Хорин нэгдүгээр бүлэг

Дөрвөн жилийн дараа

Ард түмэн гэгч аугаа их хүч бөгөөд ямагт өөрийгөө аврах хүнийг дотроосоо төрүүлж байдаг. 

О.ДАШБАЛБАР 


2017 оны 6 р сар.

Монголд ардчилал үүсэж шинэ үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш долоон удаагийн сонгуульт хугацаанд дөрвөн хүн ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд энэ сонгуулиар тав дахь ерөнхийлөгчийг сонгогдох гэж байлаа. 

Харин манай улс хагас-парламентийн, хагас -ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн таван улсын нэгэн бөгөөд 1992 оны үндсэн хуулиар зөвхөн ерөнхийлөгчийг л бүх ард түмний тавиас дээш хувийн саналаар сонгодог үндсэн хуультай болсон билээ. Гэтэл энэ хугацаанд засгийн газрийн тэргүүн буюу ерөнхий сайдаар зүй ньдолоон хүн ажиллах ёстой байсан бол үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд арван долоон хүн Ерөнхий сайд хийж, зүй нь мөн л долоон Засгийн газар байх ёстой байсан бол арван таван Засгийн газар солигдсон байна. 

Яагаад? Яагаад гэвэл Засгийн газрыг УИХ байгуулдаг учир Засгийн газар нь УИХ-ын гишүүдийн хувааж идэх бялуу болж байдаг. Засгийн газарт сайндаа арван зургаан сайдын суудал байхад УИХ-д далан зургаан ам байж байна. Үүнээс үүдсэн дайн юм. Иймээс л засгийн газар үргэлж жаран дайсантай байдаг юм. Тиймээс л засаг нь тогтворгүй. 

Харин энэ хугацаанд дөрвөн ерөнхийлөгчийн хэнийг ч огцруулаагүй бөгөөд харин ч эсрэгээр хоёр ерөнхийлөгч тус бүр найман жил ерөнхийлсөн. 

Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгчийг УИХ биш харин Монголын ард түмэн сонгодог юм. Гэтэл ард түмнийхээ талаас илүү нь сонгосон ерөнхийлөгч эдийн засгаа огт мэддэггүй УИХ-аас томилогдсон ч байнга унаж байдаг тийм богино настай засгийн газрын ерөнхий сайд төсвөө барьдаг ийм л сонин тогтолцоотой улс орон гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу. 

Өнгөрсөн хугацаанд ажилласан арван таван засгийн газрын насыг дундчилбал ердөө арван дөрвөн сар юм. Манайх шиг хүйтэн улиралтай улсад ийм богино хугацаанд ганц өөдтэй байшин ч барьж амжихгүй богино хугацаа юм. Улс төр судлаач Л.Мөнх-Эрдэнийн саяхан хэвлэн гаргасан “Тэргүүнгүй төр” номд энэ мэт гажуудлын тухай онолын бат суурьтайгаар олонтой дурдсан байдаг. 

Х.Баттулгын эхнэр орос бүсгүй байдаг бөгөөд түүнийг ямар хүн байдаг тухай сонирхсон яриа өнөөг хүртэл олны анхаарал татсан хэвээр. Тэрээр үндэсний телевизээр халз мэтгэлцээнд орох үед эхнэрээ яагаад ил үзүүлэх дургүй байдаг тухай асуусан асуултад “Гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл. Тэгээд ч манайх ерөнхийлөгчийн засаглалтай улс биш учир тэргүүн хатагтай гэж ухагдахуун байхгүй...” хэмээн хариулж байсан билээ. 

Түүний эхнэр манай улсын суугуул иргэн бөгөөд нэгэн сонирхолтой түүх надад өгүүлж байсныг доор өгүүлье. 

1919 оноос 1921 оны хооронд манай улс тусгаар орших эрхээ Дундад Иргэн улсын цэргийн эрх мэдэлтнүүдэд алдсан үед “Галзуу Барон” хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг манай түүхэнд их үүрэг гүйцэтгэчхээд улаан оросуудын гарт амиа алдсан билээ. 

Тэрээр Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-1921 онд Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж Богд хааныг хятадын хорионоос сулласан түүхтэй. 

Барон Унгерн Азийн морин дивиз гэх сүржин нэртэй бүлэг цэрэг удирдан, монголчуудын дэмжлэгтэйгээр Нийслэл Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хотыг хятадын гамин намын цэргээс чөлөөлөн VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяа түүнд ногдоно. Тэр үед монголчууд дангаараа яагаад ч хятадын тэр олон цэргийг ялан дийлж чадахгүй байсан юм. 

