзаараад би АН-аас зай барьсан этгээд. Тэгээд ч улстөр-уран зохиолд харш. Барууныг нүдээр үзээгүй, англи хэлгүй, хөгшин толгой надаар АН яах ч билээ гээд би өөрийгөө голсон юм. 

Амь нууцаа дэлгэхэд миний хайртай “Тоншуул” маань хамтын бүтээл. Харин зохиол маань хэнтэй ч үл хуваалцах дан ганц миний өмч. 60 дөхөхөөр ийм хувиа хичээсэн бодол төрдөг юм билээ. Үлдсэн насныхаа жаахан тэнхээг хамтын бүтээл-“Тоншуул”-д бус өөрийн өмч-зохиолдоо шавхахаар шийдэж хөдөөг зорьсон билээ. Ардчилал зах зээлийн эхний баргар жилүүдэд нийслэлчүүд маань картын бараанд дугаарлаж байв даа. Нүдний булай ядуу өвгөн очерлож хотынхны уурыг барж явснаас төрсөн нутагтаа очиж эцэг эхээс үлдсэн малынхаа шавхрууг таслалгүй бөөцийлж, багын дурсамжаа эзгүй хээр сэргээнгээ ганц хоёр жил амьдарч үзмээр.

Энэ больчимгүй сэдлийн араас хоёр дэврүү хүсэл түлхэв. Нэгдэх нь: санаанаас гардаггүй уул усандаа аав ээжийнхээ жишгээр амьдарч үзэхгүй үхвэл харамсалтай санагддаг унаган хүсэл минь. Хоёр дахь нь: туйлдаж бухимдсан хотод тээр болж гуйлагчин царайлалгүй эрүүл агаарт идэх уухаа мал дагаж олохын ялдамд өөрийн дуртай зохиол бичих оюуны ажилтайгаа биеийн хөдөлгөөнийг хослуулъя гэх бодол нэрмэв. Буруу ч юм болоогүй ээ. Буянт малын бэлчээрт мунхаг толгойд минь юу эс орлоо. Бузгай ч юм эрээчив. Уул ус минь хайрласан зохиолууд Төрийн шагнал хүртлээ. Иксүүд баяжиж хүчирхэгжсэнээр эх орон хөгжихгүйг ойлгох хүн цөөдөөд, өвгөн зохиолч өөрт хамаагүй юманд шаналсаар нүд аних болтой. 


ХОЦРОГДЛОО БУЛААЛГАВ

Хар нялхаас минь намайг хоцрогдсон үзэлтэй гэдэг байв. Хоцрогдлоо бүр үндэс ёзоороос нь хөөж тайлбарлая. Ер нь хоцрогдол гэж ямар үзлийг хэлээд байна? Нэгдэл анх байгуулагдахад би балчир байсан. Мал сүргээ нэгдэлд хуйгаар нь өгч явуулахдаа араас нь сүү өргөөд-уйлаад хоцорсон аав ээжийгээ хормойдоод уйлж зогссон жаал. Уйлсан юм чинь нэгдэлд сайн дураараа элсээгүй баймаар. Үгүй гэнэ ээ. Заавал сайн дураараа элссэн байх ёстой агаад уйлсан учир заавал хоцрогдсон байх ёстой гэнэ. 

Миний хоцрогдол ингэж аль диван галавт илэрлээ. Ижил дасал болсон амин тэжээл-хайртай мал сүргээ нэгдэлд зүгээр өгөхдөө баярлаагүй уйлсан хувийн өмчийн нялх элемент намайг улс төр-хүмүүжлийн компанит ажил онилоод авав. Нийгмийн өмчийн давуу чанар, хувийн өмчийн хор уршиг гээд сэнхрүүлж өглөө. Малчдын хоцрогдлыг арилгаж буй нь тэр. Үзэл суртал гэгч улаан хуйхуй босож, Архангайн сумдад бурхан тахил шатааж, нударга огтолж, хоточ нохой буудах зэргээр хуучин нийгмийн үлдэгдлийг устгав. 37-38 оны яргаллаас хашраад бурхнаа өмөөрч зүрхэлсэнгүй. Нударгаа жаварт гар хөлдөөдөггүй, банхраа хот манадаг гэж тайлбарлаад ангийн дайсан болох шахлаа.

“Хонио шөнө болгон манаад гаднаа зогсож хонохгүй нохойд даатгалаа. Гадаа чинь байгаа хонь бол чиний мал биш улсын сүрэг” гэж тачигнав. Нохой үнэр, чимээ авахдаа хүнээс хэд дахин соргог амьтан тул боохой дөхөж ирэхийг холоос анирдаж, хуцаж, дохио өгснөөр эзэд гэрээс шалав гарч хашгирч гуугалж, буу тавьж хээрийн хөхийг үргээдэг. Энэ тухайгаа учирлавал “намын мэргэн бодлогыг эсэргүүцлээ” гэж өширхөж чангараад айлын хоточ нохдыг үлдээлгүй хядаад зогссонгүй малчин залуусыг Хашаат сумын төвд дуудаж цуглуулаад тэдний нударгыг огтолж овоолоод галын наадам гээчийг үйлдлээ.

Нэгдлийн гишүүдэд амины 50 толгой мал үлдээв. Нам засгийн нинжин сэтгэлийн илрэл гэж залхтал бүр ад хөдөлтөл ухуулав. Ухуулах ч гэж дээ намзасаг айлуудын мал сүргийг булааж авснаа ингэж ичгүүргүй муйхраар магтаж цайруулах гэсэнд нэг ч малчин итгээгүй. Булааж авсныг нь мэддэгээ нууж эс чадвал араандаа зууна. Нэгдэлд элссэндээ бөөн баяр яваа дүрээр малчид жүжиглэв. 50 толгой мал үлдээсэн нь сайндаа бус амины нь бүх малыг хуу хамчвал малчдыг улсаас хооллож барахгүй. Малчид харангадаж үхвэл тэжээгчээ алдсан нам засаг өлбөрч зүй бус хорогдлоор нүд анина. 

