Тэртээх 1990 онд нэрт яруу найрагч, зохиолч О.Дашбалбар Чөлөөт зохиолчдын холбооны “Зохист аялгуу” сонины эрхлэгч болмогцоо гаргасан анхны дугаартаа зөн бэлгэдэл, далд мэдрэхүйн “Мөнгөн бүргэд” өгүүллэгийг минь хэвлэсэн юм. Миний дотор үргэлж бодогдож явдаг Тэнгис гэдэг зохиолын маань баатрын нэр бүр 1990 онд сэтгэл бодлоос минь гарч ирсэн билээ.

Дашрамд, Үндэсний төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоодоо анх хэвлэгдэн гарсан “Зохист аялгуу” сонины дугаарыг олж, зургийг нь явуулсан чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!



Оршил


Элээ айлын ааруул өрөм шүүрэн өөрийн оргил болох жалгандаа очоод хомхойлон идэж, амьдран сууж байсан авай.

Нэгэн удаа урт цагаан өдтэй сүрлэг сайхан бүргэд нисэн ирж өгүүлрүүн:

-Элээ, чи миний үгийг сонс. Айл орны юмыг шүрэн авч, энэ зуур эргэлдэнхэн байснаас алс өндөрт гарч, араатан амьтныг агнан амьдрахаас дээргүй юү. Одоо чи үг дуугүй миний  араас нис... гэжээ.

Хөөрхий муу элээ бүргэдийн бардам үгийг эс дагаваас юу болохыг төсөөлөн цочиж, ум хумгүй чадан ядан далавчаа дэвэн бүргэдтэй эн зэрэгцэн нисжээ. 

Мөнх тэнгэр өөд тэмүүлэн нисэх тутам элээний нүд харанхуйлж, цээж нь багтрав гэнэ. Тэсэхийн бэрхэд элээ:

-Ээ, хүчит бүргэд ах минь өршөөн соёрх. Элээ миний бие өвчний улмаас доошлохгүй бол болохгүй нь, элэг зүрх минь амаар гарах нь гэхэд бүргэд:

-Жигүүртний аймаг нэг хэмээн болгоож, ертөнцийн дээдийг чамд үзүүлэх гэж бодсон билээ. Элээ чамайг би сорино. Хариул?! Хэмээжээ. Элээ:

-Ээ, бүргэд ах минь, бүргэд ах минь өрөвдөх сэтгэл гаргаж үзээч дээ, үнэндээ би юм огт харахгүй нь гэж хариу өчжээ. Бүргэд:

-Айлын  намбалаг саальчин бүсгүй үнээгээ сааж байна. Саасан сүүнд нь төөн чинээ урт хялгас байна, харахгүй байна гэж үү? хэмээжээ. 

-Бурхан бүргэд багш минь, жигүүртний хаан хангарьд шувуугаар тангараглая. Би огт харахгүй байна гэхэд

-За, тэгвэл чи буу даа гэж бүргэд өрөвдөн айлджээ. Элээ эргэн нисэж амтшин дассан газартаа ирвээс үнэхээр бүргэдийн хэлсэн үнэн байсан ажгуу. Бүргэдийн холын хурц харааг элээ бишрэн гайхаж, арчаагүй төрөлд төрсөндөө гутрав аа.

Хаврын нэгэн нарлаг өдөр Орхон голын төгөлд гурван настай дүүтэйгээ тоглож явахад  болсон нэгэн явдал Аминагийн хувьд хүүхэд ахуй үеийнх нь дурсамжуудаас тархинд нь хамгийн бат хадгалагдан үлджээ. Тоглож байтал цэцэглэн эхэлж байгаа чий модны өтгөн мөчрүүдийн дундуур мөнгөлөг цагаан бүргэд гэнэт шумбан ирээд шар багваахай, май цэцэг, бор цэцэг, бусад түүний мэдэх мэдэхгүй цэцэгсийн дунд сууж байсан дүү Тэнгисийг нь торгон дээлнээс дэгээ мэт тахир хошуугаараа шүүрэн авч үлгэрийн шидэт шувуу Хангарьдын адил хөөрөн нарны хурц туяанд уусан алга боллоо...

