2020 онд кинотеатруудын хаагдаж, бид Netflix, Amazon тэргүүтэй кино стриминг рүү бүрэн чиглэсэн. Бараг бүх бизнес орлогоо алдаж, уналтад ороход хүргэлт, стриминг хоёр урьд урьдынхаасаа илүү орлоготой байлаа. Кино зураг авалтууд хойшилж, томоохон кино наадмууд их сургуулийн онлайн диплом гардуулалт шиг л даруухан өрнөж, кино уран бүтээлчид ч хэсэгтээ гэртээ суухаас аргагүй болов. Кино урлаг зогсонги байдалд орчихоод байхад түүнийг түгээн үзүүлэгч үйлчилгээ үсрэнгүй дэвжсэн хачирхалтай жил тохиолоо. Харин 2021 онд улс орнууд цар тахалтай тэмцэн тийчлэхээс оронд дасан зохицох арга хэмжээг авч эхэлснээр жилийн хоёрдугаар хагас гэхэд ихэнх орнууд кинотеатраа нээсэн. Нөгөөтэйгүүр үзэгч, кино сонирхогчид том дэлгэцээр кино үзэхийн үнэ цэнийг сэргээн мэдэрлээ. Стриминг үйлчилгээ хэдий хялбар, хямд, тухтай ч кино урлаг өргөн дэлгэцтэйгээ нягт уялдаатай явдгийг сануулсан жил байсан гэхэд ч болох юм.

 

Кинотеатр нээгдсэнээр өнгөрөгч оны сүүлээр Дестен Креттон найруулагчийн "Shang-Chi and the Legend of the Ten Rings", Дени Вильнёв найруулагчийн "Dune", Энди Серкисийн "Venom 2", Жон Уоттсын "Spider-Man: No Way Home", Лана Вачовскийн "Matrix: Resurrections" зэрэг алдартай блокбастерууд шил даран нээлтээ хийв. Эдгээр кино бүгд цар тахлын үед олонтаа нээлтээ хойшлуулж, үзэгчдийн тэсвэрийг барсан юм. Үзэгч, фэнүүд нь ч "Бид ингэж их хүлээлээ" гэсэн шиг хошууран үзэцгээлээ. Харин ийм дуулиантай блокбастеруудын дэргэд даруухан нээгдэж, нам гүм тавигдсан кино ч цөөнгүй. Дэлхий даяар дуулиан шуугиан тарьдаггүй ч үзэгчдийн зүрх сэтгэлд аядуухан эгшиглэдэг тийм бүтээл 2021 оны кино урлагт өнгө нэмж, илүү амттай болгож өглөө. 2021 онд кино урлаг ийм л байлаа гэж ерөнхийлөн тодорхойлох аргагүй, тийм л төрөлжиж салаалсан өнгө төрхтэй байсан юм. Ингээд 2021 оны зүрх сэтгэлд эгшиглэгч кинонуудаас онцлон сонордуулъя.

Онцлох кино:

1. The Worst Person in the World (Йоаким Триер)

Орчин үеийн Норвегийн кино урлагийн чухал төлөөлөгчийн нэг Йоаким Триер 2021 онд алдарт Ослогийн трилогоо зангидаж, "The Worst Person in the World" киногоороо жаргаалаа. Өдгөө 47 настай найруулагч бүрэн хэмжээний таван кинотой. Цөөхөн мэт боловч түүний кинонууд шийдэл болоод агуулгын хувьд нэн чухалд тооцогддог. Бид Норвеги орныг ДНБ, хүний хөгжлийн индекс гээд бүхий л сайн сайхан үзүүлэлтээрээ тэргүүлдэг, хөгжингүй улс гэж мэддэг. Харин Йоаким Триер найруулагч энэ диваажин мэт орны залуу үеийн амьдралын хэв маяг, цаашдын чиг хандлага, хөгжингүй нийгэм дэх хувь хүний сэтгэлзүй, зовлон бэрхшээлийг задлан харуулдгаараа онцлогтой. 

