Хуйвалдагсад ба дагалдагсад


Америкийн Конгрессийн байшин руу халдлага үйлдсэн явдал тун саяхан болов доо. Хэрэг явдлыг зориуд зохион байгуулсан эзэнгүй, өөрөө аяндаа өрнөсөн байг яахав. “Хэргийн эзэн” Д.Трампыг бүр яагаа ч үгүй гэж бодъё. Гэхдээ бүгдийнх нь цаана өгдөөгчид, сэдэлжүүлэгчид, онгод оруулагчид заавал байдаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь гэмгүй царайлан үлддэг байсан юм. Өнөөдөр цаг өөр болж байна. 

              Хүний аминд хүрч дууссан дээрхи үймээний онгод нь өөрийгөө QAnon хэмээн нэрлэсэн бөө нэгэн байв. Жинхэнэ нэр нь Ченсли гэдэг тэрбээр “Хуйвалдааны онол”-д итгэсэн нэгэн байжээ. Түүнийхээр бол дэлхий нийт хуйвалдагчдийн гар орсон бөгөөд Трамп л ганцаараа тэдэнтэй тэмцэж байсан ажгуу. Гэтэл Трамп нь өөрөө “хуйвалдаан”-ы золиос болон сонгуульд ялагдахаар нь эцсийн хүсэл зоригоо дайчлан Капитолын ордон руу дайрсан нь тэр аж. Хуйвалдааны онолд итгэгч маань өөрөө хуйвалдан зандалчилсан зүйл ангиар ялаа хүлээж суугаа. 

        Хэдхэн хоногийн дараа Америкийн нэгэн эмзүйч Коронагийн эсрэг “Модерна” вакцины 500 тунг санаатайгаар устгасан мэдээ дэлхий даяар тархав. Бас л хуйвалдааны онолд итгэгч нэгэн. Хорвоог захирч байгаа хуйвалдагчид хүнийг номхон боол болгодог жижхээн “чип” хийснээ Модерна вакциндаа холиод тарих гэж байгаад үнэмшсэн гэнэ. Тэгээд ядаж л 500 хүнийг аварч байгаа нь энэ гээд хагас мянган гэмгүй хүний амийг аврах боломжийг сүйтгээд хаячих нь тэр. Өнөөдөр “Вакцины эрлэг” маань шүүхийн довжоон дээр чулуу нясалж суугаа гэвэл манайханд сайн ойлгогдох байх. (Харин, Хуйвалдааны онолын “номын садан”-гууд цар тахлын үед, манай эрүүлийг хамгаалах салбарт шууд болон дам учруулж мэдэх хохирлыг одооноос бодолцон сэрэмжлэх ёстой)

           Манайд болсон явдал. Хэдхэн хоногийн өмнө. Алдарт “Хиншүү” Гамбаа гээч хүн “Оюутолгойг хөөж зайлуулах” улигт сэдвээрээ суулт өлсгөлөн зарлаж шуугиулав аа. Оюутолгой бол “Монголын үнэртэй” Хуйвалдааны онолын үндсэн золиос болсон сэдэв. Монголын хэсэг улстөрч барууны хөрөнгө оруулагчидтай хуйвалдаад Оюутолгойн ордыг ашиглахаас нь өмнө “идээд, уугаад, баацан” гэдэгт нийгэм байтугаа, шүүх хууль цааз нь үнэмшээд, гэрээ байгуулсан хүмүүсээ сорчлоод шоронд суулгачихсан гэж байгаа. 

          Оюутолгой нь ч дүүрсэн толгой гэж бодоод өнгөрөх гэтэл, “Монголын үнэртэй хуйвалдаан”-ы онолыг эцэг нь “Хэрвээ өөрийнхөөр нь болохгүй бол өөрийгөө шатаана” гэдгээ зарлан зурагтын дэлгэцийг Ковидын мэдээтэй булаалдан эзэгнэв. 

     Өмнөх нь огцроод өөрийгөө байгуулан ядаж байсан “Засгийн газар” байн байн очиж гуйсаар, буулт хийлээ. Өөрийнхөөр нь болгохоо амлаж, өөрийг нь шатахаас аварсан гэсэн үг. Парламент хүртэл санаа тавьж байгааг бодоход тэр хүний амь “зөвхөн өөрийнх амины амь төдийгүй” бололтой. 

