Манай улсын хүн амын 29 хувийг залуучууд буюу НҮБ-ын тодорхойлсноор 14-35 насныхан эзэлдэг. Энэ хэсэг нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 44 хувьтай тэнцдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл залуучууд гэх энэ бүлэгт чиглэсэн төрийн бодлого гэж байсангүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ талаар анхаарч бодлого тодорхойлдог яам байгуулсан. Тус яам нь олон улсын байгууллагуудтай хамтран хүний хөгжил, тэр тусмаа залуучууд, өсвөр насныхныг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж ажиллаж байна. ЮНИСЕФ-ийн Монгол Улсад хийсэн судалгаагаар хүний хөгжлийн бодлогоос 14 наснаас дээш буюу өсвөр насныхан хоцрогдож гээгдээд байгаа нь харагддаг. Хамгийн сүүлд энэ судалгааг 2020 онд хийсэн байна.

 Хүний боловсорч хөгждөг үндсэн хоёр орчны нэг нь сургуулийн орчин, нөгөө нь гэр бүл болон сургуулиас гадуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчин байдаг. Өөрөөр хэлбэл, хичээлээс гадуурх соёл урлаг, гадаад хэл, нийтийн биеийн тамир, спортын дугуйлан, секцид хичээллэх үед хүүхэд, өсвөр насныхны сэтгэл хөдлөл өндөр болдог, эндээс хүмүүжлийн маш том нөлөөллийг авч байдгийг ЮНЕСКО-гийн Хүн сургах зарчимд заажээ. Олон улсын байгууллагуудын зүгээс өсвөр насныханд зориулсан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд наад зах нь тухайн хүүхдэд өөрөө захиран зарцуулах боломжтой соёл, спортын эрхийн бичгийг ашиглуулдаг арга л гэхэд дэлхийн 60 гаруй улс оронд хэрэгжиж эхлээд байна. Франц, Герман, Испаниас, БНСУ зэрэг бидэнтэй ойр дотно олон улсад энэ эрхийн бичгээр өсвөр насныхан чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхдээ хэрэглэдэг юм билээ. Манай улсын хувьд ч мөн адил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд ийм эрхийн бичгээр юу хийж болох талаар нарийвчлан тусгаж эхний ээлжинд 18 тэрбум төгрөгийг тусгаж ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа аж. 

Гэтэл Соёлын сайд гэх эмэгтэйг “сошиалиар зодох” том ажлын сүүдэрт өсвөр насныханд ирэх энэ төсөв хасагдах аюул нүүрлээд байна. Соёлын сайд бүсгүйн тухайд олон нийтэд тэр хүн таалагдах эсэхээс үл хамааран, гадны захиалгаар соёлын салбарыг муухай харагдуулах, ламхай нар нь хүчирхийлэлд автсан шашин нь муухай, соёлын уурхай болох Соёл урлагийг сургуулийнх нь оюутнууд нэгнээ дарамталдаг гэхчлэн элдвээр довтолж буй дүр зураг сүүлийн жилүүдэд ажиглагдаад, зарим үед огцом идэвхжээд байгаа нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалдаг байгууллагын хяналтад ороод байгааг сануулахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл энэ бүхэн тохиолдлын эсвэл сайд бүсгүй гэдгээс ангид өрнөөд буй үйл явц юм. Үүний дүнд ирээдүй болсон хүүхэд залуус, ялангуяа өсвөр насныхан маань чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ дэлхийн чиг хандлагад нийцсэн, олон улсын байгууллагуудын чиглэсэн судалгааны үр дүнгийн дагуу эрхийн бичиг авч бүтэн жилдээ ганцхан зуун мянган төгрөгөөр урлаг соёл, спорт, бусад заасан чиглэлүүдээр өөрийгөө хөгжүүлэх боломжоо хасуулах гээд байгаа нь харамсалтай гэдэг үүднээс олон нийтэд болон төсөв батлагчдад энэ нийтлэлийг зориулж байна.
УИХ-аас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд “Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын 16-18 насны иргэнд жил бүр соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно” гэж заасан байдаг.
Энэ нь өсвөр насныхан аз жаргалтай, ганцаардмал бус нийтэч амьдардаг байх, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн талаасаа өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох, буюу энэ талаар олон дахин боддог эмгэг, улмаар ийм сэдлээр оролдлого хийх үйлдлийг эрс багасгах сайн талтай юм шүү дээ. УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хийсэн судалгаагаар 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 3.7 хувийг эзэлсэн бол 2022 онд энэ хувь 5.4 хувь болон өсөж, өсвөр насныхны үйлдсэн гэмт хэргийн тоо 1102-т хүрсэн байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас сүүлийн нэг жилд хийсэн түүвэр судалгаанд 19553 хүүхэд залуус оролцсон бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэгэн соёл урлагийн үзвэр үйлчилгээнд хамрагдсан эсэх талаар асуулга явуулахад 13.1 хувь нь соёл, урлагийн ямар нэг үзвэр үйлчилгээнд огт хамрагдаагүй гэсэн хариулт өгчээ. Яагаад огт хамрагдаагүй шалтгааныг тодруулж авч үзэхэд 23.7 хувь нь “үзвэр үзэх мөнгөгүйгээс, 13.6 хувь нь “үзвэр үзэх газар хол байдаг”, 10.3 хувь нь “хүүхдүүдэд тохирсон үйлчилгээ байхгүй”, 4.5 хувь нь “аав, ээж завгүй”, үлдсэн 47.8 хувь нь бусад шалтгаанаар гэсэн хариулт өгсөн байна. 

