В.Путины амрыг эрэхээр У.Хүрэлсүх айлчлав. Сумын наадамд явж буй малчид шиг баяр хөөртэй баахан бараа бологч ямар хэрэгтэй дагаж давхисан агаад үүргээ биелүүлсэн эсэх бүрхэг. Сельфидэж буй эмэгтэй гишүүдийн зургууд л Оросын телевизээр цацагдсан. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн зорилго бүтээгүй нь урам хугалж ёргүй совин татав. Нэг үгээр В.Путины амрыг эрсэн биш горьдлого замхрах тийшээ хандаж-амар байна уу гэсэн биш гай болов.

Эрчим хүчний хараат байдал биднийг өндийлгөсөнгүй. Манай эрчим хүчний хэрэглээ их гүрнүүдэд бол нулимс. Иймхэн эрчим хүчний төслийг маань гацаахаа түвдэж хайрла гэж гуйхаар айлчилсан байх. Аугаа Орост бол өчүүхэн хүсэлт. Зөвшөөрсөнгүй. Эрчим хүчний гацсан төслүүдийн талаар тодорхой шийдэл байтугай сураг ч бүдэг. Харин хил дамнасан гол мөрөн ба Байгал нуурыг хамгаалах тухай хамтарч судлах гэнэ. Судлахад хэдэн жил ордог билээ? Эрдэнэбүрэнд УЦС барих эко нөхцөлийг 50, Шүрэн, Эгийн голыг 30 жил судлаад одоо ч хариу нь гараагүй яваа. Судалгаа дуусахыг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургах байлгүй. Тиймээс УЦС-ын тухай яриад ч хэрэггүй болох шиг байна. 

Өнөө л аргаараа цахилгаан станцуудаа “судална” гэж гацаагаад, Оросоос авдаг эрчим хүчээ хоёр дахин нэмэхээр тохироод иржээ зайлуул манай Ерөнхийлөгч. УИХ-д 62 суудалтай МАН-ын бүлэг, удирдах Зөвлөл нь айлчлалаа арга буюу магтаад хулчигнаж харагдана. Дээр доргүй гонсгор. Оросууд яаж хоосон байхав гээд ам хаах атомын станц гэх шинэ үлгэр Ерөнхийлөгчид барьжээ янз нь. Коммунизмд тэврээд оруулна, капитализмыг харайлгана гэдэг суут онолоороо муу Монголыг атомын станцтай болгох гэнэ. МАН-ын удирдагчид цөмийн станцаа барьж дуусаад, эрчим хүчээ бүр түгээж эхэлсэн мэт попров. Гэвч энэ бол тэдний нохойтдог башир араншин. Тэд атомын станц бүтэхгүйг мэдэх ч энэ нялуурал нь сонгогч олноо хуурч буй ээлжит улстөржилт. МАН-ыг шүтэгч-ямагт тэднийг сонгогч масс айлчлалд хөөрч баясах нь зүй. 

Надад бардам хэлэх үг байна. Юу гэвэл цөмийн эрчим хүч манайд У.Хүрэлсүхийн сонгуульт 6, МАН-ын эрх барихад үлдсэн 2 жилд лав бүтэхгүй. Тиймээс энэ хэлэлцээрт гарын үсэг зурах тэдэнд толгойн өвчин биш. Тэгээд ч эрчим хүчээ, биднийг элэг барьж, хаа ч байхгүй өндөр үнээр шахах гэж хорхойсогч орос магнатууд эрчим хүчний ямар ч эх үүсвэр Монголд барихыг багачуудын яриагаар ёстой зөвшөөрч харагдаач. Хөршийнхөө санааг хангах буянтай ч өөрөө хоосон гуяа ганзгалж ирэх-магтах айлчлал мөн үү.

Шадар сайд Амарсанаа 1000 км хоолойн ТЭЗҮ-г өөрөө зохиочихсан аятай телевизээр тэнэг ард түмэндээ биеэ магтах нь ихэмсэг. Хийн хоолой тавихыг Хятад зөвшөөрвөл АНУ болон Европын холбооны хоригт орсон Орос уухайн тас шамдана. Монголыг зөвшөөрсөн ч тавина, дургүйцсэн ч тавина. Тиймээс бид эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр нэг их чолчигноод хэрэггүй. Дуугай даруухан хүлээж бай. Хожим ямар ч үр дагавар гараа билээ. Амарсанаа хотын дарга байхдаа бургас хядаагүйгээ, шадар сайд болоод ковидыг дарснаа нийтэд ойлгуулах гэж зүдэрч яваа лидер. Ер нь нам засаг мунадаг, мунадгийг нь ард түмэн гүйцэд үнэлэхгүй гонсойлгодог.

