Хамгийн аймшигтай хараал бол “Монголоо алдмар”. Монгол биш болох нь л хамгийн аймшигтай. Учир нь эрт дээр үеэс дорны хүмүүс агуу Монголын соёл, ёс заншлыг биширдэг байсан. Түвдүүд дээр үед “Монгол хүн шиг сайхан хүн болоорой” хэмээн ерөөдөг байсан гэдэг. Дундад азид монгол гаралтай хүн нас барахад бусад амьд үлдсэн хүмүүс тэр нас барсан хүнийг “Монгол руугаа явчихлаа” гэдэг байжээ. Эрт дээр үед монголчууд монгол ёс заншлаа дээдэлдэг, бурханы шажнаа шүтдэг, арван хар нүглийг цээрлэж,арван цагаан буян үйлддэг зөв сэтгэлтэй сайхан хүмүүс байжээ.

Гадаадын хүмүүс хүртэл эрт дээр үеийн монголчуудын ёс заншлыг гайхан биширч номондоо дурдсан байдаг. Европын итали жуулчин Плано Карпинитатар монголчуудын ёс заншлын тухай одооноос найман зууны өмнө хагас хугас ойлгосноо бүдэгхэн бичжээ. Тэр бичихдээ ” татар монголчууд гал руу хутга дүрэх,гал дээр байгаа тогоотой мах руу хутгаар дүрэх,галын дэргэд түлээ хагалахыг хориглодог,ташуураар газар тулах,шувууны ангаахай дэгдээхэй барих,алах,шувууны өндөг хагалах,хазаараар морь ороолгох,ясыг ясаар хага таших,сүүг газар асгах,хоол газар асгах,гэрт шээхийг цээрлэнэ,хэрэв хүн санаатай эдгээр үйлдлийг хийвэл цаазална,гэрийн босгон дээр гишгэвэл цээрлэнэ,татарууд бол эзэндээ үнэнч урваж шарвахыг мэддэггүй,тэнд хулгай дээрэм байдаггүй тул гэр,эд хогшлоо цоожилж хадгална гэж байдаггүй,бие биенээ ихэд хүндэлж,өөрт байгаа бүх юмаараа харамлахгүй хуваан дайлж хамт иднэ,бие биендээ атаархах жөтөөрхөх явдалгүй,бие биендээ өсөрхөх муудах юмгүй,бүсгүйчүүд нь ихэд ухаалаг,элдэв садар самуун,ичгүүртэй явдал гаргадаггүй” хэмээн бичжээ.

Орчин үеийн монгол хүн эдүгээ монгол ёсоо алдаж, ямар хүн болов гэдгийг өгүүлье. 

Монгол хүн хүнтэй уулзах юм уу, айлд орохдоо дээл товчоо бүрэн товчилж малгайгаа өмсөөд баруун хөлөөрөө эхэлж босго даваад ордог. Орчин үед охид хөвгүүд зуны цагт гудамжаар бараг нүцгэн шахуу явж өвдөг нь ил гарсан уранхай жимс өмсдөг болжээ. Уранхай хувцас бол уруудан доройтохын ёр юм.Охид бүсгүйчүүд бэлхүүсээ ил гаргаж, хөхөө хагас гаргаж,гуя хасаа гайхуулж богино юбка, оготор даашинз өмсдөг болжээ. Дуу хөгжмийн тэмцээний шүүгч, эсхүл телевизийн хөтлөгч бүсгүйчүүдхүртэл гуя хасаа ил гаргаад зогсохгүй,хөхөө хагас ил гарган орон даяар үүнийгээ телевизээр сурталчлах аж. Энэ бүгдийгээ манай охид бүсгүйчүүд орчин үеийн мода гээд, эсхл чөлөөт хувцаслалт гээд буруу ойлгочихож. Нүцгэн хүн муухай харагддаг гэдгийг монголчууд мэдэхээ байжээ. Тэр баруун европын бүсгүйчүүд л нүцгэн биеэ гайхуулдаг юм байгаа биз. Монголчууд болон дорно дахины бүсгүйчүүд нүцгэлдэггүй,өвдөгөө ч ил гаргадаггүй юм.

