Хулгай биш “олз”


Өвөг дээдэс ингэж захисан юм.

-Эр хүнд эрхий ороох шидмэс ч олз болно”, “Амандаа олсон олзыг хэлээрээ түлхэв гэгч болуузай”, “Авахгүй бол аз харина”, “Олсон хүний олз”, “Эр хүн олзонд, эрвээхэй зуланд...” гэх мэт, гэх мэтээр олз таарвал орхиж болохгүйг сургажээ.Тэгэхээр, олз гэж татгалзахын аргагүй “нэг юм” байна аа даа. 

    Олз бол хөдөлмөргүйгээр, бүтээн байгуулалтгүй орж ирдэг орлого. Ямар ч хэлбэртэй байж болно. “Тодорхой нэрлэх эзэнгүй болон ойр хавьд эзэн нь харагдахгүй эд баялгийг олз” гэх ба хэмжээ хязгаарын тухай ганц нэгхэн баримт үлдсэн “даах чинээ” ажгуу. Өмнөд хөршөө уулгалсан Монгол цэргүүд даах чинээнийхээ олзыг жин торгоор татаж ачаад буцсан тухай түүхэнд гардаг. Хүний шунал хязгааргүй адил олзонд хэмжээ байхгүй. 

  Эрэлхэг цэрэг Швейк найзууддаа “Дэлсчихмээр юм таарвал авчихаж бай. Эс тэгвэл чамайг шударгад тооцохгүй. Үүнээс томыг авсан учраас голлоо” гэж бодно хэмээн зөвлөдөгсан. Түүнийг бичсэн Я.Хашек Монголд ойрхон явсан, биднийг барагцаалдаг нэгэн байсан юм шүү.

  Энх тайван цагийн олзыг авч байхад харах хүн, болиулах хэн нэгэн ойр хавьд байхгүй байх учиртай. Бас, аливаа юм хэтэрхий олон эзэнтэй байвал гээгдснээс ялгаагүй тул олзны тоонд багтана. Олзыг бас эзнээс нь шууд авч ч болдог. Бидний мэдэх “Тунгалаг Тамир”-ын Түгжил бээр цахиур Төмөрийг дээрэмдэх гээд бүтэлгүйтэхдээ “Ах аа би, тань шиг олз хайсан л хүн шүү ээ” гэж учирладаг.

  Хулгай хийхийг өвөг дээдэс зөвлөөгүй. Харин “Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч болно” гэж сэрэмжлүүлсэн. (Жижиглэнгээр хумсалж хулгайлахын оронд бөөндөөд ганц хусчихвал хулгайч болохгүй үлдэх ч юм уу) 

   Гэхдээ “Сүнсгүй наймаачнаас сүнстэй хулгайч дээр” гэж бас захисан байдаг. Бараг л “Бизнес хийх гэж алийгаа алдснаас хулгай нь шулуун” гэж буумаар юм уу? Мэргэд, сүнстэй наймаач байхын тулд яахыг тодорхой заасангүй. Бодвол, бараандаа тээврийн зардал, татвараа шингээхгүйгээс гадна, ашиг унахгүйгээр зарахын нэр юм болов уу ? Ингэж наймаа хийсэнд орвол ч хулгай нь шулуун л даа. 

    Зах зээл, хотшил иргэншлээс зайдуу нүүдэлчид үеийн үед амьдралаа дээшлүүлэх гол арга бол олз болохыг сургаж ирсэн байна. Орлого, ашиг гээгүй шүү.Олзыг яаж олох вэ гэхээр наймаа хийж сүнсээ түймэрдэхээс бусдаар (бизнес хийхээс бусдаар???), айн ?

   Ингээд бодохоор эзэнгүй өмч зам дээр таарахыг л хэлээд байна аа. Ингэхэд хулгай хийх, олз олох хоёрын дунд ямар зааг байдаг вэ?

“Зөв” хулгайг дэмжинэ !

