Худалдан авагч тал Монголын “Боомтын сэргэлт”-д ач холбогдол өгч эхэллээ
Худалдан авагч тал Монголын “Боомтын сэргэлт”-д ач холбогдол өгч эхэллээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж, 318 км-ээр багасна. Зүүнбаян–Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх, бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг нийтдээ 160 сая орчим тн-оор нэмж тээвэрлэх боломжтой болж байна. Үүнд урд хөрш томоохон ач холбогдол өгч мэдээлэл гаргаж эхэлсэн нь анхаарал татаж эхэллээ.
Ланжоугийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Ван Сихай бичихдээ “Өнөөдөр дэлхийн нийтийн нөхцөл байдал ээдрээтэй, цар тахал сунжирч буйтай холбоотой үр дагавруудын нөлөөлөл ихэсч, геополитикийн нөхцөл байдал хурцатаж, Орос Украины хямралын хүрээ тэлж, дэлхийн санхүү, эдийн засаг, эрчим хүч, хоол хүнсний салбарт давхар хямрал нүүрлээд байна. Ийм нөхцөл байдалд Хятад, Монгол хоёр улс илүү ойр дотно харилцаж байгааг онцлох ёстой. 2021 онд Хятад, Монголын хоорондох худалдаа эргэлтийн хэмжээ анх удаа 10 тэрбум ам.долларыг давлаа. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөгийн ийм нөхцөл байдалд ч өссөөр буй нь “Бүс бас зам” санаачилга нь “Талын зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилга нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт холбогдож буйн илрэл юм” хэмээн бичжээ.
Тэрбээр “Ялангуяа тээврийн шугам, коридор байгуулах төсөл хэрэгжиж эхэлснээр ложистикийн хурд нэмэгдэж, нөөцийн бүтээгдэхүүн, ашигт малтмал, эрчим хүчний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хүчин чадал эрс дээшилнэ. Хятад, Монгол хоёр улс Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, Монголын шинэ төмөр замын шугамууд Хятадын боомттой холбогдож, хоёр орны худалдаа, эдийн засагт хүчтэй түлхэц болж байна. Үүний зэрэгцээ Хятад, Монгол, Оросын хил дамнасан тээврийн Азийн авто замын сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны өсөлтөд үр өгөөжөө өгөх болно. Хоёр орны хамтын ажиллагаа улам нягт болсноор гэр хорооллын дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, мах боловсруулах үйлдвэр зэрэг амьжиргааг дэмжих төслүүд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх болно” хэмээн дурджээ.
Монголчуудын сайн мэдэж байгаагаар энэ төмөр замыг Бугатын угаах үйлдвэрүүд буюу нүүрсний эцсийн хэрэглэгчидтэй шууд харилцах боломжтой. Нэг худалдан авагчтай байхад үнэ буулгах талтай байсан бол олон гарцтай болсноор олон худалдан авагчтай болж, нүүрсний үнээ өсгөх, цаашлаад татварын орлогоо өсгөх боломжтой болно гэсэн мессежийг өгч эхэлсэн. Шинэ төмөр замын талаар хангалттай танилцуулагдсан.
“Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлийн хэрэгжүүлж ашиглалтад оруулсан энэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутаг дэвсгэрээр дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын Улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай, хоёр өртөө зургаан зөрлөгтэй, хамгийн бага тахирын радиус нь 1000 метр, хоногт есөн хос галт тэрэг аялж, жилд 20 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.
Зөвхөн төмрийн хүдрийн тухайд л гэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаас жилдээ
4.8 сая.тн орчим төмрийн хүдэр олборлож, Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын хилийн Эрээн өртөөний боомтоор бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортод гаргаж байна. Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр ачааны хэмжээ 10-15 сая.тн-оор өсөх магадлалтай юм. Дээрх ачааны дийлэнх хэсэг нь ӨМӨЗО-ны Жининь (Улаанцав), Хөх хотын чиглэлээр тээвэрлэгдэн Бугат чиглэлд 908 км тээвэрлэлт хийгдэх юм байна.
Царигийн тухайд 1520 мм өргөн царигаа 1435 мм нарийн царигтай холбоход 8.5 см-ийн зөрүү гарах ч шилжүүлэн ачих байгууламж хийх юм. Монголын хувийн компани өөрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн тулд өөрсдөө хөрөнгөө гаргаад шинэ шугам нээж буй болохоор шилжүүлэн ачих байгууламж барих төдийд санаа зовинох хэрэггүй биз ээ.
Ямартай ч “дуншаад” байсан төмөр замууд эхнээсээ ашиглалтад орж эхэллээ. Энэ л чухал. Засгийн газар ч экспортын орлого хаанаа хаагдаад байгааг оношилж бодлогоо тодорхойлж эрчимжүүлсний үр дүн гэдгийг үгүйсгэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар энэ төмөр зам ашиглалтад орсноор жилд тээвэрлэх ачааны хэмжээг 2022-2025 онд 10,4-20 сая.тонн, 2026-2046 онд тээвэрлэх ачааны хэмжээг 21,2 сая.тонн байхаар урьдчилан тооцоолсон гэнэ.
“Боомтын сэргэлт” гээд байгаагийн тухайд 1956 оны нэгдүгээр сарын 4-нд манай улс БНХАУ-ын хилтэй анхны галт тэргээ Замын-Үүд-Эрээн боомтоор солилцсон түүхтэй юм билээ. Одоо энэ боомтоор манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг гаргасаар байна. Өнгөрсөн онд нийт 10.8 сая тонн ачааг экспортолж, 1.1 сая тонн ачаа импортолжээ. Энэ боомт хүчин чадалдаа тулчихсан. Эрээн өртөө өдөрт дээд тал нь 14 ачааны галт тэрэг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн тул манай техникийн хүчин чадал энэ тоогоор хязгаарлагддаг. Энэ боомтоор гаргах экспортоо нэмэх боломжгүй гэсэн үг юм. Харин “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд энэ тоо 16 болж нэмэгдсэн нь чамлах амжилт биш ээ. Түүхэндээ л хамгийн өндөр хэмжээ.
Дүгнэж хэлэхэд, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор юуны өмнө Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээ бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Мөн эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” санаачилга хэрэгжинэ. Евро-Азийн эдийн засгийн дэд бүтцийн сүлжээнд шинэ холболт нэмэгдэнэ. Одоо төлөвлөж байгаагаар 1300 орчим байнгын ажлын байр нэмэгдэж бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн танилцуулгад дурдагдсан ачаа тээврийн хэмжээгээр тооцоход 172.9 сая ам.долларын татварын орлого, шинэ төрлийн ажил үйлчилгээ, түрээс, дагалдах үйл ажиллагаанаас 15-20 хувийннэмэлт орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо харагдаж байна. Хамгийн гол нь Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээл өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаагаараа эдийн засгийн чухал ач холбогдолтой билээ.