Малчид нэгдлээр амьдарсангүй. Аминыхаа хэдээр гол зогоов. Тэглээ ч нам засаг “амины мал хэрэггүй” гэж малчдад амьдралгүй лекц уншина. 50 малаа өсгөсөн малчид феодлын үлдэгдэл гэж матарлуулав. Аав ээж бид гурав аминыхаа 50-ийг өсгөснөөр хувийн өмчийн бузар микробууд болж хувирлаа. Тэгсэн нь ашгүй бид гурав анкет бөглөдөг “нийгмийн байдал”-аараа бол амины өмчтөн гэж нэрлэгдэхээс бус хувийн өмчтөн биш гэгдэх учиртай юмсанж. Ийм ялгаагаар ашгүй аврагдлаа. Хувийн өмч бол хөрөнгөтний өмч, амины өмч аваас социалист өмчийн эд эс гэж зааглав. Ялгааг нь малчид байтугай Ж.Самбуу гуай ч ойлгоогүй байх. Хамгийн яршигтай нь харгис үзэл суртлыг зөв ухаарахгүй бол эсэргүүн болчих гээд аюултай. 

Учир нь олдохгүй орос онолыг Монголд хэрэгжүүлэхэд малчдын гавал хүрдэггүй. Амины 50-ийгаа нэг ч толгойгоор давуулж болохгүй нь бүр ёртой. Өсгөвөл илүү гарсан болгоныг тоо ёсоор хурааж аваад зүгээр орхихгүй-хувийн өмчийн элемент гэж дансална. Ойлгоход амаргүй байгаа биз? Гэвч “ойлголоо” хэмээн жүжиглэгч бялдуучид олныг хөлдөө чирч овоо хараал идсэн дээ. Амьд плакат болсон тэд хоцрогдогч бус манлайлагчаар мандаж, малын бэлчээрт энгэр дүүрэн одон эзгүй хээр яралзуулж тэнэгтэв.

Аймаг сумын төлөөлөгч гэх улаан хувьсгалчид нам засгийн сүрээр малчдыг чичрүүлсэндээ онгироод галзуурлаа. Тэдний бүдүүлэг харгисыг яана. Хаашаа л хөдөлнө хувийн өмчийн бузар элемент гэж буруудаж, юу л хэлнэ хоцрогдогч гэж загнуулна. Балчир би хоцрогдол гэж чухам юуг хэлэх, яагаад хоцрогдогч болсноо ойлгоогүй ч айсандаа “ойлголоо” гээд уйлахад “Чиний царай цаагуураа эсэргүүцээд байна. Нам засаг дайснаа таньдаг” гэж хорсолтой занана. Бага наснаас нам засагт үл итгэгдэн гадуурхагдав. Нэгдэлд мал сүргээ өгөхдөө уйлснаас сэжиглэгдэн нүд үзүүрлэгдэмгүй еэ гэж дотроо гомдоно. Нялх ухаанд минь дарга л болбол загнууламгүй санагдана. Малчин хүн аль муугаа эдлэх цөвүүн цаг нүүрэлснийг хэн хүнгүй гадарлав. Аав ээж хоёр ч намайг сургуулийн мөр хөөлгөж, нугалаа гаргагч-захиргаадагчдын нэг болгохоор шийдлээ.

...Нэгдэл жилээс жилд доройтсоор нэг л биш ээ. Тэгэвч нам засаг ичсэндээ нэгдлээ худал магтсаар 30 жилийн дараа шалдаа бууж амины малаа өсгө гэж малчдыг загнав. Уг нь “амины мал хэрэгтэй” гээд өсгөх гэж байж матарлуулсан феодлын үлдэгдлүүд нам засгийг чихдэж байгаад өөрийн үзлээ ухуулмаар. Тэгсэнгүй. Эсрэгээрээ, мэдэхгүй нь мэддэгтээ лекц уншлаа. Нам засгийн эргэж буцсан ухуулгын учрыг олохгүй загнуулсаар явтал миний нялцгай тархинд гөнөтэй эргэлзээ буглажээ. Тархины минь тэр гэмийг Москвагийн дээд сургууль лениний хоршооллын онолоор эмчлээд ч эдгээгүй. Тэгэхээр би дээд боловсролтой хүн юм уу, үгүй юм уу бүү мэд. Диплом бол бий. 

Айлуудад 50 толгой мал сайндаа үлдээсэн бус-нэгдлийн сүрэг хорогдуулбал төлүүлэх мал үлдээсэн гэж миний хоцрогдол чихэнд шивэгнэнэ. Хожим “Тоншуул”-ын сэтгүүлч намайг Зөвлөлтөд сургууль төгссөн атлаа хөрөнгөтний үзэл рүү хальтарч болзошгүй сэхээтэн гэж данслав. Урьд хоцрогдсон хүүхэд байсан бол дараа нь хөрөнгөтний үзэл бүхий сэжигтэй зохиолч гэгдэж эсэргүү дугаар маань гүнзгийрлээ. 

Ах дүү социалист оронд туршилга судлахаар найзууд маань олонтаа явна. Намайг явуулаагүй чадсанд харамсдаг. Зохиолчдын хорооны дарга Д.Цэдэв намайг Горькийн сургуулийн хоёр жилийн курст явуулах гэж Төв Хороонд хоёр удаа оруулаад хоёуланд нь унагав. Ахмад зохиолчдыг дээд курст шагналын журмаар илгээгээд тэд орос хэл мэдэхгүй учраас юу ч суралгүй ирсэн. ЗХУ-д дээд сургууль төгссөн орос хэлтэй залуу зохиолч явуулъя гэж Д.Цэдэв дарга нэлээд зүтгэсэн. Харин би курст явахын тулд унаган хоцрогдлоо засах гэж сэвтүүлээгүй. Хоцрогдсон үзлээ нандигнан зохиол бүтээлдээ шингээсээр л явлаа.