Өвлийн цагт залуус толгой нүцгэн явж,нимгэн хувцас өмсөж, ботинк гутал өмсөж доогуураа дулаалахыг больжээ. Гурав есийн хүйтэнд толгой нүцгэн яваа залуус өөрсдийгөө гоё гээд бодчихжээ. Жараад онд нийслэл хотын монгол бүсгүйчүүд оросыг дууриаж өвлийн цагт доогуураа трико өмсөж өвчин тусаж байсан юм гэнэ лээ. Өвлийн цагт дороосоо даарвал өвчин олдог юм. Монголчууд өвлийн цагт дулаан явах мянган лан гэдэг юм.

Орчин үеийн залуус зуны саравчтай малгайгаа буруухаруулаад өмсдөг болжээ. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй юм.Үхсэн хүний яс барих хүн малгайгаа буруу харуулж өмсдөг юм л даа. Орчин үеийн залуус биендээ элдэв шивээс хийдэг болжээ. Эртний Их Монголын Юань улсын хуулиар хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мөр болон хүзүүн дээр нь шивээс хийдэг байжээ.

Орчин үеийн охид бүсгүйчүүд бүгд үсээ задгайлан салхинд намируулан явдаг болжээ. Монгол ёсоор охид бүсгүйчүүд үсээ сүлжиж алчуур боодог юм. Үсээ задгайлах нь бэлэвсэн эмийн ёс юм. Орчин үеийн зарим хөвгүүд чихэндээ ээмэг зүүдэг болжээ.Эр хүн чихээ цоолдоггүй юм. Муу ёр гэдэг юм. 

Орчин үед зарим хүмүүс айлд очоод хоол идээд тавгаа долоодог болжээ. Эрт дээр үед монголчууд аяга долоодог байсан болохоос тавга долоодоггүй. Тавга долоовол ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг юм. Орчин үед хүмүүс эр эмгүй сандал дээр хөлөө ачаад суудаг болжээ. Хөлөө ачвал гай дайрдаг юм.

Монгол ёсоор газар нүхэлдэггүй, чулууг хөдөлгөдөггүй юм. Одоо монголчууд хамаг газар нутгаа ухаж төнхөж алт, төмөр, нүүрсээ гадагш нь зөөдөг болжээ. Хамаг баялгаа гадаш нь зөөсөн Монгол нутаг эдүгээ шүүрэн шанага шиг болжээ . Газар нүхэлж гол усаа бохирдуулваллус хилэгнэдэг юм. Байгалиа сүйтгэвэл үе удмаараа сүйрдэг.

Овоонд чулуу шиддэггүй. Хэрэв чулуу шидвэл овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг. Одоо хүн бүр л овоонд чулуу шиддэг болжээ. Овоон дээр архи ууж овоог элдэв зүйлээр дарж бохирдуулдаг болжээ.Уулын оройд морь харахыг / бие засах/ цээрлэдэг.Гол ус руу шээдэггүй, хэрэв шээвэл гол ус бузартдаг. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Орвол лус бузартдаг. Гэтэл одоо монголчууд хөдөө явж байгаадаль таарсан газраа бие засах аж. Голын усааар бохир машинаа хүртэл угаах аж. 

Оршуулганд очсон хүн буцахдаа эргэж хардаггүй. Нас барсан хүний араас маань ерөөл хэлэх ёстой. Гэтэл орчин үед монголчууд нас барсан хүнд зориулж “Газар шороондоо амгалан нойрс” гэх мэтийн буруу үг хэлдэг болжээ. Бурханы номын ёсоор маань ерөөл хэлэх хэрэгтэй. “Бурханы оронд мэндлэх болтугай” гэх юм уу, “ Сайнтөрөл авах болтугай”хэмээн ерөөх нь зүйтэй. Хүмүүс таалал төгсөөд төрөл авах болдог. Төрөл бүгдийн дундаас хүний төрөл дээд нь юм шүү. Учир нь хүн оюун билигтэй. Хүн л гэгээрэх боломжтой. Зарим хүмүүс нас барсан хүмүүсийн араас “Ум мани бад мэ хум” гэдэг. Нас барсан хүний араас “Ум мани бад мэ хун” гэж хэлэх ёстой. Тарний сүүлийн үгийг “Хум” биш “Хун” гэж хэлэх ёстой. Нас барагсдын хойноос 49 хоногийн турш зул өргөж буян үйлдэж “Ерөөлийн хаан” болон “Бардо тойдол” судрыг уншуулах ёстой.

