МОНГОЛЫН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Харин XXI Зуунд шинжлэх ухаан, цахим технологи, хиймэл оюун ухааны салбарт гарч буй IV хувьсгал жижиг, дунд бизнесийн орчинд гарааны бизнес, инкубаторын орчны цоо шинэ нөхцөл байдал үүсч, бонд, хувьцаа, койн зэрэг хөрөнгийн шинэ урсгал, санхүүгийн төвлөрөлтийг бий болгож буй нь нийгмийн залуу “Z” үеийнхнийг нийгмийн үсрэнгүй шилжилт хийж, чинээлэг дундчуудын эгнээг тэлэхэд хүргэж байгаа.
Монголын Социологийн VII симпозиумд зориулав.
МОНГОЛЫН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Монголд дундаж анги, дундчууд байсан уу?
Төрийн болон хамтын өмч ноёрхсон, хувийн өмчгүй, хүн амын орлогын гол эх үүсвэр нь гагцхүү улсаас хатуу тогтоосон цалин, тэтгэвэр болж байсан социализмын үед нийгмийн бүтцийг ажилчин, малчин, сэхээтэн хэмээх “нөхөрсөг” гурван ангид хувааж авч үзэж байсан. Анги, бүлгүүд нь өөр хоорондоо оюуны болон биеийн хөдөлмөр эрхлэх байдал, ажил, хөдөлмөрийн шинж чанар, үйлдвэр, ХАА гэх мэт ажиллаж буй эдийн засгийн салбараар ялгахаас гадна цалингийн хэмжээгээрээ, боловсролын түвшингээрээ ялгагдаж байсан.
Гэхдээ БНМАУ-ын иргэн бүр бүх шатны боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэж, өндөр насны болон бусад тэтгэвэр, тусламж зэрэг нийгмийн халамж, үйлчилгээнд бүрэн хамрагдах тэгш эрхтэй байв. Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд санаа зовож, хуримтлал бүрдүүлэх, өвдөж зовох, өндөр насандаа эмчилгээндээ мөнгө хадгалах гэх мэт зах зээлийн өнөөгийн нөхцөл шиг санхүүгийн нэмэлт ачааллаас ангид байсан нь нийгмээрээ “дундчууд”, тодруулж хэлбэл, “тэгшитгэлийн дундчууд” байхад түлхэц болж байсан нь бодит социализмын гол шинж гэж хэлж болно.
Ганцхан жишээ хэлэхэд, дээд боловсролтой залуу сэхээтний сарын цалин 600-700 төгрөг орчим байсан нь мөнгөн хуримтлалыг бий болгох боломж олгохгүй ч зохистой зарцуулбал хоол, хүнс болон ахуйн ойр зуурын хэрэгцээндээ хүрэлцээд байдаг байжээ.
Ийнхүү хуримтлал хийж, баячууд төрөн гарах эдийн засгийн хөрс байгаагүйгээс Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухайн шатанд нийгмийн бүтцийг бүхэлд нь баян бус, гэхдээ бас нэн ядуу бус, харин хэрэглээг нь хумьсан, тарчиг дундчуудын түвшинд тэгшитгэх бодлого 1990 он хүртэл Монголд хэрэгжиж байжээ хэмээн дүгнэж болохоор санагдана.
Зах зээлийн шилжилт юунд хүргэв?
Улс орон зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцын эхэнд, манай хүн амын дийлэнх олонхийн орлого эрс буурч эхэлсэн. Ингэснээр ядуу, дундчууд гэх олонхийг хамарсан бүлэг үүссэн.
Нөгөө талаас, чөлөөт худалдаа, арилжаа болон хувьчлалын давуу талыг овсгоотой ашиглаж “хөдөлмөрөөрөө баяжсан” бизнесийн хэсэг болон улс төрийн эрх мэдэл, албан тушаал, нийгмийн байр сууриа ашиглан нь авилга, хээл хахууль, залилан, гэмт үйлдлээр “хөрөнгөжсөн” нийгмийн цөөнх баян давхарга бий болсон.
