“Хунтынхан” өлссөн бололтой
“Хунтынхан” өлссөн бололтой
Ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс төрийн албанд томилогдсоор байна. Хамгийн ойрын найз нь гэх ЗГХЭГ-ын дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгаланг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ. Яагаад ойрын найз вэ гэдгийг жаахан тодотгоё.
ЗГХЭГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалангийн төрсөн аав нь Л.Лингов ерээд оны эхэн үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Төрсөн аав, хүү хоёр Засгийн газрын “гал тогоог” даргална гэдэг ховор тохиолдол, нэр хүндийн хэрэг мөн. Б.Энх-Амгалангийн төрсөн дүү нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү нартай базууд буюу ураг төрлийн холбоотой гэдэг. Л.Лингов гуай өөрийн хүү Энх-Амгаланг Цэргийн их сургуулийг төгсөөд ирснийх нь дараахан найз Ж.Чүлтэмсүрэнгийнх нь хамт ЗГХЭГ-т татаж авч ажиллуулсан гэдэг. Тэдний намтарт ч Б.Энх-Амгаланг 1991 онд ЗГХЭГ-т шинжээч, ахлах шинжээч, референтээр, Ж.Чүлтэмсүрэнг 1993 онд ЗГХЭГ-т ахлах зааварлагч, шинжээч, референтээр ажиллаж байсныг тодорхой бичсэн байдаг. Л.Лингов даргын дараа түүний хүү, Б.Энх-Амгаланг албан тушаалаар эрхлүүлэгч нь эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх болж хувирсан байдаг юм.
Б.Энх-Амгалан Киргизид хоёрхон жил консулаар ажиллаад, энэ хугацаандаа Польшийн хил дээр хууль бус бараа тээвэрлэж яваад баригдсан байтал дутуу судалсан уу, мэдсэн ч зориуд нөхөрлөлдөө үнэнч үлдэх гэсэн ч юм уу, Цэргийн их сургуульд хамт сурч байсан найз У.Хүрэлсүх нь 2016 оны долдугаар сарын 22-нд Шадар сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 4-нд Ерөнхий сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн албан тушаал ахихын хэрээр цэргийн сургуулийн найзууд болох Б.Энх-Амгалан, Ж.Чүлтэмсүрэн нар ч түүнийг дагаж ахиж дэвшсээр байв. Ж.Чүлтэмсүрэн хурандаа ОБЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/677дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, 2020 оны 8 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, УОК-ийн Шуурхай штабын даргаар томилогдсон боловч 26 хоног ажиллаад огцорсон. Шалтгаан нь”Шуурхай штабын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амраасан, энэ үед нь Шуурхай штабын ажилтнууд коронавирусын халдвар авсан, мөн Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү орж, гарч байсан явдлыг мэдээгүй, хяналт тавиагүй зэрэг шалтгаанууд байсан бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Мөн Ковидын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан үед, халдварын бүс Өмнөговь аймагт гэр бүлийнхээ хамтаар зугаалж хорхог хийж амарч явсан бичлэг нь нийтэд дэлгэгдсэн. Өнөөдөр тэрбээр ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Ж.Чүлтэмсүрэнгийн гэргий Б.Ичинхорлоог Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлсэн газрын захирлаар томилоход мөн л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх асан, одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгаланг нөлөөлсөн гэцгээдэг. Иймэрхүү албан тушаалын гинжин хэлхээний хамгийн өндөрт яваа нэгнээ бусад нь алдаа дутагдал гаргавал татаж унагадаг бичигдээгүй хуультай. Хүн чанар зааж хамт явсныхаа горыг У.Хүрэлсүх амсч чихээ халууцуулж нүүрээ улайлгаад удаж байна.
Түүнчлэн ОБЕГ-ын Захирааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатар өнгөрсөн хоёрдугаар сараас ОБЕГ-ын дэд даргаар ажиллах болсон.
ОБЕГ-ын дарга Лувсандоржийн Болдбаатар нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн төрсөн ах.
Энэ бүх шалтгаанаас ч болдог юм уу, ОБЕГ-ын даргынхаа урдуур гүйж “Тэрбум модны хөтөлбөр”-т хамрагдаж хүн, хүчний боломжоосоо хэтийдсэн их үүрэг авч хаврын түймэртэй тэмцэхэд хүрэлцэж ядан ард иргэдээ сайн дураар нь дайчлахад хүрдэг ОБЕГ-ын алба хаагчдыг туйлдуулж байгаа талаар, ялангуяа тэдний мод тарьж буй Жаргалантын амны хөрс, усны байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар сошиалаар хэдийнэ шүүмжлэл өрнөж эхэлсэн. Ямар сайндаа нүцгэн гараараа цуцтал модны нүх ухаж, сүүлдээ “унагалдай” гэгч төхөөрөмжийг хөлсөлж нүхээ ухсаар байгаа тэр хүмүүс өнөөдөр түймэр унтрааж, аврах ажиллагаанд оролцож байх ёстой. ОБЕГ-аас чухам хэдэн мод тарих болсныг лавлахад эсвэл дарж, эсвэл “тодорхойгүй байгаа” хэмээн нууж буй нь бүр ч эгдүүцэл төрүүлнэ.
Дээрх хүмүүс, ялангуяа Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн дарга болсон хурандаа Б.Энх-Амгалан охин компаниудаа хэрхэн энэ хөтөлбөр рүү шахах нь ойлгомжтой. Уул уурхайн чиглэлээр ажилладаг тухайн компаниудаас энэ талаар тодруулахад “Бид ногоон сандаа зохих төсвийг төвлөрүүлэхээс татгалзахгүй. Харин мод тарих, тийм тусгайлсан зөвлөл байгуулах зэрэг нь ид ажлын үеэр зохимжгүй байна” хэмээн байна. Мэдээж тэд нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Гэхдээ энэ бол зайлшгүй зохимжгүй зохицуулалт гэдгийг бодит нөхцөл байдал харуулж байна.
У.Хүрэлсүхийг Шадар даргаар ажиллаж байхад түүний ах Ганболд ЗТХЯ-нд газрын даргаар ажиллаж байсан, тэр үед Ерөнхийлөгчийн хамааралтай цорын ганц компани “Илт хан” гэгч компанийг Ганболдын хүү Гандөл, одоогийн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, мөн Кимтэён Энхтуул гэх гурван хүн байгуулсан байдаг. Ерөнхийлөгчийн дүү У.Давхарбаярын Эрдэнэт үйлдвэрт болон ДЦС-уудад хийсэн шахааны баримтуудыг орос монгол хэлээр гэрээнүүдийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэнтээ дэлгэсэн ч хуулийнхан хэзээ ч “сонирхож” шалгаж байсангүй. Харин отгон дүү У.Отгонбаяр нь БХБЯ-нд газрын даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг нь ахынхаа карьерт саад болохоос татгалзаж ажин түжин амьдрахаар шийдсэнийх байх. Одоо тэрбээр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладгийн нарийн учрыг ойрын хүмүүс нь их л сонирхолтойгоор тайлбарладаг юм билээ.
Хэдийгээр ойрын ураг төрлийнхнөө төрийн албанаас холдуулсан ч “Хунтынхан”-ы сүүдрээ төрийн албанд тусгасан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эсэх талаас нь АТГ шалгаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Тэр тусмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөс, ЗГХЭГ-ын дэд дарга, одоо “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар ажиллах болсон, “баялаг түүхтэй” Б.Энх-Амгалан, түүний хамаарал бүхий компани барилга барьж байсан газраа чөлөөлж өгсөн явдал хэр бодитойг ч дахин шалгахад илүүдэхгүй.