Барон Унгерний цэрэгт Баттулгын эхнэр Анжеликагийн өвөг эцэг хамт орж ирсэн байдаг. Тэр хүнийг Даваа гэдэг байсан бөгөөд тухайн үедээ ном эрдэмтэй, цэргийн боловсролтой хүн байсан учраас Барон Унгерныг баригдахад улаан цэргүүд түүнийг авч үлдээд цэргийн мэргэжилтнээр ажиллуулжээ. 

Тэрээр Монголд суурьшин амьдарч байгаад 1937 онд Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийн гишүүн хэмээн баривчлагдаж цаазлагдсан ажээ. 

Монголд цагаатгалын ажил явагдахад түүнийг 1964 онд Гэндэнгийн хамт цагаатгасан баримт нь түүнд байдаг юм. Баривчлах үед гэрт нь нэгжлэг хийхэд пянз тоглуулагч, пянзнууд, олон янзын буу зэрэг чамин содон зүйлсийг хурааж авсан талаар тэр баримтад бичсэн байдаг. Аавыгаа алдсан хүүхдүүд ЗХУ буюу Буриад руу явсан бөгөөд тэнд очоод Орос-Монгол хэлний толь бичгийг Даржийбуу гэж гэр бүлийн хүн нь гаргаж байжээ. 

Үүнээс хойш ЗХУ-аас дөчөөд оны сүүлээр орос мэргэжилтнүүд ирэхэд нэг хүү нь Монголд буцаж ирсэн нь түүний эхнэрийн өвөө “Орос” хэмээх Баяр юм. Мөн нэг охин нь Орос хэлний багшаар ирсэн байдаг. “Орос” Баяр хэмээх өвөө нь манай циркийг үндэслэгчдийн нэг бөгөөд Монголын төрөөс “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан нь одоо ч хадгалагдан үлджээ. Усанд сайн сэлдэг, их гавшгай, сэргэлэн хүн байсан бөгөөд циркийнхэн орон нутагт тоглолтоор явж байхад үертэй байсан Орхон голыг хөндлөн сэлээд гарчихдаг байсан тухай Ё.Намсрай гэх циркийн ахмад жүжигчин дурссан нь бий. Мөн Дэмчигжав хэмээн өөр нэгэн ахмад жүжигчин “Орос” Баярыг нугардаг, жонглёрт их сайн, газрын үсрэлтийн акробат хийхдээ гарамгай сайн циркчин байсан хэмээн Монголын циркийн ахмадын холбооны тэргүүн Г.Доржнамжилд хуучлан ярьсан байдаг. 

Мөн эмээ нь одоо амьд сэрүүн Монголд амьдарч байгаа. Орос хэлний багшаар ирж ажилласан охин нь 1975 оны үед Баттулгад орос хэл зааж байсан Дариймаа багш болж таарсан нь ховор сонин хувь тохиол юм. Баттулгын эхнэрийн төрсөн ээж нь Волгоградын орос эмэгтэй. Харин аав нь Буриад, Чечений эрлийз хүн байсан бөгөөд 1980- аад оны үед өвчнөөр таалал төгссөн суугуул орос хүн байсан тухай тэрээр ярьж байж билээ... 

Одоо эргээд ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриандаа ороё. Баттулга анхлан Ардчилсан намын сунгаанд орж тэргүүлснээр энэ намаас ерөнхийлөгчид сонгогдох эрхээ олж авсан бөгөөд сонгуулийн сурталчилгааны хоног сонгуулийн хуулиар ердөө гурван долоо хоног байсан билээ. 

Сурталчилгааны ажил эхлэхээс өмнөхөн МАН -ын намын дарга М.Энхболд Монголын хамгийн сайн үзэгчтэй “Ийгл” телевизэд “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орж хамгийн нөлөөтэй, баян чинээлэг бизнесменүүдийг тойруулж суулгаад яриа хийсэн нь түүний хувьд эерэг гэхээсээ эд нарын бизнесийг л дэмжиж тендер тарааж суудгаа үзүүлсэн буюу МАНАН хэмээх мафийн нэг гишүүн гэдгээ харуулсан эсрэг сурталчилгаа болж мордохын хазгай гэгч болов. 

Энэ үеэр өмнөх хэсгүүдэд өгүүлсэн Херо энтэртэймэнтийн найруулагч Баатар надруу утастлаа. 