Монгол хүүхдийг багаас нь монгол хүн болгож сургах хэрэгтэй. Монгол хүүхдийг хэлд орж хөлд орохоос нь эхэлж эцэг эх нь монгол ёс заншилд сургадаг. Эхлээд цай уухдаа баруун гараар барьж уухаас эхэлнэ. Ахмад хүнтэй эелдгээр мэндэлж сурахаас эхэлнэ. Хүүхдэд цээрлэх 6 зүйл: 1. Гашуунаар бүү тэтгэ,2.Амттанаар бүү цатга,3. Өнгөнд бүү шунуул. 4. Тансагт бүү умбуул. 5. Улайг бүү үзүүл. 6. Нойронд бүү автуул гэж сургадаг. Хүүхдийг олон үгээр үглэж сургахыг цээрлэнэ. Олон үгэнд олзгүй гэдэг. Хүүхдийг зүхэх,доромжлох,зодохыг цээрлэнэ. Өөр гадны хүний хажууд хүүхдийг зэмлэдэггүй. Хүүхдийг толгой,нүүр рүү нь цохиж гар хүрдэггүй.Сайн ажил хийсэн хүүхдийг урамшуулдаг.Хүүхэддээ чихэр, печень,торт, газтай ундаа гэх мэтийн чихэрлэг зүйл бүү идүүл. Шүд нь цоордог юм. Ааруул идүүлж тараг уулга.

Хүүхэддээ хүчирхийлэл, дайн байлдаантай ном, кино бүү үзүүл. Өрөвч зөөлөн сэтгэл, боди сэтгэлийн тухай ном,кино үзүүлж,боди сэтгэлийн тухай сургаал хэлж сурга.Эс тэгвээс сургууль төгссөн ч гэсэн боловсролтой харгис хүн болчих гээд байдаг юм. Өрөвч сэтгэлгүй бол хичнээн боловсролтой байгаад яах юм. Аав, ээж маань намайг жаахан хүүхэд байхад “битгий том хүмүүсийн яриаг чагна, битгий хэрэгт дурла” гэдэг байсан нь томчуудын муу үг, хараал доромжлолы, муу үйлийг бүү харж сонсоосой гэсэндээ тэгж хэлдэг байжээ. 

Орчин үеийн монголчууд хүүхдээ зөв үнсэж ч чадахаа больжээ. Орос, европын ёсонд хүүхдээ болон хайртай хүнээхошуу уруул дээр нь үнсдэг буруу зуршилтай. Энэ буруу зуршлыг орчин үеийн монголчууд сүрхий сурчээ. Монголчууд хүүхдийг учиргүй их үнсээд байдаггүй. Харин үнэрлэдэг юм. Энэнь нэг талаараа хайрлаж байгаа боловч нөгөө талаараа эрүүл мэндийг нь тандаж байдаг ардын ухаан юм. Хүүхдийг хэзээ ч хошуу амны ойр эсхүл уруул дээр нь сорж шүлсдэж үнсэхийг ихэд цээрлэнэ.Монголчууд үр хүүхдийнхээ зулайг үнэрлэдэг нь учиртай. Ингэхдээ хүүхдийн зулайг хэвийн байгаа эсэхийг шалгаж байгаа юм. Зулай нь халуун эсэх, эсхүл бамбалзсан эсэхийг мэдэж байгаа юм . Хүүхдийнхээ гар эсхүл алгыг үнэрлэнэ. Хэрэв гарын алганы үнэр нь иссэн эхүүнбайвал гэдэс ходоод нь эвгүйрхсэн байдаг юм.Нялх хүүхдийнхээ хөлийн улыг үнэрлэнэ. Хэрэв хүүхдийн улнаас эхүүн үнэртэж хөлс чийг ихтэй байвал үе мөч эсхүл бөөр нь өвдсөн байх магадлалтай. Ийм л учиртай.

Монголчууд хүнд юм өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Хүнтэй юм ярихдаа хүний өөдөөс анхааралтай харж яриаг нь дуустал сонсоод нам тайван,чанга биш,аажуухан ярьдаг.Одоо монгол хүмүүс хуралюм уу, тайзан дээр гараад индэрйн ард зогсоод гараа гозолзуулан хашгирч ярьдаг болжээ. За тэгээд улс төржөөд хэрэлдээд ирвэл хэрүүл нь зодоон болоод алийгаа алдана.Чанга ярих нь өөрт болон өрөөл бусдад ядаргаатай байдаг юм.Урлагийн тайзан дээр гарсан хөтлөгч бүр ядаргаатай харагддаг. Микрофон барьчихаад л “алгаа ташъя” хэмээн олон цагаар хашгирсаар сүүлдээ хоолой нь сөөнгөтөөд бүр таг болчихдог.