Нийгэмд шударга ёс зөрчигдөхийн хэрээр нийгмийн анги, бүлгүүдийн тэгш байдал алдагдаж, тэдгээрийн эзэмших баялагийн ялгаа улам ихэсч өнөөг хүрлээ. Энэ үйл явц сүүлийн жилүүдэд улам мэдрэгдэхүйц шинжтэй болж байгаагаас манай орныг судалдаг гадаадын эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын зүгээс “Эдийн засаг өссөн ч ард иргэдийн аж байдал тэр хэрээр сайжрахгүй байгаа бөгөөд баян болон ядуугийн ялгаа бүр ихэссэн” (ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн хэлтсийн дарга асан Стивен Барнетт) гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн.
Хувийн өмчгүй, өрхийн гол орлого нь дан ганц цалин болж байсан улс орны хувьд хүн амын орлого эрс буурснаар мэргэжил, боловсролоос хамаарч байдаг оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн ялгаа, ажлын байрны зэрэг дэв, албан тушаал, түүнээс хамаардаг орлогын хэмжээ, орлогоос хамаардаг хүний нийгмийн байр суурийн сэтгэл хангамжийн түвшин, түүний ялгаа зэрэг нийгмийн харилцааны уялдаа холбоо бүхий шинж чанаруудад эрс өөрчлөлт орж, нийгмийн ялгарал ихэсч, оюун санааны хоосролоос хамгаалах дархлаа муудаж, дундаж давхаргыг сулруулах нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд ихээр гарсан нь “шилжилтийн” гэж нэрлэгддэг он жилүүдийн нийгмийн гол сөрөг үр дүн байсан гэж хэлж болно.
Зах зээлийн зарчмыг дагаад боловсрол болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоонд эрс өөрчлөлт гарсан нь социализмын үед байсан хүн амын нийтлэг давуу талыг үгүй хийж, боловсрол “хүнийсч”, эрүүл мэндын салбар “мөнгөжиж”, нийгмийн оюуны хамгаалалт “сульдсанаар” нийгмийн дундаж давхаргын тоо хэмжээ эрс буурч, ядуурлын хувь хэмжээ нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд ч гарчээ.
2010 гэхэд ядуурал 38,7 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол 2020 оны дүнгээр 27,8 болж (Дэлхийн Банк, Хэвлэлийн мэдээ, 2021.12.30) арван жилд 10,9 хувиар буурсан ч орлогын хуваарилалтын тэгш бус байдлыг илэрхийлдэг Жини коэффицент сүүлийн жилүүдэд 0,3 хэвээрээ байсаар байгаа нь орлогын тэгш бус хуваарилалт өсөх хандлагатайг харуулсаар байна.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хийсэн судалгаанаас үзэхэд хүн амын 21,6 хувь нь ядуугийн түвшинд буюу сард 114 мянган төгрөгөөс доош орлоготой, нийт өрхийн 42,04 хувь нь бага орлоготой буюу цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа бол 2 саяаас дээш орлоготой нийт өрх 6,97 хувийг, түүн дотор 5 саяаас дээш орлоготой баян өрх 0,28 хувийг эзэлж, хүн амын өндөр орлоготой 20 хувийн хэрэглээ бага орлоготой 20 хувийн хэрэглээнээс даруй 6 дахин өндөр байгааг юм. (Inequality in Mongolia, 13 August 2015, T.Ericsson)
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн явцад чинээлэг дундаж амьжиргаатай өрхүүдийг бий болгоход чиглэгдсэн төрийн тусгай бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагүй.
Харин энэ давхарга зах зээлийн эдийн засгийн чөлөөт хөгжил, үйл явцын үр дүнд урсгал байдлаар гарч ирсээр байна. Тухайлбал, өмч хувьчлал явагдаж, үнэт цаасны арилжаа, арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо болон банк бус санхүүгийн байгууллагууд зэрэг зах зээлийн шинэ бүтцүүд үүслээ.
Төрийн бодлогын тасралтгүй дэмжлэгтэйгээр өсөж өндийж буй дундчуудын онцгой бүлэг бол малчид байж ирсэн. Малыг хувьчилж, ноос, ноолуур болон бусад олон төрлийн дотаци, тусламж үзүүлж ирсний үр дүнд 200 болон түүнээс дээш малтай малчдын тоо тууштай өсч ирсэн гэж хэлж болно.
