Хүүхдийн төлөө гэх хүсэл бүхэн бүтэх болтугай
Таны хүүхэд гэрэлтэй гудамжаар, аюулгүй замаар алхаж, автобусанд түгжрэхгүй, утаанд угаартахгүй эрүүл саруул өсвөл энэ гудамж, энэ агаар ч гэсэн таных. Тийм болохоор хотын гудамж, зам талбай, барилга байшин, амьдрах орчин, бүх зүйлийг хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө төлөвлөе. Энэ бол ерөөсөө хотын өөрийнх нь стандарт, гэхдээ хамгийн өндөр стандарт юм. Энэ л АН-ын бодлого.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хоёр хоногийн дараа болно. Ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа өнөөдөр дуусч, баасан гаригт орон даяар сонгуулиа өгөх гэж байна.
Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуульд оролцож байгаа улс төрийн 15 нам, нэг эвслээс “гал гарсан” хурц тод өрсөлдөөн гарсангүй. Нийслэлчүүдийн хувьд хамгийн их анхаарал татахуйц мөрийн хөтөлбөр дэвшүүлж, хамгийн идэвхитэй сурталчилгаа явуулсан нь АН, тодорхой хэлбэл Нийслэлийн АН байлаа. “Хүүхдийн төлөө хот” болох, энгийн юм шиг мөртлөө үнэ цэнэтэй зорилго, зорилт.
Харин бусад намууд ямар хөтөлбөр дэвшүүлсэн, ямар зорилготой сонгуульд орсон талаар өнөөдөр ч олонхи нь мэдэхгүй, сонсоо ч үгүй яваа. Итгэхгүй бол хажуудах хүнээсээ асуугаад үзээрэй.
Улс төрийн намуудын хувьд хүүхдийн асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг боловч “малгай” болгосон тохиолдол өмнө нь байсангүй. Магадгүй аравдугаарт эрэмбэлэгддэг байсан байх.
Гэвч нийслэлийн хүн амын тал хувийг эзэлдэг хүүхдүүд яг томчуудтай адилхан асуудал, бэрхшээлтэй. Адилхан түгжирч, адилхан утаанд угаартаж, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр дутагдаж, яг томчуудтай адилхан аюул осолтой нөхцөлд амьдарч байгаа. Зарим талаар томчуудаас ч илүү хохирогч болдог. Турьхан биендээ яг томчуудтай адилхан, заримдаа тэднээс ч илүү ачаа үүрч яваа нь хүүхдүүд. Тийм болохоор АН хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьсан хэрэг.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Нийслэлийн АН-аас хотын гудамжинд "Хүслийн самбар" байрлуулж, хүүхдүүдэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, хүслийг нь цуглуулжээ. Гэтэл хүүхдүүдийн хамгийн түрүүнд хэлсэн бэрхшээл юу байсан гээч, түгжрэл. Түгжрэл дунд хүүхэд хамгийн ихээр ядардаг. Сурч боловсрох, амрах цаг хугацаагаа алддаг. Өдрийн хагасыг түгжрэл дунд өнгөрөөж байгаа хүүхдүүд сургуульдаа очоод хичээлдээ идэвхитэй, сонирхолтой байж чадах уу? гэх мэт.
Мөн хүүхдүүдийн хамгийн хамгийн их бичсэн зүйл нь "өлсдөг". Ялангуяа дунд ангийн хүүхдүүдийн хувьд. Түгжрэлд хамаг цагаа барсан хүүхдүүд сургууль дээрээ очоод маш их өлсдөг гэж. Энэ ч гэсэн хүүхдийн сурч боловсроход саад болж байгаа бас нэг хүчин зүйл гэдгийг одоо бид мэдэж авлаа. Тэгэхээр хүүхдүүд хүслийн самбарт юу бичсэн нь чухал ч гэлээ томчууд тэдний хүсэл, хүндрэл бэрхшээлийг сонсох, хуваалцах нь хамгийн чухал юм. Урд өмнө бид хүүхдүүдээс хүслийг нь асууж байсан билүү?
