МОНГОЛ ХЭЛЭНД ГАЛИГ ТЭМДЭГТ ХЭРЭГЛЭХҮЙ

Монгол бичгийн дүрмийг XIV зууны эхээр Чойжи-Одсэр зохиосноос хойш долоон зууны турш тогтвортой хэрэглэгдсээр иржээ. Түүнийг ихэнх сурвалжид уйгар хүн байсан гэдэг авч тэрээр төвд, монгол, хятад, түрэг хэлэнд гаргууд нэгэн байсан бололтой. Тухайн үед дэлхийг эзэлсэн монголчуудын хэлэнд шинэ шинэ ухагдахуун орж ирсэнтэйгээр холбогдон гадаад хэлний зээлдмэл үг олноор нэвтэрсэн байна. Иймээс Чойжи-Одсэр эдгээрийг монгол аялга руу галиглалгүйгээр цаад хэлнийх нь дүрмээр бичихээр тогтжээ. Чухам үүнээс болоод харь гаралтай маш олон үг монгол бичгийн дүрмэнд захирагддаггүй, аман аялагаас сондгой бичигддэг. Гол- гоол, шулмас – шимнасу, очир – важир гэх мэт. Санасныг бодвол ийм дүрмийн бус бичлэг маш их, үүнийг зөвхөн тогтоох хэрэгтэй болдог. Одоогийнхоор зүйрлэх юм бол англи хэлэнд ярьдагаасаа шал өөрөөр бичдэг маш олон үг байдагтай дүйцүүлэн ойлгож болно. Сайн тал нь хомонамэ гэгддэг ижил дуудлагатай өөр утгатай үгийг өөр өөрөөр бичих аж. Хадаасны ТАВ, тав тухын ТАВ, тавын тооны ТАВ өөр өөрөөр бичигдэх аж. “Тав алдсан нь” гэсэн өгүүлбэр өнөөгийн кирил бичгээр “тав дахин алдсан” юм уу, “тав тух алдсан” юм уу нь ялгагддаггүй. Мөн “анги” ба “ан” гэсэн үгс дээр харъяалахын тийн ялгал нэмэхээр адилхан “ангийн” гэж бичигдэнэ. Иймэрхүү жишээ маш олон.

Монгол хэлэнд анхны галиг үсгийг Чойжи-Одсэрээс өмнө Пагва лам зохиожээ. Түүний санаачилсан дөрвөлжин үсэг нь гагц монгол хэлний төдийгүй олон хэлний дундын галиг үсэг байсан юм. Үй олон үндэстнийг нэгтгэсэн Их Монгол улсад нэгдсэн галиг хэрэгтэй байснаас энэтхэг-төвд үсгийн зарчмаар нийтлэг галиг зохиосон нь энэ аж. Үүнийг дөрвөлжин үсэг гэдэг ч олон улсын тогтсон нэршлээр “пагва бичиг” гэнэ. Өөр өөр хэлтнүүд байтугай ханзаар буюу дүрс үсгээр бичдэг хятадууд хүртэл нэг утгыг өөр өөр ханзаар дураараа тэмдэглэчихдэг байсан учир бичиг захидалд нөгөөдөх нь ойлгомжгүй, эсвэл өөр утга агуулдаг бэрхшээл их гардаг байсан гэнэ. Энэ нь үлгэрлэвээс өнөөдөр дэлхий нийтээр дундаа латин гэсэн нэг галиг үсэгтэй болсонтой ижил юм. Бүр тодорхой хэлбэл компютэрийн юникод гэсэн үг. Солонгос хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн олон захидал өнөөдөр ч олдсоор. Судлаачдын нотолж буйгаар Сэчон хааны захиалгаар зохиогдсон өнөөгийн солонгос бичиг нь чухам дөрвөлжин үсгээс санаа авсан гэх. Дөрвөлжин үсгийг холбохдоо энэтхэг-төвд маягаар хөндлөн биш, монгол бичгийг дуурайж дээрээс доош бичдэг байжээ. Ерөөс уйгарууд согдоос бичиг авсныхаа дараа хятадуудыг дуурайж дээрээс доош бичдэг болсон нь монгол уйгаржин бичигт уламжлагдсан гэдэг. Юань улсын дараа гарч ирсэн Мин улс монголтой холбоотой болгоныг үгүйсгэсэн учир дөрвөлжин бичгийг цаашид хэрэглэхээ больсон юм.

