МАРШАЛЫГ ТӨРҮҮЛСЭН ГАЙХАМШИГТ НЭГЭН ТҮҮХ
Энэ бол түүхт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдсан өгүүлэл биш шүү! Тэр утгаар уншигчид ба ахмадууд эмзэглэхгүй байхыг хүсье!
1990 оны хавар цаг. Тойрон хүрээлэгчдийг ял зэмд унагасан нэг том асуудал бол Ю.Цэдэнбалд цэргийн дээд цолнуудыг ойр ойрхон үндэслэлгүй, бараг зусардаж олгосон гэх зэмлэл байсан билээ. Тэр тухай сөхөж баримт түшиж өгүүлэх гэж байна.
Тэр асуудал тухайн үедээ үлэмж сенсаац дэгдээж, хилэгнэсэн олон түмний шахалтаар түүний Маршал цолыг хурааж, Армийн генерал цолтой нь байлгаж байгаад үхүүлсэн ба Алтан өлгий дэх алтан шарил дээр нь “БНМАУ-ын Маршал”, “БНМАУ-ын Баатар”, “БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар” гэх үгс сийлэгдээгүй юм. Хожим Н.Багабандийн үед маршал цолыг нь нэхэн олгожээ. Тэрээр 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах мөрийн хөтөлбөртөө энэ тухай заалт оруулж амлаж явсан нь нэг талын улс төрийн нүүдэл, нөгөө талаасаа популизм байсан биз ээ. Би буруутгах гээгүй.
1944 оны анхны 10 генералын нэг нь тэр үеийн Монголын ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын дарга армийн комиссар Ю.Цэдэнбал байсан билээ. Тэр үед (1944.04.28) Дэслэгч генерал гэх эрхэм дээд цолоор Цэргийн явдлын яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн тэр хоёр шагнуулсан байдаг юм.
“Суртлыг номлогч” гэсэн даргатайгаар Сурган боловсруулах хэлтэс гэсэн нэртэй явсан цэргийн нам-улстөрийн энэ алба 1936 онд Монголын ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газар гэх албан ёсны нэртэй болж, тэр газрын 5 дахь даргаар Ю.Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албатайгаа 1941 оноос хавсран ажиллажээ. 1939-1941 онд Армийн Улс төрийн газрын дарга байсан жанжин Ж.Лхагвасүрэнгээс тэрээр уг албан тушаалыг өвлөн авч, 1945 онд албаа өөрийн орлогч хошууч генерал С.Равданд шилжүүлэн өгчээ.
Дэлхийн II дайн өндөрлөж генерал Цэдэнбалын орлогч жанжны цэргийн үүрэг ийнхүү өндөрлөжээ. Дайнаас хойш энх цагийн бүтээн байгуулалт өрнөөд цэргийн цолны тухай асуудал хойш тавигджээ. Маршал Чойбалсанг амьд сэрүүн байхад түүний цэргийн цолыг ахиулах тухай яриа гарч байсангүй. 1950-иад онд энэ тухай ярилцсан хэлэлцсэн, шийдвэр гаргах гэж байсан тухай ил мэдээлэл нэгээхэн ч байдаггүй. 1960-аад оны дунд үеэс, тухайлбал дотоод гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан түүний Дэслэгч генерал мөн болохыг сануулсан алхам хийгдэж эхэлжээ. Дотооддоо Д.Төмөр-Очир, Л.Цэнд, “Намын эсрэг бүлэг”-ийнхний засгийн эрхийн төлөөх тэмцлийг дарж албан тушаалдаа тэсч үлдсэн, гадааддаа хөрш БНХАУ-тай харилцаа илт муудаж, олон улсын амаргүй нөхцөл байдал гадаад орчинд бүрдсэн, Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж байрлуулсан гэх мэт хүчин зүйлийг энд нэрлэж болно. Зөвлөлтийн намын удирдагч Л.И.Брежневийн цэргийн цол, цэрэгт өнгөрүүлсэн түүх ч бас нөлөөлсөн. Л.И.Брежнев бол 1953 онд Дэслэгч генерал цолтойгоор СССР-ийн Батлан хамгаалах яамны Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга явсан түүх Цэдэнбалын урмыг сэргээсэн ч болов уу.
