Монгол улсын үндэсний брэндийн одоо ба ирээдүй
Улсынхаа үнэлэмж, байр суурь, үндэстнийхээ язгуур дүр төрхийг дэлхийд сурталчлан таниулах цогц бодлогыг судалгааны үндсэн дээр боловсруулан урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэх нь аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр нь байдаг.
Монголын Үндэсний Брэндийн Зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэл гэж энэ нийтлэлийн автор миний шавь нэгэн бүсгүй бий. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд намайг багшилж байхад оюутан байсан. Түүний толгойлдог шинэхэн энэ байгууллагын зөвлөхийн албыг би бас хашдаг. Тэрээр Хөх-хотод Монгол-Хятадын хамтарсан эрдэм шинжилгээ-онол-практикийн хуралд энэхүү тулгамдсан чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлснийг товчлон baabar.mn сайтын уншигчдад хүргэж байна.
Улсынхаа үнэлэмж, байр суурь, үндэстнийхээ язгуур дүр төрхийг дэлхийд сурталчлан таниулах цогц бодлогыг судалгааны үндсэн дээр боловсруулан урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэх нь аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр нь байдаг.
Монгол Улсын хувьд ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор дээрх цогц бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.
Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард иргэд, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн түвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр ханган ажиллаж байна.
Гадаадын улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлт, ард иргэдийнхээ итгэх итгэлийг дээшлүүлэх ач холбогдол бүхий бие даасан ийм байгууллагуудыг 1990 оны сүүл, 2000 оны эхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа дэргэд газар, агентлаг, компанийн хэлбэрээр байгуулж байсан туршлага бий. Ингэснээр улс орныхоо хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлж, урт хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн жишээ олон байна. Улс орны хөгжил зогсонги байдалд орох эсвэл эдийн засгийн хэт уналтанд орсон тохиолдолд л үндэснийхээ брэндийг Засгийн газрынхаа түвшинд дэмжин ажилладаг байна. Учир нь үндэсний брэнд бол тухайн улс, ард иргэдийн үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог. Монгол Улс ийм үндэсний брэндтэй, үндэсний үзэл санаа, мөрөөдөлтэй, явах зүгтэй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна.
Монголчууд бидэнд бусдын анхаарлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэгээр сурталчлах, ард иргэдийнхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйлс олон бий. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь мэргэжлийн байгууллагын олон улсын сүлжээгээр нь дамжуулан хийх судалгаанд тулгуурлан сонгоно. Ингэснээр Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний брэнд болгож дэлхийд таниулна гэдэгтээ итгэлтэй байна.
Монголын үндэсний брэндийн зөвлөл нь эхний ээлжинд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлаж хөгжихийг бус, нэн түрүүн байгаль цаг уурын онцлог, нүүдэлчин соёл, язгуур урлаг, биет болон биет бус өвийг сурталчлах, Монгол Улсын язгуур дүр төрхийг тодруулж, ард иргэдийнхээ итгэл үнэмшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг өрнүүлэх, тэдгээрийг дэлхийн улс орнуудад урт хугацаанд, давтамжтайгаар сурталчлан таниулах ажлын эхлэлийг тавиад байна.
Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа хэдий ч эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг судалгаанд тулгуурлан тогтоох нь хамгийн чухал юм. Хэрвээ бид бодлого шийдвэр бүрээ тооцоо, судалгаан дээр үндэслэн гаргавал эрсдэлээ боломж болгоно гэж тооцож байна.
21 дүгээр зуунд дэлхийд хамгийн их ховордож, багасаж байгаа нөөц бол “Анхаарал” юм. Энэ үед бид дэлхийн анхаарлыг Монгол улс руу татах ажлыг хийж хэрэгжүүлж байна. Дэлхийд нийтдээ 200 гаруй улс орон оршин байдаг. Тухайн улс орныг илтгэхэд тохирсон түлхүүр үг, язгуур дүр төрхөөр нь улс орны жуулчин, гийчин, хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд сонголтоо хийдэг байна. Өөрөөр хэлбэл манай үндэсний брэндийн зөвлөл “Монгол” Улсад тохирсон түлхүүр үг, язгуур дүр төрхийг бий болгохоор ажиллаж байна гэсэн үг.