2012 онд 207818 малчин өрхийн 68374 нь 200 ба түүнээс дээш малтай байсан бол 2022 оны статистик мэдээгээр 248296 өрхийн дөрөвний гурав нь буюу 180171 өрх 200 ба түүнээс дээш малтай болсон нь үүнийг илтгэнэ.
Түүнчлэн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдснээр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд олноор байгуулагдаж, хувийн хэвшил нийгмийн баялагийн дийлэнхи хувийг бүтээх дундчуудын бүлгийн хүрээг тэлж, ядуурлыг бууруулсаар байна.
Дундчуудын байдал одоо ямар байна?
Монголын нийгмийн дундчуудын өнөөгийн байдлын талаар хийсэн томоохон судалгаанууд бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн2003 онд хэрэгжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” сэдэвт төсөл, 2014 онд хийсэн “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” төсөлд гэж үзэж болно.
2003 оны судалгааныхан дундаж давхарга гэхээсээ илүүтэй дундаж амьжиргаатай айл өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг илрүүлэхдээ нийгмийн болон эдийн засгийн шинж тэмдгүүдийг түлхүү анхаарсан нь ажиглагддаг. Энэ судалгаа нь Монголд дундаж анги гэж хэнийг тооцох, түүнийг ямар шалгуураар илэрхийлэх, тэд нийгэмд ямар үүрэг оролцоотой байгаа, хэрхэн төлөвшиж байна вэ, дунд орлогтныг тодорхойлох аргачлалын асуудал зэргийг нилээд өргөн хүрээнд судалсан байна. Уг судалгааг Улаанбаатар хот болон таван бүс нутгийг төлөөлүүлсэн 5 аймагт нийт 2500 айл өрхийн 10500 хүнийг хамруулан явуулжээ. Судалгааны дүнд дундаж орлоготой айл өрх нь Монголын нийгмийн 53-56 хувийг эзэлж байгааг тодорхойлж, дундаж давхаргыг дотор нь чинээлэг, дунд, эмзэг гэсэн 3 хэсэгт авч үзсэн.
Судалгаанд оролцсон Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн багш судлаач Т.Нарантуяа Монголын дундаж давхаргын нийгэм, эдийн засгийн үүрэг, уламжлал, хөгжлийн талаар судалж, “Дундаж иргэн”, “Дундаж амьжаргаатай өрх”, “Дундаж анги” гэсэн гурван тогтвортой ухагдахуун байгаа (Т.Нарантуяа, Монгол Улс дахь дунд давхаргын нийгэм, эдийн засгийн үүрэг, ЭШХ-ын эмхэтгэл, 2014, ШУТИС)-г тэмдэглэсэн байдаг.
2014 онд хийгдсэн “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгааны ажил нь Монголын нийгмийн дундаж давхаргыг тодорхойлох аргачлалын санал дэвшүүлж, дундаж давхаргыг тодорхойлох талаар улс орнуудын туршлага, асуудлын судлагдсан байдлыг тоймлон авч үзэж, өөрсдийн судалгааны ажлын арга зүйн ерөнхий чиглэл гаргасан нь онол-арга зүйн чухал ач холбогдолтой ажил болсон.
Судалгаанд оролцогсдын хийсэн дүгнэлтээр дэлхий нийтэд дундаж давхаргыг тодорхойлсон албан ёсны нэгдсэн тодорхойлолт, хэмжүүр одоог хүртэл байхгүй, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргыг тодорхойлох орлогын хэмжүүр харилцан адилгүй байдаг. Судлаачид “Дэлхийн Банкны 2012 онд нэг хүнд ногдох орлогын доод утга өдөрт 10 ам.доллар байвал дундаж давхаргад орно” гэж үзэх болсныг эх үндэс болгожээ.
Уг судалгааны багийнхан Монголын “Дундаж давхарга”-ыг тодорхойлохдоо нэг хүнд ногдох орлогын түвшний доод босгыг 6-10 ам.доллар, дээд босго 30 ам.доллар орчимд байгаа (Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ, 2014) гэж авч үзсэн байдаг.
