Энд Баярхүүгийн бичсэн ганц ч мөр байхгүй. Бүгдийг нь зөвлөлт-оросын нэртэй зохиолч Л.Шинкарев бичжээ. Буруутвал тэр буруутай!


“Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” хэмээх номд Монголын нам-төр-засгийн оройд 44 жил суусан түүхт бие хүний амьдралаар бүтэн зуун, бүтэн жарны Монголын түүхийг өгүүлсэн байх бөгөөд манай ахмад үеийнхний ярих дуртай “Монгол-Зөвлөлтийн найрамдал” гэгчид сэв суулгамаар баримт дараахи байдлаар дурайж байна.

Номын III хэсгийн “Онцгой харилцаа” хэмээх бүлэгт нөгөө найрамдал гэгчийн үнэ цэнэ, өртөг, үнэн түүхийг сэтгэл хэрдхийм баримтуудаар гаргаж тавьжээ. Монголчууд бултаараа энэхүү найрамдалд үнэнч байсан уу, эсвэл энэ нь удирдагч Ю.Цэдэнбалын хувийн хобби байж уу гэдэгт хариулт өгснөөрөө Монгол-Оросын түүхийн хар толбыг нээж ялгаж өгчээ. Номд бичсэнээс үзэхэд, энэхүү найрамдал, найрамдлын бэлгэдэл – улаан армийг Монголд урин дуудсан түүхийг хоёрхон гол хүчин зүйл нөхцөлдүүлсэн болж таарлаа. Энэ нь: 1) Төв Азийн энэ хэсэгт Оросын явуулж байсан худалдааны ба цэргийн бодлого нь геополитикийн хүрээний болгоомжлолоос үүдэлтэй байсан гэвэл үнэнд ойртоно (309 дэх талд); 2) Монгол руу Зөвлөлтийн цэрэг шилжүүлэн хаях явдлыг хөнгөвчилсөн бас хувь хүний учир шалтгаан байв. Цэдэнбал Эрхүү хотод суралцаж байх үеэсээ цэргийн мэргэжилд дур сонирхолтой байсан ажээ (304 дэх талд). Хожим нь дарга болоод Зөвлөлтийн жанжнуудын дуртгалуудыг хуудасных нь захад тэмдэглэл хийж ахин дахин унших шиг тааламжтай ажил үгүй болсон билээ. Цэдэнбалын сэтгэлийг соронзодсон Зөвлөлтийн цорын ганц байгууллага бол арми байлаа (305 дахь талд) гэсэн эшлэлүүдэд тайлбар хэрэггүй биз.


Зөвлөлт нөхөд маань (Улаан арми гэсэн үг) ямагт буян үйлдээд байсангүй, бас багагүй нүгэл хилэнцтэй буцсаныг 304-318 хуудсанд зүрх шимширмээр тоочсон байна. Зөвлөлтийн багш нар цалингийг нь 2 дахин нэмэхийг шаардаж, зөвлөлтийн эмийн санчид эмээ өөр тийш нь зарж борлуулан, эмч нар өвчтөн монголчуудтайгаа бүдүүлэг харилцаж байгаад маршал Х.Чойбалсан тэсвэр алддаг байв гэсэн өгүүлбэрийг залгаад 1943-1945 онд Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 17 дугаар армийн дээрэмчин төрхийгбаримтаар (318 дахь талд) гаргаж тавьжээ. Чойбалсангийн хилэгнэлийг энэ армийн командлагч дэслэгч генерал А.И.Данилов өөр дээрээ үзжээ. Улаан армийн жолооч нар тал дундуур хаа хамаагүй давхилдаж, суурь хонь харагдвал шууд очоод л малчных нь нүдэн дээр тэвш рүүгээ шидлэнэ. Өдөр шөнийн 24 цагийн турш ханхлах шорлогны үнэрээр Зөвлөлтийн цэргийн гарнизоныг олж болно гэхчлэн.Чойбалсан удаан тэссэн боловч нэг удаа зөвлөлтийн цэргүүд тал дээрхи ганц гэрт дайрч ороод айж мэгдэн ухаан нь зайлсан эхнэр хүүхдийнх нь нүдэр дээр гэрийн эзнийг алчихаад тэр малчин айлын эд хогшлыг авч явсан хэрэг гарахад маршалын тэвчээр барагджээ. “Генерал аа, Та нар манай нутагт дээрэмчин шиг авирлаж байна. Яг колоничлогчид шиг!” гэж генерал Даниловын царайг улайж минчийтэл олны дунд маршал хэлж орхижээ.