Хүүхдүүд эрүүл, аюулгүй, хөгжих боломжтой орчинд тав тухтай амьдарч чадаж байвал энэ тав тух бусад бүх хүмүүст олгогдоно гэсэн үг. Таны хүүхэд гэрэлтэй гудамжаар, аюулгүй замаар алхаж, автобусанд түгжрэхгүй, утаанд угаартахгүй эрүүл саруул өсвөл энэ гудамж, энэ агаар ч гэсэн таных. Тийм болохоор хотын гудамж, зам талбай, барилга байшин, амьдрах орчин, бүх зүйлийг хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө төлөвлөе. Энэ бол ерөөсөө хотын өөрийнх нь стандарт, гэхдээ хамгийн өндөр стандарт юм гэдэг бодлогыг АН-аас дэвшүүлээд байгаа.
Хүүхэд тань цэвэр агаарт тоглох боломжтой, цэцэрлэгт хүрээлэнтэй, сургууль, боловсрол, анги танхим нь хүрэлцээтэй, итгэж болох ирээдүйтэй бол энэ ч гэсэн таны, танай гэр бүлийн амар тайван, аз жаргал.
Тийм учраас нийслэлчүүд маань “Энэ миний нам шүү, эцэг өвгөд минь байгуулсан юм шүү” гэж өнгөрсөндөө хүлэгдэх биш, ирээдүйдээ итгэж сонголтоо хийгээсэй. Нийслэлийн хороо болгон сургууль, цэцэрлэгтэй, хүүхдүүд хичээл сургуульдаа явахын тулд дүүрэг алгасч, 2-3 цагаар түгжирдэггүй, автобус хүлээж даардаггүй байгаасай. Өвдсөн үедээ очер дугааргүй үзүүлдэг эмнэлэгтэй, эмчилгээ үйлчилгээ авахын тулд эмнэлгийн коридорт гудас дэвсдэггүй байгаасай.
Хотын удирдлагад авилгад идэгдээгүй, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс ажиллаасай. Хотын иргэд хотын даргаа сонгох эрхтэй, оролцоотой болоосой. Сонгогдсон дарга нар нь иргэдийнхээ үгийг сонсдог, айлгаж ичээдэггүй, аашилж загнадаггүй байгаасай. Ийм эв энгийн мөртлөө бидэнд хамгийн үнэ цэнэтэй байгаа зүйлийн төлөө энэ удаагийн сонгууль болж байна.
14-хөн хоногийн өмнө АН-ын сурталчилгааны нээлт Улаанбаатар паласт болж, нэр дэвшигчдээ танилцуулсан. Нэг ч намчин, цүнх баригч байхгүй. Дандаа боловсрол, мэдлэгтэй, хийсэн бүтээсэнтэй, ид насны залуучууд. Тэгэхдээ дандаа хотоо, нийслэлээ гэсэн сэтгэлтэй, хөгжихийн өлсгөлөнд автсан нийслэлийн унаган хүүхдүүд өөр өөрсдийнхөө амьдардаг хороо, дүүргээсээ нэр дэвшиж танилцуулсан. АН үнэхээр залуужиж, залуусаар хүч нэмж байгаа юм байна даа гэсэн итгэл төрж байлаа.
“Хашаандаа сайхан амьдаръя” Цэнгэний Түмэнбаярыг, иргэдээ өмөөрч эрх мэдэлтнүүдтэй өдөр шөнөгүй тулж яваа Оргилын Отгонтөгс, Энхцэцэгийн Энхзоригийг сонгохгүй бол өөр хэнийг сонгох юм бэ? “Азийн цагаан дагина” байсан хотыг авлигын хар нүх болгосон намчидаас өөр хэн хотоо, нийслэлээ чөлөөлөх юм бэ?
2012 онд нийслэлчүүд Э.Бат-Үүлийн багийг сонгож нэг удаа үүлэн чөлөөний нар үзсэн. Сүүлийн найман жил дахиад харанхуй нөмөрсөн. Эрх баригчид утаанаас, түгжрэлээс, ковидоос хүртэл мөнгө хийсэн. Нийслэлчүүдийн уушгин дахь тортог зузаарахын хэрээр дарга нарын түрийвч зузаарсан. Энд элдэв олон тоо баримт дурдах ч илүүц, иргэд өөрсдөө арьс махаараа мэдрээд явж байгаа.
Хүнийг юу хэлж байгаагаар нь биш, юу хийснээр нь дүгнэж болдог юмаа гэж нэг үг бий. Тэгвэл шинэ 34 жилийн жилийн 30 жилд нь нийслэлийг удирдсан, нийслэлийг нэг том тосгон болгосон намаас бид өөр юуг хүлээх вэ? Удахгүй өвөл ч эхэллээ...
inews.mn
Зочин
Зочин
Зочин