Цэдэнбалын альбом дахь өргөөндөө авахуулсан Дэслэгч генерал цол бүхий цэргийн дүрэмт хувцастай сууж байгаа энэ фото зураг болон бусад зурагнуудыг миний ээж Улятайхүү болон зурагчин Санжмятав нар 1960-аад онд патиардаж мөнхөлсөн, миний архивт ч энэ төрлийн зураг олноороо бий. Сандалд суулгаад эгц өөдөөс нь зураг авч буй энэ хүн бол ахмад гэрэл зурагчин Санжмятав гуай юм.
Тухайн үеийн БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд Армийн генерал Б.Дорж Дэслэгч генерал Цэдэнбалд ажлаа танилцуулж байгаа ийм нэг түүхэн зураг байдаг. Энэ бол 1971 он. Монголын ардын армийн 50 жилийн ойн альбомоо танилцуулж ажлаа ярилцаж буй түүхэн зураг. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нь Дэслэгч генералын мөрдэстэй цэргийн формтой байсныг ажваас Ардын армийн тэгш тоот баяр ёслолын үеэр гэдэг нь ойлгомжтой. Ардын армийн 50 жилийн ойн үеэр түүнд цэргийн дээд цол алгасуулан олгох тухай яригдаж байсан ба тэр талаар дор дэлгэрэнгүй өгүүлнэ.
1960-1970-аад оны зааг үед олон улсын харилцаа бүр ч хурцаджээ. Зөвлөлт-Хятадын хилийн дайн дэгдэж, Хятад илтээр зэвсэглэн цэрэгжиж, “Соёлын их хувьсгал” гэх балмад үйлсээ үргэлжлүүлж, Монгол-Хятадын ба Зөвлөлт-Хятадын хилийн дагуухи байдал тун ноцтой болж иржээ. Ийм цаг үед 1974.03.21-нд ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневт Армийн генерал гэх цэргийн эрхэм дээд цол ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Хурандаа генерал гэх цолыг алгасуулан байж олгожээ.
Энэ алхам Дэслэгч генерал Цэдэнбалд нөлөөлжээ. Татгалзах аргагүй боллоо. Шууд Армийн генерал цолыг хуулбарлан авдаггүй юм аа гэхэд Дэслэгч генералын дараагийн дээд цолыг авах хэрэгцээ тулгарчээ. Олон улсын байдал таагүй байна, Монгол-Хятадын харилцаа бүр ч таагүй байна. Цэрэг армиа бэхжүүлэх онцгой шаардлагатай. Цэдэнбалд цэргийн дээд цол шагнах асуудал тэр үед хэрхэн өрнөж, хэн хэн дэмжиж, ямар үр дүнд хүрч байв гэдэгт өөрчлөн байгуулалтын үеийн “Улаан од” сонин хариу өгснийг дор шууд эшлэе.
Баримт: МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1975 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нөхөр Ю.Цэдэнбалд цэргийн цол олгох тухай.
- Ж.Батмөнх: - Бид үүний урьд хэд дахин ярилцсан нэг асуудлыг дахин хэлэлцье. Ю.Цэдэнбал эх орны их дайны үед нам, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа зөвлөлтийн ард түмний их ялалтад туслах талаар манай нам, ард түмний оруулсан их хувь нэмэр үйл хэргийг удирдаж их үүрэг гүйцэтгэж байсан, тэр үед Дэслэгч генерал цол авсан. Түүнээс хойш манай орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх хэргийг тасралтгүй удирдаж их ажил хийж байна. Дэслэгч генерал цол авснаас хойш 30 гаруй жил болж байхад цол нэмэгдсэнгүй. Бид үүний урьд 50 жилийн ойгоор “Армийн генерал” цол олгох саналыг тавихад өөрөө хүлээж аваагүй тайлбар хэлснийг харгалзаад хойшилсон. Бид энэ асуудлыг дахин ярилцаад их ялалтын 30 жилийн ойгоор цэргийн цолыг ахиулах нь зүйтэй гэж үзээд Сайд нарын Зөвлөлөөс шийдвэр гаргаж байна хэмээн мэдэгджээ.