Энэ үйл явдал цахилгаан цахихын адил асар хурдан болж өнгөрсөн хэдий боловч түүний зүрхэнд цусан шарх үлдэж,  хэдий итгэхийн аргагүй ч дүүгээ эргэж ирэхийг хүлээн төсөөлж түүндээ баярлан хөөрөх хачин сэтгэгдэл үлдээжээ. 

Гэвч үнэндээ Тэнгис дүү нь түүний балчирхан насны баясгалан байсан учир дүүгээ алдсан явдалдаа маш их зовуурилан шаналж, дүүг минь жирийн нөгчигсдийн адил үхэж үрэгдээгүй, харин мөнгөн бүргэдийн жигүүр дээр суун яг л Занабазарын бүтээл адил өглөөний наран мандах диваажингийн оронд очсон байгаа болов уу гэж бодох боловч тэндээс бүргэдийн хошуу саварт тасдуулсан дүүгээ эргэж ирнэ гэхэд итгэхгүй байв. Гэхдээ мөнгөн бүргэд  дүүг нь Сэврэй уулын аль нэгтээд орхисныг нь тэндхийн малчид авч төрсөн хүүгийн адил асарч тойлон өсгөсөөр хэзээ нэгэн цагт голомтод нь аваад ирэх ч юм билүү гэж найдаж байлаа. Амина өөрийгөө зэмлэж, өөрөөс нь болж бяцхан дүү нь алдагдсан юм шиг шанална. Тэр өөрөө л дүүгээ төгөлд авчирсан, гараасаа салгалгүй байхын оронд бор цэцэгсийн дунд зүлгэн дээр суулгачхаад өөрөө эртний Хархорин хотын үлдэгдэл балгасуудыг сонирхон чулуун яст мэлхийгээр тоглож байсан билээ. 

Аймшигт мэдээ сонсгох үед эцэг эхийнхээ айснаасаа чулуу мэт болсон харцнаас өөртөө хүлээлгэсэн энэ зэмлэлийг бас унших шиг болжээ. 

Тэд үнэндээ сонссондоо итгэсэнгүй, харин бяцхан хүүг бүргэд савартаа барьж явааг хараад хашхирах гэснээ хүүг унагааж бэртээх вий гэж болгоомжлон дуугүй өнгөрсөн нэгэн малчин батлан хэлээгүй сэн бол энэ нь зөвхөн Аминагийн ээлжит хийсвэрлэл, ер нь охин аливаад үлгэр домогт дуртай, орчин тойрныхоо үйл явдлыг зөгнөлт байдалтай холбон бодоод өнгөрөх байлаа. 

Болж өнгөрсөн ер бишийн энэ явдлыг түүний хүүхэд насанд нь янз бүрээр тайлбарлажээ. 

Их ч зовж, нулимс ч их урсгаж, зэмлэл, гайхширал, тайтгарлыг их үзлээ.  

Бодлогот гүн Жамъянгийн найз анчин хэлэхдээ цагаан бүргэд Хангайн уулсад ер нутагладаггүй, харин Тянь-Шянийн Тэнгэр уулсаас Монголын тал нутгийн малчдын нүүдэллэх мал сүргийг дагаж ирсэн байх гэж байв.

Олон жил өнгөрлөө. 

Хорин хоёр настай Амина хэл шинжлэлийн чиглэлээр диплом авахаар Москва хотод сурч байлаа. Тэр зөвхөн эрдэм сурахаар гэрээс гарсангүй, таньж мэдэхгүй орон хот үзэж, нэгэн хэвийн залхуу хойрго хүмүүс, хөдөөгийн уйтгартай амьдралаас салах сан гэж бодож байсандаа алсыг зорьжээ.  

Мөн шулуун шударга хүн гэж алдаршсан эцэгтээ ч дурсаагүй өнгөрчээ. Настай болоод эцэг нь ахуй амьдрал бүх зүйлдээ санаа тавьж өөрийн биеэр зүтгэхээс гадна бүхэл өдөржингөө хэсэн явж том жижиг янз бүрийн хэргээр худалдаачидтай уулзаж, тулж, шулаачид завшигчидтай эрс шулуун тэмцэж байжээ. Мөн хүрээ явж залуу шүүгч Есүдэйтэй уулзан олон асуудал шийдэхэд оролцож янз бүрийн улсуудтай ч уулздаг байлаа.  