-Төрөө ах М.Энхболдын тухай нэвтрүүлэг харсан биз дээ. 

-Үзсэн. 

-Тэгсэн намайг өөрийнхөө ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах уу гэж байна? 

-Ямарүнээр?
-Эд нар үнэхээр бяртай байнаа. Хоёр тэрбум өгье гэж байна. 

-Юу сая долларшдээ... 

-Харин тийм ээ би юу гэж Тулга ахыгаа орхиод түүнд ажиллах билээ дээ. Тулга ах байгаагүй бол “Монгол тулгатны 100 эрхэм” байхгүй байх байсан та юу эс андахав. Энэ байдлаар бол бүх хүн тийшээ явж бид хэд л торойж хоцрох болоод байна даа. Мөнгийг ёстой машин машинаар тэд цацаж эхлэх гэж байна ....гэж ярилаа. 

Ингээд удалгүй сонгуулийн сурталчилгааны цаг эхлэв. 

Монголын нэртэй цуутай, авьяас, чадалтай бүхэн МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболдын сурталчилгаанд ажиллаж эхэллээ. МАНАН хэмээн нэрлэгдээд байгаа улс төр, эдийн засгийн далд бүлэглэлийн зорилго бол Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгоод Элбэгдорж тэргүүтнүүд дараагийн сонгуульд ялж ерөнхий сайд болох. Ингэснээр тэд энэ тогтолцоогоо хэвээр үлдээж улс орныг хэмжээгүй захирах төлөвлөгөө байлаа. Монголын бүх телевиз, бүх сонин, сайт түүний төлөө ажилласан гэхэд огт хилсдхээргүй юм болж Баттулга “Монгол ялна” гэсэн ганц уриатайгаа хорин нэг хоногт амжин бүх аймаг, сумд, хотын дүүргүүдээр сонгогчидтойгоо уулзалт хийхээр машинтай газраар хөдлөв. 

Ард нь энэ сонгуулийн сурталчилгаа хариуцахаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Херо энтертаймэнтийн Баатраар ахлуулсан түүний студи, сэтгүүлч байгаад улс төрд орсон Г.Уянга, түүний нөхөр нийтлэлч А.Баатархуяг бид хэд торойтол ялгарч үлдлээ. 

Сонгуулийн сурталчилгаа ид явж байх 2017 оны зургадугаар сарын 15-ны өдөр С-1 телевиз дээр очиж “Дэлхийн шилдэг кино” тайлбарлан ярих ёстой байсан учир би өглөө эртлэн босоод интернетээс ярих гэж байгаа Британи, Энэтхэгийн хамтарч хийсэн “Ганди”, Мартин Скорсезийн бүтээл “Таксины жолооч” хоёр киноны тухай ярих зүйлээ тодотгохоор интернет харж суутал Доржзодовын твитер бичсэн зүйл анхаарал татлаа. 

citizend.@dropmires Намайг баривчилчхаар цагдаагийн бүхэл бүтэн отряд үүрийн 4-5 цагаас эхлэн миний байгаа газрыг бүсэлсэн байна #60тэрбум гэж бичжээ. 

Дараахан нь сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн гар утсаараа нэгэн айлын хаусны гаднаас шууд сурвалжлаг хийж эхэллээ. 

Нэгэн айлын байшин, хашааг тойроод хар хувцастай цагдаагийнхан тойрч бүсэлсэн бөгөөд сэтгүүлч Мөнхбаясгалан ганцаар гар утсаараа энэ бүхнийг үзүүлж олны анхааралд хүргэлээ. 

Хожим мэдвэл анх энэ Доржзодов гэх залуу Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас хүний эрхийн хамгаалал хүсэж сар гаруйн өмнө уулзсан бөгөөд УИХ ын гишүүн Болд бүх зүйлийг сонсож учрыг мэдээд Ц.Оюунгэрэлийн гэрт байх нь дээр байх нөхөр нь АНУ ын иргэн болохоор цагдаа арай өөр хандана. Өмнө нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахдаа УИХ-ын хэд хэдэн гишүүний дэргэд хаалгыг нь лантуудан орж ирээд гутлаа ч өмсөх завдал өгөлгүй бариад явчихсаныг сануулсан ажээ. Тиймээс гэрч Доржзодов өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийг нийтэд ил болгох үүднээс http://sixtybln.mozello.com гэх вэб хаяг нээн төрийн албыг үнэлэн зарж жаран тэрбум төгрөг босгох тухай хуйвалдааны бичлэгийн 90 минутын бүрэн эхийг интернетээр цацаж, өөрт тохиолдсон дарамт зэрэг бүх мэдээллээ он цагийн дарааллаар оруулах болсон юм. 