Дарга нарыг дагнан шүүмжилдэг гэх нууц данстай болж эрхлэгчийнхээ чихийг халууцуулж явснаа би мэдээгүй юм. Англи хэлний курст суралцъя гэтэл эрхлэгч Г.Дэлэг зөвшөөрөх байтугай ихээр уурлаж, намайг УБДС-ийн дэргэдэх Марксизм Ленинизмийн 2 жилийн оройн дээдэд орж улстөрийн боловсролоо дээшлүүлэхийг тулгав. Би олон нялх хүүхэдтэй гээд бултаж дөнгөсөн ч улстөрийн ноён нуруугүй гэх шалтгаанаар нүүрлэсэн аливаа боломжоос хасагдах энүүхэнд. Сайнаар ч муугаар ч би шалиагүй амьтан.

“Хэн нэгдэл байгуулсан билээ? Бид байгуулсан!” гэж сагаж явсан дарга нар нэг сайхан өдөр “Нэгдлийг тараая, малыг малчдад” гэсэн лоозонтой тулгараад босон харайтал цаана нь социалист лагерь ардчиллын цунамид сүйрч харагдлаа. Зальтай тийрэнгүүд тэр дороо ардчилагчдаас өрсөж амь наана там цаана манаргаж очоод малчдыг “Та нар яагаад нэгдэл байгуулсан бэ? Нэгдлээ бушуу тараа!” гэж сандаргажээ. 

Нэгдэл байгуулсан хэрэгт дарга нар бус малчид унах нигуртай болоод явчихав. Дарга нар сүржин уриа хашгирахдаа жинхэнэ мэргэжилтнүүд шүү дээ. Тэд 180 градус эргээд “Хувийн өмч мандтугай!” гэж лоозогнон ура хашгирч, малчдыг бушуу түргэн зах зээлд ор гэж адуу мал хөөж буй мэт хэрцгийгээр захиргаадаж гарлаа. Нэгдлийн дарга нар нэгдлийн дансанд буй бүх мөнгийг хаман авч гадаад дотоодод эргэлдүүлж, мөнгө унагаж баяжаад, нэгдлийн мөнгийг буцаагаад байршуулчхав. Мөнгө угааж хөрөнгөжсөн дарга нар ардчилал, зах зээлийг мандуулахаар олны толгойд сонгуулиар аслаа.

Товчилбол миний яснаасаа үл эвлэрэгч коммунистууд миний хоцрогдлыг өөрийн үзэл болгоод, намайг ардчиллын тээг-коммунист гэж зарлаад, засан хүмүүжүүлэх лекцээ надад уншив. Лекц нь хаа очиж миний дэмждэг ардчилал чөлөөт зах зээл аж. Тэд ингэж аав ээжээс угшилтай төрмөл үзлээр минь намайг дарангуйлж гарлаа. Би эцэг эхээс залгамжилсан аминыхаа унаган хоцрогдлоо, соц. нийгэмд хоцрогдлын эрлэг явсан дарга нараар лекцдүүллээ гэж гөжилгүй дохилзсоор. Улс хөгжвөл миний чиний гэх хармын сэтгэл, нохой долоо, юу ч биш.

Сонгогчийнхоо үгийг сонсоноо хөө гээд муухай том чих аман дээр наачхав. Сонгогдсоныхоо дараа бөгсөө наах нь мэдээж. Ард түмнээ сонс, харин хэлснийг нь дотроо нууцаар нулим гэж байна уу танай нам. “Үгүй шүү” гэж миний хоцрогдол надад сануулсаар. Малаа өсгөөд, сүү саалиа боловсруулаад, арьс ширээ элдээд, айл саахалтын ах дүүд дэмтэй аж төрөх-аав ээж бид гурвын хоцрогдол юм. Гэтэл хоцрогдлыг минь надаас булаагаад авчхав. Хоцрогдлоо яг л малаа нэгдэлд алдсан шигээ дээрэмдүүлчихлээ. Тэгээд бас намайг зөнгөөр минь орхисонгүй. Цааш нь яасан гээч. Надаас булаасан миний хоцрогдлоор коммунизмын үлдэгдэл гээд намайг ташуурдах улстөр болгов. Хорвоо гэж янзтай шүү. 

Сая саяар амлаж байсан намууд сонгогч надад “Манай намаас амлалт горьдсоны гарз шүү новш оо. Бид ажлын байр амлана уу гэхээс бэлэн мөнгөамладаг нам биш. Мөнгөний амлалт бол хоцрогдол. Бэлэнчлэх сэтгэлгээ ч хоцрогдол” гэж ичих ч үгүй дээрэлхэв. Үгүй ингэхэд таминь ээ, би амлаагүй тэд амалсан биш билүү? Би бэлэнчлэх гээгүй ажлын байр л гуйсан биз дээ. 

“Би” гээд буй хүн бол та нарын төлөөлөл шүү сонгогчид оо. Өвлийг хавар дийлдэг, өвгөнийг эмгэн дийлдэг. Эмгэдийн сэтгэлээс зөөлөн нь хорвоод үгүй. Зөв нь буруугаа, зөөлөн нь хатуугаа дийлдэг. Эмгэн сэтгэл шиг уян зөөлөн ард түмэн минь дийлэхдээ л нэг дийлнэ. Удахгүй. Өтөл би нүдээр үзэхийг тэсэж ядан хүлээнэм. Би хоцрогдоогүй бөгөөд бас мэхлэгдээгүй өвгөн шүү. Мэдэхгүй нь мэддэгтээ заах бус, мэддэг нь мэдэхгүйгээ сургах цаг айсуй. Тэр цагтай түргэн золгохын тулд хүн бүр боловсрохыг хичээ. Гэгээрвэл хэнбугайд ч дээрэлхүүлж доромжлуулахгүй.


