Монгол улсын 2020 оны сонгуулийн дараах амьдрал?
Энэ оны сонгуулийн үр дүнд төр засаг хэрхэн цогцлох, ажил амьдралд ямар өөрчлөлт гарахыг таамаглахад бэрх.
Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилд өөрчлөгдлөө. Шинэ монгол улс, шинэ монгол хүн бий болж байна. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн арав гаруй дахин өслөө, хүн амын тоо 1,2 сая хүнээр буюу тавь гаруй хувиар нэмэгдлээ. Иргэдийн амьдралын хэв маяг, хэрэглээний шаардлага өөрчлөгдөж байна. Дэлхий дахин биднийг мэддэг, бид ч дэлхийн улс орнуудын амьдралыг сургаар биш мэддэг болж байна. Гэвч энэ урт хугацаанд хүн амынхаа 30 шахам хувь нь ядуу байгааг арилгах хамгийн чухал асуудлаа шийдэж чадсангүй.
Иргэдийн гуравны нэгийг ядуу амьдруулж буйн хариуцлагыг монголын төр, энэ хугацаанд засаг төрийн эрхийг барьж байсан улс төрийн нам хариуцах ёстой. Бүр тодорхой хэлбэл өнгөрсөн гучин жилийн ихэнх хугацаанд засгийн эрх барьж байсан, байгаа одоогийн Монгол Ардын Нам хариуцлагаа хүлээж, цаашид засгийн эрх барьж байх эрхтэй байх эсэхээ, улсынхаа эдийн засгийг бэхжүүлж, иргэдээ ядуурлаас гаргаж чадах эсэхээ амлалтаар биш бодит ажлаар харуулах цаг хэдийнээ болсон.
Би одоогийн МАН-д 1954 онд 21 настай байхдаа элсэж, 66 жилийн ухамсарт амьдралаа энэ намтай холбосон, энэ намын үйл ажлын ололтыг дэмжиж, алдаа дутагдлыг хэлж, ард олонд итгэгдсэн, бусад улс төрийн намуудад үлгэр жишээ болж чадсан улс төрийн нам байгаасай гэсэн хүслээр амьдарсан хүн.
Саяхан бичсэн нийтлэлдээ би манай улс төрийн намууд ард иргэдийн итгэл хүндэтгэлийг алдаж байгаа бодит байдлыг бичсэн. Иргэдийнхээ итгэл хүндлэлийг алдаж байгаа улс төрийн намын нэг нь харамсалтай нь Монгол Ардын Нам. Гучин жилийн их хугацаанд сонгогч иргэдийн итгэлийг хүлээж засгийн эрхийг барихдаа ард түмнийхээ ихээхэн хэсэг ядуу амьдарч байгааг мэдсээр байж багасгаж чадаагүй нь итгэл алдрахын шалтгаан. МАН-д итгэхээ байж байгаа учраас улс төрийн олон жижиг намууд бий боллоо, аргаа олж ядсан олон хүн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшүүлцгээж байна. Дүгнэлт хийхгүй бол болохоо байлаа. Намыг, юуны өмнө МАН, түүний удирдлага өөрийгөө засахгүй бол засгийн хямрал нүүрлэж магад болж байна. Энэ оны сонгуулийн үр дүнд олон улс төрийн намын төлөөлөл, бие дааж нэрээ дэвшүүлж сонгогдсон олон гишүүдтэй УИХ, Засгийн газар бүрдвэл ямар бодлого үйлдлээр улс орны амьдралыг авч явах бол?
Би одоо улс төрийн намуудад гэсэн ерөнхий нэрээр биш Монгол Ардын Намд, түүний удирдлагад хандаж зарим санал бодлоо хэлэе. Бусад нам, нэр дэвшигчдэд ч санаа авах юм байх болов уу.