2014 оны есдүгээр сарын 8-нд “Шинэ монгол хаад” групп компанийн дөрөвдүгээр давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нар ийм хуйвалдааны төлөвлөгөө танилцуулж байхад Г.Доржзодов тэднийг яриаг ширээн дээр тавьсан ай падаараа сэмхэн бичиж авсан гэдэг. 

Дээрх үйл явдал болж өнгөрснөөс хоёр жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 17-нд Г.Доржзодов 90 минутын бичлэгээс гурван хэсгийг таслан авч www.soundcloud.com гэсэн сайтад нээлттэй байршуулснаас болж олонд энэ хуйвалдаан ил болсон бөгөөд харин энэ сонгуулийн өдрүүдэд түүнийг хууль хүчнийхэн ингэж хар үүрээр баривчилчхаар АНУ иргэний гэрийг бүслээд байгаа нь энэ байлаа. 

Төдөлгүй сумогийн их аварга Асашоюү Дагвадорж гар утсаараа нэр дэвшигч Баттулга болон Ардчилсан намын нөхдийн энэ үйл явдлын тухай тайлбарыг мөн цацаж олны анхааралд орж олон түмэн түүний лайв бичлэгийг өргөнөөр үзэж байлаа. 

Хөдөө аймгуудаар явж буй түүний уулзалтуудыг Аса Дагвадорж л гар утсаараа олон нийтэд дамжуулан хүргэж байлаа. 

Тэрээр нэгэн уулзалт дээр өгүүлэхдээ; 

1966 оны усны үерийн жил манайх газар заагдаад анх Яармагийн дэнжид ирсэн, би тэнд өссөн гэр хорооллын л хүүхдүүдийн нэг юм. Нэг хоёрдугаар ангид байхад хашаанд байх үхрийнхээ саравч дээр гараад харахад Улаанбаатар хот ойрхон харагддаг байлаа. Анхны мөрөөдөл маань хот орж үзэх байлаа. Аав ээжтэйгээ л хот орохоос жоохон хүүхэд хот орж чадахгүй, тэгээд дөрөв тавдугаар ангид ороод хот орж үзэж “Бамбрууш” кафед орж, анх кино театрт хүүхдийн кино үзэж анхны мөрөөдөл минь биелж билээ. За ингээд тав, зургадугаар ангид байхдаа зураач болох мөрөөдөлтэй болсон. Наймдугаар ангиа төгсөөд ДУДС-д орж дөрвөн жил сурч төгсөөд зураач болох мөрөөдөл маань биелсэн. 

Энэ хооронд буюу арван долоо, наймтай болох үед гадаад явж үзэх юмсан гэсэн мөрөөдөл бий болсон юм. Харин тэр үед нэг бол сайд хүн эс бөгөөс тамирчид л гадаад явдаг байлаа. Аав минь бөхийн засуул байсан учир бөхчүүдийг харж өслөө. Хойлогдорж ах, Артгаа ах нарыг харж ийм сайхан эр болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Ингээд самбо, жүдо бөхийн дугуйланд орж хичээллээд улмаар дэвшиж улсын шигшээ багт орж барууны орныг үзэж гадаад явах мөрөөдлөө биелүүлсэн билээ. Нэгэнт бөх болчихсон учир энэ чиглэлдээ дэлхийн аварга болох юмсан гэсэн шинэ мөрөөдөлтэй болсон. 

Ингээд 20 насандаа дэлхийн аварга болж мөрөөдлөө биелүүлсэн. Энэ хооронд зургаа зураад, бэлтгэлээ хийж явсан ч ватум цаасан дээр зурсан зургаа автобусанд чихэлдэхдээ нугалчихдаг учир таксийгаар явдаг оюутан болох мөрөөдөлтэй болж юм оёж түүнийгээ хагас бүтэн сайнд зах дээр гаргаж зарсаар таксийгаар явдаг оюутан болж, тухайн үедээ арван гурван мянган төгрөгтэй болж байлаа. Тэр үед хувийн машин таван мянган төгрөг орчим байсан болохоор тухайн үедээ их мөнгө байсан юм. Бас мөнгө олох гэж видео кино үзүүлдэг байсан юм аа. 