МОНГОЛ ДАРГЫН ГАЛБИР

Социализмд өрсөлдөөн ганц байв. Тэр нь дарга болох. Бидэнд хүчээ сорих өөр бизнес байсангүй. Үйлдвэрт нормчин, нэгдэлд малчин болохоос зугтана. Дарга болбол жирийн олноос арай давуу. Томорвол тусгай хангамж яригдана. Дарга болохын төлөө үнэнч андаа матах энүүхэнд. Дарга болж онгирох дон монгол хүнд бүр ясных агаад аль ч нийгэмд балаг тарьсаар иржээ. Хаад ноёд чухам яаж даварсныг нүдээр үзээгүй ч социалист урлаг уран зохиол тэднийг үнэмших аргагүй ой гутам шившиглэснээс үүдэж итгэх бүү хэл өмөөрөх эргэлзээ дагуулсан. Харин коммунист дарга нарт дарлуулж, доромжлуулж явсны хувьд тэднийг гадарлана. Тэдэнд бухимдавч 40-50 мянгаараа хэлмэгдсэн шарх аниагүй цаг үе тул мань зориггүй-үхээнц. Дотроо бөөн гомдол тээсэн хулчгар маниус дээрэлхүү дарга нараа магтаж, огт үзээгүй хаад ноёдыг “хоцрогдлын бузар үндэс” гэж зүхэж жүжиглэнэ. Даргын суудал горилж яваа нь тэр. 

Даргын кайф-жанжлах. Жанжнаас дарга арай боловсон. Жанжин “Муусайн юмнуудад дүрээ нэг харуулъя. Хийморь нь сэргэг” гэж ханхалздаг байсан бол дарга олныг цуглуулаад “Намын бодлогод эргэлзэгч хэн байна, тэр этгээд гараа өргө” гэж шаардаж сүнс зайлуулна. Жанжин үеэ өнгөрөөж, даргын зуун ингэж эхлэв. Дарга нар жирийн ардыг дорд үздэг дээрэлхүү зангаа нуух авч тэр нь ил. Зориуд шахсан аргил дуугаар “Хэн гэнэ ээ чамайг?” гэж хүний нэрийг дүлий балай мэт дахин дахин хэлүүлнэ. 

Орос хэлийг хэт сурвал монгол хэлээ мэдэхээ больдог гэх моодоор гангараад ч байх шиг янзтай. Нэг орос үг хэлчхээд “Монголоор орчуулж би чадахгүй байна. Юу ч гэмээр юм бэ дээ” гэж өөрөө монгол атлаа орос хүн болох гэдэг бөгөөд бусдыг “зөвлөлтийн эсрэг үзэлтэн” гэж хардаж айлгадаг арга барилтай. Нүдээ голдуу аниатай байлгах авч хагас аниатай дээд доод зовхныхоо завсраар ажилтнаа тагнаж айлгана. Ийм марзан дүртэй дарга нар МАХН-д зуун жил боловсорч-өргөмжлөгдөн хүчээ авсаар толгойд асчээ.

Яагаад ийм бүдүүлэг дарга үүсэв гэвэл харц ардаа хуулийн хяналтгүй дураараа жанжилдаг дов жалгын хаад ноёдын омог биднээс салаагүй нь дэвсгэр болсон байх. Үйлчлүүлэгчээ басамжилдаг өдгөөх албан хаагчдын дээрэлхүү зан бол омог бардам хаад ноёдоос эхтэй гэх гээд байна би. Гэхдээ монголчууд адгийн амьтад бус бүх үндэстэнд ийм адгуусалга угшил нуугдаж буйг зохиолчид бичсээр иржээ. Дарга гэгч сэтэртээ онгирсон гар үйлчлүүлэх гэсэн иргэнээ дарамталж, хааж, боож таашаал авна. Мунхаг таашаалаа олдошгүй сэнтийн онцгой эрх гэж сагсуурдаг гангараа Монголд хуучраагүй байна. Ийм бүдүүлэг ааш авиртай монголчуудаас соёлтой түшээ төрөх үү. Үйлчлүүлэгчээ хохироодгоо нам засгаа хамгаалж буй эх оронч сонор сэрэмж гэж мунхаглан оодордог гээч. Дарга сэтэр зүүмэгц ард олноосоо эрх дархаар томров гэж онгирох тэнэглэл ХХI зуунд амжилт олох бүү хэл ад болж эхэлсэн нь олзуурхам. Үүнийг мэдэрч, даргалах бус үйлчлэх учиртайг ухаарсан түшмэд л чухал байна. 

Хөгийн дүртэй дарга нарын дор социализмыг гардан байгуулагчид нь бас их янзтай. Хуурамч үзүүлэлтээр зориуд мандуулсан улсын аварга малчин, ажилчин, тариачин гэх онгироо “гарууд” хөөрсөндөө хэнхэг өвчинд солиороод нутаг ус үйлдвэр цехийнхээ хамт олныг “Миний амжилтад хүрэхийн төлөө урагшаа” гэж хөлдөө чирнэ. Амьд плакат болсон малчин энгэр дүүрэн одон эзгүй хээр яралзуулж мал сүрэгтээ гайхуулна. Тэдний рекорд хүрэхийн аргагүй өндөр. Нам засаг тэдний рекордыг зохиож, “Аварга ийм амжилтад хүрч чадсан байхад адил нөхцөлд ажиллаж буй та нар яагаад чаддаггүй юм бэ” гэж бусдыг дарамтлах шахаа болгоно. 

Шахуулж буй масс нь харанхуй гэж хачин. Сохроор шүтэхээс илүү ухаан тэдэнд төрөхгүй. Уг нь төрөлхийн оюун нь хайчихав, сэтгэх хүчтэй мотор гавалд нь бий л дээ. Түүнийгээ ажиллуулж сурах нь байтугай хэрэглэж ер үзээгүй улс. Шашны сургаалаас юу ч гадарлаагүй атлаа гагцхүү мухар сүсгээр духаа цоортол мөргөж явснаа болчхоод Ленин гэгч хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтсэн коммунистууд. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзээ төрүүлэх суурь мэдлэг гэж байдаггүй. Дарга гэдгийг дуртайгаа үйлддэг ер бус тусгай хүн гэж сөгдөхөөс, даргад эрх бас үүрэг гэж байх ёстойг сэтгэх сөгөө социализмыг гардан байгуулагчдад төрсөнгүй. Төрүүлсэнгүй.