Өнөөгийн уйгаржин монгол бичигт зориулсан латин-герег хольсон галигийг XIX зууны үед гадаадын монголч эрдэмтэд зохиожээ. Зарим тэмдэлгээ нь ерөөс цоо шинээр зохиосон дүрс. Энэ нь монгол бичиг сурахад дөхөм болдог. Өнөөдөр дэлхийн бараг бүх төрлийн бичиг өөрийн латин галигтай, тэрэндээ таарсан тусгай дүрэмтэй болжээ. Үүнийг латин бус үсэгтэй хэлэнд хэрэглэнэ. Орос, хинди, хятад, япон, армян, гүрж, араб, герег, тай, солонгос гээд олон хэл латин бус үсэг хэрэглэдэг учир үүнийг нийтлэг үсэг болох латин хэрэглэн унших шаардлага гардаг. Гэхдээ тэмдэгт болгон бүх хэлэнд ижил дуудагдана гэсэн үг биш. Тухайлбал “Q” тэмдэглэгээг хятад галигт “ч” гэж унших бол арабаар “кх” (хоолойн К гэх юмуу даа) гэнэ. “Х” тэмдэглэгээг хятад галигаар “Ш” “С” хоёрын дундуур маягтай хэлдэг аж. Кирил үсэгтэй болгар, сэрби, украин хэлнүүд өөрийн дүрэм бүхий албан ёсны латин галигтай болсон. Хэдэн жилийн өмнө нэлээд хоцорч байж орос хэлний латин галигийн дүрэм батлагдлаа. 

Тавиад оны үед кирил бичигт шилжсэн өнөөгийн кирил монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Chinggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Монголд компютэр нэвтэрч байх үед маш олон янзын кирил үсгийн код хэрэглэж байсныг 1996 онд Засгийн газрын тогтоолоор “оргилтек” хувилбарыг сонгон нэгдсэн кодтой болсон билээ. Гэтэл мөн тэр үеэс нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчлэнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчилах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхэний санаачлага, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм. 

Монгол бичгийг галигжуулах оролдлого түүхийн турш нэлээд хэдэн удаа санаачлагджээ. Дээр хэлснээр дөрвөлжин үсэг нь магадгүй дэлхийн анхны галигчлал ч байж магадгүй. Төвдийн шашин хүчтэй орж ирснээр төвд, самгард хэлний үгс, утга санаа нэвтэрч, тэрэнд нь тохируулж үсгээ галигчлах шаардлага гарчээ. Ингээд XVI зуунд Аюуш гүүш галиг санаачилж, нэлээд үсэг шинээр зохиожээ. Төвдийн шашин хүчтэй нэвтэрснээр тэдний шинэ үгс, шинэ ухагдахуун даган орж ирсэн тул тэр болгонд нь монгол хэлэнд огт байдаггүй авиа зохиох шаардлага гарсан юм. Монгол хэлтэн “лха” гэж хэлж чадна. Энэ нь монгол “ла”-аас (la) өөрөөр дуудагдана. Лхам нь ламаас өөр дуудлагатай. Гэтэл энэтхэг төвдийн “дха”. ”тха”, “рха” гэх мэтийн авиаг дуудаж чадахгүй. Иймээс дхарма-дарма, бодхи – бодь гэж хэлдэг, бичдэг. Энэ нь жишээ нь англи хэлний “th” авиа монгол хэлэнд байдаггүй учир кирил үсэгт “с”, эсвэл ”т” гэж тэмдэглэдэгтэй төстэй юм. Буддагийн нэрийг Сиддхарта гэж бичээд байдаг. Үүнийг уншихаар СиддХарта болчихдог. Уг нь монгол аялгаар Сиддарта л даа. Үүнтэй тун төстэй жишээ бол Пхеньян хотын нэр. Орос тэмдэглэгээгээр “пх” нь “п” авиагаа их зөөлрүүлж дуудна гэсэн санаа. Манай хэлээр “п” бол “пэ”, ямар ч хатуу зөөлөн гэж байхгүй. Хойд Солонгосын нийслэл Пёньянь (Pyongyang) болохоос “пХэнян” биш. Өвлийн олимп зохиосон Пёнчан (Pyeonchanng) хотын нэрийг оросоор Пхунчхан гэж бичдэг нь тэдний дүрмээр зөв юм.

