Х.ТЭМҮҮЖИН: ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗАВХРАЛАА ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛГОХ ГЭЖ ОРОЛДВОЛ ХЭТЭРХИЙ УВАЙГҮЙ ХЭРЭГ БОЛНО
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихлээ. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн төсөл, саналыг танилцуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох цаг үе болсон гэж та харж байна уу?
-Ер нь бол улс орон 20-30 жилдээ Үндсэн хуулиа шүүн ярилцаж сайжруулж байх нь зөв. Ардчилал булингартаж, хууль ёс хэврэгшин иргэний эрх, эрх чөлөө үнэгүйдэхээс сэргийлж Үндсэн хуулийг сэргээн сайжруулах, үзэл санааг нь тодотгож тордох эрх бол түүнийг анх баталсан хүмүүсийн биш, харин тэр Үндсэн хуулийн засаглалд амьдарч байгаа үе үеийнхний эрх. Өмнөх үеийнхнийхээ хүрсэн түвшин, мэдлэг ололтоос муутгалгүй өөрсдийн үеийн хүсэл зорилгоо тодорхойлох нь шинэ үе болгоны хийдэг ажил. Өмнөхөө бурханчлалгүй, авах гээхийн ухаанаар хандаж цааш хөгжин дэвшдэг нь хөгжлийн зүй тогтол.
Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар өмнөх 30 жилийн жонхууг зуурсан нөхөд гэхээсээ, ирэх 30 жилийн хөгжил дуудах хэсэг нь хүчтэй дуугарч, өөрчлөлтийн үзэл санааны түүчээ болох нь зөв гэж би хувьдаа үздэг. Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг бол болсон. Харин өөрчлөлт хийх эзэд нь мөн эсэх гэдэг бол өөр яриа байх.
Үүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар журмаар, хэрхэн хэлэлцэх гэдэг тусдаа, ямар өөрчлөлтийг хэрхэн томьёолж оруулах гэдэг бас тусдаа асуудал. Энэ хоёрыг ялгаж зааглаж харахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хий хоосон хэрүүл маргаан болоод дуусч магад.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүн гарын үсэг зураад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Өргөн барьсан төсөлдөө Ерөнхийлөгчөөс санал аваагүй гэх яриа гарч байсан. Ерөнхийлөгчөөс санал авахаар явуулсан боловч хуулийн хугацаанд Ерөнхийлөгч санал ирүүлээгүй учраас саналгүй гэж тооцоод хэлэлцсэн гэх тайлбар хийсэн байна лээ. Гэтэл Ерөнхийлөгч сая Засгийн газраас санал авсан төслөөс тэс өөр төсөл УИХ-д өргөн барьчихлаа. Бүр хачирхалтай нь Ерөнхийлөгч тусдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтын төсөл өргөн барихын сацуу УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн төсөлд давхар санал хүргүүлсэн байна лээ.
Хууль санаачлагчдын хувьд өөр өөр эх үүсвэртэй, дэс дараа нь хууль зүйн хувьд алдагдсан, концепцийн хувьд зөрчилдөөнтэй, зэрэгцсэн ийм санал, санаачилгыг хуулийн нэг процесст оруулна гэдэг бараг хуульгүй шийдэл рүү аваачих байх. Нөгөө коммунистуудын “зорилго нь зөв бол арга нь хамаагүй, хүч хэрэглээд ч хамаагүй болгоно” гэдэг шиг “Зөвшилцөж байвал хууль хамаагүй” л болж байна. Нэгэнт ил цагаандаа гарсан юм чинь одоо УИХ-ын цөөнхийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг төсөл нэмээд өргөн барьчихвал жин бан нь бараг таарна даа.