Орчин үед монголчууд монгол хүний 99 цээрлэх ёсыг мэдэхгүй болжээ. Арван хар нүглийг айх ч үгүй дуртайяа үйлдэнэ. Арван цагаан буяныг үгүй хэмээн татгалзана. Үйлийн үрийг үгүйсгэнэ.Үр хүүхдээ үл хүмүүжүүлнэ. Боди сэтгэлээс татгалзана. Буян үйлдэхээс зугтана. Өрөвч сэтгэл үл төрнө. Өөдгүй санаа бол их төрнө.

Лам хуврагийг доромжилно. Ядарсан хүнийг басамжилна. Баян хүнийг дээдэлж,дарга хүнийг зусардана. Дорой хүнийг дээрэлхэнэ. Чадалтай хүнд атаархана. Гэмтхүнийг гэмгүй болгоно. Гэмгүй хүний гэмтэн болгоно, Худал хэлдэг хүнд үнэмшинэ. Хулгай хийж баяжсан хүнийг шүтнэ. Луйварчин хүнд хууртана. Үнэнч хүнд үл итгэнэ. 

Бурхан багш, Богд Чингисийнхээ сургаалийг үл мэднэ. Буруу номыг шүтнэ. Харийн номлолыг шүтнэ.Шударга ёсыг уландаа гишгэнэ. Буян үйлдэгчдийг үл тооно. Нүгэл үйлдэгчийг даган баясна.

Хувиа бодохдоо гарамгай, хулгай хийхдээ гавшгай. Эр, амгүй архи ууж, тамхи татаж танхайрч самуурснаа эрх чөлөө хэмээн эндүүрнэ. Дэмий чалчиж хараал доромжлол урсгана. Атаа сэтгэлдээ автаж мууг сэтгэнэ. Завхай дуу аялж замбараагүй их идэж ууна. Ан гөрөө агнахдаа сайн, амьтан хүнийг аврахдаа муу. Өтөлж хөгшин болчихоод өнгө мөнгөнд дурлана. Маань мэгзэм хэлж мэдэхгүй. Магтаал урмын үг хэлдэггүй. Муучилж шүүмжлэх дуртай. Хойд насаа бодож мэдэхгүй. Хоол унд л бодно.Муу санаа эрт суусан хүүхдээ мундаг хэрсүү хүүхэд хэмээн магтана. Оймсоо орны толгойд өлгөж малгайгаа орны хөлд тавина. Эрчүүд нь гэзэг тавина, охидууд нь үсээ тайрна. Сахал үсээ ургуулна,хуруу хумсаа гоодно.

“Хайр аа” хэмээн хосууд бие биенээ өдөр бүр дуудах боловч хагацаж салахдаа амархан. Авгайгаа солино, амрагаа олшруулна. Эмс охидод хайрын бэлэг хэмээн цэцэг навч тасдан бэлэг болгон өгнө. Монгол ёсонд цэцэг ургамал тасддаггүй юм. 

Идээний дээж өрөм байтал идээний дээж архи хэмээн мэдэмхийрнэ. Харанхуй шөнө хашгиралдан дуулалдана, хамаг биеэ салгануулан бүжиглэнэ. Шөнө дуулдаггүй юм, орондоо дуулдаггүй юм, чанга ярьдаггүй юм. Зочин хүн гэрт нь ирэхэд ярвайж дургуйцнэ. Юм асуухад төвөгшөөж уурлана. Ядрахад хаяад зугтана. Баяжихад дагаад гүйнэ. Мэндлэхдээ “Юу байна?” хэмээн асууна, хариуд нь “Юу ч үгүй” хэмээн муу ёрлоно. Алхам тутамдаа хараал хэлнэ. Амандаа завхай дуу аялна. Айлд ороод эд хогшлыг нь нүдээ эргэлдүүлэн сонжин харна.Баян айлыг хараад атаархана 

Буян номыг үл үйлдэнэ. Бузар нүглийг дуртайяа үйлдэнэ. Өндөр настаныг үл хүндэлнэ, өөрийгөө бол үлэмж энхрийлнэ. Өрөвч нигүүлсэнгүй сэтгэлтэнийг сул дорой хэмээн гоочилно. Харгис хатуу хүнийг баатарлаг дайчин хүн хэмээн магтана. 