Ю.Цэдэнбалын үед бол ийм балмад хэрэг гардагаараа гарч, харин зөвлөлтийнхөнд ял зэм нэг ч удаа тусч байсангүй. “Онцгой харилцаа” гэж үзэж байснаас тэр гэнээ. Ухаж ойлговоос, Цэдэнбалд энэ бүхнийг илтгэдэг байсан ч тэр нь дэндүү эмзэг тул учир шалтгааныг нь тодруулах гэх юм уу, эсвэл эсэргүүцэх гэж маш зөөлнөөр оролдох аваас Монгол-Хятадын хил дээрхи энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд Зөвлөлтийн армийн гүйцэтгэх үүргийг дутуу үнэлсэн хэрэг болж хувирдаг байжээ. Дайллага цайллага, харилцан хэлдэг хундаганы ерөөл нь тэр балмад явдлыгцайруулж бие биеэ ховсдох арга байсан ба хүч түрэн орж ирэгсэд нь соёл, иргэншил сэтгэл харамгүй авчрахаар ирсэн буянтай үйлстнүүд, бараг л орос цэргүүдэд тонуулж, алуулж, хүчиндүүлж байсан нь заяа төөргөөрөө болж буй найрамдлын үйлс мэт (308 дахь талд) харагдаж байсан бололтой.

1968 оны хавар гол төлөв Т-76 маркийн 800 танк ачсангалт тэрэгний цуваа Наушкаас Монголын хил давж довтолгожээ. Улмаар талын нэг зөрлөг дээрээс цуваагаараа Монгол-Хятадын хил рүү чиглэж, танкийн гинжээр боссон элс шороо угалз салхи мэт удтал агаарт хуйлран байжээ. Танкууд хэдэн тийшээ таран давхиж, ган гинжээрээ хөрсний үржил шимтэй давхаргыг зад татаж, дараа үеийн малчдад малын хамар хатгах дэрс ургахыг үзэхээргүй ухаж онгилсон шороо жалга шуудуу үлдээж байлаа.

Тэр жил Чехословакт зөвлөлтийн 6000 танк орсноос дэлхий даяар шуугин эсэргүүцэж, НҮБ-ын индэр дээрээс хилэгнэсэн үг цууриатаж байв. Тэгвэл Монголдүлдсэн танкийн ул мөр арай ч тийм гүнзгий биш. 1968 онд улаан арми байрлаж эхэлсэн эхний өдрүүдэд нэгэн эмгэнэлт явдал болж тэр тухай монголын хөдөөгийнхөн удтал ярьсан ажээ. Сургуулийн нислэгийн үеэр зөвлөлтийн сөнөөгч онгоц газар мөргөн шатаж талын түймэр дэгдээжээ. Дүрэлзсэн галд олон зуун хонь авалцаж, багширсан их мал гол руу түрэгдэн орж урсгалд автан живжээ. ЗХУКН-ын Төв Хорооны хариуцлагатан Ш.Н.Надировын гэрчилснээр 50-70 шоо дөрвөлжин километр бэлчээр шатаж олон зуун толгой мал сүйдсэн гэж байгаа. Харин энэ балмад хэргийгнэг согтуу монгол жолооч канистраас түлшээ цалгиулсан, эсвэл хагд руу цогтой тамхиа шидсэнээс тэгээ биз гэх аястай хариуг Зөвлөлтийн цэргийн командлал өгчээ (305-306 дахь талд).

