Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш

Ерөө сумын төв Корнаковка тосгонд төвхнөж байсныг нутгийнхан бараг бүгдээрээ мэднэ. Тосгоныг үүсгэн байгуулагчдын нэг Корнакова овогт орос эмэгтэйн тухай настангууд гадарладаг биз ээ. Ерөө сумын 100 жилийн ойгоор Августа Дмитриевна Корнакова хэмээх эрхэм хүмүүнийг эс дурсваас алдас болохын учир хувь тавилангийнх нь баялаг мөртөө бас адармаатай зузаан номын хуудсыг хамтдаа эргүүлье.

Августа охин

Августа өнөөгийн Хиагтад Синицын овогт худалдаачны гэр бүлд 1865 оны хөхөгчин үхэр жил төржээ. Цайны замын Орос талын үндсэн боомт Троицкосавск буюу өнөөдрийн Хиагт XIX зуунд түм түжигнэж, бум бужигнасан хөлийн газар байлаа. Түүний эцэг Синицын худалдаа арилжаа эрхэлдэг, нэр хүндтэй, бийлэгжүү бас эрдэм номд дуртай эр байсан юмсанж. Монголчуудтай ойр өссөн Августа охин багаасаа монгол хэл сурчээ. Тухайн үеийн Хиагтад орчуулагчийн сургууль, бүрэн дунд сургууль, гимназ зэрэг боловсролын байгууллага байсан бөгөөд Августа охиныг эцэг нь боловсролтой хүн болгож өсгөсөн байна. Монгол хэлтэй Августа багаасаа монгол үлгэр домогт дурлахын зэрэгцээ содон сонин санагдах монгол ёс заншлыг ихэд сонирхон тэмлэглэл ч хөтлөх болов. Үргэлж л монголчуудын дунд явдаг, монголоор бол ёстой нэг “монголчуудтай хутгалдаж” өсчээ.

Корнакова овогт

Чинээлэг худалдаачны боловсролтой охин Августа бүсгүй хүсэмжит бэр байсан нь гарцаагүй. Бэр гуйсан олон эрээс Иван Иакинфович Корнаков хэмээх худалдаачны эхнэр болохыг зөвшөөрчээ. Иван Иакинфович Корнаков бол Тюмень нутгаас Усть-Киранд ирж суурьшсан юм байж л дээ. Нутгийн баян худалдаачны охин Августа, адал явдалд дуртай, ирмүүн цоглог Иван хоёр амьдралаа холбсон нь аргагүй мэт. Ингээд гэрлэсэн орос эмэгтэй нөхрийнхөө овгийг авдаг заншил ёсоор Августа Дмитриевна Корнакова гэгдэж таарна. Арилжаа наймаагаа ахиухан гүйлгэхэд ухаан зарах учиртай Корнаковынх гэдэг айл ном шагайн, бичиг цаастай ноцолдоод байгааг харсан бусад худалдаачид жиг жуг хийдэг байж. Гэхдээ Төв Азийн алдартай судлаач Николай Михайлович Пржевальский Хиагтад ирээд Августа Дмитриевна Корнаковагийн хийж бүтээсэнтэй нухацтай танилцан, хэдэн өдөр хууч хөөрөхийг нь харснаас хойш тэгсхийгээд хэл ам намжжээ.

Судлаач Августа Дмитриевна Корнакова

Корнаковынхон. Ерөө сумын төв 1924 онд байгуулагдаад XIX зуунд Корнаковка тосгоны барилга байшинг түшиглэж байжээ. Зураг дээр тосгоныг санаачлан бий болгосон Корнаковынхан тосгоны орос, монгол хүмүүстэй төв хэсэгт нь гэр бүлээрээ сууж байна. Хоёр хүү, дөрвөн охинтой энэ өнөр өтгөн гэр бүлийн хувь заяа улаан хувьсгалын галд өртжээ. Эхнэр, нөхөр Корнаковыг цагаригт хийсэн, 1901 он гэдэг огноотой зураг. ОХУ-ын судлаач Елена Сергеев “Авгу-Багши. Жизнеописание Августы Дмитриевны Корнаковой в кругу Шевелёвых, Бринеров, Токмаковых и её этнографические работы о Монголии” номдоо А.Д.Корнаковаг 1865-1940 онд амьдарсан гэж тэмдэглэжээ. 