Бас нэг галигчлал бол Намхайжанцангийн санаачилсан тод үсэг юм. Энэ нь бичгийг ярианы хэлэнд дөхүүлсэн хэрэг. Уйгаржин монгол бичиг нь ердөө 14 тэмдэгттэй, олон авиа ижил бичигддэг учир тэрээр үүнийг тодотгон ялгамжилжээ. Бичиг төдийлөн дэлгэрч чадаагүй ч Халимагт болон ялангуяа торгууд ястны дунд нэлээд тархан бичиг номд хэрэглэж байв. Үүнтэй төстэй нэг оролдлогыг буриад лам Агваандорж 1905 онд санаачилжээ. Үүнийг вагиндра үсэг гэж нэрэлдэг нь өөрийнх нь Агваан нэрийн самгард орчуулга юм. Гол нь орос үгийг галигчлахад чиглэсэн энэ санаачлага өөрөөс нь цааш олигтой нэвтрээгүй. Зөвлөлтийн олон үндэстний олон бичгийг нэг галигт оруулах гэж гучаад оны үед бүгдийг нь латинчлах хөдөлгөөн өрнөсөнд манай монгол бичиг өртөж байсан. Гэвч энэ нь нийтийг хамарч дүрэмжсэн явдал үгүй, зөвхөн сонин хэвлэл уриа лоозонгийн толгой хийхэд монгол үсгийг орлуулан хэрэглэдэг байжээ. 

Нийтээр хэрэглэх зориулалтгүй, зөвхөн хувийн болон тусгай зориулалттай галиг ч бий. Үүний нэг жишээ нь энэтхэг ланз үсгээс санаа авч Занабазарын зохиосон соёмбо үсэг. “Өөрөө буй болсон” гэсэн утгатай соёмбо нь илүүтэй билэгдэл, урлагийн чанартай, соёмбыг задлан тэмдэгт орлуулсан боловч шашин урлагийн билэгдлээс өөрөөр нийтийн хэрэгцээнд ашиглах бололцоогүй. Чойжи-Одсэр монгол бичгийн дүрэм зохиохоос өмнө уйгараас авсан уйгаржин монгол бичиг нь бичгийн гэхээсээ тамга тэмдэг зэрэгт хэрэглэдэг галиг төдий байсан бололтой байдаг. Лам нар юм бичихдээ монгол хэлээр мөртөө төвд үсгээр галиглан бичих нь элбэг, энэ нь илүү дассантай холбоотой гэж Владимирцов тэмдэглэсэн байдаг. Чойбалсан хувьдаа нууцалсан тэмдэглэлээ кирил үсгээр бичдэг байжээ. Энэ нь тэрээр кирил үсэг анхлан нэвтрүүлсэн гэсэн үг биш, зөвхөн кирилийн тэмдэгтээр бичгээ галиглаж байсан. Тагнуул, цэрэгт ч тодорхой дүрсүүдээр галиглах явдал байдаг ч тайлаад уншихаар зүгээр л энгийн хэлээр бичигдсэн байна. Одоогийн хүүхдүүд солонгос үсгээр шпаргалк бэлдээд шалгалтанд орж байна гэж нэгэн багш гомдол гаргаж байсан. 