Үндэсний брэнд гэдэг нь улс орны талаарх өвөрмөц ойлголт, онцгой сэтгэгдэл, итгэл үнэмшил зэрэг биет болон биет бус үнэ цэнийн нэгдэл юм. Тэгэхээр ард иргэд, эрдэмтэн мэргэд, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгдийнх нь санал, бодлыг илтгэхүйц агуулгатай түлхүүр үг, язгуур дүр төрх байх ёстой. Үүний хүрээнд бид гадаадын орны хүмүүсийн Монголын талаарх ойлголтууд болон Монголчууд өөрийн эх орноо хэрхэн үнэлж дүгнэж, тодорхойлж байгаа талаарх судалгааг явуулсан. Үүний дүнд Монгол улсынхаа үндэсний брэндийн онцлог, язгуур дүр төрхийг тодорхойлж түүнийгээ сурталчлан таниулах ажилдаа орно. Ингэснээр гадны хүмүүс Монголын талаарх эерэг сэтгэгдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголт ч бас нэмэгдэх болно. Бид цаашид “Үндэсний брэндийг зохицуулах зохион байгуулалт”-ыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Бидний хийсэн судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн гол үнэ цэнээ бүлэглэж үзэхэд Монгол улс яг одоогийн байдлаар доорх дүр төрхөөр танигддаг байна. Үүнд, Нэгдүгэрт: ихэвчлэн гадны хүмүүс Монголын уудам тал нутгаар аялах юмуу эсвэл бидний түүхийг судлах зорилгоор эрдэм шинжилгээний ажил хийхээр зорин ирдэг байна. Хоёрдугаарт: Хүүхэд ахуй цагтаа Чингис хаанаар дамжуулан Монгол улсыг аяндаа мэддэг болсон гэсэн хариултууд зонхилж байна. Үүнээс Монголын имиж бол Чингис хаан, онгон зэрлэг байгаль юм гэдгийг давхцан гарч ирсэн энэхүү үгнүүдээс харж болох юм. Монголыг гадаадын хүмүүс ерөөсөө ингэж л төсөөлдөг. Тэгэхээр бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад зөвхөн Чингис хаан, онгон зэрлэг байгаль гэсэн өнгөрсөн эсвэл хоосон орон зай гэсэн ойлголтоор цаашид үргэлжлүүлэн таниулах бус харин ирээдүй рүү тэмүүлсэн оюуны өндөр чадвартай Монгол хүн, олон зуун жилийн агуу түүх, өв соёлоо уламжлан авч бүтээн байгуулж бас хөгжүүлж буй Монгол улсыг шинээр харуулах нь бидний зорилго юм.
Хурдацтайгаар даяарчлагдаж буй өнөө үед улс орны хөгжил гэдэг нь бие биенээ давсан өрсөлдөөн гэхээсээ илүү эх байгальдаа хөнөөлгүй хөгжлийг илүүд үзсэн, өөрийн язгуур шинж төрхийг сайтар шингээн соёлын давалгааг бий болгон бусад улс орны хүмүүсийг урин дуудаж онцгой гойд сэтгэгдэл, таашаалыг мэдрүүлж өөрсдийн талаарх эерэг ойлголтыг тогтвортой байлгахад оршдог болсон байна.
Энэхүү жишгээр олон улс орнууд жишээлбэл, Англи, Америк, Канад, Япон, Солонгос, Герман, Австрали, Сингапур зэрэг улсууд өөрсдийн үндэсний брэндээ судалгаан дээр тулгуурлан гарган авч шат дараатайгаар хөтөлбөрүүдээ тууштай хэрэгжүүлсэний үр дүнд амжилттай болсон байдаг. Мэдээж энэхүү хөтөлбөрүүд нь тухайн улс орны нийгмийн өөрчлөлт, хөгжлөөс үүдэн олон саад бэрхшээлийг даван туулж байж л үр дүнд хүрсэн байдаг ба амжилтанд хүрчихлээ гээд орхигдуулж хаялгүй харин ч эцэс төгсгөлгүй шинэ санаа, хүсэл мөрөөдөл, үнэ цэнийн аялалд хөтлөгдөн урагшилах нь дамжиггүй биз ээ.
Хүн төрөлхөтний өвөг дээдэс дэлхий дээр оршин тогтноходоо өөр өөрийн онцлог бүхий дахин давтагдашгүй түүх, соёлыг бүтээж дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэгвэл ирээдүйн хүн төрөлхтөний түүх өнгөрсөн үеийн түүхийг холбогч “алтан гүүр” нь 21 зуунд амьдарч буй БИД билээ. Ямар ч агуу түүхийг ХҮН л бүтээнэ, ямар ч агуу түүхийг ХҮН л устгана. Ирээдүй ямар байх нь өнөөгийн ухамсарт хүн Таны гарт байна.