"The Worst Person in the World" залуу эмэгтэй Жулигийн амьдралын дөрвөн жилийг харуулна. Жули эхлээд анагаахын сургуулийн хүний эмчийн ангид элссэн ч удалгүй хүний биеийг бус, сэтгэлийг судлах хүсэлтэйгээ ойлгон сэтгэл судлалын тэнхим рүү шилжин суралцана. Гэвч сэтгэл судлал ч бас түүний хүссэн зүйл биш байв. Ингээд хориод насандаа их сургуулиа хаяж, гэрэл зурагчин боллоо. Гэрэл зураг авах явцдаа залуу насанд тохиож болох олон адал явдалтай учрах бөгөөд Аксель гэх 15 насаар ах эртэй танилцан дотносчээ. Тэдний харилцаа хангалттай сайхан боловч үргэлж шинийг эрэлхийлж, илүүд тэмүүлэх Жулид Акселийн тогтвортой гэр бүл үүсгэх санаа эс таалагдав. Аксель ч бас хүний эмчийн анги, сэтгэл судлалын тэнхим, гэрэл зургийн аппарат, дутуу үлдээсэн нийтлээгүй өгүүллэгүүд шиг нь хаягдах уу гэдэг асуултын хариуг та үзэж байж мэднэ. 

Орчин үеийн залуусын тогтвортой гэр бүлийн тухай нийтлэг хандлагад маш том асуултын тэмдгийг эл кино тавьжээ. Нэг талаас, хүүхэд бол асар том хариуцлага гэдгийг ухамсарлан, өөрийгөө төлөвшил, боловсрол, санхүүгийн бололцоо зэрэг зүйлсийн хувьд бэлэн болохоо хүлээж азнаж буй нь сайн хэрэг. Гэвч нөгөө талаас, олон залуус "Би хүүхэдтэй болохыг хүсэж байна уу?" гэж асуух бус, "Миний үеийн залуус хүүхэдтэй болохыг хүсэж байна уу?" гэх асуултанд ороогдож буйг илчилжээ. Норвеги болон бусад хөгжингүй орнуудад хүн амын өсөлт хасах руу орж, залуус хүүхэдгүй байх эсвэл хожуу хүүхэдтэй болох хандлагатай болжээ. Бараг л нийгмийн стандарт болчихож. Гэхдээ өөрийгөө хүүхэдтэй болоход бэлэн болсон гэж үзэж байгаа хэрнээ нийгмийн стандартад захирагдан, үе тэнгийнхнээсээ хоцорчих юм шиг, адал явдлыг нь хүүхэд дөнгөлчих юм шиг, хэн ч биш болчих юм шиг мэдрэмж хөгжингүй орны хөндүүр болжээ.

Мөн "The Worst Person in the World" кинонд феминизм, хэтийдсэн харилцаа холбоо, үе хоорондын хэрэглээний болон сэтгэлгээний ялгаа, бүтээн туурвих эрх чөлөө ба хэм хэмжээ зэрэг олон сэдвүүд хөндөгдөнө. Гэхдээ зүгээр ч нэг хөндөх бус, эдгээр асуудлыг харах шинэ өнцөг гаргажээ. Харин хийц, шийдлийн хувьд Европ кинонд түлхүү ашиглагддаг “скандинав нуар” буюу хүйтэн өнгүүдийн тансаг зохицлыг гаргажээ. 

Энэ киног залуу насны жавхаатайгаа насжих, өтлөхийн бодит ахуйг харуулсан ч гэж тодорхойлж болохоор.

2. Memoria (Апичатпон Вирасетакул)

Тай найрулагч Апичатпон Вирасетакулыг титрээ киноныхоо дунд явуулчихдаг, дүрүүдийнхээ мөн чанарыг удаанаар, яарамгүй нээн илчилдэг, ширэнгэн ой болон агуй гэх мэт хачин сонин бүхэн өрнөх боломжтой орон зайн сонголтыг хийдэг, үйл явдлын шугаман бус дарааллыг түлхүү ашигладаг гэдгээр нь кино сонирхогчид сайн мэднэ. Түүний 2021 онд гаргасан "Memoria" кинонд ч эдгээр онцлогууд нь шингэжээ. Харин өмнөх кинонуудаасаа ялгаатай нь "Memoria" яг хоёр цагийн турш үргэлжлэх оюун санааны эмчилгээ шиг тийм намуун тайван бас хачирхалтай бүтээгджээ.

"Memoria" нь цахирмаа цэцэг үржүүлгийн мэргэжилтэн Жессика гэх эмэгтэй эмчлүүлж буй дүүгээ асрахаар Колумбид ирснээр өрнөнө. Дүү нь эмчилгээнээсээ болоод маш их унтдаг. Харин Жессикад нэг шөнө модон шалан дээр аварга том төмөр бөмбөлөг унах шиг хүчтэй чимээ сонсогдсоноос хойш эл чимээ түүнийг өөр өөр нөхцөлд, өөр өөр цаг хугацааны завсарт дагасаар нойргүйдэлд оруулжээ. Тэр чимээ яг хаанаас гараад буйг мэдэх аялал нь Жессикаг бодит ба хийсвэр ертөнцийн заагт авчирна.

