Монголчууд аа, өнгөрч байгаа мөч бүхэн үнэтэй
Монголчуудын аж төрөл, дадал, араншин, нөхөрлөлийг ажихул хайран, бүр дэндүү хайран, дэндүү хөөрхий гэж харуусмаар үзэгдэл юмс дэндүү олдчихоод байна. Гайхуулах гийгүүлэх юм байлгүй яахав. Тэрийг нь өөр хүн бичвэл бичнэ биз.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” хэмээн лут бүтээл (бэсрэг өгүүллэг шүү дээ!) нүднээ буугаад ер болдоггүй. Тэр зохиолд гардаг даа, яг өнөөгийн Монгол дээр аваад буулгачихаар дүр зураг. Өмссөн зүүсэн, гар утас барьсан, хувийн машинтай болсныг эс тооцвол яг л хуучин хүү нүднээ бууна. Гэр хороолол, аймаг сумдын төв, борчуулын хороололд хуучин хүү дэндүү олуулаа, хэдэн зуун мянгуулаа бугшиж, Монголын нийгмийг дотроос нь илжрүүлж өтүүлж байх шиг. Юу ч хийж бүтээхгүй, өөрийгөө, гэр бүлээ аваад зөв явчихгүй байгааг нь би тэгж нэрлэж байна. Ажил сурлагагүй, бэртэгчин, өлөв долов түг түмэн хүнээс бид салах цаг болсон юм биш үү? Дэндүү ихэдлээ!
“Хуучин хүү” зохиол: Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилсэн агаад үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина.Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөсөөр нэг насыг харанхуй манан дотор барна. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. Ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий гэжээ.
Монголчуудын аж төрөл, дадал, араншин, нөхөрлөлийг ажихул хайран, бүр дэндүү хайран, дэндүү хөөрхий гэж харуусмаар үзэгдэл юмс дэндүү олдчихоод байна. Гайхуулах гийгүүлэх юм байлгүй яахав. Тэрийг нь өөр хүн бичвэл бичнэ биз. Би хайран хайран, хөөрхий хөөрхий гэдэг рүү нь орж бичээд байгаа. Дан үглээн, цухалдаан яваад байгаа. Энэ олон хайрангууд дотроос юуны өмнө хайран гэхэд дэндүү хайран ганцхан зүйл дээр саналаа буулгая.
Энэ бол өнгөрч байгаа цаг мөч, алтан цаг маань билээ. Яагаад алттай зүйрлэсэн юм бэ? Алтнаас ч үнэтэй, ерөөсөө ямар ч алт эрдэнэсээр үл хэмжигдэх ЦАГ ХУГАЦАА гэдэгтэйгээ дасан зохицох гэж монголчууд бид ёстой тамаа цайж байх шиг дүр зураг буугаад ер болдоггүй. Өнгөрч байгаа мөч бүхэн үнэ цэнэтэй, дахин эргэж хэзээ ч олддоггүй. Өнгөрсөн цагийн тухай үлгэр л үлдэнэ, нэг хэсэгтээ яриад алга болно хэмээн би амаа цангатал уриалахад бэлэн байна.
Хайран гэхэд дэндүү хайран алтан цагийг нь алж байгаа, Монголчуудыг хөнөөж байгаа дөрвөн гайг би нэрлэе. Энэ бол унтах, идэх, цахим, архи дөрөв. Эхний хоёр бол гарцаагүй биологийн үзэгдэл учраас хэн ч хорилтгүй. Гэхдээ монголчууд хэтрүүлчих гээд, тэр нь бүр өвчин зовлон (хэт тарга, жингийн илүүдэл, тураал, зүрх судасны, элэг цөсний өвчин гэх мэт) болчихсон учраас “ГАЙ” гээд нэрлэчихье. Зөв хооллолт (хоолны соёл гэж бүр ярилтгүй) нийгэмд суутлаа өдий байна. Гурав дахь нь бол улс нийгмээрээ, идэр залуу, балчир үе бүхэлдээ нэрвэгдчихсэн бас нэг “ГАЙ” байна. Дооз нь дэндүү хэтэрч байна. Арай дэндлээ. Хамаг амь амьдрал нь алгын чинээ гар утсанд шингэчихэж. Хаашаа л харна гар утас бариастай, маажаастай. Үндэсний ёс заншил, уламжлал, эх монгол хэл минь, Чингисийн өв, нүүдлийн гэж эрхэмлэдэг бүхэн маань, ядаж алтан цаг хугацаа маань алгын чинээ шилний цаана бүдгэрээд алга боллоо! Хор уршиг нь мөд гарна. Дөрөв дэх “ГАЙ”-архи. Архины нэр хүнд дэндүү өндөр хэвээрээ байгаа тул донтох, хамтарч архидах, архийг эрхэмлэх нь дэндчихээд байна. Ардчиллын 30 жилд үндэсний үйлдвэрлэл дотроос ганцхан архины үйлдвэр гэрлийн хурдаар урагшлан байгаа нь худал биш. Ёстой ёоз ёозоор нь урлаг уран сайхан, дизайны бүх ололтуудыг шингээн цэцэглэжээ. Архи бялхуулсан найр, цэнгүүн, ёолк, үдэшлэг, золголтыг төр маань хэзээ хорьж цэгцэлдэг бол? Архидах, золбирохыг нийгмийн эсрэг гэмт хэрэгт тооцъё.