Энд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга ярихаас өмнө арга зүйн нэг асуудал байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт уг Үндсэн хуулийнхаа суурь зарчим, үндсэн үзэл санаанд захирагдаж хийгдэхгүй бол тэр өөрчлөлт бага, нэг хоёр өгүүлбэрийн хэмжээнд байлаа ч гэсэн тухайн Үндсэн хуулийг бүхэлд нь сүйтгэх аюултай байдаг. Ер нь бол суурь шинжтэй ийм асуудлаар хөнгөн, хуумгай хөдөлж болохгүй. Хууль тогтоох туршлагаас харахад нэг хуульд орох нэмэлт өөрчлөлтийн өөр өөр төслүүд хоорондоо уялдаагүй, концепцийн хувьд хэт зөрүүтэй өргөн баригдах нь их хорлонтой байдаг. Талууд өөр өөрийн эрх ашгаар асуудалд хандаж, эрх мэдэл, байр сууриа алдахгүй, өөрчлөлтөөс хожоо олчих далд санаа агуулаад эхлэхээр Үндсэн хуулийн байгууллага нурах аюул үүснэ.
Нөгөөтэйгүүр өнөөдөр үнэн мэт сонсогдож, ийм байвал зүгээр гэсэн гэнэн бодол, институцийн амбицаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг харвал Үндсэн хуулийг нэг бол халамжийн, нөгөө албан тушаалтны хууль болгон хувиргана. Тиймээс өнөөдрийн 76 гишүүн, нэг Ерөнхийлөгч өнөө маргаашийнхаа явган хэрүүлийн шийдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж болохгүй. Энэ бол өнөөдрийн цаг үед эрх мэдэлтэй, нөлөөтэй байгаа хүмүүсийн асуудал ердөө биш. Харин өнгөрсөн 30 жилийн сургамж, ирээдүйн 30 жилийн мөрөөдөлтэй сүлэлдсэн, нэг жарнаар тоологдох хувь заяаны асуудал.
Цаашлаад Монгол улс бүрэн бүтэн оршин тогтнож Монгол хүн хувь заяандаа эзэн байх асуудлыг тодорхойж буй баримт бичиг. Дарга нар таалагдсан бүхнээ цуглуулж авчраад чихрийн цаас шиг гоёчилж ард түмэндээ харуулдаг зүйл ерөөсөө биш. Эхлээд судалгаатай, баримттайгаар Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслүүд дээр концепцийн зөрүү байгаа эсэх, тэдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үндсэн үзэл санаа, бүтэц агуулгуудтай нийцэж байгаа эсэхийг нухацтай ярилцах ёстой.
Сүүлийн 20 орчим жил яригдсан Үндсэн хуультай холбогдсон сэдвүүд бий. Гурван ч УИХ-ыг дамнуулан хэлэлцсэн санал, санаачилгууд ч бий. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан одоогийн төсөлд тэдгээрээс цөөнгүй нь орсон байна. Гэхдээ бүрэн дүүрэн шийдэл болж чадахааргүй орхигдсон, дутуу зүйл ч бас байна. Ерөнхийлөгчийн төсөлд УИХ-ын гишүүдийн дутуу хийснийг нөхөөд шийдэх боломжтой болгосон зарим нэг зүйл ч харагдаж байна.
-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас авууштай зүйл юу байна вэ?
-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд авах санаа, дэмжүүштэй шийдэл байна. Нөгөө талдаа огт дэмжиж боломгүй саналууд ч байна. Бүгдийг нь муу гээд гүтгэж харлуулах, нөгөө талаас туйлын зөв байна гэх улайран дэмжихээс илүүтэйгээр судалгаатай, баримттай харах ёстой. Дэмжих ёстой дөрвөн санал байна. Нэгдүгээрт: “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн санаа. Үндсэн хуульд байрших зүйл заалтаа зөв олоогүй, зохицуулах утга санаа нь жаахан явцуу томьёлогдсон байж магадгүй.
1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш манай Үндсэн хуулийн сул тал болчихоод байгаа нэг зүйл бол Үндсэн хуулийн өөрийнх нь дархлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг иргэд үйлдэл хийвэл гэмт хэрэг болно. Харин эрх баригчид Үндсэн хуульд халдах замаар хийвэл яах вэ? Үүнийг хязгаарласан, хорьсон заалт Үндсэн хуульд өөрт нь байгаа юу?