Харамсалтай нь өдгөө манай ардчилсан төр засагт хуучирсан галбираар гангарагч дарга цөөнгүй цохиж явна гээч. Нялхаараа хэрнээ дуу хоолой, гүзээ, алхаа гишгээ, бүхэлдээ бие бялдрын хүмүүжил нь соц. үеийн намын ажилтан яг мөөн золиг чинь. Өвгөн миний ач зээ нарын үе монгол даргын коммунист галбирыг бүр хуулчихаж! Хүүхдүүд үзээгүй галбираа яаж ингэж дуурайж чадав аа? Гадаад галбир ч бас яахав онц нөлөөгүй гэж үзье. Хамгийн гол нь гадаад бүдүүлэг төрхөө дотоод үзэл нь шууд дагадаг нь юутай зэвүүн бэ. “Миний намын буруу байсан ч би намдаа амиа өгнө” гэж сүржигнэнэ. Нам гэж юу юм бэ? Бүлэг этгээдийн төрд асах тохиролцоо биз дээ. Нам хормойдсон нусгай галбирууд эгээ л Сталинаас айсан орос коммунистууд шиг арчаагүй царайлна. Айлгадаг комиссарууд ардчиллын өнгөнд тонилсон байлтай. Эсвэл тонилоогүй юм уу. Тонилоогүй бол ч бас хөөрхий шүү. Зовлонг нь мэдэхгүй зөнөг хадуураад байна уу. Дураараа дургидаг ганц намын дарангуйллаас төрдөг даргын галбир юм л даа энэ. Бүдүүлэг галбираа муухай гээд хаях хэмжээнд гэгээрээгүй кадрууд эдүгээ төрийн ордноор дүүрэн. Ерөнхийдөө том бага тойрон хүрээлэгчдийн угсаа. Тэд удмынхаа “үнэт галбирыг” дээдлэн хадгалсаар төрийн албанд сүргээрээ жаалж явна. Тэдэнд юун хуулийн засаглал. Эрдсээрээ дэлхийд өрсөлдөх юун урлаг. Том төслөөрөө валют уутлах юун мэдлэг, менежмент, англи хэл. Яг л нэгдлийн дарга. 

Өнгөрөгч зуунд цүндгэр гүзээ унжуулсан дарга гэмт хэрэг үйлдвэл шившгийг нь нуух ёстой намч ухамсар доодост шингээжээ. Үүнийгээ “намаа хамгаалах коммунист төлөвшил” гэнэ. Дур гутам цувдайд охид бүсгүйчүүд бузарлах юу ч биш гэх бичигдээгүй хууль харанхуй нийгэмд ноёлно. Энэ үзүүлэлтээр авч үзвэл бүрэг дорой ард түмэн өөрсдөө бүдүүн агаад бүдүүлэг дарга бүтээсэн ч юм шиг. Тийм тэнэг шалгуураар монгол даргын загвар бүрэлдээд, хүндлэгдэн дээдлэгдсээр өдгөөтэй золгожээ. Бүдүүн агаад бүдүүлэг даргаа аль ч нийгэмд залгамжлахаа бид хаа очиж хаяхгүйдэг ээ. Тэгэхээр бүдүүн дарга нар буруутайн дээр бүдүүлэг масс мөн буруутай аж. Ямар ард түмэн байна тийм дарга нар үрждэг эмгэг Монголд ужгирч, харин бусад орны масс гэгээрснээр дарга нар нь ухаажав. 

Мега төслүүд, дэд бүтцээ гялалзуулж, малынхаа мах яс арьс үсийг дэлхийн стандартаар боловсруулах алтан боломжоо монгол даргын галбирууд 30 жил гацааж, оросын нүүрс эрчим хүчний магнатуудыг баяжуулахын төлөө улаан нүүрээ улалзуулан чардайсны шанд өөрсдөө хөөрхөн баяжив. “Монгол даргын галбир”-уудыг харанхуй масс шүтэж дахин дахин сонгохыг соёлт дэлхий шоолсоор. 

ХХI зууны оюуны тэсрэлт хүн төрөлхтөний хөгжилд гайхам хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд бүгд тэмүүлэв. Харамсалтай нь ХХI зууны оюуны их тэсрэлтийн чичирхийлэл монгол даргын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины мөнх цэвдэгт мэдрэгдсэнгүй. Тэнэг улс Лусын хишгээр хөгждөггүй юм байна. Байгалийн баялгаас гадна хүний тархи шийдвэрлэх нөлөөтэй баялаг ажээ.


МУУ НЭРТ 76-даа ӨГЛӨӨ БҮР ДЭЭЖЭЭ ӨРГӨ

Социалист лагерийн нуралтаар Монгол бойтоглов. Газрын гүнд орших ашигт малтмал гэгч чулуу шороогоо олборлох, тээвэрлэх, борлуулах хүч хөрөнгө байсангүй. Ганц горьдлого гадны хөрөнгө оруулалт. Бид дэлхийн хөлдүү дээврээс өлссөн боохой аятай баахан улив. Тэгтэл үсрэнгүй хөгжиж эхэлсэн хил залгаа БНХАУ болон гуравдагч хөршүүдээс хөрөнгө ороод ирлээ. Өмнөд их хөршийн хэрэглээ сад тавьж, эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөг азаар таарч манай өсөлт арав хол өнгөлзөв. Оюу толгой Таван толгойн ордууд дуулиантлаа. Үнсэнд хаягдсан шалз өндөлзлөө. (Сүүлийн гуч гаруй жилийн түүх хуучилж буйгаа дахин хэлье).

Чингэтэл ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар орхисон Монголоо шил даран эргэв. 20 жил нүүр буруулсан ахыгаа гэнэт зочлоход зэлүүд талын цайлган дүү нь баярласан гэж хачин. Аугаа ачтан ах гуай нь яаж ганзага хоосон морилохов, уртаашаа хоёр гоё бэлэгтэй иржээ. Нэг нь ЗХУ-ын хуулиар Москвад буудуулсан манай 149 эх орончоос 19-ийнх нь баримт, зарим гэрэл зураг, нөгөө нь Их өр гэгчийг эцэслэн шийдэхэд халаасалж үлдсэн (Монголын тал мэдээгүй) 188 сая долларын өрний данс. Бэлгээ гардуулахад ахмад зүтгэлтнүүд 20 жил тасарсан найрамдал-дружбагаа уухайлан сэргээлээ. Хөөрч баяссан тэдний аргисан хоолой тасалдахад залуусаар сэлбүүлэв. Залуус ахмадууд шиг гүрээнийхээ судсыг гүрийлгэн уухайлахдаа ичиж харагдсан. Ардчилалд 20 жил хордсоных биз. 