    “Амины бус амь” ч аврагдаад үлдэж гэхэд, нийгэм даяараа л “Өөрийгөө шатаах”, “Сүхбаатарын талбай дээр шатаах”... замаар тэмцэх, санасандаа хүрэх, сүрдүүлэх, айлгах, үгүйдээ өөрийгөө илэрхийлэх арга, менежмэнт байдгийг санаж сэрсэн байна, эргээд бодоход. 

  Эдийн засгийн хямрал, цар тахлын дарамтанд хямарсан нийгмийн сэтгэл зүйд “Өөрийгөө шатаах замаар асуудлыг шийдэж болдог юм байна”, “Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаах нь асуудлыг шийдэх бас нэг арга байдаг юм байна”, “Өөрийгөө шатаах хүнээс монгол төр их айдаг юм байна”, “Хүнд тоогдох арга бол өөрийгөө шатаах байх нь” гэхчлэнгийн мэссэжүүдийг цацсаар үлдснийг бид анзаарсангүй хэд хоножээ, янз нь.

    Гэтэл хэд хоногийн дараа цэл залуухан нэгэн эр Сүхбаатарын талбай дээр ирээд өөрийгөө шатаачихлаа. Хэвлэлийн хурал зарлаж, зурагтаар гарч аваад сүүлд нь шатахаа больдог өмнөх дүрмийг дагасангүй. Шууд л өөрийн бие дээр бензин асган гал тавиад, хүүе гэхийн зуургүй шатаж нас барлаа. Зарим хиншүү галын араас үнэртдэг бол нөгөө зарим нь галаасаа өмнө ханхалдаг байх нь. Хэдхэн алхмын цаана төрийн тэргүүнээс шагнал гардаад баяр хөөр дүүрэн гарч ирсэн эрхмүүдээс ярилцлага авч байсан ТВ-ийн оператор гэнэтхэн камераа эргүүлэн хэргийн газар луу гүйж байгаа бичлэг үлджээ. (Үйл явдал санаандгүй ингэж таарсан, санаатай тааруулсан, эсвэл санаатай тааруулсан байдлаар хэрхэн цаашид улс төржүүлж, хэн нь өөртөө ашигтай алхам болгохыг таашгүй)

    Учир утгагүй самуун дэгдээх, хүний амь аврах нигууртай эм танг сүйтгэх, биеэ шатаан амиа хорлоход хүргэх “удирдамж” болдог Хуйвалдааны онол гэж юу юм бэ. Шашны тулгар үзлээс дутуугүй хор хөнөөлтэй энэ үзэл санаанд хаалт хориг байдаггүй, хүний шинжлэх ухаанч танин мэдэхүйд найдаад орхидог нь гачлантай.

    Нээлттэй нийгэм нь танин мэдэхүйг зохион байгуулдаг(бүх нийтээр дунд боловсрол эзэмших гэхчлэн) боловч гэгээрэн боловсрох боломжийг нээж, ихэнхдээ уриалан дууддаг. Шинжлэх ухаанаар замнахыг нийгмийн гишүүдийн үүрэг болгодоггүй. Физикийн хуулиудыг ойлгохгүй амьдрах, химийн тулгуур ойлголтгүй байх нь гэмт хэрэг биш. Түүн шигээ Бурханд итгэх, үл итгэх бас хуйвалдааны онолыг үнэмших нь хувь хүний эрх болоод үлдэж. Гэвч өнөөдөр шашинтай байх шашны фундаменталист байх хоёрыг ялгаварлан үздэгийн адил хуйвалдааны онолд итгэгчдийн асуудлыг авч үзэхээс өөр аргагүй болоод байгааг хүн төрөлхтөн анзаарчээ. Харь гаригийн хөлөг харсан гэж итгэдэг хүнийг шоолсхийгээд орхихын оронд итгэл үнэмшлээсээ болоод нийгэмд хохирол учруулах эсэхийг нь ноцтой авч үзэхээс өөр аргагүй болж байна. 

