Монгол Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлдэг байгаасай
“Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсыг ирэх 30 жилийн хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг судалж байна. Урьд хийгдэж байсан төслүүд, тэдгээрийн хэрэгжүүлэлт ямар байгааг мэдэх учраас шинэ төсөл чанартай боловсрогдож, хэрэгжүүлэх ажил эхнээсээ зөв зохион байгуулагдахад тус болох санаагаар анхааралтай судалж, санал бодлоо хэлж эхэлж байгаа.
Монгол Улсын Их Хурал
баталсан хуулиа хэрэгжүүлдэг байгаасай.
Монгол улсын 14 дахь Ерөнхий сайд
Д. Содномтой хийсэн ярилцлага.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар санаачилж ”Алсын хараа 2050“ гэж нэрлэсэн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал боловсруулсан байна. Та танилцсан уу?
“Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсыг ирэх 30 жилийн хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг судалж байна. Урьд хийгдэж байсан төслүүд, тэдгээрийн хэрэгжүүлэлт ямар байгааг мэдэх учраас шинэ төсөл чанартай боловсрогдож, хэрэгжүүлэх ажил эхнээсээ зөв зохион байгуулагдахад тус болох санаагаар анхааралтай судалж, санал бодлоо хэлж эхэлж байгаа.
Улсын Их Хурал Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалыг хоёр удаа буюу 2009 болон 2015 онд баталж байсан. Тэр үзэл баримтлалуудын гол зорилтууд, тухайлбал Нэг хүнд оногдох үйлдвэрлэлийг 2020 онд 15 мянга, 2030 онд 17 мянган долларт хүргэх, 2030 онд ядуурлыг эцэс болгох, Хүн амын 80 хувийг чинээлэг дундаж амьдралтай болгох, 2024 он гэхэд Засгийн газрын өрийг барагдуулсан байх зэрэг зорилтууд үндэслэл тооцоогүй, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ зохиогдоогүй учраас худал амлалтууд болсон.Мөн УИХ-аас 2015 онд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргасан боловч түүнийгээ хэрэгжүүлээгүй.Эдийн засаг тогтвортой хөгжихгүй, иргэдийн амьдрал сайжирч ядуурал арилахгүй, улсын өр олон тэрбум долларт хүрээд байгаа нь энэ бүхэнтэй холбоотой.
Монгол Улс шинэчлэгдсэн, хөгжил дэвшил гарсан боловч ухаалаг бодлогоор тогтвортой хурдацтай хөгжөөгүй, ядуурлыг арилгаж чадаагүй, олон тэрбум долларын өрөнд унасан, цаашид хөгжих бодлого нь тодорхойгүй болоод байгаа гэж өнгөрсөн 30 жилийн амьдралыг дүгнээд Хөгжлийн бодлого, үзэл баримтлалыг шинээр боловсруулж байгаа нь зөв санаачлага.
Төр засгийн эрх баригч улс төрийн намын удирдагчид Монгол улсын эдийн засаг нийгмийг ирэх 30 жилд ухаалаг бодлогоор хөгжүүлье, түүний хэрэгжүүлэлтээр иргэдийн өмнө хариуцлагаа хүлээж ажиллая, хууль, сахилга дэг журмыг эрхэмлэж урьд жилүүдийн алдаа дутагдлыг арилгая гэж байгааг ард түмэн дэмжих болно. Иргэдийн дэмжлэгийг авахын тулд хөгжлийн бодлогоо чанартай боловсруулж танилцуулсан, түүнийгээ хэрэгжүүлэх ажил зөв эхэлсэн байх учиртай.
Хөгжлийн үзэл баримтлалын шинээр боловсруулсан төсөл урьдынхаас чанаржсан байна уу?
Үзэл баримтлалын төсөлд бичигдсэн 9 эрхэм зорилт гэсний 4 дүгээр буюу эдийн засгийн зорилтын хэсгийг бага зэрэг судалж амжлаа. Урьд зохиогдож байсан Монгол улсын хөгжлийн хоёр үзэл баримтлалтай зэрэгцүүлэхэд судалгаа тооцооны хувьд сайжирсан байна. Хөгжлийн гол үзүүлэлтээр 2050 онд хүрсэн байх зорилтуудын зэрэгцээ төлөвлөж байгаа хугацааны эхний жилүүд буюу 2025 он, 2030 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг зарим гол үзүүлэлтээр тодорхойлсон байна. Энэ нь хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг эхний тав арван жилээс хэрэгжүүлэх шаардлагад нийцсэн байна. Дэвшүүлж байгаа зорилтуудын үндэслэлийг нягтлах, төлөвлөж буй төсөл, арга хэмжээнүүдийг тодотгох шаардлагатай гэж үзэж Үзэл баримтлалын төслөө эхний хувилбар гэсэн байна. Энэ зөв.
Тодотгох өөрчлөх юм байгаа нь ажиглагдаж байна. Жишээлбэл: 2050 онд нэг доллартой харьцах төгрөгийн ханш 2400 болтол чангарсан байх, Малын тоо 116 сая толгой болтол нэмэгдсэн байхаар тооцсон байгаа. Хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн жагсаалт байгаа боловч эхний жилүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг тодорхойлж техник эдийн засгийн үндэслэл тооцоог нь боловсруулах ажил хийгдээгүй. Үзэл баримтлалыгн төслийг боловсруулхад олон зуун хүн оролцсон гэж байгаа боловч нэгтгэн хянаж уялдаа холбоо, чанар зэргийг хариуцаж боловсруулсан автор буюу эзэн тодорхой биш байгаа зэрэг шүүмжилэх юм бий.
Эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцах төрийн захиргааны төв байгууллагатай байх асуудлаа шийдэхгүй бол, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 2015 оны хуулийг хэрэгжүүлдэггүй дутагдлаа засахгүй бол Хөгжлийн асуудал шийдэгдэхгүй.
Та төр засгийн удирдлагад хандаж эдгээр болгоомжлол, саналаа илэрхийлсэн үү ?
УИХ-ын дарга Г. Занданшатар энэ сарын 5-ны пүрэв гарагт Хөгжлийн Үзэл баримтлалын шинэчилсэн төсөлтэй танилцах, төслийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан. Тэр уулзалтдаа намайг оролцууллаа. Энэ сайхан завшааныг ашиглаж би “Алсын хараа 2050“ төслийг сайжруулах, эцэслэж боловсруулах болон батлахад анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад гарч байсан урьдын алдааг давтахгүй байх талаар өөрийн бодол саналыг ярьсан.Уулзалтад Үзэл баримтлалын төслийг удирдан боловсруулсан зарим эрдэмтэд, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг нөхөд байсан учраас миний хэлсэн тодорхой санал зөвлөмж анхаарагдах байх гэж найдаж байгаа.
УИХ-ын даргын зохион байгуулсан уулзалт дээр Та ямар санал зөвлөмж хэлснээ дурьдаж болох уу?
Би дараах тодорхой санал хэлж, түүгээр Занданшатар, Хүрэлсүх нарт бичсэн захидлаа уулзалт дээр гардуулсан:
“Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын төслийн эхний хувилбарыг УИХ-ын 2020 оны хаврын чуулганы хуралдаанд танилцуулах, түүнийг сайжруулах, баталж хэрэгжүүлэх асуудлаар санал авах зорилгоор хэлэлцүүлээд дараах гурван асуудлаар тодорхой шийдвэр гаргавал зөв болно гэсэн санал хэлсэн.
1. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яамыг энэ оны эхний хагаст байгуулах болон, Монгол улсын “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт оруулан хэлэлцүүлж улмаар УИХ-д өргөн барьж батлуулах эцсийн хувилбарыг гаргах, УИХ-аас батлагдсан шийдвэрийн хэрэгжүүлэлтийг хангах арга хэмжээ авч байх үүргийг тус яаманд хариуцуулсан шийдвэр гаргах.
2. “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын төсөлд төлөвлөгдсөн зорилтуудаас 2025, 2030 оны гол зорилт болгосон дараах үзүүлэлтүүдийг УИХ хянаж баталсан шийдвэр гаргах:
- Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тухайн оны үнээр 2025 онд 7400 доллар, 2030 онд 10800 доллар.
- Ажиллагсадын тоо 2025 онд 1,6 сая хүн, 2030 онд 1,9 сая хүн.
-Дундаж цалин 2025 онд 770 мянган төгрөг, 2030 онд 800 мянган төгрөг.
-Экспорт 2025 онд.....саядоллар, 2030 онд 25,6 сая доллар.
\Төсөл боловсруулсан нөхдөөс санал авч эдгээр үзүүлэлтүүдийг тодотгож болно.\
3.УИХ-ын 2015 оны Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ –ын сонгуульд оролцох санал хүсэлтэй улс төрийн нам, намуудын эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан байх, тэр шаардлага хангагдсан эсэхийг Үндэсний аудитын газар хянаад, дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульдулс төрийн намыг оролцуулах зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулсан нөхцөлд олгож байх ёстой. Энэ хууль бол Монгол Улсын хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгох чухал ач холбогдолтой. Энэ хуулийг 2016 оны сонгуулийн үед хэрэгжүүлээгүй зөрчлийг давтаж болохгүй.
Энэ үүднээс Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, Ажиллагсадын тоо, Дундаж цалин, Экспортын 2025 ба 2030 онд хүрсэн байх дээр дурьдсан зорилтуудыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тусгасанмөрийн хөтөлбөр боловсруулсан Улс төрийн нам буюу эвсэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны болон УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохыг зөвшөөрөх тухай УИХ-ын шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Улс төрийн намуудын боловсруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэхээр зохиогдсон эсэх дүгнэлтийг Үзэл баримтлал боловсруулсан эрдэмтэдээр гаргуулж болох юм.
Монгол Улсыг хөгжүүлэх ухаалаг бодлого боловсруулах, түүнийг хамгийн үр ашигтай арга хэлбэрээр хэрэгжүүлэхийн төлөө өрсөлдөх чадвартай Улс төрийн нам байхыг зөвшөөрдөг болж, эрх мэдэл албан тушаал олж авах зорилготой олон \35\ нам байгааг цөөрүүлж, Монгол Улсын хөгжлийг эрхэмлэж үр бүтээлтэй ажиллах сонирхол чадвартай 2-3 улс төрийн намтай болмоор байгаа юм.
Дээрх санал зөвлөмжөө УИХ-ын дарга Г. Занданшатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нарт би бичгээр өгөөд байгаа. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улс төрийн намуудын удирдах нөхөд анхаарах, олноороо хэлэлцэж шийдэх ёстой асуудал учраас эдгээр саналаа сонин хэвлэлд нийтлүүлэх бодолтой байгаа.
Ерөнхий сайд асан Д. Содном
2020-03-10