- Монгол улсыг алсыг харсан ухаалаг бодлогоор хөгжлүүлдэг болгох ажилд хариуцлагатай хандаач гэж хэлэе. Сүүлийн хорин жилд Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх хоёр бичиг баримт гаргасан боловч тэр нь чанаргүй боловсрогдсон, хэрэгжүүлэх бодит ажил хийгдээгүй учраас нэг хүнд оногдох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 15 мянга, 17 мянган ам долларт хүргэж ядуурлыг арилгана гэж иргэдэд худлаа амлалт өгч байсан ноцтой алдаагаа битгий давтаач. Одоо боловсруулсан гэж байгаа “Алсын хараа 2050“ нэртэй хөгжлийн үзэл баримтлал гэдэг чинь мөн л чанаргүй боловсрогдсон, бусад улс төрийн намуудтай зөвшилцөөгүй учраас Монгол төрийн бодлого болж чадаагүй, хэрэгжүүлэх ажлыг орхигдуулж байгаа алдаагаа засаач. МАН-ын энэ оны сонгуульд зориулсан хэлэлцүүлж байгаа мөрийн хөтөлбөрт чинь “Алсын хараа” үзэл баримтлалд бичигдсэн 2025, 2030 оны зорилтууд, тухайлбал Нийт бүтээгдэхүүний хэмжээ, Экспортын хэмжээ, Ажиллагсадын тоо, Дундаж цалин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлох зорилтууд тусгагдаагүй, олон тооны томхон төслүүдийн нэр байгаа боловч тэдгээрийн эдийн засгийн үр ашиг ямар байх талаар дурьдсангүй.Ийм учраас ядуурлыг бууруулна гэсэн амлалт нь хэрэгжих юм байна гэсэн итгэл төрөхгүй байгаа.
- МАН-ын нэрээр нэр дэвшүүлж байгаа нөхдийн сонгуулийн сурталчилгааг ажиглаж байхад нэр дэвшиж байгаа тойргийнхоо сонгогчдод таалагдах юм олж ядаж амлах нь их, харин эдийн засаг нийгмийн хөгжлийн гол ямар асуудлыг яаж шийдэх, хөгжлийн бодлогын талаар ярьж байгаа юм ажиглагдахгүй байна. Би зарим нэр дэвшигчийг сонгогдоосой гэж дэмжиж байгаа. Жишээлбэл Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Булгантуяаг дэмжинэ. Учир нь тэр эмэгтэй өнгөрсөн дөрвөн жилд Сангийн дэд сайдаар ажилласан, улсын төсвийн нөөц хүрэхгүйн зовлонг мэдэрсэн, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж төсвийн орлогын эх үүсвэр, экспортын орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг ухаарсан. Тийм учраас зөвхөн сонгогдсон тойрогт төдийгүй улсын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг ядуурлаас гаргах асуудлыг анхаарч ажиллах байх гэж итгэж байгаа.
- МАН-ын дарга эрхэм нөхөр У. Хүрэлсүхдээ хандаж бас хэлэх юм байна. Эдийн засаг, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаар. Улсын эдийн засаг санхүүгийн нөөцийг өсгөсөн нөхцөлд ядуурлыг арилгаж, улсыг өрийн дарамтаас гаргаж болно. Тийм учраас ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлбэл улс баяжиж иргэдийн амьдралд тус болохыг өөрөө тооцоолдог, бусдын хийсэн санал тооцоог шалгаж бурууг засаж чаддаг байх нь маш чухал. Улаанбаатар хотын утааг багасгаж, цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаа нь сайн хэрэг боловч улс нийгмийн хөгжлийн том асуудлын шийдэлд ямар байр эзлэхийг бодолц. Нефть боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Гэвч Халх гол орчим Хятад улсын компанийн олборлож байгаа газрын тосны 80 орчим хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах учраас импорт олигтой хэмнэгдэхгүйг, хэзээ Монголын үндэсний компани газрын тос олборлодог болох, Халх гол орчмоос газрын тосыг Сайншанд орчимд яаж тээвэрлэх болон түүний хөрөнгө оруулалтын болон ашиглалтын өртөг ямар байх, эдгээрийг бодолцвол боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг хэд байхыг тооцож үз.