    Хуйвалдааны онол нь нэг талаасаа их энгийн зүйл. Танай нутагт, эсвэл байгууллагад нэг тиймэрхүү, “бүх хүнийг өөртөө дургүй” гээд бодчихсон хүн тааралдаж байсан л байлгүй. Тэдний л олонлог гэсэн үг. Даргыгаа үүрэг өгөхөөр “намайг халах гэж өөр сэв эрж байна” гэж хардаад л, гаднаас ороод ирэхэд хүмүүс инээлдэж байвал “нийлээд намайг шоолсон байх” гэж битүүхэн хорсоод л үлддэгчүүдийн нийтлэг. 

    Тэд ганцаараа байхдаа дотроо бөөн хар юм тээж хариад гэрийнхнээ залхаасхийгээд л дуусдаг. Харин ижил санаатнуудаа олж, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо ижилсээд ирэхийн цагт хүний ертөнцийг өөрсдийнх нь эсрэг хуйвалдаж байна гэж хардаг. Зарим нь өөрсөндөө таарсан үзэл суртал зохионо. Овжин бөгөөд хүн муутай авьяастнууд тэнд “маашшш томмм” зах зээл байгааг хараад, санаанд нь таарах сурах бичиг зохиож худалдана. Үүнийг харсан хардагчид “За, тээр. Яг үнэн. Бидний бодоод байгааг бичсэн байна” хэмээн сая саяар нь худалдан авна. Үүний ард, дотроос нь нэг их зулгаагаад байх хүн чанар гэхээр юмгүй зохиогч мөнгөө тоолоод л үлдэнэ. Үйлийн үр иртэл юу хийснээ үл санана, ирсэн хойно нь ч “яагаад намайг гэж” хэмээн уйлагнан гайхширдаг бизээ.

    Хөөрхий “Хуйвалдаанд итгэгч” нарыг улс төрчид их ашиглана. ХХ зууны БНМАУ-д байсан бүхий л хүчирхийллийг зөвтгөгч нь мөн л Хуйвалдааны онол байлаа. Хятадууд болон АНУ, Япон тэргүүтэй империалистууд өнөө маргаашгүй дайраад ирэх гэж байгаа учраас төрийн хүчирхийлэл, диктатурыг тэвчих ёстой. 

   Хүүхдэд, “аав ээж нь чамайг сайн хүн болгох гэж зодож байгаа юм” гэсэн тайлбартай буудаг хүчирхийлэл насанд хүрэгчдэд “төр нь чамайг хятадуудад, империалистуудад битгий алуулчихаасай гэсэндээ л хүчирхийлж байгаа юм” гэсэн зөвтгөл болж бууна.

    Аймшгийн тулгалт дарамт, аянгын хар үүл толгой дээр зангираастай. “Социалист Майн баярын жагсаал тасалж байгаа хүн бол Империализмын талд л зогсдог гэсэн үг”, “Лениний санаачилсан комунист субботникт ирэхгүй байгаа нь Лениний дайснуудтай санаа нэг байгаагаас өөрцгүй”, “Намзасгийн бодлогод эргэлзэнэ гэдэг бол Хятадын талд л байна гэсэн үг”, “Монгол-Зөвлөлтийн найрамдлаас өө сэв эрж байгаа хүн бол Хятад ялаасай л гэж боддог хүн”, "Социализм ялна гэхэд алга ташаагүй бол социализм ялагдана л гэж бодсон  хэрэг"... ийм л логик дарамтална. 