Ерөнхийлөгчийн санаачилга бол сайн санаачилга. Гэхдээ Үндсэн хуулийн УИХ-ын бүрэн эрхийг тогтоосон зүйлд биш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн зүйлд буюу 68.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлагчдын санаачилга, Үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл, парламентын бүгд найрамдах улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, засаглалын эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг дордуулахыг хориглоно” гэх байдлаар бичигдэх учиртай. Ингэж байж Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа хамгаалагдаж, Үндсэн хууль дархлаатай болно. Ингэж чадвал Ерөнхийлөгчийн санаачилга бодит утгаараа Үндсэн хуулийн эрх зүйн онолын дэвшил, дэлхий нийтэд хэрэгжиж буй Үндсэн хуулиудын сайн туршлагыг авах боломжийг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт: Хэр баргийн улстөрчдийн авахгүй эрсдлийнг үүрч Монголын парламентын давжаа байдлыг засъя гэлээ. Манай улсын парламент үнэхээр давжаа. Давжаа парламентаас болж засаглалын утга алдагдчихаад байгаа. УИХ нь хяналтаа тавьж чаддаггүй, Засгийн газар нь ажиллаж чаддаггүй. Давжаа байдлаасаа болоод хоорондоо уусчихсан, ашиг сонирхлын зөрчил үүсчихсэн. Үүнийг шийдэх санал гаргаж байгаа нь зөв. Үгүйсгэх аргагүй.
Бодитой судалгаанууд, олон улсад тогтчихсон жишиг ч байна. Парламент бол төлөөллийн байгууллага. Томилгооны хэдэн дарга нарын суудаг газар биш. Төлөөллөө илэрхийлэхийн тулд зохистой төлөөллийн хувь гэж байна. Парпамент өөрөө сонгогчдынхоо төлөөллийг бодитой хангахын тулд хүн амын тооноос хамаарсан дээд, доод зохист харьцаа гэж байна. Хэдий хүн ам цөөхөн байлаа гээд төлөөллийн тоо 100-150, үүнээс багагүй, их байлаа гээд 500-600, түүнээс дээшгүй байх тухай. Монгол улсын хувьд төлөөллийн ардчилал нь зохистой ажиллахын тулд гадна дотны зохисгүй нөлөөнд бага автах, хувь нэг гишүүний шийдвэр гаргалтад нөлөөлөх жин хэт өндөр байхаас сэргийлэх, цөөн хүн хуйвалдаад бүх асуудлыг шийдчихгүй хэмжээний мэргэжлийн бүтцээр хуваагдан ажиллах гэх мэт шаардлагууд байгаа учир УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлж Монголын парламентийг давжаарлаас гаргах нь буруу биш.
-Тэгэхээр манай парламент 100-150 гишүүнтэй байж зохистой үйл ажиллагаа явуулах нь байна гэж ойлголоо. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108, таван жилээр ажиллах санал оруулсан. Гэхдээ иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулах байх, тийм үү?
-Олон нийтийн хувьд эсэргүүцэлтэй тулах байх. Улстөрчдийн хувьд ч эрсдэлтэй учрах байх. Зоригтой санал. Харин хугацааны хувьд иргэдээс сонгогдож тодорхой хугацаанд мандат аваад шийдвэр гаргах эрх мэдэл дээр очиж байгаа хүний хугацааг сунгах гэдэг ардчиллын хувьд тийм сайн зүйл биш. Ард түмэн сонгоод эрх мэдэлд хүргэчихээд байхад итгэсэн нөгөө хүн нь зөв байж чадахгүй бол дараагийн сонгуулиар хариуцлага тооцоод өөр хүнээр солино гэдэг бол ардчиллын зарчим. Ард түмэн хариуцлага тооцох, нөгөө талаас итгэж байна гэдгээ дахин нотлох, төр байгуулалцах хугацааг сунгана гэдэг иргэний эрхээс хагаслана л гэсэн үг байх. Тэр дундаа Засгийн газарт хариуцлага тооцож, өөрчилж, ямар байхыг шийдвэрлэх сонгуулийн хувьд энэ бол гишүүдийн бүрэн эрхийн хугацаа биш иргэний хяналт, хариуцлага тооцох хугацаа. Бодох л ёстой.
