”Х” сонгууль...
Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” бус “Шинэ эргэлт” хийжээ. Ордны эргэлт. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлээ нэмсэн Ерөнхий сайдын сууринаас тэр санаснаа хийж байна. Тэртээ 1930-аад онд амжилттай явж байснаа дарагдсан “Шинэ эргэлт”-ийн шинэ хувилбар. Л.Оюун-Эрдэнэ буруу ишилсэн сүх аятай системтэйгээ зөрчилдөж, хуучин системийг эвдэх гэж муйхарлан зүтгэсээр хууччуулын аргыг барж байна. Тэр системийн шинэтгэгч нэрээр түүхэн хүн болохоор шийдэв үү?
Коммунизмыг халахынхан...
Шинэ үндсэн хуулийн дагуу явагдах анхны сонгууль. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмж, 126 гишүүнтэй байхаар тогтоод явуулж буй анхны сонгууль...
1992 оны үндсэн хууль бол Монголын 4 дэх үндсэн хууль байв. 1924 оны анхдугаар үндсэн хуудиас хойш 1940, 1960 онд үндсэн хуулийг өөрчилсөн ба тухайн өөрчлөлтүүд нь Марксын формацийн онолтой уялдаатай, коммунизм байгуулахад алхам алхамаар дөхөх зорилготой байв. 1924 онд феодалын улс байсан тул онолын хувьд шууд социализм байгуулаад унаж болохгүй учраас бэлтгэл үе, нийгэм алгасах үе эхэлсэн. 1940-өөд оноос хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болох, 1960 оноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан нь цоо шинэ үндсэн хууль баталсан гэхээсээ илүү Үндсэн хуулиа засварлаж явсан хэрэг байв.
1992 оны IV Үндсэн хууль жинхэнээсээ “цоо шинэ” үндсэн хууль байсан агаад хоёр ч удаа томоохон нэмэлт, өөрчлөлт хийсэн нь бараг 1940, 1960 оны үндсэн хууль лугаа адил агуулгатай юм. Эхний дордуулсан долоон өөрчлөлтөөр Н.Энхбаяр золтой л авторитар дарангуйлагч болчихсонгүй, түүний араас Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын эрин дамжаад “ерөөсөө болохгүй болжээ” гээд өөрчлөлт хийсэн билээ. Х.Баттулгад дарангуйлагч болох бололцоо байсангүй, учир нь парламентад МАН үнэмлэхүй ноёрхож байсан тул. Тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах алхмуудыг зогсолтгүй хийж байлаа. Хариуд нь Х.Баттулга МАН-ыг хориглох урилга гаргаад юу ч хийж амжсангүй буулаа.
Ингээд түүний үед, түүний араар Үндсэн хуулийг өөрчилж, МАН-ынхан тэртээ 1924 онд Д.Бодоог “Монголын заяагүй Бонапарт” гэж шоолж байсан шигээ гадуурхаж, Ерөнхийлөгчид дахин дэвшүүлсэнгүй. Ингэхдээ АН-ынхантай нэвтрэлцэн хуйвалдсан бөлгөө. Оронд нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгов. Болгохдоо шүүх эрх мэдлээс холдуулж, хонгил үүсгэх боломжгүй болгоод сонгов.
Үр дүнд нь МАН нийгэмд үнэмлэхүй хүчээр засаглаж эхлэв. Эрх мэдэл суларсан Ерөнхийлөгчтэй, сахилгажсан УИХ-тай, эрх мэдэл нь өргөжсөн Ерөнхий сайдтай. Буцаад Н.Энхбаярын эрин үе ирж буй мэт, дордуулсан 7 өөрчлөлтийн дараахь үе мэт, түүх давтагдаж буй мэт санагдах болов. Тун адилхан зүй тогтол...