     Төр нийгэм, хувиийн харилцаанд ч энэ л суртал ноёрхоно. Эхнэрээсээ салбал “Капиталист ертөнцийнхөөс зарчмын ялгаатай социалист гэр бүлийн бат бөх байдлыг гутаан, хөрөнгөтний үзэл сурталчдад идэш бэлдэв” хэмээн үзэж, ажлаас хална. (Эхнэрээс салснаас болоод сайдаасаа бууж, хөдөө орон нутагт ажилд заагдаж явсан хүн одоо ч мэнд амар явж л байна)

-ЗХУ ба БНМАУ-ын эсрэг дэлхийн капиталистууд хуйвалдаж байгаа. Тэр ч байтугаа адилхан коммунизм байгуулж байгаа БНХАУ ч өнөө маргаашгүй ирж хоолой хэрчихэд бэлэн хэмээн айлгана. Энэ бүхнээс Зөвлөлт болон манай эрх баригч намзасаг, Улс төрийн товчооны гишүү дөдөр шөнөгүй хамгаалдаг. Чи эрх чөлөөгүй байх, хэлмэгдэх, хүнийхээ хувьд доромжлогдох юу юм бэ, энэ бүх “Хуйвалдааны аюул”-ын хажууд, айн! 

   Урлаг соёл хүртэл хүчирхийллээ дагаад наргианы эд болж хувирна. Наргианы байсныг 1990-ээд онд хөмөрсөн тогоон дороос гарч ирээд мэдснээс бус, тэр үедээ тийм л байдаг учиртай юм байх гэж итгэж явсан. Хууртах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун гэж хэлээд байдгийн учир энэ.

    Хөгжмийн хамтлаг байгуулбал зөвхөн “Улс төрийн дууны” байх ёстой бөгөөд дайсны тухай янз бүрийн дуунууд урын санд заавал орно. Араас нь ганц нэг янаг амрагийн дуу хавсаргаж болно. Эвлэл, пионерийн гишүүд заавал сурах ёстой “Улс төрийн 10 дуу"-нд багтсан, наадам, октябрийн баяраар төрийн концертийн хөтөлбөрт заавал ордог нэгэн дууны бадгийг сонирхуулья. Энэ 10 дуу “Баатарчуудын хүндэтгэлийн дуу”(8-11 насныхны улс төрийн байгууллага), Пионерийн дуу, марш (11-16 насныхны улс төрийн байгууллага), МХЗЭ-ийн дуу(МАХН-ын дайчин туслагч) зэргээс тусдаа юм.

Тэр дуунд:

-Дайсан биднээс далдуур аа

Дарь хүхрээ бэлдэн байж

Алаг үрсийн минь толгой дээр

Атомын бөмбөг зэхэж байна оо... гэж гарна. Хөмөрсөн тогооны дор орсон бидний үеийнхэн гадаад ертөнцөө тэгж л төсөөлнө. Дайсны зэхсэн атомын бөмбөг унахгүй байгаа явдлыг нам засгийн хайр энэрэлтэй холбон ойлгож, хувьсгалт “зодуур” бүрээс нь хайр халамж амтална, сдаа гэж.

    Систем унасан ч хуйвалдааны онол унасангүй ээ. Өнөөгийн улс төрд ч яг ийм арга барил маш хүчтэй байна. Өрсөлдөгч нам, улс төрчөө “Хуйвалдагч” болгон хувиргаж, хардах интэй нүүдэлчдийг тийш нь турхиран амжилт гаргах нь олонтаа. Яг л, байгууллагад ганц нэг байдаг “Хамт олны хуйвалдааны онолчин”-г зарим нэг явуургатай нь сайхан цэнэглэж өгөөд, дургүй хүнийхээ өөдөөс турхирч хонзонгоо авдаг, таашаал эдэлдэг дээ. Тэр үйлдэл л том масштаб дээр өрнөж байна гэсэн үг.

   "Оюутолгой бол хуйвалдаан" гэсэн онол зохиогоод салхийг нь аятайхан тавиад өгөхөд Ерөнхий сайдуудаа шоронд хийхэд алга ташдаг болгож болж л байна. Түүнчлэн “Баярын долоон байшин” гээл зураг тавихад эзнийг нь шоронд суулгасан хийрхэл ургуулж чадаж л байна. 

   Одоо Сү.Батболдын гадаад байшингийн тухай онол ид хөгжиж байна. Хэн нэгнийг “гадаадад юмтай” гээд л эхэлбэл энэ нөхрийг хэрэгт оруулах процесс хөгжөөд эхэлж дээ гэдэг нь ойлгомжтой болсон цаг. Лав л “Мянгат малчин” өгөх гээгүй байх.