Монголчуудын нөхөрлөл гэж бас нэг цагийн дайсан байнаа. “ГАЙ” л гэе дээ. Тав дахь гай гэчих үү? Нөхөрлөлийг нь ажихул гэж дээр дурдсаных бас хэдэн шүүмж байна. Олон нийтийн үйлчилгээний газруудад нүдэнд эвэр ургатал харагддаг. Хаашаа л харна архайж дархайсан, хөшилдсөн, эрүүл чийрэг, бадриун, бүдүүлэгдүү, аз жаргалтай (энэ их аз жаргалыг хэрхэн эдэлж барна?) гэмээр сүрэг залуус бүлэг бүлгээрээ. Ихэнхи нь цаг нөхцөөж, эсвэл нэгнийхээ хөдөлмөрлөж хийснийг (гар дээрхи наймаа, гар утасны наймаа, түлшний наймаа) хувааж идэх гэж өлөн зэлмүүн царайлна. Нөгөө цаг хугацаа нь нөхцөж өгөхгүй, өдрийн турш гиюүрсэн шиг, тамхи баагиулан, шал дэмий юм ярьж, орж гаран цагийг барна. Цаанаа нэг хуйвалдсан шинжтэй. Нэг юм нууцлаад ч байх шиг, эсвэл сохор итгэлээрээ нэг юм хүлээгээд ч байх шиг. Тэд хоол олдвол иднэ, мөнгө олдвол үрнэ, ажил олдвол дайрна, архи олдвол ховх сорно, олуулаа дарвина, ер нь юу ч хийнэ. Хоолонд ховдог, мөнгөнд хомхой, ойрын (өдрийн) жаргалд ташуурч алсаа боддоггүй, бэртэгчин сүрэг хүн. Ийм нэг зэрлэгдүү, сүрдмээр сул дэл бөөн хүч нийслэл хотоор дүүрэн хөлхөж байна. Хайран ч залуу нас, хайран ч цаг хугацаа!
Энэ олон гай, сүрэг бүлэг залуусыг харахлаар Монголын нийгэмд ихдэж байгаа нь цаг зав юм байна, харин дутагдаж байгаа нь юу вэ? Тэр бол хамгийн том шалгуур байх учиртай. Миний бодоход тийм шалгуур огт байхгүй мэт. Энэ бол нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гээч юм. Нийгмийн өмнө гэхээ больё гэхэд гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага даан ч байхгүй. “Ертөнц биднийг өөрт ногдсон үүргээ гүйцэтгээсэй гэж хүсч байна. Эс бөгөөс аль алин нь зовох болно” хэмээн Берти Форбес хэлсэн нэг чухал эшлэл монголын насанд хүрэгчдэд яг тохирно. Хорвоод хүн болж мэндлээд ухаан суувал хэрсүүждэг юм, насанд хүрвэл хариуцлага гээч нэг “эд” биед чинь ирж наалдаад тархинд чинь гүн суух ёстой юм гэдгийг энэ олон зуун мянган монголчуудад би ямар заалтай биш. Хариуцлагагүйн гайгаар амьдралын төлөвлөлт гэж бүр байхгүй. Монголчуудын ихэнхи нь амьдралд хамхуул шиг сул дэл хийсч, тохиолдлоос тохиолдлын хооронд яваад бурхан болж байна.
Монголчуудаа мэргэн эшлэлээр сэхээрүүлмээр санагдана. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг аяндаа тогтоно” хэмээн Их жанжин Д.Сүхбаатар захисныг нь би бүтээлчээр хуулбарлаад “Аливаа хүн ажиллаж хөдөлмөрлөх чиглэлийг эрхэм болговоос хандах зүг аяндаа тогтоно” гэж буулгах гэж байна. Энэ бол одоо цагт бидэнд шууд тулгах ёстой зарчим гээд ойлгочих.
Их жанжин Д.Сүхбаатараас “Бидний улс эв санаагаа нэгтгэн нийтийн хүчээр зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэжээ. Тэгвэл өнөөдөр “Бидний улс эв санаагаа нэгтгэн нийтийн хүчээр хөдөлмөрлөж зориглон бүтээвээс хүрэхгүй баялаг, эдлэхгүй жаргалхэмээх зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж бүтээлчээр гуйвуулъя.
“Ажил хийвэл ам тосдоно” хэмээн өвөг дээдэс маань зүгээр нэг үг унагачихаагүй байх. “Ажлын сайнаар амьдрал дээшилнэ. Бэлчээрийн сайнаар мал таргална” гэсэн бас нэг мэргэн үг байх санж.
Цаг хугацаа хүмүүсийг хүлээдэггүй, түүх ч хүмүүсийг хүлээдэггүй. Тиймээс хүн төрөлхтөн цаг хугацаатай уралдан түүхээ бүтээж, түүхтэйгээ хамт урагшлан хөгжсөөр ирсэн.
Яралзтал хөдөлмөрлөж бүтээж, XXI зууны даяархи ертөнцөд эзэлбэл зохих тэр суудлаа нэр төртэй эзлэе хэмээн уриалж байгаа хэрэг шүү дээ, монголчууд аа?