- Ю.Цэдэнбал: ... Та нөхөд энэ асуудлыг олон удаа тавиад байна. Зөвхөн нэг шат ахиулахыг зөвшөөрч би хүлээн авъя...(нэг шат ахиулах гэдэг нь Хурандаа генерал цол олгохыг хэлж буй)
Ийнхүү Хурандаа генерал цолтон Ю.Цэдэнбал Зэвсэгт хүчний түүхэнд орж иржээ.
Олон улсын харилцаа түгшүүртэй хэвээрээ, намжмал байдал гэх түр зуурын хэврэг үзэгдэл Зөвлөлт-Хятадын харилцаанд тусгалаа олоогүй, Монголд харгис маоизмын эсрэг тэмцлийг дооз хэтэртэл явуулж байсан үед дараагийн цолны тухай асуудал яригдаад эхэлжээ. 1976.05.07-нд буюу Ялалтын баярын 31 жилийн ойн баярын өмнөхөн СССР-т нөхөр Л.И.Брежневт Зөвлөлт Холбоот Улсын Маршал цол шагнасан явдал тэгж яригдахад нь гол далим болжээ.
Тэр яриа 1976 оны зусангаа үргэлжлэн тэр оныхоо намар тэмдэглэх 60 насных нь ойн үеэр нь заавал цол олгох ёстой болж хувирчээ.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1976 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж Ю.Цэдэнбалын 60 насны ой тэмдэглэх тухай асуудал хэлэлцээхэд эхлээд “Сүхбаатарын нэрэмжит шагнал” бий болгож, анхны шагналыг Ю.Цэдэнбалд олгох тухай ярилцсан байна. Тэгснээ тийм шагнал дээр санал нэгдээгүй, тэр нь жул санагдсан уу, нэртэйд нь цэргийн цолыг нь ахиулъя гэдэг дээрээ тулж ярилцжээ.Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Жагварал цэргийн цол нэмэгдүүлэх санал түрүүлэн гаргаж, түүнийг нь Улс төрийн Товчооны гишүүн Д.Моломжамц, Б.Алтангэрэлнар дэмжиж, Товчооны бусад гишүүд гар өргөн Армийн генерал цол олгох тухай тогтоолыг баталжээ. Улс төрийн Товчооны энэ хуралдаанд Ю.Цэдэнбал өөрөө оролцоогүй “тусгай ажилтай” гэж тэмдэглэсэн байлаа.
Эргэж нэг дүгнэе. Ю.Цэдэнбалд цэргийн цол олгох асуудал 1944, 1975, 1976 он ийнхүү гурван удаа яригджээ. Анхлан дэлхийн II дайн үед генерал цол бий болгох тухай тогтоол армийн комиссар Цэдэнбалд шууд Хошууч генерал цолыг алгасуулан Дэслэгч генерал цол олгожээ. “Хүйтэн дайн” савнаасаа хальж байсан үед буюу Аугаа их эх орны дайны ялалтын 30 жилийн ой тохиох болоод тэр үйл явдлыг тохиолдуулан түүнийг Хурандаа генерал цолоор шагнажээ. Түүний Хурандаа генерал байсныг олон түмэн мэддэггүй. Учир нь тэрээр Хурандаа генералын мөрдэс, дүрэмт хувцасаа оёуулж өмсөж амжаагүй, тэр тухай бичсэн сонин хэвлэлийн мэдээ гэж гарч байсангүй. Гэтэл хойтон жил нь 60 насных нь ой тохиож, эл ойгоор “Армийн генерал” цол олгож, Сүхбаатарын одонгоор энгэрийг нь мялаажээ. Цэргийн энэ дээд цолыг Б.Дорж, Ю.Цэдэнбал хоёроос өөр хүртсэн хүн үгүй.
Энд нэг сонин зураг байна. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны шинэ хуучин хоёр сайдын ажлыг хүлээлцүүлсний дараахны 1978 оны үйл явдал. Армийн генерал Ю.Цэдэнбал Армийн генерал Б.Доржийн албан үүргийг Хурандаа генерал Ж.Авхиад хүлээлгэн өгөхөд байлцсан, дараа нь ярилцаж байгаа зураг. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга С.Жалан-Аажав тэр уулзалтад ажил үүргийн хуваарийн дагуу оролцжээ. Б.Дорж нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар томилогджээ.