-Ерөнхийлөгч 108 гишүүнийхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэх заалт оруулж ирсэн. Манайд хэр зөв шийдэл юм бэ?
-Энэ бол миний хэлэх гэсэн Ерөнхийлөгчийн гаргасан дэмжих ёстой дөрвөн саналын гурав дахь нь. Холимог сонгуулийн тогтолцоо Монгол Улсыг хөгжихөд хэрэгтэй. Намуудын төлөвшилд ч хэрэгтэй. 76 жижиг тойрог бүхий мажоритар сонгуулийн тогтолцооны үр дагавар 60 тэрбумын схем, ЖДҮ хулгай гээд мөнгө тойрсон хулгай ёоз ёозоороо гэдэг шиг л цуварч байгаа биз дээ. Ардчиллыг хэт өртөгтэй авилгын тогтолцоо болгохгүйн тулд тойрог тойрог руугаа төсвөөс мөнгө хулгайлж нэр олдог клиентелист улстөрчдийн сонгууль биш, бодлого зарчим ярьж, үзэл баримтлалаараа өрсөлддөг сонгуулийн тогтолцоог оруулж ирэхээс өөр аргагүй. Монгол Улсад жалга довны биш нийт улсын эрх ашгийг харж чаддаг тийм хэмжээний улс төр, бодлого сонгуулийн тогтолцооноосоо болооод алга болчихсон. Улс төрийн намуудын хариуцлагатай, авлигагүй, дотоод ардчилалтай болгох шаардлага ч үүнтэй холбоотой.
Дөрөвдүгээрт: Шүүхийн үндсэн тогтолцооны асуудлыг хөндөж байгаа Ерөнхийлөгчийн хөндсөн асуудал загтнасан газар маажих шиг л болсон. Монгол Улс захиргаадалтын үеийн ардын шүүх нэртэй улс төрийн шүүхийн тогтолцооноосоо салж чадахгүй байгаа. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, шүүх яг засаг захиргааны байгууллага шиг шууд хамааралтай, дээрээс чиглэсэн заавар чиглэлтэй, Дээд шүүх нь төрийн захиргааны төв байгууллага шиг бүхнийг шийдэгч, бүгдийг болгогч болоод хувирчихсан босоо хяналттай, улс төрийн нөлөө хэт их байгаа өнөөдрийн тогтолцоо Үндсэн хуулиас улбаатай.
Шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалт, шүүгч нарын шүүгч шүүгчээсээ хараат бус байх байдал Үндсэн хуулиар баталгаажаагүй. Шүүхийн зохион байгуулалт нь засаг захиргааны нэгжийн зохион байгуулалттай давхцсан. Олон улсын жишиг болсон маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа, эрх мэдлээрээ шүүхийн үндсэн тогтолцоо Үндсэн хуульд тусгагдаагүй байгааг Ерөнхийлөгч олж харж санал болгосон нь яах аргагүй зөв санал. Томьёололын хувьд харамсалтай нь хөндөх учиртай заалтуудаа бүрэн хамарч чадаагүй байна лээ.
Уул нь Үндсэн хуулийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Монгол Улсад хяналтын шатны шүүх нэг байна” гэж томьёолоод 50.1-ийг “Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ доод шатны шүүхийн шийдвэртэй холбоотой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх; 2/ хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах; 3/ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн асуудлыг хянан ажиллах; 4/ Үндсэн хуулиар дээд шүүхэд эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гээд өөрчилчихсөн бол хөндсөн асуудлаа бүрэн шийдчих байлаа.
-Ерөнхийлөгч шүүхийг өөрийн эрх мэдэлдээ бүрэн авахаар зохицуулалт оруулж ирсэн гэж зарим судлаач хуульчид шүүмжлээд байсан?