   БНМАУ ч хулгайг сурталчилсан нийгэмтэй байлаа. Тэрийгээ хулгай гэж нэрлэхгүй ээ, бас. Баячуудтай тэмцсэн баатруудын үйл хэрэг маягтай ярих. Шилийн сайн эр хэмээх “хулгайч-жентелмэн”-ы хэв шинжит дүр энд төлөвшсөн. Яагаад гэхээр, ийм учиртай. Социализмын туган дээрх уриа сэтгэл татам бөгөөд “Орон бүхний үгээгүйчүүд нийлээд баян ядуугийн ялгаагүй тэгш жаргах” явдал. Баян ядуугийн ялгааг арилгах хамгийн амархан арга олсон нь баячуудын хөрөнгийг хурааж хавтгайд нь ядууруулах. Суумгай иргэний эрхийг бусадтай нь тэгшитгэхийн тулд эрүүлүүдийнх нь хөлийг хуга цохисонтой агаар нэг шийдэл. Гол уриа нь “Өгөхгүй бол булаах”. Байгалиа хүртэл шууд тонохыг уриалж “Байгалийн хишгийг горьдохын оронд булаах хэрэгтэй. Мичурин” гэсэн уриаг сургууль бүрт хадаж, хүүхдийг хар багаас нь хүмүүжүүлнэ. 

   ХХ зуунд байгуулсан социализм маань эдийн засаг дээр бус үзэл суртал дээр тогтдог нийгэм байлаа. Үлгэрлэвээс, чамайг цадтал хооллохын оронд чамайг “цатгалан байгаа” гэдэгт зүйл бүрээр итгүүлдэг дэглэм. Зүйл бүрээр итгүүлэх аргад ятгах, төөрөгдүүлэх, бодит мэдээллийг хаах, эрүүдэхээс эхлээд алах хүртэл орно. Яах гэж, 1930-аад онд алтан ургийн сэхээтэн, шашны хуврагууд, хэрсүү ардуудыг аймаглан устгасан бэ гэхээр, тэд цатгалан биш байгаагаа мэдэх, бусдадаа цадаагүй байгааг нь хэлэх аюултай улс байсан юм. Өөрөөр хэлбэл, яавч хууртахгүй хэсгийг нь ялгаж алаад, амархан хууртах, үгүйдээ л айсандуу хууртах хэсгийг үлдээсэн ба өнөөгийн бидний угсаа гарвал иймэрхүү!

  Олон түмэн “цатгалан бөгөөд жаргалтай” байгаадаа үнэмшихийн тулд өмнөх бүх үедээ үүнээсээ долоон дор байсан гэдэгт итгэх ёстой байв. Ингэхийн тулд зовлонгоор дүүрсэн түүх зохиож өгөх хэрэгтэй болов. “БНМАУ-ын түүх” ингэж төрөв. Түүнийг СССР-ын Шинжлэх ухааны Академи эрхлэн оросоор бичиж өгөөд тусгай комисс монголоор орчуулан цээжлүүлэв. Сайхан амьдарч байснаа мэдэх улс бүгд алагджээ. 

   Ингээд зогсохгүй ард түмэн ирээдүйн сайхан социализмыг зөгнөн тэмцсэн түүхтэй байх учиртай. Тэр нь шилийн сайн эрчүүд бөгөөд баячуудын хөрөнгийг хураан нийтэд тараах эрмэлзэлтэй хувьсгалчид байсан байх нь ээ, янз нь. Даанч удирдан чиглүүлэх намгүй байсан учраас амжилт олоогүй аж. (Мэдээж, тэр нам нь МАХН)Яг ингэж заадаг байсан юм шүү. 

   Удирдах намаасаа хэдэн зуунаар (МАН 1920 онд байгуулагддаг бил үү?) түрүүлээд төрчихсөн коммунистууд болох шилийн сайн эрс маань хулгайлсан адуунаасаа хүмүүст зүгээр өгдөг байсан нь ч бас үнэн. Голдуу хурдан удмын сайн морь хулгайлдаг хүмүүст ганц адуу уургалаад хөтөлж явснаас түүнийгээ оролцуулан сүрэглээд хөөх нь хялбар байж. Хөөх явцад муухан нь хаягдсаар шандастай нь тунах тул олзоо шигшин ангилах арга болно. Явдал даахгүй хаягдаж байгаа морьдоо зүгээр хаяхаар гээд замаараа тараагаад явдаг байсан бололтой. Гэхдээ, сайн ч муу ч хууль цаазтай, дээр нь бие биенийхээ малыг бараг зүсэлж мэддэг айхавтар ажигч иргэдтэй оронд “Хэнийх яагаад, гэнэт зүс үзээгүй морь малтай болчихсон бэ? Хулгайчийн хамсаатан биш биз” гэхчлэнгийн асуулт гардаг л байсан баймаар. Гэвч, шал худлаа түүх зохиож байхад үнэн юуны хамаа! 