Магадгүй энэхүү “бусад шалтгаанаар” гэсэн хариултын эзэд үзвэр үзэх мөнгөгүй гэж хэлэхээс татгалзсан ч байж болох шүү дээ. Өсвөр насныхны хувьд чөлөөт цагаа хүссэн бөгөөд зөв зүйлдээ зарцуулж чадахгүй байна гэдэг эмзэг асуудал төдийгүй магадгүй гэмт хэрэгт өртөж болзошгүй эрсдэл дагуулж болзошгүй юм. Хүүхдэд хаягласан 50, 100 мянган төгрөгийг эцэг эхчүүд нь “май, үүнийг төрөөс чамд өгсөн” гээд хүүхдийнхээ гар дээр тавиад, дураараа зарцуулахыг зөвшөөрдөг нь юу л бол. Шулуухан хэлэхэд бараг л үгүй болов уу. Гэтэл эрхийн бичиг авснаараа e-mongolia дээр цахим хэтэвчээ идэвхжүүлэн өөрт нь зориулсан QR кодыг идэвхжүүлснээр зарцуулалт нь хянагдаад явах юм.  
Тэгэхээр нэг хүүхдээс бүтэн жилд 100 мянган төгрөг, нийт өсвөр насны 183 мянган хүүхдээсээ нийт 18 тэрбум төгрөгийг харамласнаараа лав сайн сайхан хэмнэлт хийхгүй л болов уу. Уг нь дөрвөн км зам тавих мөнгөөр л бүтэн жил бүх өсвөр насны хүүхдүүд маань үзвэр үзэж, дугуйлсан секц, хэлний сургалтад хамрагдаж чөлөөт цагаа зөв өнгөрүүлэг, цаашдаа яахаар байна, баримжаалъя, илүү сайн гарц олцгооё гээд байгаа юм. Эхний жилд энэ мөнгийг төсвөөс гаргаж буй ч зөв зүйтэй зарцуулж, хяналтаа тавьж чадсанаар дараагийн жилүүдэд олон улсын байгууллагууд болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид ч энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийх урам төрж, яваандаа төсвөөс гуйхааргүй мөртлөө ирээдүйд маш чухал үр дүнд хүрч хүн гэдэг үнэт эрдэнээ аврах, хүндлэх, дээдлэх алхам хийх юм шүү гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.