Номын 307 дахь нүүрээс Монголын экологийг хэрхэн сүйрүүлсэн тухай эшлэе. Тэсрэх бодисоор голд загас дэлбэлж, байлдааны зэвсгээр усны шувуу, хээрийн гөрөөс хядаж байлаа гэсэн мөрүүд энд нэг биш байна. Хээрийн ан амьтныг АКМ автомат буугаар агнах нь дуртай зугаа цэнгэлийн нэг байв. Ачааны тэрэгний тэвшэн дээр гарч зогсоод хээрийн гөрөөсийг хэрэн хөөж замбараагүй галлацгаана. Байсхийгээд л цэргийн гарнизоны хашааны хаалгаар дүүрэн зээр ачсан ачааны тэргүүд ордог байв. Цэргийн олон гарнизоны хувьд зээр бол цэргийн хоолны махны цорын ганц нөөц болж, буудсан зээрээр их бууны чирэгчийнхээ тэвшийг дүүртэл ачдаг байв. Зөвлөлтийн цэргийнхэн харь оронд ирсэн биш, нутагтаа байгаа юм шиг, тэгэхдээ бүр ч эрээ цээргүй авирладаг байв гэж орос зохиогч халаглан бичээд, гол руу ачааны тэрэгтэй дайрч орох нь энүүхэнд, тэсрэлтийн чих дөжрөм хэд хэдэн их дэлбэрэлтийн дараа гол нуур амьд амьтангүй болж байв. Хээрийн, ялангуяа шөнийн сургуулилалтын үед танкууд гэрэлд нь ороод ирдэг гэрүүдийг дайрч, юутай хүүтэй нь гинжин дороо хийдэг байв (307 дахь талд) гэхчлэн цааш унших тусам монгол хүний гол гороймоор мөрүүд дурайх. Энэ бүхнийг арай А.И.Филатова хатагтай хэлж өгч бичүүлээгүй байлтай.

Согтуу орос цэргүүд айл талж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, залуу монгол бүсгүйчүүлийн эцгүүд нь морио эмээллэн цэргийн ангийн хашааны үүдэнд давхиж хүрнэ. Офицерууд нь шуугиан дэгдээлгүй хэл ам татлахгүйгээр тэрүүхэнд нь мөнгөн төлбөр, шил архи өгч, найрамдалтай байхын ам өчиг өгөөд буцаана гэжээ. Энэ дээрэнгүй явдлыг зохиогч түүхэнд колоничлогчид нутгийн бүдүүлэг омгийн ахлагч нарт бэлэг сэлт өгөлцөж авалцдагтай зүйрлэсэн байх нь анхаарал татаж байна.

Ерөөсөө Монгол-Зөвлөлтийн найрамдал гэгч нь 1921 онд эхлээд оршлоо тавихдаа дэлхийн колоничлолын туршлагыг тодорхойлдог гадаад шинж тэмдгийг бүрдүүлсэн байв (309 дэх талд). Нийслэл хүрээнээ суусан СССР-ийн анхны Элчин төлөөлөгч Н.М.Любарский: Монголчуудтай бидний харилцах харилцаа бол хүчний бодит харьцаагаар тодорхойлогдож, бид тушааж, монголчууд биелүүлж байх ёстой гэж мэдэгдсэн бол 1923-1925 онд ажилласан Элчин төлөөлөгч А.Н.Васильев: Зөвхөн оросууд бид сайн багш төдийгүй монголчууд Та нар авьяаслаг сурагчид юм хэмээн манайхны амыг асууж егөөдөж байжээ. Түүнээс 20 жилийн дараа мөн л ийм өнгө аясаар монголчуудыг тодорхойлж Зөвлөлтийн ЭСЯ-ны Зөвлөх А.С.Шкварин: Монгол бол Зөвлөлтийн асар том колони юм хэмээн хэлжээ. Москвагаас дээд шатанд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагүйсэн бол тиймэрхүү үг хэлж Улаанбаатарт хэн ч зүрхлэхгүй нь мэдээж. 

Яг ийм фонон дээрээс нөгөөх улаан арми Монголд байрласан, мэргэжилтнийг урьж ирүүлсэн, улмаар найрамдлын бүтээн байгуулалтын их түүх эхэлдэг. Энэ тухай оросын сэтгүүлч Л.Шинкарев ний нуугүй, үзэл суртлын халхавчгүй, харин ч оросуудаа зүхсэн байдлаар бичсэн нь монголчууд бидний хувьд шинэлэг бараг анх удаа цочирдохоор үзэгдэл байж магад.Энэ орос зохиогчийнхоор бол Монгол нь Орост өртэй бус харин оросууд энэ жижиг орныг дэглээд тавьчихсан учраас эргээд өртэй үлдсэн мэт хоёрдмол санаа ч цухалзах шиг болж байна.