ХОНЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД

 Тун сонирхолтой ном юм... Хаа сайгүй тааралдах хонь гэдэг номхон амьтан хэдэн зууны туршид дэлхийн түүхэнд ямархан гайхалтай үүрэг гүйцэтгэж ирснийг та төсөөлөх ч үгүй байх. Их Чингис хааны байлдан дагуулалтаас эхлээд Сэргэн мандалтын үеийн Мэдичийн овгийн ноёрхол, Шотландын уулархаг нутгийн түүх бүгд хоньтой ямар нэг хэмжээгээр холбоотой. Ноосны худалдаагаар дайныг санхүүжүүлж байж. Хонины ноосноос гаргаж авсан ланолингоо сайхны үйлдвэрлэл хөгжихөд түлхэц үзүүлсэн бол хонины дотор эрхтнийг жирэмслэлт хийгээд тэмбүүнээс сэргийлэхэд хүртэл ашиглана. Гэхдээ энэ бүхэн бидний өдгөө өмсдөг ноосон цамцыг нэхэж эхлэхээс ч өмнөх явдал. Харин бяслагийн талаар бүр ч их зүйлс хүүрнэж болно.

~ The Yorkshire Vet, Жулиан Нортон

 

Энэ дэлхийн ямар ч амьтнаас илүүтэй хонь гээч амьтан хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлжээ. Викинг дайчдаас эхлээд Сэргэн мандлын үеийн зураачид хүртэл, төмөр зэвсгийн үеийн өргөл тахилгаас эхлээд бүүвэйн дуунд хүртэл орсон хонь гэгч амьтан хүн төрөлхтний түүхийн төвд оршсоор иржээ. Бид бүгдийг хооллож, хувцаслаж, хоол хүнсний орцонд өөрчлөлт оруулж, баян ядуугийн ялгааг үүсгэж, орчин нөхцөлийг хувьсгаж, аугаа их соёл иргэншлүүд үүсэхэд тусалж, дайнд ялуулж, орон гэрийн чимэг болж, урлагийн онцгой бүтээл туурвих боломжийг бүрдүүлж, түүчээлэгчид болон зэвсэглэсэн далайчдад өргөн уудам газар нутаг эзлэн авахад нь нэмэр болж ирсэн. Хонины нуруун дээр асар их хөрөнгө мөнгө босож, хонины зах болон махны худалдааны газруудын суурин дээр хот балгад үүсжээ. Гэвч энэхүү түүхийг эхлэхийн тулд мал аж ахуй үүссэн тэр цагт эргэн очих хэрэгтэй. Жадаар зэвсэглэсэн манай өвөг дээдэс ан агнаж, ургамал жимс түүдэг амьдралаа өөрчилж, өөрсдөө амьтан үржүүлж, маллаж эхэлсэн тэр үед буцаж очицгооё. 

10-20 сая жилийн тэртээ хонины дээд өвөг болох амьтад Төв Азийн мөнх цаст уулсын дунд бий болжээ. Сүүлчийн мөстөлтийн үед, өндөр ууланд амьдарч зохилдсон тэрхүү хүдэр чийрэг амьтад уулнаас бууж, зарим нь өрнө зүгийн Европ руу, зарим нь дорно зүгийн Сибирь рүү нүүдэллэн тархжээ. Зарим хэсэг нь 750,000 орчим жилийн тэртээ мөсөн хучлагатай байсан Бэрингийн хоолойг гэтэлж Умард Америкт хүрчээ.

Азийн муфлон хэмээх бараан зүсмийн, хялгаслаг ноостой аргаль бол орчин цагийн гаршуулсан хонины өвөг юм. Өнөө бидний өсгөж үржүүлж, жил бүр ноосолж үсийг нь нимгэлэх шаардлагатай байдаг хонийг бодвол тэрхүү аргаль даргар том эвэртэй бөгөөд жил бүр хөөвөр ноос нь жамаараа гууждаг ажээ. Гэхдээ орчин цагийн хоньтой адил нэг чанар түүнд бий: мах нь амттай. Бидний өвөг дээдэс тэрхүү амьтныг анх олж харсан цагаасаа байнга намнан агнаж хооллосоор иржээ.

Ойролцоогоор арван нэгэн мянган жилийн тэртээ анчин-түүвэрчид үр тариа тарьж ургуулахыг эрхэмлэх болжээ. Египетээс Персийн булан хүртэл дамнан тогтсон ОйрхиДорнодын “Үржилт нуман хөндий” хэмээх нутагт хүмүүс үр тариа тариалахын зэрэгцээ ан амьтад өсгөж эхэлжээ. Тэр цагаас хүмүүс хонийг гаршуулжээ. 