"Memoria" бол хэтийдсэн мэдээллийн урсгал, зутарч чирэгдэм яаруу амьдралын хэв маяг дунд шиврээ бороо, гол горхи, шувуудын жиргээ сонсоод, угаасаа л кино үзэх гэж урьтаж төлөвлөсөн хоёр цагтаа тайвширч, амьсгаа авч, амрах боломжийг өгсөн бүтээл. Бидний амьдарч буй нийгэм шиг ийм яаруу, бужигнасан орчинд "Memoria" шиг оюун санааны эмчилгээ бүтээгдсэн нь олзуурхмаар. Та энэ киноны дундуур унтчихаж ч магадгүй. Гэхдээ Апичатпон найруулагч "Миний киноны дундуур унтаж л байвал сайн. Тэгвэл миний гол зорилго биеллээ гэсэн үг" гэжээ. Кино гэгч нь заавал өрнүүн, дэврүүн байх албагүй бөгөөд бүр эмчилгээний зориулалттай ч байж болно гэх шинэлэг өнгө аясыг мэдэрч болох юм билээ.

3. Drive My Car (Рюсүкэ Хамагүчи)

Рюсүкэ Хамагүчи найруулагч хүмүүсийн харилцаа, ялангуяа гэр бүлийн харилцааны тухай маш сонирхолтой өнцөг бүхий кино хийдэг. Харин 2021 онд нэрт зохиолч Харуки Муракамигийн “Drive My Car” өгүүллэгээс сэдэвлэн ээлжит бүтээлээ хийжээ. Энэ кино нь гурван цаг орчим үргэлжлэх бөгөөд эхлэлийн титр нь 41 дэх минутан дээрээ урсах нь яарамгүй, тайван мэдрэмжийг төрүүлж байв. 

Театрын найруулагч, жүжигчин Юсүкэ Кафуку хайрт эхнэрээ зуурдаар алджээ. Тэдний харилцааг ажваас, зүү орох зайгүй, хардалт сэрдэлтийн хүйтэн салхи сийгэх завсаргүй мэт тийм бат бөх, халуун дулаан. Гэтэл эхнэр нь араар тавьж буйг Юсүкэ санаандгүй олж мэджээ. Ийн мэдсэнээ эхнэртээ мэдэгдээгүй, элдэв хэрүүл маргаан үүсгээгүй ч уг явдлаас хэдхэн хоногийн дараа эхнэр нь зуурдаар өөд болно. Юсүкэ амьдралынхаа үргэлжлэлийг театртаа зориулж, А.П.Чеховын “Авга ах Ваня” жүжгийг Хирошима хотын тайзнаа тавихаар боллоо. Жүжгийн гол дүр буюу Ванягийн дүрийг талийгаач эхнэрийнх нь нууц амраг Такацүки авснаар нэг эмэгтэйг хайрлаж асан, ижил шархтай эрчүүдийн дундах хачирхалтай харилцаа үүснэ. Мөн Юсүкэгийн жолоочоор Мисаки нэртэй эмэгтэй ажиллах бөгөөд Мисакигийн бага нас, гэр бүлийн амьдралын түүх нь өнгөрсөнийг тольдох, өнөөдрийг сэхээрэх, ирээдүй рүү өнгийх тэнхэл өгнө.

Рюсүкэ Хамагүчи найруулагч “Asaka I&II” кинондоо А.П.Чеховын “Эгч дүү гурав” жүжгийг яаж тавих, дүрүүдийг нь хэрхэн гаргах талаар ярилцаж буй сценийг шигтгэсэн байдаг бол “Drive My Car”-гаа “Авга ах Ваня” жүжигтэй бараг л зэрэгцээ өрнөж буйгаар хийжээ. Хамагүчигийн кинонуудад Чеховын зохиол, Чеховын эшлэл хэзээ ч чимэглэл, тансаглал төдий байдаггүй. Харин өөрийнхөө дүрүүдийн хувь тавилан, дотоод мэдрэхүй, сэтгэлзүйг Чеховын дүрүүдээр дамжуулан илэрхийлдэг гэхээр. Чеховын дүрүүд Хамагүчигийн дүрүүдийн мөн чанарыг үзэгчдэд тодруулан харуулах толь ч гэсэн болно. Дүрүүдийн хамаарлаас гадна Хамагүчигийн кино нь аясаараа л Чеховын зохиол шиг уур амьсгал, хэмнэлийг олчихсон байгаа юм. Юу ч болохгүй, юу ч өрнөхгүй юм шиг хэрнээ сайтар ажиглаж чагнаваас асар их зүйл өрнөдөг тийм л өнгө аяс. Дүнсгэр, нэгэн хэвийн харц төрх нь дотоод хашгираандаа цууралгүй тэсэж үлдсэн тийм л дүрүүд…