Овор их нурмаг түүхий нүүрсээ авто-жингийн цуваагаар тээвэрлэмчээ аядаж байснаа ковидын үед төмөр замгүйгээс экспорт саатсан. Гашуун сухайтын төмөр замыг оросууд 10 жил гацаасан гэж иргэд цуурч би бичдэг. Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 40-хөн кмт төмөр зам тавихгүй гэж олон жил гүрийсэн атлаа саяын айлчлалаар Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэл баруун бүсийн босоо төмөр зам сүнгэнүүлэхээр тохирчээ. Яагаад Тувагийн Арцсуурь гэвэл энэ замаар хойд хөрш нүүрс болон бусад эрдсээ зөөх аж. 

Ерөнхийлөгчөө, УИХ-аа, Засгийн газраа та нар хэнээс хэнийг хамгаалж буй чинь энэ вэ? Хэнийг хохироож, хэний төлөө зүтгэж буй чинь энэ вэ? Хөвсгөлийн уулс Хангайн нурууг хэдэрч мянга шахам км сунайх энэ замд Нарийн сухайтынхаа нүүрсийг Шивээ хүрэн хүртэл 40-хөн кмт дайх ховор завшаан гэнэ. Мөн хуурав аа. 40 км-ийн төлөө мянга шахам км аварга бүтээн байгуулалт Путинтэй тохирсныг бодоход манайхан хөрөнгө босгоно гэж. Энэ төсөл бүтэхгүй. Бүтэхгүй үлгэрээр олноо мэхэлж, зөөлөн сэнтийд насаараа тарвалздаг заль хоёр төрийн нүүрэнд ноёлж байна даа.

Шатахууны хараат байдлаас гарах хүсэл маниуст бас бий. Айлчлалаар Оросын ШТЦ-үүд орж ирэх болов уу яав. Үгээ залгиад байх чинь. Хөшигийн онгоцны шинэ буудлыг оросууд дэлхийн зах зээлийн жишиг үнээс 28,8 хувь илүү ханштай безинээрээ онилоод авав. Шатах тослох материалаа орос бизнесменүүд айлчлалын баримт бичигт тусгаж албажууллаа. Ингэхэд манууст айлчлалаар ямар нэг ахиц гарав уу, хэт өндөр үнэтэй шатахууны талаар? Манай барааны хил гаалийн асар өндөр хураамжийн тухай авч хэлэлцсэнгүй, тойроод өнгөрч. Оросууд зоосон дээр хэзээний харам. Барууны хориг чангарах тусам дийлдгээр нь дорой хөршдөө саяын айлчлалаар улам хатуурхсан нь гомдмоор. Бүр уйлмаар. Бид тэдэнд яаж ханддаг билээ. Бусдын хоригоос болж ядуу хөршөө шулдаг ямар хүний ёс-яс вэ. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр. Буруугүй атлаа өшиглүүлсэн нохой хөндсөн болохоор баавгайн тухай ярихад дургүйцэхгүй биз. Баавгай өлсөхөөрөө айлын гадаа ирэх, аварга савраараа хаалга үүд маажих, тэр ч байтугай идэх юм хайж гэрт шууд ордог гэсэн. Аймшигтай юу, үгүй юү? Надад бол аймшигтай.

Нохой баавгай гэснээс манай идэрмэг Ерөнхийлөгч, 62 суудалтай УИХ, эрх мэдлээ нэмсэн Ерөнхий сайд, өөрөөр хэлбэл, нэг намын гурван өндөрлөг гацсан мега төслүүдээсээ ганцыг ч атугай хөдөлгөх диломат ухаан, эх оронч эр зориг гаргаж чадсангүй. Хойшид эрх мэдэл ингэж төвлөрөх ч үгүй биз, эр зориг гарах ч үгүй биз. Монголчууд минь, бидний ирээдүй ийм л баргар байна даа. 

2021-12-23