Генетикийн судалгаанаас үзвэл яг тэр үеэс энэ хөндийгөөс хонин сүргийн шинэ үе түгэн тархаж эхэлжээ. Тэрхүү шинэ, “сайжруулсан” хонины үүлдрүүд ноос авахад зориулагдсан ба орчин цагийн хонины ихэнх үүлдрийн уг сурвалж нь болсон юм. 

Ойрхи Дорнодоос Европ, Африк, Азийн бусад нутаг руу нүүдэллэн очсон хоёр дахь үеийн хонин сүргүүд үржиж, эрлийзэжсээр өөрчлөгдөх болсон. Сонирхолтой нь энэхүү шинэ, сайжруулсан хонин сүрэг нэг л замаар хувирч өөрчлөгдөөгүй – тухайлбал Умард Хятад болон Монгол нутгийн хоньчид өөрийн гэсэн өвөрмөц, онцгой сайн үүлдрийг гарган авч чадсан ба тэрхүү хонь олон мянган жилийн явцад буцаж Баруун Ази болон Европт худалдааны болон дайн тулааны замаар тархан үржжээ. 

XIII зуунд Чингис хаан эзэнт улсаа эсгий гэрээс удирдаж байсан юм. Тэр үед Марко Поло ингэж бичиж үлдээсэн байдаг. Мөн Монголын эзэнт гүрэн тун богино хугацаанд Ойрхи Дорнод, Ази, тэр бүү хэл Европын зарим хэсгийг байлдан дагуулахад зөөж тээвэрлэхэд хөнгөн хялбар гэр, хурдан морь хоёр асар их дэм болсон гэх таамаг байдаг. Эдүгээ манай дэлхийд амьдарч байгаа 200 эрэгтэй хүн тутмын нэг нь Чингис хааны гентэй байдаг. Генетикчдийн нэгэн багийн судалгаагаар Төв Азид тэр их хүний Y хромосомтой адилхан хромосомтой 16 сая эрэгтэй хүн байна гэсэн тооцоо гарчээ.7 Монголын эзэнт гүрэн дэлхийг захирах хүчтэй болж, дэлхийн хүн амыг өсгөхөд нь хонь тус нэмэр болсон ч юм шиг. 

Нүүдэлчдийн амьдралд гэр сууц хамгийн төгс зохицсон сууц байсан, одоо ч хэвээрээ. Эвхэж хураагаад зөөхөд тохиромжтой, Төв Азийн нутгийг шилбүүртэн шуугих хүчтэй салхийг ч даван гарах бат бөх суурьтай гэр хэмээх сууц бэлчээр даган нүүдэллэх малчин айлын хэрэгцээг бүрэн хангана. Гэрийн эсгий хийх ур ухаан өнөөг хүртэл хадгалагдан ирсэн агаад олон зууны явцад бага зэрэг өөрчлөгджээ. Хонийг хавар, намартаа хоёр удаа ноосолно. Унгас ноосыг савж хөвсийлгөнө. Савж бэлдсэн хөвсгөр ноосыг “эх эсгий” гэж нэрлэх өргөн дэвсгэр дээр зулаад ус цацаж норгоно. Нойтон унгасыг “эх эсгийтэй” хүнд модон булд чанга барьж хуйлаад, сайтар ороож, дараа нь ихэвчлэн сарлагийн шир юм уу брезентээр бооно. Хүний дайтай том энэхүү ороомгийг моринд хөллөн зүлгэн дээгүүр өнхрүүлнэ. Морь явах тусам ноос хавтгайран нягтарч, хэдэн цагийн дараа гэхэд ид шидийн юм шиг үс хялгас нэгэндээ барьцалдан хавтгайрсан байдаг. 

2010 онд цагаан зуд нүүрлэсний уршгаар Монгол оронд дийлэнх нь хониноос бүрдэх 10 сая мал хоргоджээ. Урьд зун нь ган гачиг нүүрлэж, өвөл нь хахир хүйтэн болсноос шалтгаалсан хэрэг. Олон малчид мал сүргээ орхиод, амьдрал хөөхөөр нийслэл Улаанбаатар хотноо ирж суурьшихдаа эсгий гэрээ мөн авчирсан нь ойлгомжтой. Хотын захад урц овоохой шиг шинэ гэр хороолол ийнхүү үүсэв.

Олон Монгол малчин мал адгуулан маллах амьдралын уламжлалт хэв маягаа гээж, тав тухтай шинэ амьдралд хүрнэ гэж найдсаар хот газар бараадав. Үүнд магадгүй цаг уурын өөрчлөлт ч бас нөлөөлсөн биз ээ. Гэлээ ч ихэнх нь эсгий гэрт амьдрахыг эрхэмлэжээ. Эсгий гэрийг халж олон давхар орон сууцанд амьдрах хэрэгтэй гэсэн шахалт шаардлага байгаа ч хонины нуруун дээр өсөж өндийсөн энэ ард түмний хувьд эсгий гэртээ сэтгэл хоргодож, түүнээс салахад амаргүй билээ.