Үндэсний Статистикийн Хорооноос Дэлхийн Банктай хамтран хийсэн Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох 2016 оны судалгаагаар 2014 оны тоон үзүүлэлттэй харьцуулж үзсэн байдаг. 2013 оны үнээр нэг хүнд ногдох орлого нь 168,750 - 393,750 төгрөг байсан өрхүүдийг дундаж дундаж орлоготой бүлэг гэж үзэж, тэдгээр өрх Монгол Улсын нийт өрхийн 49.5 хувийг эзэлж байна гэж дүгнэсэн байдаг.
Уг судалгааныхан хүн амын дундаж орлоготой бүлгийн шинжилгээ, тэдний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийтлэг шинж байдлыг харгалзан судалсны үндсэн дээр дундаж орлоготой бүлгийн өрхүүдийн хүн ам зүйн бүтэц болон орлогын байдал, санхүүгийн чадавхи, нийгмийн сонирхол, байр суурийг авч үзсэн байдаг.
Тэдний тодорхойлосноор Монголын дундаж анги гэдэг нь “3-4 ам бүлтэй, бүрэн дунд түүнээс дээш боловсролтой, хүүхдээ их дээд сургууль, коллежид сургах чадвар болон хүсэлтэй, эрүүл мэндийн даатгалтай, ажилтай, эсвэл хувийн бизнестэй, иймээс тогтмол орлоготой, тодорхой хэмжээнд зээл авах, хадгаламж хийх чадвартай, тохилог орон байр, машин унаатай өрхүүд байна” гэж (Дэлхийн Банк, Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа, 2016) дүгнэжээ.
Уг судалгааны багийнхан Монгол Улсын “Дундаж давхарга”-ыг Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө гэж байршлын ялгавартайгаар тодорхойлж, Монголын нүүдлийн болон суурин соёл иргэншлийн хосолсон өвөрмөц байдлыг тусгасан хүн ам, газар зүйн байршлын зохистой загвар гаргасан нь талархалтай.
Монголын дундчуудын талаар судалгаанд эрдэмтэн судлаачид хувиараа болон багаараа чухал ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажлуудыг хийсэн байдаг. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгааны дүгнэлтүүд дан ганц орлогын хэмжээгээр бус дундаж давхаргын эдийн засаг, нийгэм, улс төр, сэтгэл зүйн үүрэг оролцоог илүүтэй гаргаж тавьсан байдаг.
Тэдний тодорхойлолтоор Дундаж давхаргынханы гол шинж нь ажилтай (төрд болон хувьд ажиллаж байгаа), орон сууцтай (хотын төвийн нийтийн орон сууцанд амьдардаг, гэр хороололд бол амины орон сууцтай), тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлалтай, мэдлэг боловсролтой, тогтсон амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй, шударга, нийгэмд хамгийн тунгалаг бүлэг хэсэг ажээ.
Тэд ажлын байр, ажиллах хүчин, улмаар татварын орлогын ихэнхи хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ өөрийн гэсэн хуримтлал үүсгэж, түүгээрээ ажлын байр шинээр бий болгож, нийгмийн худалдан авалт хийж ашиг орлого оруулж, улс орны эдийн засагт үүрэг гүйцэтгэдэг.
Хамгийн чухал дүгнэлт бол дундчууд “сэтгэл санааны хувьд хамгийн их аз жаргалтай хүмүүс байдаг” гэж судлаачид дундаж бүлгийг нийгэм-сэтгэл зүйн талаас нь зөв зүйтэй тодорхойлоод, нийгмийн гол түлхэгч хүчний хувьд нийгэмд тогтвортой байдлыг бий болгож байдаг гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Учир нь тэдний үзэж байгаагаар хамгийн тогтвортой үлгэр жишээ гэр бүл дундаж давхаргынхан. Тэд мөн нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Дундаж давхаргын улс төрийн оролцоо ч өндөр байдаг байна Нийгмийг бүхий л талаараа авч явдаг “мотор” гэж дүгнэсэн байна.
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн дэргэд АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийн IRIS төвтөй хамтран Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ERI) нэртэйгээр 2010 онд байгуулсан бодлого судлалын хараат бус төвийн судлаач З.Манлайбаатар Монголын дундаж давхаргын сүүлийн 12 жилийн төлөвшлийн талаар судалгаа хийснээ 2017 онд танилцуулсан.