   ХХ зуунд “Нийтийн өмчийг хулгайлах муухай, харин хувийн өмчийг хулгайлах нь зөв” гэдэг үзэл санаа тогтжээ.БНМАУ нь хувийн өмчийг зөвшөөрдөггүй, гараад ирвэл бүрэн устгаж, эзнийг нь шоронд хийдэг улс байв. Иргэд нь амиа зогоох төдий амины өмчтэй. Цөллөгт амьдарч байсан Ц.Лоохууз амины өмчөө арвижуулаад хувийн өмчтэй болон алдаад шоронд орж байжээ. 

   Гэвч иргэд нь нийгмээ сайхан тонодог байсан даа. Нийгмийн өмч бол ёстой тэр гэх эзэнгүй, жинхэнэ олз гээч байв. Төр нь аргаа бараад нийгмийн(хүний хувийн биш) өмч хулгайлсан этгээдийг хамгийн хатуугаар цээрлүүлж, цаазалж хүртэл байлаа.

Хулгай биш олз

   Капитализм байгуулаад хувийн өмчтэй болсон боловч хэний ч биш олзнууд олноороо үлдэв. Тэр нь төрийн өмч. Иргэд нь ч гэсэн юм л бол “Тэр үйлдвэрийг төрийн өмч болго, энийг төрд хурааж ав” хэмээн байнга шаардаастай. Үнэн хэрэгтээ ард түмэн нь төрөө баян хүчирхэг байлгах гээд ч байгаа юм биш. Харин “Энэ их хөрөнгө хэн нэгнийг маань баяжуулж надаас илүү болгосонд орвол ингэсгээд нохойн хоол болог” гэсэн адгийн атаач санааны үр л дээ. Эрх баригчид болохоор тодорхой эзэнгүй “олзны далай” арвижна гээд үүнд нь дуртай нь аргагүй. 

   Хамаг учир энэ олзны далайд байгаа. Эрх мэдэлд нь асар их, тодорхой эзэнгүй мөнгө хөрөнгө ороод ирэхийг юу гэх вэ? Эзэн нь Дорж биш, Бат ч биш, ер нь хэн ч биш. Олз биш юу юм бэ? Аманд орсон шар тос биш гэж үү? Хэлээрээ түлхвэл аз харина шүү. Ахиад ийм олз хэзээ таарахыг хэн мэдлээ... Хожмын өдөр аваагүйдээ харамсаж, амаа барих ч юм бил үү? Үнэхээр ч “Тэгэхэд л хусдаг байж. Шударга царайлж тэнэгтээгүй бол өдийд ингээд сууж байхгүй байж. Надад ийм боломж байсан даа” гэсэн яриа та нар сонсож байгаа биз дээ.

   Энэ утгаараа биднийг хулгайч болон шударга иргэд гэж хуваахаас өмнө “олзонд хүрсэн” болон “олзонд хүрч амжаагүй” хэмээн ангилж бас болж байна. Улс төрийн оргил өөд мацаж байгаа зарим маань зүгээр л энэ олзон далайн зүг тэмцэж яваа. Сонгуульдаа асар их мөнгийг хайр найргүй зарцуулдаг нь түүнээсээ илүү ихийг олзны далайгаас утгахын төлөө л билээ.