-Гуя дагуулж хүзүү гэдэг шиг бас тийм юм бий. Ерөнхийлөгч өөрийн санаачилсан төсөлдөө одоо байгаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдоогүй шүүгчид хариуцлага тооцох эрх мэдлийг өөртөө шилжүүлсэн мэт ойлгогдохуйц томьёолол бүхий заалт өргөн барьсан байна лээ. Санаатай, санамсаргүйг мэдэхгүй. Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төслөөс шүүхийн хараат бус байдлыг бататгах, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн заалтуудыг бүрэн хасах санал өгсөн байна лээ. Энэ хоёр хавсрахаар судлаачдын болон хуульчдын хэлээд байгаа зүйл үнэн болно л доо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэрхэн, яаж шийдвэрлэх нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх юм даа.
Ер нь шүүгчийг томилох эрхтэй этгээдэд хариуцлага тооцох эрхийг цугт нь олговол Шүүхийн бие даасан байдал болон шүүгчийн хараат бус байдал бүрэн байхгүй болно. Шүүгчид хариуцлага тооцох зарчим, тогтолцоог энэ УИХ-ын завхруулдаг шиг хувь улстөрчдийн халаас руу оруулж ҮАБЗ гэх мэт дарга нарын шургуулганд хийвэл шүүх засаглал үгүй болно л доо. Үндсэн хууль зөрчсөн завхралаа Үндсэн хуулийн болгох гэж оролдвол их л увайгүй зүйл болох байх.
-Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа төсөл, саналууд Засгийн газар болоод УИХ-ын бүрэн эрх рүү халдлаа, шударга бусын хонгилоо нураах биш авч үлдэх гээд байна гэх зүйлс яригдаж байна?
-Би түрүүн хэлсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн шүүхийн хэсэг дэх хоёр саналын нэг нь бол маш зөв санаачлага. Дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн хууль дээр шүүхийн үндсэн тогтолцоог сум дүүргийн шүүх, нийслэл аймгийн шүүх гээд биччихсэн. Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага гээд томьёолчихсон. Шүүхэд дээд байгууллага гэж байхгүй. Шүүгчдэд “дээд шүүгч” гэж дарга байж болохгүй. Шүүх ажиллаганд гарсан алдааг засдаг, хэрэг маргааныг эцэслэн шийддэг шүүх л гэж байх ёстой.
Гэтэл нутаг дэвсгэрээр хуваасан энэ тогтолцоо шүүхийг захиргааны байгууллагатай адилхан болгочихож. Шүүхийн дээд байгууллага гэдэг ойлголт Дээд шүүхийг юу ч хийсэн болно, хуульгүй шийдвэр ч гаргасан ч болно, бид бол дор байгаа шүүгч нарын дарга нь гэдэг буруу эндүү ойлголтод хүргэчихэж. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхрүүгээ ил далд зөвлөмж өгдөг, хянаж нөлөөлдөг, зохион байгуулалтаас авхуулаад бүх зүйлд нь оролцдог, өөрсдөө бусад шүүгчийг хэн байхыг нь шийддэг, анхан давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг булааж хэрэгжүүлдэг ийм дээд шүүх байж болохгүй.
Бусад улс орнууд Үндсэн хуульдаа шүүхийн үндсэн тогтолцоог нутаг дэвсгэр зааж бичдэггүй юм байна. Зөвхөн Холбооны улсын байгуулалд л муж улсууд өөрийн нутаг дэвсгэрийн шүүхтэй байх гэж оролддог. Гэхдээ муж улсуудын энэ амбицийг шүүхийн үндсэн тогтолцоогоор Холбооны засаг захиргаа нь хязгаарлаж, хуулийн нэгдсэн нэг тогтолцоонд улсаа зангидаж барьж байдаг юм байна. Тэр зүйл нь юу гэвэл, “Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх байна" гэдэг зарчим. Энэ зарчим, олон улсын жишгийг Үндсэн хуульдаа оруулъя гэдэг Ерөнхийлөгчийн санаа бол зөв. Энэ мэт Ерөнхийлөгчөөс гаргасан дэмжих ёстой, сайн саналууд байна.