Монгол тахийг шинжлэх ухаанд өөрийнхөөрөө нэрээр “Пржевальский адуу” гэж нэршүүлсэн Николай Михайлович Пржевальский зүгээр ч нэг Августа Дмитриевна Корнаковатай уулзаагүй билээ. Тэрээр 1905 онд Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Троицкосавск-Хиагтын салбар хуралдаанд нэр хүндтэй монгол ламын оршуулгын зан үйлд биеэр оролцон маш нарийн ажигласан тэмдэгдэллээрээ илтгэл тавьж, Хиагтын музейд монголчуудын эд өлгийн 100 гаруй зүйлийг бэлэглэсэн учир сайшаал магтаал хүртжээ. Үүнээс хойш А.Д. Корнакова цуглуулсан монгол ардын үлгэр, домог, дуу зэргийн цуглуулга, мөн монголчуудын гарвалаар бичсэн нийт зургаан бүтээлийг нь Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Троицкосавск-Хиагтын салбараас эрхлэн хэвлүүлжээ. Монгол судлалд оруулсан энэ хувь нэмрийг нь үнэлэн 1910 онд Оросын Газарзүйн Нийгэмлэгээс мөнгөн медалиа гардуулсан юм. Монголчууд 1911 онд Богд хаант Монгол улсаа зарлан тунхагласан баярт үйл явдлыг А.Д. Корнакова шинжлэх ухаан, угсаатны зүй талаас нь ав үзсэн байна.

Алдарт Августа Дмитриевна Корнакова

Мөнөөхөн 1905 од Оросын Газарзүйн Нийгэмлэгийн Троицкосавск-Хиагтын салбарт тавьсан илтгэлийг нь тус салбарын тэргүүлэгч Доминикович Талько-Гринцевич өндрөөр үнэлээд зогсохгүй тус салбарын жинхэнэ гишүүнээр бүртгэжээ. Ийм дээрээс ХХ зууны эхээр Хигатаар дамжин Монголоор аялсан Оросын судлаач Пётр Кузьмич Козлов, Григорий Николаевич Потанин нар түүнтэй уулздаг болжээ. Пржевальский, Козлов нар тэдний гэр бүлд өөрсдийн гарын үсгээ зурсан хөргөө бэлэглэсэн гэдэг. Сталинзмын хахир жилүүдэд ч нас дээр гарсан Августа Дмитриевна Корнакова монгол судлалд амтдралаа зориулсан юм. Тэрээр Чингис хаан, Чингис хааны домог талаар хэд хэдэн цуврал өгүүлэл бичсэнийгээ алдарт монгол судлаач Николай Николаевич Поппед илгээжээ. Н.Н.Поппе хариуд нь Чингис хаан, Бат хаан номон дээрээ ажиллаж байгаа Василий Григорьевич Янд илгээвэл зүгээр гэж зөвлөсөн байна. Ингээд В.Г.Ян өөрийн биеэр А.Д.Корнаковатай уулзаж дэлгэрэнгүй зөвлөгөө сонссон гэдэг. Түүний Чингис хаан бүтээлтэй монголчууд Д.Дашдорж, П.Хорлоо, Б.Ринчен, Ш.Нацагдорж, Ц.Дамдисүрэн нарын орчуулгаар 1950 онд, Бат хаантай нь н.Банзрагч, Ш.Цэвэг нарын орчуулгаар 1951 онд танилцсан билээ.