Өндөр дээд айлчлалын өгөөж ч дороо гарлаа. Барууныг колончлогчид гэж үзэн яддаг коммунист онол сэргэв. Унтраагүй байж. Газар шорооныхоо төлөө амиа золих эх орончид Төрийн ордон өөдөө нум сумаар харваж, бүр давраад гранат хурц буугаар зэвсэглээд бүсэллээ. Уранд хордсон малын төл гээд улаан цурвууд телевизээр харуулах шоу дэлгэрэв. Гурав дахь хөршөө хөөгөөд зогссонгүй Оросод хаягдаад лангуу хоосорсон үед голд орсон урд хөршөө “зөөлөн аргаар сэм залгих дайсан” гээд эрээ цээргүй доромжилж хажиглав.

ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин манай нүүрсийг “Восточный” боомт хүртэлх 5000 км трассаараа 1000 гаруй км Тяньжингийн үнэд хямдруулж тээвэрлэнэ гэж ханхалзлаа. Тэгж тээвэрлэвэл Оросын төмөр зам алдагдалд унах тул Якунин үгнээсээ буцахдаа Монгол Хятадад уусна гэж айлгав. Түүний энэ номнолын салхиар Монголд хэт үндсэрхэг бүлгүүд үүсэж, тэдний идэвхтэнүүд хятад иргэдийг зодох, дээрэмдэх, хятад эрчүүдтэй холбогдсон гэх монгол бүсгүйчүүдийн үсийг хусаж буйгаа телевизээр гайхуулан үзүүллээ. 

“Орос ах нар минь юм чинь Монгол хохирсондоо яадаг юм” гээд Хятадтай хаяалдаг Таван толгой ордынхоо коксыг чанх хойш нь нутаг дундуураа нэвт 1000 гаруй км зөөгөөд, 5000 км тойруу транссибирээр 2-оос 3 дахин алдагдалтай (нийт 6000 км) тээвэр хийж, хөлддөг боомт гэсэхийг хүлээх хэн ч бодсон арай горьгүй байх аа. Хэт их гүрэн дожной хөршөө хорлох гээгүй л бол тэсэж үлдэхүйц санал тавимаар. Бэл бэнчингүй, цөөн буурай, даржин ч бид баргийн ачааг орос ахынхаа төлөө даахыг хичээдэг.

В.Якунин манай сэтгүүлчийн “АНУ-ын Мянганы сорилын корпорациас төмөр замын салбарт 188 сая доллар олгохоор болсон. Гэтэл үүнийг буцаах болоод байгаа. Үүн дээр Оросын тал ямар байр суурьтай байна вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Үнэгүй баяслаг зөвхөн хавханд байдаг гэх зүйр үг Оросод байдаг. Та бүхэн үнэгүй бэлэг бүү авч бай” гэж диктовалдав.

Монголд “танилтай хүн талын чинээ” гэх үг бий. Бид дэлхийн улс орнуудтай танилцаж түншилмээр байна. Хоёр их гүрний завсар дэлхийн мухарт түгжигдсэн хэт цөөн хувь заяа минь олонтой хөл нийлүүлэх хэрэгцээ рүү түлхэж буй. Тиймээс бид гурав дахь хөрш гэж ярьдаг. Хөгжмөөр байна. Бид хөгжвөл хөрш та нарт тээргүй Монгол болно. Балтийн гурав европын холбоонд элсээд, одоо Гүрж Украйн Молдав та нараас зай барихаар тэмүүлж байна. Энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ах дүүс чинь яагаад зугтана вэ? 

Зөвлөлт импер нурж, Орос хямралд унуут Баруун гэж тэмүүлээд соц. лагерийн сүйрэлд живсэн Монголоо хаясан. Коммунизмд давагдашгүй гамшиг учирсан тул бид “хөтлөлцөж яваад балчигт шигдэхэд гараас татсангүй” гэж орос ахдаа гомдоогүй. Энэ нь нүүдэлч-малчдын төрмөл зан. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас гайтдаггүй. Хаврын тэнгэр шиг хуйсагнадаггүй тал нутаг шигээ нэг л зангаараа “тусгаар тогтнолыг минь авч өгсөн орос ах нар” гээд налайж суудаг. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй.

Газрын баялгаар арвин Монголд гаднаас мөнгө цутгавал дорхноо өндийнө гэх анаатай уламжлалт бодлогоо ОХУ зөөлрүүлэх бүү хэл улам чангалав. Тэглээ ч ганц Балыг бодвол 76 маань бие биедээ түшиг болоод дээрджээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөлгөх нууц шахалтад 76-уулаа гэдгээ мэдэрч ханиндаа зоригжоод гэрээгээ сайжруулна гэх ухаан сийлж шор мултлав. Энэ бол ганц бус 76 гавлын ач. В.Путины өөдөөс сөрсөн хамтын эр зориг. Муугаар хэлбэл ганцаараа үхэхгүй 76-уулаа гэх эго. 

Тэгтэл хуучин руугаа хургагч монголчуудыг дөрөөлж Ю.Цэдэнбалын хойт дүрийг тодруулах орос сунтаг шүүлт идэвхжив. 76 гишүүнтэй манай парламент орос сунтаг шүүлтэд автсангүй. 76 гишүүнийг 76 утсан хүүхэлдэй болгож, ярсхийтэл гар өргүүлэх ярвигтай аж. Ганц ерөнхийлөгч бол амар. Манайх шиг байршилтай жижиг буурай орон ерөнхийлөгчийн засаглалтай болбол түвэггүй атгуулна. Ерөнхийлөгч хэмжээгүй эрхтэй байх тусмаа гадны саварт хялбар базуулдгийг бид 70 гаруй жил туулсан. Парламентын 76 гишүүнийг бус буурай орны ганц ерөнхийлөгчийн сүнсийг зайлтал нууцаар айлгах-том гүрэнд тоглоом. 

