М.Энхсайхан ба Х.Баттулга: Тавантолгой ба Төмөр замын хэрэг
М.Энхсайханд тохиолдсон зүйл Х.Баттулгад бүү тохиолдоосой. Эрх биш өнгөрсөн арав гаруй жилд Монголын эдийн засагт учруулсан хохирол, сүйтгэл бэлээхэн баримт, нотолгоо болох учир ял завших зүйл бүү гараасай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын дайн туйлдаа хүрч, “цус үсрэхэд” ойрхон болсон бололтой. Х.Баттулгаас санхүүжилттэй хэмээн хэвлэлээр бичигдэж байсан “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залуусыг “Зэвсэгт халдлагад бэлтгэж байсан байж болзошгүй” хэмээн үзэж, мягмар гаригийн орой тагнуулын байгууллагаас баривчлан саатуулжээ.
Гэвч тэдний хувьд Сүхбаатарын талбайд гарч, үймээн шуугиан дэгдээсэн анхны үйлдэл тохиолдол биш бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард төв талбайд зохион байгуулсан суултынх нь үеэр Х.Баттулгын зөвлөх асан А.Гансүхийг эл явдлыг зохион байгуулсан, зэвсгээр хангасан байж болзошгүй хэмээн баривчилж байсан удаатай.
Эх сурвалжуудын мэдээлснээр А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан хэмээн буруутган шалгаж байсан хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөн нэр бүхий шүүгч /хонгилын гэж нэрлэгдээд байгаа/ нарт хахууль өгсөн хэргээр шалгагдаж байсан ҮАБЗ-ийн ажилтан асан, өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг ч бас шүүх рүү шилжсэн гэх.
Товчхондоо эдгээр үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхнийг “зэвсэгт халдлага үйлдэхээр завдсан” гэж тагнуулын байгууллага үзжээ. Харамсалтай нь, хэрэвзээ эдгээр мэдээлэл батлагдвал, уг хэрэг явдал А.Гансүх, Б.Баасанцогт нараар дуусахгүй нь тодорхой. Утасны үзүүр хааш нь хөтлөхийг олонхи нь гадарлаж байгаа.
Тодорхой болсон нэг зүйл бол, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 онд баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт /2022.07.27/ хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд, АТГ болон ЦЕГ-ын удирдлагуудад өгсөн. Энэ нь шууд утгаараа Х.Баттулгыг чиглэж буй хэрэг.
Уг нь эл хэргийг одоогоос зургаан жилийн өмнө хуулийн байгууллага анх шалгаж эхэлсэн боловч Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгогдсоны дараа уг хэргийг хаасан байдаг. Харин Х.Баттулга нь Ерөнхийлөгч болмогцоо “Тавантолгойн ордыг Хятадын компанид өгсөн” гэх өөр нэг хэргийг нээж, Ерөнхий сайд асан М.Энхсайханд ял сонсгосноор дууссан билээ.
Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын өмнө шалгагдаж байсан төмөр замын хэргийг нээж, улсад учруулсан хохирлын талаар ярьж эхэлсэн нь санамсаргүй зүйл биш байх. Тэр тусмаа зөвхөн уг төслийг санхүүжүүлсэн “Чингис” бондын хөрөнгийг зарцуулалт, үр дүнг шалгахаар Сангийн яамнаас ажлын хэсэг гарсан, ирэх долоо хоногт тайлангаа мэдээлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлжээ. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хэрэг дээр бүх хүчээ тавьж эхэллээ гэсэн үг.
Нэгэн үе хуурай ах, дүү шиг явсан энэ хоёр хүний итгэл эвдрэлцсэн цаад шалтгааныг мэдэх боломжгүй ч ил харагдаж байгаа нөхцөл байдал гэвэл төмөр замыг гацааснаас болж өнгөрсөн арван жилд алдагдсан Монголын эдийн засгийн боломж, экспортын орлого. Зам тээврийн сайд асан (сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан) А.Гансүхэд “террорист үйл ажиллагаа зохион байгуулахыг завдсан” буюу хорлон сүйтгэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Х.Баттулгын М.Энхсайхан дээр хэрэглэсэн зүйл ангитай яг адилхан байгаа юм. "Мэхт мэхэндээ" гэдэг энэ. Цаг цагаараа байдаггүй ч гэдэг.
М.Энхсайханы хувьд хуулийн байгууллага түүнд үүсгэсэн “Улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” гэх хэргээ нотолж чадаагүйн улмаас (анхнаасаа Х.Баттулгын даалгавраар үүсгэсэн зохиомол хэрэг байсан) унаж байсан машиных нь үнэлгээг бууруулж хохирол тооцоод, албан тушаалын хэрэгт хүчээр ял тулгасан. Харин одоо Х.Баттулгад тийм зүйл бүү тохиолдоосой. Эрх биш өнгөрсөн арав гаруй жилд Монголын эдийн засагт учруулсан хохирол, сүйтгэл бэлээхэн баримт, нотолгоо болох учир ял завших явдал бүү гараасай.
MGL
Ganaa
Оноч
Zochin
ХУУЛЬЧ
Иргэн
Гомбо
Оноч
Зочин
Гэж унших