Энэ судалгаагаар Монголын дундаж давхарга нийт өрхийн 30-90 хувийг эзэлж байна гэсэн нэн сонирхолтой дүгнэлтийг хийсэн байдаг. Тооцооллын арга хэлбэр, хэмжилтээсээ шалтгаалаад дундаж давхаргын хэмжээг янз бүрээр гаргаж ирж болохыг судлаач маань олон баримтаар нотолсон байдаг.
Харин ERI-ийн энэхүү судалгаагаар 2002-2014 оны өрхийн дундаж орлогоор дундаж давхаргыг хэмжихийг оролдсон байна. Тэд “хамгийн сул хэмжилтээр буюу нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2-26.5 ам.доллар байхаар тооцсон хэмжиж үзэхэд Монголын дундаж давхарга 85 орчим хувьтай гарч байгаа бол орлогын босго өндөр хэмжүүрээр хэмжвэл 30 орчим хувь, харин байж болох дундаж хэмжүүрээр үзвэл, 2014 оны байдлаар Монгол Улсын дундаж давхрага 58 хувь байна.” (З.Манлайбаатар, Б.Цэндсүрэн, Монголын дундаж давхаргын судалгаа, 2016) гэсэн нь нилээд бодитой дүгнэлтүүд болсон.
Эрдэмтэд судлаачдын зэрэгцээгээр шинжлэх ухааны үндэслэл муутай, хоосон тоон баримт хөөцөлдсөн, судалгаа гэж хэлэхэд хүндрэлтэй, тоон мэдээлэлүүд ч байдгыг бид анхааралдаа авахгүй орхиж болохгүй. Жишээ нь: “Монголд 8400 хүн бялхаж амьдарч байгаа бол 699,900 буюу бараг 700,000 хүн өлсгөлөн амьдарч байна. Энэ эгнээ рүү гулсан унах магадлалтай хүний тоо 1,261,200-д хүрчээ. Энэ бол монголын 10 хүний 7 нь ядуу, нэн ядуу гэсэн дүр зураг юм.” гэсэн дүгнэлтийг судлаачид 2015 онд хийсэн тухай мэдээг Монгол Улсын Засгийн Газрын харъяа “МОНЦАМЭ” агенлагаас эрхлэн гадаад сурталчилгаанд зориулан хэвлэдэг нэгэн сонин (“Новости Монголии”, 2016, Дугаар 11(1043))-д нийтэлсэн байдаг. Энэ мэт үндэслэл муутай мэдээ, мэдээлэл нь Монголын нийгмийн бүтцийн талаар буруу ойлголтыг гадаад, дотоод түгээх аюултай болно.
Эцэст нь, өнөөг хүртэл Монголын болон гадаадын эрдэмтэн, шинжээчдийн оролцоотойгоор хийгдэж ирсэн “Дундчуудын” талаарх шинжилгээ судалгаануудыг нэгтгэн дүгнэхэд, “Монголын дундаж давхарга гэдэг бол өдөрт дунджаар 2-10 ам.долларын тогтмол орлоготой, орон сууц, тохилог сууц эсвэл хувийн хашаа байшинд амьдардаг, хүүхдээ их дээд сургууль, коллежид сургах чадвар, хүсэлтэй, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, мал аж ахуй эрхэлдэг бол 1 хүнд 50-100 бод ногддог, дээд, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын аль нэгийг эзэмшсэн, нийгэм, улс төр, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, Улаанбаатар, аймгийн болон сумын төв, хөдөөд тархан амьдардаг, эмч, багш нараас эхлээд төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид зэрэг өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй хүн амын олон янзын хэсэг, бүлгийг нэрлэж болно.
Харин XXI Зуунд шинжлэх ухаан, цахим технологи, хиймэл оюун ухааны салбарт гарч буй IV хувьсгал жижиг, дунд бизнесийн орчинд гарааны бизнес, инкубаторын орчны цоо шинэ нөхцөл байдал үүсч, бонд, хувьцаа, койн зэрэг хөрөнгийн шинэ урсгал, санхүүгийн төвлөрөлтийг бий болгож буй нь нийгмийн залуу “Z” үеийнхнийг нийгмийн үсрэнгүй шилжилт хийж, чинээлэг дундчуудын эгнээг тэлэхэд хүргэж байгаа.