Орчин үеийн монголчууд шоргоолж ч хооллож мэддэггүй. Шоргоолж хооллох гээд шоргоолжны үүрэн дээр чихэр юм уу сахар ёотон тавьчихдаг. Үүнээс болж шоргоолжнуудын биенд чихэр наалдсанаас болж бие биенээн барьж иддэг. Шоргоолж хооллохдоо арвайн гурилыг шар тостой хольж замбаа гэдэг зүйл хийж шоргоолжны үүрэнд тавьдаг юм. Шоргоолж хооллосон хүн их буян үйлдлээ гэсэн үг. 

Зальхай башир хүнийг сэргэлэн ухаант хүн гэнэ. Даруу хүнийг “дуугай хүний доодох нойтон” хэмээн доромжилно. Онгироо сагсуу хүнийг ойшооно. Төлөв хүнийг төвөгшөөнө.

Бурхан шүтээний өөдөөс хөлөө жийнэ. Бурханы судар номыг доор газар тавина.Бурханы судар номыг хамгийн дээр газар тавьдаг юм. Бурханы сударыг торгоор баринтаглаж дээдэлдэг юм. Худал хов үгийг шимтэн сонсоно. Хуудуугүй үнэн үгийг үл сонсоно.

Зугаа цэнгэлийг баясгалантай хөөцөлдөнө. Зуурдын сэтгэлд автаждурлачихлаа хэмээн эргүүтнэ.Найр цэнгээнд дурлана. Ном буянд үл дурлана. Амар амгаланг уйтгартай зүйл хэмээн цааргална. Бясалгал номыг балай юм гэнэ. Бясалгал хийснээр муу сэтгэлээсээ чөлөөлөгддөг юм. Амар амгаланд хүрснээр аз жаргалтай болдог юм. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, хэрэв ингэвэл эрдээ халгаатай гэдэг.

Орчин үеийн монголчууд гахай, тахиа, загасны мах ч гэх шиг, пицца, кимчи, жантай гоймон ч гэх шиггадны янз бүрийн дотор газрын муу хоолыг дуртайяа зооглох аж. Зарим нь мэлхий, могойн махтай хоол гадаадад иддэг ч гэх шиг. 100.0 хувийн витаминтай эко монгол хоолоо зооглооч. Айраг, тараг, сүүууж, монгол цагаан идээ,монгол үхэр, хонины махтай зоогоо бариач.Хонины сүүлээ зооглооч. Ядаж зөнөглөхгүйш дээ. 

Орчин үеийн монголчууд түргэн хоолны газар ороод зогсоогоороо зоог барих аж. Зогсож хоол иддэггүй юм. Ингэвэл ажил бүтдэггүй. Унтаж босоод ор хөнжилөө хураах хэрэгтэй. Ороо хураахгүй бол ажил бүтдэггүй. Монголчууд хатууу ширдэг дээр эсгий гудас дэвсээд унтдаг байсан тул арьс нь чанга, бие нь эрүүл байдаг байжээ. Зөөлөн диван дээр унтах нь тийм ч зөв зүйл биш шүү. 

Орчин үеийн монголчууд Гандан дээр очоод хамаг амьтны тусын тулд залбирч мэдэхгүй, зөвхөн өөртөө юм гуйна. Ээж хаданд хүртэл очоод элдвийн юм өөртөө гуйна. Ганданд очоод хамаг амьтны тусын тулд залбирал ерөөлөө хэлэх хэрэгтэй. Хамаг амьтан тоо томшгүй олон бөгөөд чиний хамаг амьтанд тавьсан ерөөлбуян чинь улам өснө шүү. Хамаг амьтан дотор чиний эхнэр, хүүхэд хүртэл орно шүү дээ. Санаа зоволтгүй. 

Орчин үеийн монголчууд харийн ёсыгхурдан сурна,хамаг монголын ёсыг бол хайхрахгүй хаях юм. Гадаадын зүйлийг шүтнэ. Дотоодын зүйлээ голно. 

Хүмүүс мөнх бусыг ойлгохгүй, мөнгөнд л шуналтах юм. Хоосон чанарыг ойлгохгүй, ходоодоо дүүргэхийг л бодох юм. 

Хүмүүс минь. Хоолны сав болох бус,Номын сав болооч. Эд хөрөнгөөр баян болох бус, эрдэм мэдлэгээр баян болооч.

Монголчууд минь монгол ёсоо дээдэлж, бурханы шажнаа шүтэж, монголоороо байгаач.

2023.12.21