Муу нэрт 76 маань Чойбалсан, Цэдэнбалын эдэлсэн дарамтаас зай барьж дөнгөв. Ерөнхийлөгчийн засаглалаас бяцхан Монгол хол байх нь өлзийтэй. Парламентат тогтолцоондоо мөргөж, муу нэрт 76-даа өглөө бүр дээжээ өргөцгөө. 76-н тэнэг чинь тусгаар тогтнолын минь дархлаа шүү. Олны мэргэн зөвлөгөө 76-г дасгалжуулж, ухаан бяр суулгана. Орь ганцаар буланд шахуулах аймшиг. 76-уул ханиндаа буланд шахуулбал хүн чанар чинь бүрэн унтрахгүй. Муу ч байлаа 76 чинь аминд орно гэж хойч хойчдоо захья. Амин гол байр сууринаасаа яав ч хазайхгүйгээ гурван саяул тууштай баримталж 76-гаа дэмнэвэл хөрш харгалзах нигуртай. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг бөгөөд “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй.

76-даа ерөөх залбирал. В.Путины амрыг эрэхээр У.Хүрэлсүх айлчлав. Юм үзээгүй малчид сумын наадамд явж буй мэт бөөн хөөр баахан бараа бологч ямар хэрэгтэй дагаж давхисан агаад үүргээ биелүүлсэн эсэх бүрхэг. Селфидэж буй эмэгтэй гишүүдийн зургууд л Оросын телевизүүдээр доогтойхон цацагдлаа. Хамгийн гол нь ерөнхийлөгчийн зорилго бүтээгүй нь урам хугалж ёргүй совин татав. В.Путины амрыг эрсэн биш горьдлого замхрах тийшээ хандаж-амар байна уу гэсэн биш гай болов.

Эрчим хүчний хараат байдал биднийг өндийлгөөгүй. Манай эрчим хүчний хэрэглээ их гүрнүүдэд бол нулимс. Иймхэн эрчим хүчний төслийг маань гацаахаа төвөдэж хайрла гэж гуйхаар айлчилсан байх. Аугаа Орост бол өчүүхэн хүсэлт. Зөвшөөрсөнгүй. Эрчим хүчний гацсан төслүүдийн талаар тодорхой шийдэл байтугай сураг ч бүдэг. Харин хил дамнасан гол мөрөн ба Байгал нуурыг хамгаалах тухай хамтарч судлах гэнэ. 

Судлахад хэдэн жил ордог билээ? Эрдэнэбүрэнд УЦС барих эко нөхцөлийг 50, Шүрэн, Эгийн голыг 30 жил судлаад одоо ч хариу гараагүйг цөм мэднэ. Судалгааны хариуг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургах байлгүй. Тиймээс УЦС-ын тухай яриад ч хэрэггүй болж байх шиг. Шинээр барих цахилгаан станцуудаа “судална” гэж зогсоогоод, Оросоос авдаг эрчим хүчээ хоёр дахин нэмэхээр тохироод иржээ. 

УИХ-д 62 суудалтай МАН-ын бүлэг мөн удирдах Зөвлөл нь айлчлалаа худал магтаад хулчигнаж харагдана. Дээр доргүй гонсгор. Оросууд яаж хоосон байхав гээд ам хаах атомын станц гэх шинэ үлгэр ерөнхийлөгчид ярьж дээ янз нь. “Коммунизмд тэврээд оруулна”, “капитализмыг харайлгана” гэдэг суут онолоороо муу Монголыг атомын станцтай болгох гэнэ. МАН-ын удирдагчид цөмийн станцаа барьж дуусаад, эрчим хүчээ бүр түгээж эхэлсэн мэт попров. Энэ бол тэдний нохойтдог башир арга. Тэд атомын станц өд мөд бүтэхгүйг сайн мэдэх ч энэ нялуурал нь сонгогч олноо хуурч буй ээлжит заль. МАН-ыг шүтэгч-ямагт тэднийг сонгогч масс айлчлалын амжилтад хөөрч баясах нь зүй. 

Надад бардам хэлэх үг байна. Юу гэвэл цөмийн эрчим хүч манайд У.Хүрэлсүхийн сонгуульт 6, төрийн эрх барихад МАН-д үлдсэн 2 жилд лав бүтэхгүй. Тиймээс энэ хэлэлцээрт гарын үсэг зурах тэдэнд толгойн өвчин биш. Тэгээд ч эрчим хүчээ-биднийг дээрэлхэж, хаа ч байхгүй өндөр үнээр шахагч орос магнатууд Монгол цөмийн эрчим хүчтэй болохыг зөвшөөрөхгүй. Аварга хөршийнхөө аяыг засах буянт ч өөрөө хоосон гуяа ганзгалж ирэх-магтах айлчлал мөн үү.

Шадар сайд Амарсанаа 1000 км хоолойн ТЭЗҮ-г өөрөө зохиочихсан аятай телевизээр тэнэг ард түмэндээ биеэ магтах нь ихэмсэг. Хийн хоолой тавихыг Хятад зөвшөөрвөл барууны хоригт орсон Орос уухайн тас шамдана. Монголыг зөвшөөрсөн ч тавина, дургүйцсэн ч тавина. Тиймээс Амарсанаа мэт нь эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр чолчигноод хэрэггүй. Дуугай даруухан хүлээж бай. Хожим ямар ч үр дагавар гараа билээ. Амарсанаа хотын дарга байхдаа хоёр төрсөн ахтайгаа нийлж Туулын бургас хядсанаа сэгсэрсэн шигээ Орос-Хятадын хийн хоолойг тооцоод байх шиг. Нам засаг чадна, нам засгийн буяныг иргэд үнэлэхгүй гонсойлгодог гэж туньдгуудын нэг-тэр.

Гашуун сухайтын төмөр замыг оросууд 10 гаруй жил гацаасан гэж иргэд цуурч би бичдэг. Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 40-хөн кмт төмөр зам тавихгүй гэж олон жил гүрийсэн атлаа саяын айлчлалаар Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэл баруун бүсийн босоо 1300 км төмөр зам сүнгэнүүлэхээр тохирчээ. Яагаад Тувагийн Арцсуурь гэвэл энэ замаар хойд хөрш нүүрс болон бусад эрдсээ зөөх аж. 