“Drive My Car” олон хэлээр ярьж байгаа сонирхолтой. Англи, япон, солонгос, хятад бүр дохионы хэл. “Авга ах Ваня”-д тоглож буй жүжигчид төрөлх хэлээрээ ярих нь киноныхоо агуулгыг илэрхийлэх шиг болж билээ. Япон хэлтэй жүжигчид нь англи, солонгосоор ойлгохгүй, англи, хятад хэлтэй жүжигчин нь японоор ойлгохгүй, дохионы хэлээр жүжиглэж буй жүжигчнийг нөхрөөс нь өөр хэн ч ойлгохгүй гээд л. Бичил Вавилон ч юм шиг. “Авга ах Ваня” жүжгийг амьдрал гэвээс бид яг л тэр жүжигчид шиг амьдардаг. Хэнийг ч бүрэн дүүрэн ойлгодоггүй, гэхдээ ойлгохгүй байлаа ч өөр өөрийнхөөрөө амьдраад болоод л байдаг. Бусад дүртэйгээ зохицон тоглохын тулд өөрийнхөө дүрийг л бүрэн дүүрэн ойлгох ёстой болдог. Яг л Такацүкигийн хэлсэн үг шиг: “Бусдыг хэчнээн гүн гүнзгий хайрлалаа ч бид түүнийг бүрэн дүүрэн таньж мэдэж чаддаггүй. Гэхдээ таньж мэдье гэж чин сэтгэлээсээ хүсвэл өөрийнхөө дотор руу л өнгийх ганц сонголт байдаг“. Өрөөлийн ертөнцөөр аялах ирмүүн хүсэл нь эргээд өөрийнхөө дотор руу өнгийх эрлээр мухарддаг энэ үйл явцыг Хамагүчи яг л Муракамигийн өгүүллэгт гардаг шиг илэрхийлж, эх зохиолынхоо хамгийн нандин хэсэгт хүндэтгэлтэй хандсан нь талархууштай.

Санал болгох:

4. Licorice Pizza (Пол Томас Андерсон)

Алдарт найруулагч Пол Томас Андерсоны шинэ бүтээл “Licorice Pizza” 1970-аад оны Калифорниагийн өсвөр насныхны амьдралыг харуулна. Гэри Валентайн хүү жүжигчин болох дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдөн олон саад бэрхшээлийг давдаг. Алдартай жүжигчдийн тансаг хангалуун амьдралыг хүссэндээ биш, харин жүжиглэлтээр дамжуулж өөрийгөө илэрхийлэхийг, бусдад сонсогдохыг хүссэндээ эл замыг сонгожээ. Гэвч энэ ертөнц төсөөлсөнтэй нь адилгүй бөгөөд Гэри хайр дурлал, хувийн үзэл баримтлал болон жүжигчнийхээ замналын аль нэгийг дагах хүндхэн сонголттой тулна. “Phantom Thread” киноноосоо хойш чимээгүйхэн суусан П.Т.Андерсоны хэв маягийг үгүйлэн санасан хэн бүхний үзвэл зохих кино хэмээн тодотгож болно. 

5. Parallel Mothers (Пэдро Альмодовар)

Пэдро Альмодоварын кинонууд сэтгэлийг оргилуун хөдөлгөдөг. Өнгөний хурц шийдэл, хөгжмийн зохилдлого, камерын сонирхолтой өнцгүүд, бүрэн хэмжээний роман ч байж болохуйц кино зохиол гэх мэт хүчин зүйлс найруулагчийн гол бүтээлүүдийн онцлог юм. Мөн бүтээл бүртээ өөр кино, урлагийн өөр төрлийг уусган шингээдэг. Өөрөөр хэлбэл, Альмодоварын кинонуудын зохиол нь өөр кинонуудын, өөр номнуудын, өөр уран зургийн агуулгаар дамнан хөгждөг гэсэн үг. "Parallel Mothers" кинонд ч бас дээрх шинжүүд бүгд агуулагдах бөгөөд эмэгтэй хүн, тэр дундаа эх хүний ертөнцийг орчин үеийн нийгмийн аж байдалтай хослуулан өгүүлжээ.

Н.Өнөржаргал