Хархорины ойролцоо орших нутагтаа эргэж ирээд заримдаа

-Үргэлж  хөдлөөд л, гүйгээд л, улаан нүүрээ хөлсөнд түлэгдтэл зүтгэх юм, хэний төлөө гэж ингэж яваа юм бэ гэж хүртэл гомдоллодог байв. Тэгэвч охин нь хажууд байсангүй. 

Түүнээс юу ч шаарддаггүй, дуулгавартай, номхон хүлцэнгүй, хааяа эцгийнхээ үрчлээ болсон духыг нь илбэн эрхэлж, Тэнгисийг хөх тэнгэр рүү авч явснаас хойш хэдхэн жилийн дараа нас хальсан эхийгээ дурсан уйлж байдаг охин дэргэд нь байсангүй. 

Түүний ижил Амина нэрт үеэл эгч нь үргэлж захидал бичиж, хүрч ирэхийг хүсдэг байлаа.  Гэхдээ аав нь түүнийг хажуудаа байлгахын төлөө юу ч хийсэнгүй. 

Энэ болтол Москвад сурахдаа охин эцгийгээ бүтэн жилээр ч орхиж, хааяа эцгийгээ ажлаар ирэхэд ч юм уу, эсвэл оюутны амралтаар л уулзацгаадаг байлаа. 

Тэр одоо Лейпцигт байна. 

Явахад эцэг нь духан дээр нь үнсээд “Гадаадад явалгүй арван гурван жил болсон тул чимээгүй байж байгаад ч оччихож магадгүй” гэснээс өөр нэг их онц юм ярилгүй галт тэргэнд суулгаж өгсөн билээ. Амина уйлж, аян зам гэдэг урт хугацааны хагацал, заримдаа үхэл ч байдаг гэж эмээ нар нь боддог шиг санаж нулимс унагажээ. Гэвч хил даваад харь хэлээр ярилцах төрх төлөв, өөр хүмүүсийн яриаг сонирхон сонсож, сэтгэл тэнийн нүд нээж түүний хүлээж байгаа цаг хугацаа гэгч хэцүүхэн зүйлд автлаа. 

Лейпцигт түүнд яг төрсөн гэр шиг санагдана. Амина Москвагийн хөл хөдөлгөөн ихтэй метро түүнд нэг л хөндий санагдаж байсан бол эндхийн бүх гудамж талбай, орд харш, зам гүүр түүнд танил мэт бодогджээ. Энэ өнгөрсөн жилүүдэд л тэр өөрийн амьдралд тохиолдсон мөнгөлөг бүргэдтэй холбоотой аймшигт агшны тухай дурсамж, өөрийгөө яллаж байсан зэмлэлийг анх удаа мартаж үзлээ. Тэгэхэд тэр одоо юуг ч хүлээхээ болилоо, учир нь тэр өөрөө өөрийгөө нээн ойлгож эхэллээ. 

Гэтэл нэгэн удаа... 

Тэр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явлаа. Ядраад сандал дээр амрахаар сууж номоо дэлгэн харснаа гэнэт зүрх нь хүчтэй цохилохыг анзаарав. Өөрөө ч мэдэлгүй эсрэг талд суулгасан бут сөөг уруу харцаа чиглүүлэв. Тэр юу болж байгааг ухаарахыг оролдлоо. 

Арван хоёр жилийн өмнө тэр нэгэн аймшигтай сэтгэлийн хөдөлгөөнд тэр автагдсан бөгөөд бутны цаана ямар нэгэн юм түүнийг өөр рүүгээ даллан дуудах шиг болно. Бутны цаана гараад хартал арван хоёр жилийн өмнө алдагдсан Тэнгис дүүтэй нь усны дусал мэт адилхан хүрэл хүүхэд савартаа базсан бүргэдийн гантиг хошоо үдийн наранд мөнгөлөг өнгөөр цайран байлаа. 

Айл балмагдсанаасаа болж гараараа нүүрээ таглахад түүний балартам байгаа ухаанд хошуундаа хэдэн арав, зуун хүүхэд зуучихсан мөнгөлөг цагаан бүргэд сүрэг сүргээрээ тал талаас нь дайрч, оюун ухааныг нь тас татаж, бүхнийг эзлэгч, бүгдийг түрэмгийлэгч асар их аюулаар ирээдүйн өдрүүдийнх нь амьдрал жаргалыг халхлах шиг боллоо. 


(Үргэлжлэл бий)