   Ганц ганцаараа амиа авч явсаар ХХ зуунтай золгосон нүүдэлчид “Хар хүний хар их, харагч гүүний даарь их” гэгчээр бие биенээ сэрдэнэ гэж жигтэйхэн. Үнэний шалгуур нь баримт, эргэлзэхүй гэхээсээ илүүтэй “тийм юм шиг санагдах”, “Энэ ч үнэн байх” гэж бодогдох явдал байх нь олонтааг хэлэх үү? Хуйвалдааны онолоор сайхан цэнэглээд л тавьчихад л “Татааруудыг тэрэгний аралтай чацуулаад ирэхэд бэлхэн” харанхуй хүч нумаа агсаастай ажаам.

  Ядаж байхад зөвхөн намзасгийн хий гэснийг л, заасан заавраар нь үйлдэж ирсэн 100 жилийн хүмүүжил маань бизнес сэтгэлгээтэй болоход том тээг болсоор. Бид социализмаас явсан ч социализм биднээс явсангүй ээ. Хөрөнгөтний зам руу халтирахгүй байхыг л зааж явсан нам засагт хөрөнгөтэй болох арга заах туршлага “ниад коля” бөлгөө. Хөрөнгө чинээтэй болсон олон хүнийг хулгай л хийсэн байж таарна гэж тас итгэн, “Хуйвалдааны онол”-ын золиос болж яваа амьтанд буруу байхгүй ээ. Өөрийнх нь толгойд хулгай хийхээс өөрөөр мөнгөтэй болох арга орж ирэхгүй болохоор өөр яах ч билээ.

    Социализм задарч, Зөвлөлт улс тарсны дараа авторитар дэглэмтэй хоёр их гүрний дунд хавчуулагдсан, “Ардчиллын нахиа” болсон эрх чөлөөт Монгол орны иргэдийн “Хуйвалдааны онол” гол бай нь “Хоёр хөршийн бус хөрөнгө” оруулалт болов. Тухайлбал, Канадын хөрөнгө оруулалттай Оюутолгойн зэсийн орд, Францын (Ариава)хөрөнгөөр хийж буй Ураны хайгуулын ард “Орон бүхний хуйвалдагч нар. Нэгдэгтүн!” болоод Монголыг “Өчигдөр тэгж хорлосон юм чинь, өнөөдөр ингэж хорлоно”, “ Маргааш нөгөө аргаараа хорлоод, нөгөөдөр шинэ маягаар тэгнэ” гээд сууж байгаа гэж цөөнгүй хүн итгэнэ. Ашиг сонирхол нь хоёр талд байна аа гэж мянга хэлж, түм учирлаад нэмэргүй.

    Хятадууд вакциндаа чип суулгажээ гээд хашгичиж яваа амьтанд Хятадын нэг хүнд ногдох ДНБ байтугаа, микрочип, микроб, микроскоп гурвын ялгаа сонин биш. Мэдээд ч яах билээ. Хуйвалдаан байгаад өөрөө итгэж байна. Чип гэж айхавтар хор байгаа гэж араас нь хэлж өгч байна, хаваасаг. Тэдний нэг нь саяхан Манжийн үеийн “Бү чуан" (Улсын сангаас гаргасан гэсэн утгатай) гэдэг манж бичигтэй зоосыг "Бүү цадаг" гэж уйгаржин монголоор "тайлаад" бөөн сенсааци үүсгэж, зуун жилийн өмнө мөхсөн Чин династийн сүнстэй хэдэн өдөр дайтав. Манж нар Монголоос бичиг зээлдсэн учраас гөрдөн үсэглэж болно л доо. Гэхдээ, шууд уншаад ойлгоно гэж юу байхав. Ижилхэн үсэгтэй гээд л захын монгол хүн Орос, Болгар, Грэг бичээс уншаад унадаггүй л биз дээ. Харамсалтай нь, өвчин хийрхэлд ямар ч орчуулга орохгүй юм даа. 