“Улаан од” сониноос цааш эшлэе. Баримт: МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Ю.Цэдэнбалд БНМАУ-ын Маршал цол олгох тухай асуудал хэлэлцжээ.
- Ж.Батмөнх:– 1976 онд бид ярьж байсан нэг асуудлыг дахин ярих хэрэгтэй байна. БНМАУ-ын Маршал цол олгох тухай юм. Энэ асуудлыг тэр үед Цэдэнбал хүлээж аваагүй юм. Учир нь цаг үеийн байдалтай холбон тайлбарлаж байсан. Энэ завсар байдал их өөрчлөгдөв. Дэлхий дахины байдлаас болоод улс, эх орноо батлан хамгаалах шаардлага их болж байна. Улс орны батлан хамгаалах асуудлыг сайжруулах шаардлага их боллоо. Одоо цэргийн зохион байгуулалт, улс орны аж ахуй энэ бүхнийг мэргэжлийн ба бодлогын талаар Цэдэнбал даргын удирдлагаар шийдвэрлэж байна. Даргын цэргийн боловсрол, бэлтгэл, мэдлэг дадлагыг бид мэднэ. Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, удирдлагууд даргын энэ бүх байдлыг сайн мэддэг. Улс орны батлан хамгаалахын асуудлыг байвал зохих шатанд нь тавих хэрэгтэй. Кадр болон доод шатны арга хэмжээ ч авагдаж байна. Одоо дээд удирдлагад ийм шаардлага хэрэгтэй. Ю.Цэдэнбал 1940 онд Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Халхын голын дайны үед чухал үүрэг гүйцэтгэж байсан. 1945 оны дайнд зөвлөлтийн армитай хамт японы милитаристуудыг бут цохиход шууд оролцон ажилласан. Түүний ялалтыг зохион байгуулахад удирдлагын ач холбогдол их байв. Одоо цагийн байдлыг харгалзан даргад энэ цолыг өгөхөөр ярьж байна. Иймд дарга энэ саналыг хүлээн авах байх гэж найдна гэжээ.
Ийнхүү Маршал цолыг нь 1979 онд Халхын ялалтын 40 жилийн ойгоор буюу одоогоос 40 жилийн өмнө олгожээ. Цэдэнбал нь 1979-1990 онд 11 жил Маршал цолтой явжээ. 1979-1984 нд БНМАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг албан тушаалаа ч тэр үед илээр зарлах болсон ба цэргийн энэ дээд цол нь түүний тахин шүтлэгийг улам өөгшүүлсэн билээ. 1979 онд Вьетнам-Хятадын хилийн дайн дэгдэж, Хятадын эсрэг интервэнцээр заналхийлсэн Зөвлөлтийн армийн томхон хүч Монголд орж ирж, хээрийн сургууль хийж, ихэнхи нь энд үлдэж байрлан, мөн Монголын ардын армийг эрс өргөжүүлж, хүн хүч, зэвсэг техникээр бэхжүүлж байсан үед Маршал цолтон Цэдэнбал нам-төрийн дээд эрхийг барих нь тухайн үедээ буруу зүйл байгаагүй.
БНМАУ-ын БХЯ-ны сайд Хурандаа генерал Ж.Авхиагаас МАХН-ын XVIII их хурaл дээр хэлсэн дайчин үгс байна.
- Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх талаар байнга анхаарал халамж тавьж байдаг энхрий хайрт МАХН, түүний Төв Хороо, манай нам, төрийн гарамгай удирдагч, БНМАУ-ын Маршал нөхөр Ю.Цэдэнбал Танд цэрэг эрсийн дайчин цогтой халуун баяр хүргэж, гүн талархлаа илэрхийлье (Алга нижигжүүлэн ташив). Маршал нөхөр Ю.Цэдэнбал нь БНМАУ-ын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх,батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, цэрэг эрсийг социалист эх оронч, интернационалч үзэл, монгол, зөвлөлтийн ард түмний ган бат найрамдалд чин үнэнч байх үзлээр хүмүүжүүлэхэд олон жилийн турш эрдэм мэдлэг, оюун ухаан, баялаг туршлагаа зориулж, үнэтэй хувь нэмэр оруулж байгааг бахархан тэмдэглэж байна (Алга ташив) гэжээ.