    Монголчууд хулгайг жигшиж байсан учраас хулгайлсан юмыг хэрхэх тухай сургасангүй. Харин олзыг яахыг хэлж өгчээ. Бидэнд “Олзыг олуулаа” (орондоо бол хоюулхнаа) хувааж байхыг гэж захисан байна. Бидний ихэнх нь хулгай, авилгыг үзэн ядаж байгаа. Бас цөөнгүй нь олзоо хуваагаагүйд нь эгдүүцэж байгаа. Саяны “Сонсгоод”(Нүүрсний сонсгол)-ыг харсан олон хүн хулгайг жигшин уурслаа. Тэднээсээ цөөнгүй нь “ Хүүрнүүд чинь, намайг эзгүйд хуваагаад авчихсан байна шүү дээ” хэмээн цухалдсан буй заа.

   Олон нийтийн сүлжээгээр дүүрэн нь байгаа даа, “Нүүрсний хулгайн олон их наяд төгрөгийг хүн бүрд хуваахад 240 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөө олж авцгаая” гэхчлэнгийн бичвэрийг, түүнийг нь халуунаар дэмжсэн мянга мянган сэтгэгдлийг өдөр бүр харж байна. Маш олон хүн хулгай хийснийг буруушаахгүй байна. Харин тэрийгээ ганцаараа авчихсанд уурлаж байна. Олзоо хуваачихвал өршөөхөд бэлэн байна. Гагцхүү хамтарч хулгай хийгээгүйд л өширхөх аж. Өөрөөр хэлбэл, хам хэрэгтнээ болговол уучлах гэж байна. Ингээд харахаар бид хулгайг нэг их жигшдэггүй, харин олзоо хуваагаагүй хулгайд л дургүй аж. Ийм газарт юу цэцэглэхийг хэлэх хэрэг юун !

   Эзэнгүй (нийтийн өмч) болгоныг олз гэж хардаг, хулгайчийг зөвхөн олзоо хуваагаагүйн төлөө буруутгадаг нэг ийм философи бидэнд байна. Улсын өмч их байхын хэрээр олзны далай арвин байх болно. Далай байгаа цагт сэлж чадах эсэхээ бодохоосоо өмнө үсрэн орогчид олдож л таарна. Харин, нийтээрээ буруу замаас ирсэн олзноос татгалзаж сурахын цагт чиний юмнаас хумслах ч багасна. 

   Өнөөдөр энэ “Сонсгоод”-оо уншуулаад байгаа нөхдүүд хэзээ ч тодорхой “эзэнтэй юм” авахгүй төлөв түвшин улс. Хэзээ ч дээрэм хийхгүй ба харанхуй гудамжинд мөнгө үүрсэн ганц бие инкассатор таарахад хүргээд өгч мэдэх улс. Яаж ч өлслөө гэхэд эзгүй айл ухахааргүй шударгачууд. Хүний халааснаас мөнгө цухуйж байсан ч гараа явуулахгүй хайлангууд. Зам дээрээс хэтэвчоллоо гэхэд цагдаад аваачаад өгөх сайчууд. Хүмүүнлэгийн үйлст мөнгө зарахаас сийхгүй, өнчин өрөөсөнд хувцсаа тайлаад барихаас буцахгүй өглөгчид. Гагцхүү... гагцхүү олз харвал л зүгээр өнгөрдөггүй бидний өрөөсөнгүүд. 

    Биднийг өөрчлөгдөж амжаагүй байхад цаг үе, ертөнц хэтэрхий өөр болчихож. Олзоор биш орлогоор амьдардаг болчихож. Олз ч гэж байхаа больсон байна. Тэр горыг нь амсаж байна даа. Шинэ цаг үеийнхээ философийг бид ойлгох цаг иржээ. Эрин үе Монголчуудад “Олзноос болгоомжил”, “Анхаар. Аюултай олз” хэмээн сургах ажгуу.

    Өвөг дээдэс амандаа орсон олзыг хэлээрээ түлхэж болохгүйг захисан атлаа эрсдлийг нь бас үнэлж“Эр хүн олзонд(унаж үхнэ) эрвээхэй зуланд ( унаж шатна) гэж бас сануулжээ. 

    Олз байж, бас зул нь бас байж. Олон ч эрвээхэй зул руу унажээ. Зуланд унасан эрвээхэйг аврах арга байдаггүй сүсэгтэн олон мэднэ !

                                                                                                                                                                                                                                                      2023.12.26