Хэл болгон өөрийн авиатай, тэр нь бусад хэлнийхтэй таарч байх албагүй. Англи хэл нь үгээ бичгээр илэрхийлэх 26 тэмдэгттэй боловч 44 тусдаа авиатай гэж хэл шинжээчид тоолсон байдаг. Гэхдээ энэ нь адилхан англиар ярьдаг шотланд, австрали хүмүүсийнхтэй тэр болгон таарахгүй. Монгол хэл хэдэн авиатайг тооцсон судалгаатай таараагүй. Лав л кирил бичиг нь 35 тэмдэгттэй учир мөн тийм тооны авиатай гэсэн үг ер биш. Халх аялагад байдаггүй дөрвөдийн “ө”, буриадыг “h” зэргээс үзэхэд авиа тэмдэглэх нь нэлээд төвөгтэй эд бололтой. Нэг хэл дотроо биендээ таардаггүй өөр авиатай байхад тэс ондоо гадаад дотоод хэлүүд бүр ч хоорондоо таарахгүй байх нь дэндүү ойлгомжтой.

Гучаад оны дундуур Ата Түрк түрэг хэлний араб бичгийг латин үсэгт шилжүүлжээ. Гэтэл Зөвлөлтийн түрэг үндэстнүүд, ялангуяа азербаджан зэрэг хэл нь түрэгтэй тун ойролцоо, шууд ойлгогддог учир энэ нь үзэл суртлын халдвар болно гэж Сталин болгоомжлоод өөрийн олон үндэстний бичгийг латинчилж байснаа зогсоогоод орос кирил үсгээр солих тушаал гаргасанд монгол хэлний бичиг мөн өртсөн юм. Ингээд уйгаржин монгол бичгийг кирил үсэг рүү шилжүүллээ. Гэхдээ галиглахын оронд халх аялгад тулгуурлан цоо шинээр үсгийн дүрэм зохиожээ. Учир нь мөн уйгаржин монгол бичигтэй Буриад Монгол улсад хори аялгад тулгуурлан шинээр дүрэм зохиосон, бас Халимагт торгууд аялгад тушиглэн кирил үсэгтэй тусгай дүрэм зохиосон болохоор БНМАУ дагахаас өөр аргагүй болжээ. 

Орос кирил үсэгт тохируулж үсгийн шинэ дүрэм зохиох үүргийг улс төрийн хэргээр шоронд сууж байгад дөнгөж саяхан суллагдсан бичгийн их гүүш Дамдинсүрэнд даалгажээ. Долоон зууны турш хэрэглэгдээд хэвшсэн уйгаржин монгол бичгийн уламжлалт үсгийн дүрмийг нь огоороод цоо шинэ дүрэм баримтлах болсон нь олон талаар ухралт болсон юм. Гэвч энэ шинэ үсгийн ачаар богино хугацаанд нийт ард түмнийг бичиг үсэгтэй болгож чадсанаар том дэвшил болсон.

Алив үг үсгийг нэг хэлээс нөгөө рүү, нэг аялгаас нөгөө рүү, нэг бичгээс нөгөө рүү галиглахдаа үндсэн хэдэн дүрэм баримтлах шаардлагатай болдог. Аялга авиагаар ижилсүүлэх, үгийг эхтэй нь ижилсүүлэх, орчуулж дөхүүлэх гэсэн өөр өөр арга техник байна. Гэхдээ үндсэн шаардлага гэвэл өгөгдсөн үгийн авиаг хэвээр хадгалах, морфем угшлыг нь хадгалах, хэрэв авиаг нь зөв гаргаж чадахгүй бол уг үгийн гарал үүслийг хадгалах, адил төстэй байдал байвал орлуулах, уламжлал баримтлах гэх мэт. Эдгээр шаардлагыг нэгэн зэрэг бүгдийг нь гүйцээх бололцоо бараг үгүй.