Хэнээс хэнийг хамгаалж, хэнийг холгож, хэнийг завшуулж буй чинь энэ вэ? Хөвсгөлийн уулс Хангайн нурууг хэдэрч мянга гаруй км сунайх энэ замд Нарийн сухайтынхаа нүүрсийг Шивээ хүрэн хүртэл 40-хөн кмт дайх-ховор завшаан гэж үү. Мөн хуцав аа. 40 км-ийн төлөө 1300 км аварга бүтээн байгуулалтад Путинтээс айхдаа манайхан хөрөнгө босгоно гэж ам алдаад иржээ янз нь. 1300 км төмөр зам бүтэхгүй нь мэдээж. Энэ бол угтаа манай бүх малтмал галт тэрэгний цуваагаар хил давахыг хойшлуулах улигт гацаа.

Түүхэн хөндүүр. Асар их хохиролд унагах орос ахынхаа тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч, түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон удирдагчийн маань хувь тавилан бичээстэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдэхэд аюул арилаагүй тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд дуугай хохирч явна. Энхсайхан Баяр Ганболд Баярцогт Бямбасайхан Д.Эрдэнэбат Ж.Эрдэнэбат Э.Бат-Үүл нарыг шоронд хорив. Ээлжит ардын дайснууд. Америкийн тагнуулууд.

Байдгаа шороонд булж өвөр хоорондоо хэрэлдсээр 10 гаруй жил гацсан төмөр зам ганц худалдан авагчийнхаа хилд дөхсэн ч арай хүрэлгүй “уулзах цэг”-ээ тохироогүй гэх шалтгаар зогсов. Танк их буугаар эхэлсэн гацаа зүүн баруун босоо ба хэвтээ төмөр зам хэмээн үргэлжлэв. Шууд ашиг өгөх төмөр замын маань урдуур хил давж хэзээ орлого олох нь бүрхэг Зүүнбаянгийн төмөр зам тавьж хуурсанд баясаад буй массыг яалтай. 

Бид шатахууны хараат байдлаас салбал ачаа хөнгөрч алхаа түргэснэ. Нэг баррель нефтийн үнэ дэлхийд 110 доллар байхад Монгол ОХУ-аас нэг баррелийг 380 доллароор авах жишээний. Хөшигийн онгоцны шинэ буудлыг оросууд дэлхийн зах зээлийн жишиг үнээс 28,8 хувь илүү ханштай безинээрээ онилоод авав. Гаалийн татвар худалдааны дайнтай Америк Хятадын хооронд 12 хувь байхад ОХУ 1990-ээд оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас Монгол 20 тэрбум доллар алджээ. 

Оросууд барууны хориг чангарах тусам дийлдгээр нь дорой хөршдөө улам хатуурхах нь гомдмоор. Бүр уйлмаар. Бид тэдэнд яаж ханддаг билээ. Бусдын хатуу хоригт уурласандаа ядуу хөршөө шулдаг-гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгч юм даа. Ямар ч буруугүй атлаа өшиглүүлсэн нохой дурдсан болохоор баавгайн тухай ярихад дургүйцэхгүй биз. Баавгай их өлсөхөөрөө айлын гадаа ирэх, аварга савраараа хаалга үүд маажих, тэр ч байтугай идэх юм хайж гэрт шууд ордог гэсэн. Аймшигтай юу, үгүй юү? 

Нохой баавгай гэснээс манай идэрмэг ерөнхийлөгч, УИХ-д 62 суудалтай МАН, эрх мэдлээ нэмсэн ерөнхий сайд, өөрөөр хэлбэл, нэг намын гурван өндөрлөг гацсан мега төслүүдээсээ ганцыг ч атугай хөдөлгөх дипломат ухаан, эх оронч эр зориг гаргаж чадсангүй. Хойшид эрх мэдэл ингэж төвлөрөх ч үгүй биз, эр зориг төрөх ч үгүй биз. Гээд яалтай ч билээ. 76-даа энэ бүх гацааг дав! хэмээн ерөөж өглөө бүр дээжээ өргөцгөөе. 

Нэр байна хор байна нефть үйлдвэрээ заавал бүтээ. Гашуун сухайтын төмөр зам, Эрдэнэбүрэн, Эгийн УЦС-ууд, V-ДЦС-ыг 10-20 жил хөдөлгөөгүй орос олигархиуд Энэтхэгийн тэрбум долларын зээлээр барих нефть үйлдвэрт чимээ гаргаагүй нь олон зуун км хоолойгоор лаг нефть урсахгүйг мэдчихсэн юм биш үү. Монголчууд нефть үйлдвэрээ хангах нөөцтэй ордоо хайж олоогүйг тэд мэдэж байгаа. Ер нь бид аливаа төслөө бүтэх бүтэхгүйг тооцоолж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, “Орос гацаавал бүтэх төсөл, гацаахгүй бол бүтэхгүй төсөл” гэж таамаглаж байвал тэнэг улсад шулуун юм биш үү. 

Олон зуун км хоолой нефтийн лагд бөглөрвөл “Монголчуудын оросгүйгээр бие дааж юм хийж буйг хар” гэх суртал явж өгнө. Муугаа дуудуулж амьтны бах тав хангах дүүрч, олон зуун км хоолойгоор нефть урсаж ирэхгүй бол Дорноговьд асар их хөрөнгөөр дуулиантай барьсан үйлдвэр, төмөр зам, дэд бүтцээ хаях уу яах вэ? Хайгуул хийж нөөцөө яг тогтоогоогүй, 530 км хоолойгоор нефть урсах эсэхийг судалж нотлоогүй байж баахан юм барьчаад Энэтхэгийн гараа сунгасан анхны тэрбумын зээлийг элсэнд булчвал хаашаа харж үхнэ ээ. У.Хүрэлсүхийн хөөрүү омогшил биелээсэй гэж би бээр бурхандаа залбирсаар сууна. Нэр байна хор байна орос олигархиудын хөх инээдийг хүргэхгүй юмсан.