Иймээс гарааны бизнес эрхлэгчид, IT инженерүүд, ESport-ыг тоглогчид, хувиараа хувьцаа наймаалагчид, цахим худалдаа эрхлэгчид, зарим influencer, bloger зэргээс гадна харьцангуй өндөр бөгөөд тогтмол орлоготой болж буй чөлөөт уран бүтээлчид, мэргэжлийн спортын тамирчид, сүм хийдийн лам санваартан нарыг Монголын дундчуудын шинэ бүлгүүд гэж авч үзэх нийгмийн хэрэгцээ шаардлага ч бий болжээ.
Дундчуудын ирээдүй хэр харагдаж байна?
Монголын дундчууд ямар ч байсан нийгмийнхээ наад зах нь тал хувийг бүрэлдүүлж байгаа гэж дүгнэх боломжтой хэдий ч манай хөгжлийн өнөөгийн шатанд Монголын дундаж давхаргын төлөвшил бүрэн төгс болоогүй, тоо хэмжээ нь савалгаатай, нийгмийн ирээдүйн батлагаа нь эмзэг, сул хэвээр байна.
Нэг. Азийн хөгжиж буй орнуудад сүүлийн 20 жилд дундаж давхаргын эзлэх хувь 2,6 дахин өсч, 21 хувиас 56 хувьд хүрсэн байна. Хамгийн гол нь энэ тоо тогтвортой хадгалагдаж чадаж байхаас гадна, байнга өсч байна.
З.Манлайбаатар нарын дундаж хэмжүүрээр 2014 онд хүн амын 58 хувийг эзэлж байсан дундаж давхаргын хувийн жин эсрэгээрээ 8 пунктээр буурч, ядуурлын зурвасыг (З.Манлайбаатар, Монголын дундаж давхаргын төлөвшлийн судалгаа, 2002-2014) алхсан байна.
Монгол Улсын ядуурлын төвшин 2016 онд 29,6 хувьд хүрч, 2014 оныхоос 8 пунктээр огцом нэмэгдсэн (Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа, 2017) байдаг. Статистикийн энэ мэдээнээс харахад, хүн амын 907,5 мянга нь ядууралд өртөж, 2014 онд 634 мянга байсан ядуучуудын эгнээ 273,5 мянган хүнээр эгнээгээ тэлсэн байдаг.
2015-2016 онуудад эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас олон мянган иргэд дундчууудын эгнээнээс хасагдаж, ядууралд орсон болохыг үүнээс харж болж байна. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, улмаар 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувьд хүрч буурсан байсантай энэ бүхэн холбоотой.
Өөрөөр хэлбэл, Монголын дундчуудын тоо хэмжээ, байр суурь тогтвортой өсөхгүй, ядуурлын шугамын дээр гарч, дундчуудын эгнээнд багтаж ядаж байсан өрхүүд харин ч эдийн засгийн хямрал, санхүүгийн бэрхшээлээс, тэр байтугай байгаль, цаг уурын хүндрэлд өртөж, нэг доошилж, нэг дээшилж, савалсаар байгааг харуулж байна.
Хоёр. Цалин орлогын хувьд дундаж давхаргад хамааруулж болох ч орон сууцтай болж чадахгүй яваа өрхүүд манайд олон байна. Дундаж давхаргынхны амьдралын гол баталгаа болох орон сууц гэхэд Монголын дундчуудад маш дутагдалтай хэвээр байна. Хэн ч харсан ядуу гэхээргүй энэ хүмүүсийн эгнээг бэхжүүлж, гол нь урагш шат ахиулах нь Монголчууд бидний зорилго байх учиртай. Монголд дундаж давхаргын 37 өрх тутмаас ердөө нэг л хүн моргэйжийн зээл авах шаардлага хангаж байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс дундчуудын нийгмийн шинэ эх булаг болдог залуу үеийнхэнд эн тэргүүн байр орон сууцны асуудлыг шийдвэрлэх оновчтой бодлого төр, засгийн зүгээс үгүйлэгдсээр байна.