- МАН нэр хүндтэй, УИХ, Засгийн газарт олонх байж улс нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэж байх чадвартай байх эсэх нь намын доторх эв нэгдэл, санаа сэтгэлийн ариун бөгөөд хамтач байдал шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ удаагийн сонгуульд МАН олонх байх эсэх нь бүх нэр дэвшигчид чинь санал авч чадах эсэхээс хамаарна. Та өөрийнхөө намыг төлөөлж УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа нөхдөө “та нар бүгд хулгайчид, би мэдэж байна” гэж ярьж байсан чинь сонгуулийн сурталчилгааны үед сөргөөр ашиглагдаж байна. Хэлэх үгээ бодож баймаар. Ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх үзэл туйлширч, сахилга дэг журам үгүйлэгдэж байгаа учраас таны сахилга хариуцлагатай байх талаар хэлдэг шаардлагыг хүмүүс үнэлдэг. Дүр эсгэсэн шудрага байдлаар биш ажлын үр дүнгээр эцсийн дүгнэлт гарч байх учиртайг анаарах биз.
- Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсад төрийн ба хувийн хэвшлийн аж ахуй хөгжиж байх ёстой. Эдийн засагт ихэнх хувийг хувийн хэвшил эзэлдэг болсон гэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй улсад ийм байгаа байх. Гэтэл манайд сүүлийн үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүний дотор өндөр үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж баялаг бүтээж, улс орон нутгийн төсвийн орлого, экспортын нөөцийг өсгөхөд доривтой хувь нөмөр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих биш атаархаж ад үзэх, ажил үйлст нь саад хийх явдал газар авч байна. Гучин гэр бүл гэсэн үзэн ядалтын уур амьсгалыг өдөөж байгааг та мэднэ. Ийм үзэн ядалтад өртөж байгаа аж ахуйн нэгжийн нэг нь Монголын Алт Компани. МАК бол үр ашигтай үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж, улсын төсвийн орлого, экспортын нөөц өсгөж байгаа, олон мянган хүнийг ажилтай орлоготой болгож буй цөөхөн компанийн нэг гэдгийг та сайн мэдэх учиртай. Энэ компанийн үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг мэддэггүй буюу мэдэх, урам өгөхийг хүсдэггүй зарим хүмүүс бий. Түүний нэг нь Ерөнхий сайд та өөрөө байдагт би их харамсдаг. МАК –ийн эзэн Нямтайширын хүү Номтойбаярыг та УИХ-ын чуулган дээр чи бол гучин гэр бүлийн нэг гэж цоллож байхыг би хараад харамсаж байсан. Та үнэхээр баялаг бүтээгчдийг ад үздэгтээ тийм үг хэлж байсан уу, эсвэл тэр залуу таныг шүүмжилж байснаас өсөрхөж байдаг уу гэдгийг би мэдэхгүй. Тэр залуу алдаж онож л байдаг биз. Саяхан та “баян айлын эрх хүүхдийг эрхлүүлдэг төр байж болохгүй” гэсэн утгатай үг хэлж байхыг сонслоо. Ерөнхий сайд гэдэг бол айлын эзэн буюу эцэг. Эцэг хүн зүггүйтсэн хүүхдээ хүмүүжүүлдэг, барьж аваад хар гэрт хийгээд байдаггүй. Бас л төрийн удирдагч хүний зан араншин төлөвшлийн асуудал.
Энэ оны сонгуулийн үр дүнд төр засаг хэрхэн цогцлох, ажил амьдралд ямар өөрчлөлт гарахыг таамаглахад бэрх.
Ерөнхий сайд асан.Думаагийн Содном
2020 – 06 – 12