Нөгөө талд нь дэмжимгүй, аюултай заалтууд ч байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар хөвөн дотор чулуу боогоод шидчихиж, хэрүүлийн алим дэлгэчихлээ, алим дотор нь хор байна гэх яриа ч үнэн. Анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах, санаачлахад хамгийн их хөндөгдсөн сэдэв, яригдсан яриа бол Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл бодит байдал дээр тодорхой эзэнгүй, тарамдсан, хүчгүй болчихжээ. Гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг хэд хэдэн байгууллага, институт Үндсэн хууль болон Үндсэн хуулиас гадуур бий болчихож. Яг үндсэндээ жинхэнэ Ерөнхий сайд нь хэн юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийн эрхийг бүрэн өгөөд, эргээд хариуцлага нэхэж чаддаг, эрх мэдлийн хуваарилалтыг бүрэн дүүрэн тодорхой болгосон зохицуулалт хийж өгөхгүй бол Монгол Улсын Үндсэн хууль үндсэндээ хөгжил рүү чирэгч биш, хойш татагч болоод хувирчихлаа гэж ярьсаар ирсэн.
Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дотор хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллага, ҮАБЗ гэх мэт байгууллагууд Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар орж ирж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль дээр Ерөнхий сайдын эрх мэдлийг булаалцалдаад байдаг байгууллагуудыг бичээгүй, тийм эрх мэдэл олгоогүй. Ердийн хуулиудаар эрх мэдлийг булааж аваад булаацалдаад байснаа одоо Үндсэн хуулиар түүнийгээ баталгаажуулах гэж оролдож байна. Энэ бол маш аюултай. Эхлээд Монгол Улсад Засгийн газар байхгүй болно. Дараа нь Ерөнхий сайд нь бодитоор хэн ч биш болно. УИХ-ын сонгуультай огт хамаагүй, ардчилсан бус томилгооны хөшигний ар дахь Ерөнхий сайд, Засгийн газар ҮАБЗ нэрийн дор ажиллах болно.
Болоогүй өнөөх байгууллагууд нь УИХ-ын баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянадаг Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг нь булаан хэрэгжүүлэх юм билээ. Цааш үргэлжилбэл энэ байгууллагууд Үндсэн хуулийн үндсэн зарчим болсон эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүй хийж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэхээр томьёологдсон байна билээ. Үндсэндээ 20 гаруй жил ярьсан гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн шиг өгье гэдэг концепцоо үгүй хийх гэж байна.
Дээр нь "хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" гэх зарчим эвдэгдэхэд хүрэх бололтой. Ерөнхий сайд, түүний кабинет, Засгийн газрын дээр эрх мэдлийн бас нэг шатлал үүсгэснээр бодит байдал дээр эрх мэдэл хуваарилах зарчим бүрэн үгүйсгэгдэнэ. Хамгийн том аюул нь энэ. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг байгууллагыг Үндсэн хуулиар байгуулж болохгүй. Ийм чиг үүргийг ердийн хуулиар өгснийг нь эргэн харъя гэж байхад "Үндсэн хуулиар өгье" гэдэг санаачилга гаргаж болохгүй л дээ.
Хоёрдугаарт, Шүүхийн үндсэн тогтолцоог зөв болгоё гэж яриад араас нь шүүхийн хараат бус бие даасан байдлыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг алга болгоё гэдэг нь шударга бусын хонгил гэж нэрлээд байгаа шүүхийн авилгажсан, улстөрчдөд үйлчилдэг, тодорхой эрх мэдлийн нөлөө, даалгавараар ажилладаг, хуулиас гадуур ажилладаг зэрэг зүйлүүдийг цааш нь үргэлжүүлье гэж л сонсогдож байна.
1992 оны Үндсэн хуулиар шүүгчийг томилох эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Харин шүүгчид хариуцлага тооцох эрхийг Ерөнхийлөгчид огт өгөөгүй. Шүүхийн хараат бус бие даасан байдлын баталгааг хангахын тулд дэлхий нийтээрээ эрх мэдэл хуваарилалтын зарчимд Үндсэн хуулийн дэвшилтэт онол ёсоор шүүхийн томилгоо шүүхийн хариуцлага тооцох эрх мэдлийг нэг гарт өгч болохгүй гэх зарчим байдаг. Шүүгчийг томилж байгаа этгээдэд шүүгчдэд хариуцлага тооцдог эрх мэдлийг өгч болохгүй. Нэг гарт өгвөл шүүгчийн хараат бус бие даасан байдал бүрэн устана. Шүүгчийг томилох эрх мэдэл Ерөнхийлөгчид байгаа бол хариуцлага тооцох эрх мэдлийг өөр газар олгох ёстой. Энэ зарчмийг барьж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн концепцийг харах ёстой. Энэ зарчмийг барихгүй гэвэл шүүгчийн тэр хэсэгт гар хүрснээр улам дордуулах аюултай.
-Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт Монгол Улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд нөлөөлөхүйц, тодорхой ахиц дэвшил авчрах зүйл юу байна вэ?
-Үндсэн хууль бол шууд иргэдийн халаасанд орлого оруулдаг хууль биш. Үндсэн хууль орлоготой болох боломжоос гадна тэр орлогийг төр дээрэмдэх, хулгайлахаас хамгаалдаг. Үндсэн хуулийн хамгийн чухал амин зорилго нь гудамжинд байгаа хулгайчаас иргэнийг хамгаалах гэхээсээ төрд ардчиллын нэрээр, хуулийн нэрээр очсон хулгайчдаас иргэнийг хамгаалахад зориулагдсан байдаг. Монголчууд бид гудамжны хулгайч нартайгаа муу ч сайн ч хуулиа бариад учраа олчихоод байгаа. Харин төрд байгаатай нь учраа олоход хэцүү болж байна. Энэ нь Үндсэн хуулийн механизмууд ажиллахгүй байгаатай холбоотой. Үндсэн хуулийн механизмуудыг ажилладаг болгохын тулд засвар хэрэгтэй.
Үндсэн хуулийн өөрчлөлт ард иргэд төрд буруу бодлого барьж, албан тушаалаа ажиглаж, эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хараат бус байдлыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж, гүйцэтгэх эрх мэдлийг тал тал руу самарч, өөрсдийгөө хамгаалж байгаа тэр хэсгээс хамгаалахад зориулагдсан хууль болох ёстой.
-Нутгийн удирдлагын хэсэг дээр сумын засаг даргыг иргэдээс сонгоно гэх заалт оруулж ирсэн. Ард иргэдийн зүгээс энэ саналыг дэмжиж байгаа талаар гишүүд хэлж байсан?
-Иргэдээс шууд сонгодог нутгийн удирдлагатай байх тухай ярьж байгаа бол Монгол Улс нэгдмэл төрийн байгуулалтай байна гэдэг Үндсэн хуулийнхаа суурь зарчимд хор хөнөөлгүй шийдэл харах ёстой. Хүн амын хувьд зуун мянга гэдэг ч юм уу тодорхой босго тавиад түүнээс дээш хэмжээний хүн ам төвлөрөн суурьшсан боомтын бус хотын иргэд захирагчаа шууд сонгоно гэх хувилбар бол зөв байж магад. Учир нь улсын хилээс хол нутгийн гүн дэх хот зах хязгаарын засаг захиргааны нэгж шиг төв засгийн газраас холдох хүчтэй болж чадахгүй. Нөгөө талаас нутаг дэвсгэр нь хязгаарлагдмал, хяналттай байна.
Харин сум, аймгийн Засаг даргыг сонгодог тогтолцоо руу орвол хэсэг хугацааны дараа бид өөрсдийн газар нутагтай, өөрсдөө засаг захиргаагаа сонгож болж байна, манайх том уурхайтай төсвөө өөрсдөө бүрдүүлж байна, бид яагаад автономи эрх авч болохгүй гэж, яагаад муж улс болж болохгүй гэж гэх зүйл яригдаж эхлэх байх. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа, төрийн байгууламжийн үндсэн зарчим руу халдаж эхэлнэ. Монгол Улс бүрэн эрхт тусгаар улс байх нэг баталгаа нэгдмэл төрийн байгууламж гэж үздэг.
"Өдрийн сонин"
DR. PRADHAN
DR. PRADHAN
MONGOLIA NEWS
Зочин
Зочин
Зочин
Huuchin kommunist
Зочин
Зочин