Харин улс орон бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан энэ асуудлыг шийдэх өвөрмөц арга замыг хайсаар байна. Тухайлбал, Хятадад их, дээд сургууль төгссөн мэргэжилтэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эрхтэй байдаг байна. Хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа өөрөө шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож улсаас олгодог аж.
Гурав. Монголд амьдралын баталгааны нэг хэсэг нь олж буй орлогоос гадна боловсрол, мэргэжлийн төвшин нь “дундаж давхарга”-д харьяалагдах үзүүлэлт байх учиртай. Хэн ч харсан ядуу гэхээргүй атал ирээдүй нь ямар ч баталгаагүй, төрийн зүгээс ямар ч дэмжлэггүй “сульдаатай дундчууд” хэсгээс Монголын дундчуудын гол цөм нь бүрдэж байна гэж хэлж болно.
Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ERI)-гийн судалгааны өөр нэг сонирхолтой баримтаас үүнийг харж болохоор байгаа юм. Тухайлбал, өрхийн тэргүүлэгчийн боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой иргэд ядууралд өртөх нь бага, дээд боловсрол эзэмшээгүй буюу бүрэн дунд боловсролтой иргэд ядууралд хамгийн их өртжээ.
Иймд дундчуудын бүлгийн өсөлтийг хангах нэг нөхцөл бол хүүхэд, залуучуудын боловсрол эзэмших нөхцлийг төрийн зүгээс хариуцах тогтолцоог улам төгөлдөржүүлж, улмаар бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй болгох нь зайлшгүй хийвэл зохих нийгмийн шинэчлэлийн алхам байх болно.
Дөрөв. Найдвартай ажлын байрны хангамж, хүртээмж гэдэг нийгмийн дундаж ангийн өсөж, өндийх үндсэн хөрс суурь гэж үздэг. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, ялангуяа бизнесийн таатай нөхцлийг бүрэлдүүлж өгөхөд төр, засгаас онцгой анхаарч, татварын хөнгөлөлт үзүүлдэг нь Европын хөгжингүй орнуудын нийгмийн бодлогын нэг ололтой тал байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “чинээлэг дундаж давхаргын хүчирхэг нуруун дээр улс орон хөгждөг учраас энэ хэсгийг дэмжиж” ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүлийг хамгаалах тогтолцоог сайжруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байсныг ч бид мэднэ.
Тав. Цалин хөлснийхөө хэмжээгээр Монгол Улс дэлхийд нэлээд доогуурт ордог. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн бусад улс орнуудаас 3.5 дахин бага гэсэн судалгаа бий. Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн улс орнууд дахь нэг сарын хөдөлмөрийн хөлс нь дунджаар 1480 доллар байхад манайх 418 доллар (www.ilo.org, ilostat) байдаг мэдээ байна.
Манай урд хөршид маань 10 сая юань буюу гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийг дундаж давхаргад тооцдог болоод байна. 2010-аад онд Хятадын хүн амын 20 хувь байсныг жилд 20 сая хүнийг ядуурлаас гаргах замаар 2020 он гэхэд 60 хувь давуулах том зорилтыг БНХАУ дэвшүүлээд үндсэнд нь хэрэгжүүлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдний дундаж давхаргын нэг хүний өдрийн зарцуулах мөнгө 100 ам.доллар бол манайд өдөрт хоёроос гурван ам.доллар буюу 7000-10000 орчим төгрөг болохоор байна.
Иймээс дундаж ангийг төлөвшүүлэхийн тулд хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг мартаж үл болно.
* * *
Өнөөдөр олонхи улс орон нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө гол зорилтыг хүчирхэг чинээлэг дундаж давхаргыг бий болгох хэмээн томьёолох болсон. Учир нь Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засгийн хандлагаас харахад ч чинээлэг, боловсролтой, дундаж давхарга улс орны гол суурь нь байж, нийгмийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, татвар бүрдүүлэгч, төдийгүй нийгмийн гол хөдөлгөгч хүч нь хүн амын дундаж давхаргынхан байсан, байдаг, байсаар байх болно.
ОББЭЭ, Доктор (Ph.D.) Б.ЭНХМАНДАХ 2023.06.23
Ахмад
Зочин