Дамдинсүрэнгийн шинээр зохиосон орос кирил үсгийн дүрэм нь орос хэлний галиг шууд араасаа дагуулж ирэв. Гэтэл алтай язгуурын залгамал бүтэцтэй монгол хэл, энэтхэг-европ язгуурын орос хэл хоёр нь авиа хэллэг төдийгүй бүтэц найрлагын хувьд ядахнаа төстэй байдал нь ч тун ховор. Ялангуяа гадаад үгийг өөр рүүгээ галиглахад авиа дуудлага нь шал өөрөөр тусна. Тэмдэгтийн дуудлага нь ихэнх тохиолдолд хоорондоо таарахгүй.

Нэгэнт Сталин кирил үсэгт шилжихийг “зөвшөөрсөн” болохоор (“БНМАУ-ын бичиг үсгийг монгол цагаан толгойноос орос цагаан толгойд шилжихэд татгалзахгүй. Сталин” гэсэн захидал байдаг. Монголоос хэн ингэж санал явуулсныг Сталин “зөвшөөрсөн” юм бол?) Засгийн газрын зөвлөх гэгдэх Приходов, Сидоров нар хэдийгээр монгол хэл огт мэдэхгүй боловч Дамдинсүрэнгийн ажлыг байнга шалгана. Чойбалсан нэг удаа Дамдинсүрэнг ажлаа хийж дуусах дөхөх үед нь дууджээ. Өрөөнд нь Цэдэнбал, Зөвлөлтийн сургагч нар хамт байна. Эрдэмтэн дүрмээ танилцуулаад эхэлтэл оросууд “хатуу, зөөлний тэмдэг хаана байна?” гэж асуулаа. Монгол хэлэнд энэ нь огт хэрэггүй гэж хичнээн тайлбарлаад нэмэр болсонгүй. Өөрийг нь дэмжих болов уу хэмээн удирдагч нар руугаа хартал “Эдний хэлснээр болъё” гэцгээсэн аж. Орос хэлний бүх үсгийг бүтнээр нь ав гэж шаардсан учир Дамдинсүрэнгийн хасахаар товолсон хатуу зөөлний тэмдэг, щ, жаран нэгийн и зэрэг тэмдэгтүүд бүрнээрээ орж иржээ. Ингээд орос үсгийн 33 тэмдэгт дээр “ө”, “ү” үсэг нэмж 35 болгоод монгол кирил үсэг зохиогдлоо.

Орос хэлний “В” авиа монгол хэлэнд байдаггүй учир шинэ үсэгт тайлагдаж байх үед хүмүүс ялгахын тулд “хатуу Б”, ”зөөлөн Б” гэж сурч байжээ. Доод уруул, дээд шүд шүргүүлсэн “В” авиа үгийн эхэнд байдаггүйгээс тэр. Баар, Баанчиг, Боршилов гэж хэлнэ. Гэтэл англи хэлэнд орос В ч бий (V), монгол В ч бий (W). Оросууд үүнийг ялгахын тулд V –г В-ээр, W-г УИ, УА, УЭ гэх маягаар галигладаг. Wilson, Wels, Watson нь оросоор Уилсон, Уэлс, Уатсон болдог бол уг нь монголоор Вилсон, Вэлс, Ватсон гэж галиглах ёстой л доо. Монгол хэлээр УЭлс хэж хэлээд үз дээ. Ядаж байхад Дамдинсүрэн орос хэлний “Ү” авиаг эндүүрээд “У” тэмдэгтээр авчээ. Хоолойгоор дуудагддаг “У” авиа ихэнх хэлэнд байдаггүй. Иймээс клУб биш клүүб гэж оросууд ч, монголчууд ч дууддаг биз дээ. Хачирхалтай нь монгол хэлэнд “Ф” авиа байдаггүй гэх авч үгийн дунд эгшигийн араас энэ авиа дуудагддаг нь уФс, дэФс гэдгээс ажиглаж болно. Шүд уруул яг хаагуураа шүргэж байгаагаас болдог бололтой. “Ф” авиаг үгийн эхэнд хэлж чаддаггүй учраас паафрик, пото, параанц гэх мэтээр дууддаг.

(үргэлжлэлтэй)