   Өнөөдөр Хятадыг, Барууныг үзэн ядах үзэл хөгжөөд яваад зарим хүн, зарим хөрш тааламжтай л байгаа байх. Харамсалтай, энэ өвчин нүдгүй, танин мэдэхүйгүй. Нийгмийн сэтгэл хөдлөлийг судлаачид цагийн дүүжинтэй зүйрлэдэг. Нэг тийшээ хэр хөөрнө, тэр эрчээрээ нөгөө тийшээ өгсөнө. Хуйвалдааны онол ч тэр мэт дүүжин даажинтай.

 Өнөөдөр Хятадын эсрэг уламжлалт хийрхэл, Хуйвалдааны онолчдын хуйлрал нэг эгзэгтэй мөргөцөгөөс Орос руу эргэж мэднэ. Ингэх нь мөн л утгагүйгээс утгагүй. Хүсэх юм ёстой биш. 

     Тэгж гэмээнэ, одоогийн “Мояа” нар дорхноо багаа солиод “Оросын эрлийз”-ийг илчлэх, “Оросын хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлэх” ажилд орно. Хэрвээ “Монгол хүн амыг цөөлөх гэж Оросууд Ковидын вирусыг төмөр замар оруулсан” мэтээр хашгичаад эхэлбэл гайхах хэрэггүй болж ч магад. Төмөр замаар танк орж ирээд эзлэдэг гэж үнэмшдэг хүнийг Төмөр замаар вирус орж ирээд өвчлүүлдэг гэж хуурахад нэг их түвэг орохгүй. Өнөөдөр, Хятадын Синовакын дотор “чип” гэдэг хор хольсон гээд намирч яваа этгээд, маргааш Оросын Спутникт “Навальныгийн бандаажинд түрхдэг новичик холиотой” хэмээн бурахаас ер сийхгүй. Мянга тайлбарлаад нэмэргүйн учир нь, хийрхэл бол төөрөгдөлд суурилдгаас биш танин мэдэхүйд тулгуурладаггүйд байгаа юм.

      Тэр цагт БНМАУ-ын тусгаар тогтнолийн төлөө, нүүдэлчдийн нийгмийг дэвшлийн төлөөнөө Москвагийн хийсэн бүхнийг тэд мушгин гүжирдэх болно. Малчдыг нийгэмшүүлэн сэхээтний ертөнцтэй болгосон дэвшилтэт үйл явц ч шал эсрэгээрээ эргэнэ. Яг л “Манжийн хишиг” гэдэг хүндэтгэл нэг л өглөө “Манжийн дарлал” хэмээх үзэн ядалт болоод хувирсан шиг. Орос-Монголын харилцааны өнгөтэй өөдтэй бүхнийг тэд харлуулахаас сийхгүй.

     Нүүдэлчдэд шинжлэх ухааны ертөнцийг нээж өгсөн Кирилл үсгийг “сурсан хүн тэнэг болгох” зориулалттай ба түүгээр ном уншихын хэрээр Монгол хүний тэнгэр ухаан булингартсан болж таарна. Тэмбүүнээс салгасан улаан тариа нь Монгол хүнийг генийн хувьд хэврэгшүүлдэг эд байсан гэхэд үнэмшээд л давхина. Ураны хайгуул хийхээр л хоёр толгойтой хурга төрдөг гэж боддог хүнийг ийм юманд үнэмшүүлэх амархаан. 

    Монгол хүн эрүүлжиж, хүн ам идэвхтэй нөхөн үржиж, дундаж наслалт нэмэгдснийг сөргүүлэн тайлбарлаад ойлгохгүй. Хуйвалдааны онол ойлгоход биш хардахад зориулагдсан болоод тэр. Ийм гамшгийг ч бодолцон “хуйвалдагсад” ба “дагалдагсад”-ын нөлөөллөөс нийгмийн оюун санааг хамгаалах цаг.

    Учир нь, сайн сайхан зүйл авчирсан төөрөгдлийн түүх аль үндэстэнд байдаггүй билээ.

Жич: Хуйвалдааны онол гэж юу болохыг саяхан Баабар тодорхой бичсэн, уг гарал, нарийн ширийнийг мэдмээр санагдвал эндээсhttp://baabar.mn/article/khuiwaldaanii-tukhai-onol уншчихаарай. 

2021 оны хоёрдугаар сарын 9