Дараа нь өөрийн гэсэн орон сууцтай болох гэсэн шинэ мөрөөдөл бий болов. Тэгээд дэлхийн аварга болсныхоо дараа тухайн үеийн хотын дарга Энэбишд хандсан боловч тэрээр дахиад нэг удаа дэлхийд түрүүлбэл байртай болгоё гэсэн учир 1988 онд хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж дөрвөн өрөө байр арван нэгдүгээр хороололд шагнуулж байртай болох мөрөөдлөө биелүүлсэн. Энэ байранд одоо ч миний ууган хүү амьдарч байгаа. Ингээд 1990 он болж ардчилал эхэлж залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд оролцож уран бүтээлчидтэйгээ уриа лоозунг бичиж тэдэнд тусалж, улмаар ардчиллын анхны хэдтэй нийлж бас шинэ үеийг авч ирэхэд оролцож өөр нэг шинэ мөрөөдлөө биелүүлсэн. 

Тэгээд бас нэг өөр мөрөөдөлтэй болсон нь хар шил зүүсэн, мөнгөтэй том цүнх барьсан, бие хамгаалагчтай хамт явдаг кинон дээр гардаг шиг компанийн эзэн болъё гэх мөрөөдөлтэй болж үзэх дуртай байсан “Загалмайлсан эцэг” кинонд гардаг тэдний компанийн нэрийг зээлдэж “Женко” хэмээх компани 1992 онд байгуулж тэр компани маань овоо том компаниа болж сүүлдээ орлогоороо хувьцаа худалдаж авдаг болсноор “Талх Чихрийн Комбинат”, “Мах Импекс” үйлдвэрийг хувьцаагаар авч өөд татаад өнөөг хүртэл тэр чиглэлээрээ ажиллуулж байгааг та бүхэн мэднэ. Мөн анх бэлтгэл хийж байхдаа байрладаг байсан “Баянгол” зочид буудлын хувьцааг авч бас нэг мөрөөдлөө биелүүлсэн. 

Тэгээд мөнгөтэй болж баячуудын унадаг “Ролс ройс” машиныг нэг сая хоёр зуун мянган доллараар авч унасан ч дөчин таван минут барьж яваад гэнэт уйдсан. Яагаад гэвэл одоо ч Яармагт байгаа ээж дээрээ очихдоо эргэн тойрноо хараад би хаашаа явах гэж ийм үнэтэй машин авсан юм бол... гэж бодсон. 

Тэр цагт ээж аав минь “Чи одоо ингэж мөнгө хөөж, хар амиа хоохойлж явахаар төр түшилцэж олонд тус болох л хэрэгтэй дээ, ард олонд тустай үйлс хийж буян хураах хэрэгтэй юм даа...” гэдэг байсан учраас би 2004 онд ээж аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшиж гишүүн болж, дараа нь хоёр ч яамны сайд хийж улс төрд зүтгэх аав ээжийнхээ болон мөн өөрийнхөө мөрөөдлийн биелүүлсэн юм. 

Харин одоо би жүдо бөхийн холбоог тэргүүлж дэлхийд гаргасан шигээ Баян Монгол орноо хөгжүүлэх ганц том мөрөөдөлтэй хоцорсон юмаа. Та бүхэн ч ийм улс оронтой болохыг хүсэж байгаа болохоор энэ мөрөөдөл бол ганц миний биш бид бүгдийн мөрөөдөл юм...» хэмээн ярьж явсан билээ. 

Сонгуулийн сурталчилгааны тэр хэдэн хоногт элдэв зүйлс ар араасаа болж МАН аас нэр дэвсэн тус намын даргын сурталчилгаа маш хүчтэй явж байсан ч түүний шууд мэтгэлцээнд бэлтгэж буй бичлэг задарч, дээр өгүүлсэн цагдаа хүчнийхнээр шүгэл үлээгчийг баривчлуулах ажиллагаа бүтэлгүйтэх гэх мэтээр өрнөсөөр сонгуулийн сурталчилгааны хорин нэг хоног нэг л мэдэхэд өнгөрч санал хураалт болсон ч АНамаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга МАН-ын намаас нэр дэвшигч УИХ- ын дарга М.Энхболд, МАХН- аас нэр дэвшсэн С.Ганбаатар нарын хэнийх нь ч санал хуульд заасан хэмжээнд хүрээгүй тул хоёр дахь шатны сонгууль болох боллоо. 

Description: page157image1770240