Корнаковка тосгон

Монголчууд одоо ч дуудлагаараа “Карнаков” гэдэг тосгоныг оросоор Корнаковынхны гэдэг утгаар Корнаковка гэдэг ч зарим сурвалжид “Карнакайка” гэж тэмдэглэжээ. Корнаковынхон 1880 оны сүүлээр Хиагтаас 80 мод газарт, Ерөө голын эрэгт төвхнөсөн ажээ. Гэхдээ суурин амьдралтай оросууд бидэн шиг ганц хоёр гэрээрээ нүүж суудаггүй учир хамт очсон, нэмэгдэж ирэгсэдтэйгээ нийлээд тосгон болсон хэрэг. Адал явдлын эрэлчин Иван Иакинфович Корнаков шинэ газар оронд төвхнөж аж ахуй эрхлэх, харин монголчуудын амьдралыг судлах сонирхолтой Августа Дмитриевна Корнаковад монголчуудтай илүү ойртох ийм хоёр завшаан давхцаа биз ээ. А.Д.Корнакова өөрөө дурсан бичсэнээр тэдний гэрээр ажил хэргээр, зүгээр л цай уух гэж, эсвэл сонсож мэдсэн сонин хачинаасаа хуваалцах гэж өдөртөө 10-15 монгол орж гардаг байжээ. Ийнхүү амь нэгтэй болсон, басхүү амьдралын зөвлөгөө өгдөг энэ орос эмэгтэйг монголчууд “Авгу багш” хэмээн авгайлах болсон аж. Хүндлэн дотночлож “багш” гэсэн бол, Августа гэдгийг л “Авгу” гэж авгайлсан хэрэг.

Хувьсгалын галд

Октбярийн хувьсгалын гал Монголын хормойд авалцсан жилүүдэд цагаан, улаан, орос, гамин, барон холхисон Орос-Монголын хил яахин амгалан байх нь үгүй билээ. Корнаковка тосгоныг улаан, цагаан оросуудын аль аль нь дайран гарсан ч хэл амаа ололцоод өнгөрчээ. Гэтэл хунхуз хэмээх дээрэмчин хятадууд 1921 онд тосгоныг дээрэмдэж түйвээсний дотор нөхөр И.И.Корнаков нь бага хүүтэйгээ алагдаж, энэ хооронд эзгүй яваад эргэж ирсэн том хүү нь өш авахаар хунхузуудын хойноос яваад мөн л амь эрсэджээ. Харин амь зулбаж үлдсэн А.Д.Корнакова Улаан Үдэд байсан охин руугаа очоод, 1923 онд Москвад суудаг хоёр охиноо бараадаж, улмаар 1925 онд үеэлийнхээ урилгаар Крым хүрчээ. А.Д.Корнаковагийн амьдралын сүүлийн жилүүдэд Сталины хэлмэгдүүлэлтийн үед өнгөрсөн ч азаар өөрийг нь оролдоогүй юм. Гэхдээ байнгын орлогогүй настай эмэгтэйн амьдрал хүндхэн байсан тул Газарзүйн нийгэмлэг, Шинжлэх ухааны академид хандан тэтгэдэг хүссэн ажээ. Монгол судлалд оруулсын түүний гавьяа зүтгэлийг үнэлэн 1940 оны есдүгээр сард Академичийн тэтгэвэр 200 рубль олгохоор шийдвэрлэсэн ч түүнийгээ хүртэж амжилгүй насан эцэслэсэн байна.

Алдартай охин. Эхнэр, нөхөр Корнаковын хэн хэн нь урлаг, тэр дундаа тайзны урлагт дуртай. Тосгондоо жүжиг тавьж өөрсдөө тоглодог байсан бол тэдний охин Екатерина Ивановна Корнакова ХХ зууны Оросын тайзны од байсан юм. Түүний тухай сэдэв учир үүгээр өндөрлөе. 

Е.И.Корнаковад зориулан Оросын нэрт яруу найрагч Корней Чуковский бичсэн шүлэгтээ Монголд төрж өссөнийг нь цохон дурдсан ажээ:

Монгол бүргэд тагших мэт

Тахир нумнаас харавсан

Монгол догшин сум мэт

Корнакова, Катя Корнакова...

Орос эх:

Корнакова, Катя Корнакова,
Слышу крик монгольского орла,
И летит из лука из тугого
Дикая монгольская стрела.