Энэхүү Ж.Авхиа нь зөвлөлтийн зөвлөх генералаа дагуулж Төв Хороонд оччихоод нэгэн өвөрмөц санаачилга гаргаж хөөцөлдөж байсныг Цэдэнбалын багийн үнэнч албат байсан Т.Рагчаа гуай хожим дэлгэж дурсан ярьжээ.
- Товчооны гишүүдэд генерал цол олгоё. Зөвлөлтөд ч гэсэн тэр Товчооны гишүүд ихэнхи нь генералаас доошгүй цолтой байдаг гэж манай зөвлөхүүд ярьж байна. Тогтоол гаргуулъя гэж хэлж байсныг би биеээрээ харж сонсож байсан. Цэдэнбал Авхиагийн ярианд бүр итгэчихээд “Нээрээ ч энэ гишүүддээ генерал цол олгодог юм бил үү” гэхэд нь Товчоон дээр байсан бидний зарим хүмүүс “Дарга аа, яаж болдог юм бэ? Зөвлөлтөд чинь дайны үед л тийм байсан байх, энх тайван цагт ямар шаардлага байна вэ? Ард түмэн ч юу гэж санах юм бэ? Энэ болохгүй” гэж болиулсан юмдаг. Энэ мэт олон жишээ бий. Тэгээд л генерал болгосон бол өнөөдөр сонин болгон дээр цоохорлож бөөн шуугиан дэгдэж байх шүү дээ гэжээ.
Зарим гэрчүүдийн аман яриагаар бол генерал цол хавтгайруулан олгох тухай саналыг тас цохисон хүн нь Ерөнхий сайд Жамбын Батмөнх болж таардаг. Ж.Авхиагийн тооцоогоор бол түүнд Хурандаа генерал олгохоор төсөлд тусгасан байжээ. 1980-1981 оны зурвасхан үед ийм асуудал босч ирсэн юм билээ.
Цэдэнбалыг Маршал болсонтой холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбод шууд Дэслэгч генерал цол олгож, Батлан хамгаалах зөвлөлийн орлогч даргын тушаал хавсруулсан, Намын Төв Хорооны нэг хэлтсийн эрхлэгч С.Батаа нь Хурандаа генерал цолтой, хоёр орлогч нь Хошууч генерал цолтой (Л.Моломжамц, Ж.Дашзэвэг) гэхчлэн үлэмж цэрэгжиж эхэлж байсан үе тул Цэдэнбалд цэргийн дээд цол олгосныг тойрон хүрээлэгчдийн хэрэг гэдгээс арай ангид, наанатай цаанатай авч үзэх ёстой юм.
Ер нь 1990-ээд оны эхээр “тойрон хүрээлэгчид” ийнхүү тодорч ял зэм тохогдож байсан нь ганц Монголд өрнөсөн үйл явдал биш байжээ. Тэр үеийн Дорнод Европын пост-коммунист бүх оронд хуучин коммунист удирдагчдаа яллах кампанит ажил өрнөөд байсны тусгал нь л Монголд орж ирсэн гэж үзэх үндэстэй юм. Энэ тал дээр бид хуучин ахан дүүсээсээ идэвхтэй суралцсаны нэг тод жишээ нь энэ биз ээ. Харин Монголын тойрон хүрээлэгчид Дорнод Европын удирдагчдыг бодвол хөнгөн ял зэм авсан. Жишээ нь Ардчилсан Германы сүүлчийн коммунист удирдагч Э.Хонеккерын хувь заяа тун эмгэнэлтэй дууссан. Шоронгийн хаалга татсан Болгарын удирдагч Т.Живков, цэргийн шүүхээр яллагдаж гэргийтэй хамт цаазлуулсан Румыны удирдагч Н.Чаушеску, 15 жилийн ял сонссон чехословакийн В.Биляк гээд нэрлэвэл хуучин социалист хамтын нөхөрлөлийн орнуудаас олон нэрс гарч ирэх байх. Эдэн шиг хувь заяа Цэдэнбал нарын дээд иерархийн хэнд нь ч тохиогоогүй ээ.