Н.Энхбаярын үед тэр үеийн МАХН-д үл халах шинэтгэл явагдаж Г.Очирбат, Б.Даш-Ёндон нарын хууччуулаас Н.Энхбаяр, Ч,Улаан, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нарын залуу үе буюу Ардчилсан хувьсгалыг гардан зохион байгуулагчидтай нэг үеийнхэн намын эрхэнд гарч ирэв. Ингэснээр эрх баригч ба сөрөг хүчин хатуу зааглагдсан улстөрийн тэмцэл явуулдаг богино хугацааны уламжлал тасарч, МАН-АН-ынхан “нам дамжсан бүлэглэл” байгуулдаг эрин эхлэв. АН-ын улстөрчид нь хүчтэй, харин МАХН-ын нам нь илүү зохион байгуулалттай байв. Эцэст нь зохион байгуулалттай тал нь давамгай байдал олов.
Харин МАХН-ын хууччуул Ерөнхийлөгч Н.Багабандийг түшиглэж, УИХ-ын дарга Б.Энэбиш тэнцвэрийг барьж, Н.Энхбаяр залуучуудыг манлайлж, АН-тай хуйвалдаж, тэдний дэмжлэгээр эцэст нь “Үндсэн хууль”-нд 7 нэмэлт өөрчлөлт оруулж, Н.Энхбаяр ялав. Ийнхүү Н.Энхбаяр намдаа ганцаар ноёрхох болсноор АН-ыг дарангуйлж эхэллээ. АН Ардчилсан хувьсгалын удирдагчаа “хүний гарт алуулж” сарнин бутраад дотоод зөрчилдөө идэгдэн алгуур бөхөж эхэллээ. Энэ үед АН-ыг амилуулдаггүй байсан юм...
Энэ үед “Таван толгой”, “Оюу толгой”, “Бороо гоулд”, Дорнодын нефтийн алдагдалтай гэрээнүүд байгуулагдаж, сонгуулийн үр дүн, эдийн засгийн үзүүлэлтүүд хоёр туйл руу савчиж, тэр хэрээр баян хоосны ялгаа ч хоёр туйлд хүрч улс орон сэнсрэн туйлдаж байв. Энэ бол зэрлэг капитализм үндэслэсэн хэрэг байлаа. Улстөрийн тэмцэл зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцэл биш түүгээр дамжсан санхүүгийн ашиг орлогын төлөөх галзуурсан хайр найргүй дайсагнал болон хувирсан юм.
Яг энэ үеэр нийгэмд бас нэгэн цоо шинэ үзэгдэл бий болсон нь “Иргэний хөдөлгөөн” байлаа. Иргэний хөдөлгөөнүүд богино хугацаанд нийтийг хамарсан дэмжлэг олсон нь ашигт малтмалын тэгш бус гэрээнүүдийг шүүмжлэн, булхайг илрүүлсэнтэй холбоотой байв. Иргэний хөдөлгөөнүүд тэмцлийн явцдаа стратегийн алдаа гаргаж, МАН-тай тэмцэхдээ АН-ын дэмжлэгийг авах гэж оролдсон юм. АН нь тэднийг МАН-д “зарж”, ашгаа олж эхэлжээ. Уг нь иргэний хөдөлгөөнүүд илүү сул дорой АН-ыг дайрч унагаад улстөрийн хоёр дахь хүчин болох замыг сонгосон бол байдал өөр байх учиртай. Нийгэмд хувьсгалч уриа цуурайтаж байлаа, гэхдээ АН-ын хувьсгалыг яах вэ?
Хувьсгал гэж юу вэ? Хувьсгал бол Марксын формацийн онолоор нийгэм солих үйл явц агаад ангийн тэмцлийн онолоор антигонист зөрчлийн улмаас цус урсган өрнөх ёстой, ингэснээр эцэст ялсан “анги” ялагдсан ангиа газрын хөрснөөс арчиж өөрийн диктатурыг тогтоох ёстой байв. Гэвч дэлхий дахин өөрчлөгдөж, нийгэм хөгжихийн хэрээр хувьсгалын онол ч өөр болов. Монголд өрнөсөн иргэний хөдөлгөөн нь дэлхий нийтэд өрнөсөн өнгөт хувьсгалуудтай давхцаж байсан юм.
Эцэст нь Ц.Элбэгдорж 2008 оны сонгуулийн будлианаар үүссэн бослогыг С.Баярт “Эвслийн Засгийн газар” гэгчээр худалдаж орхив. Албан ёсны статистикаар 5 хүн алуулж, олон манган хүнийг хомроглон баривчилж, яллан хорив. Ийнхүү иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийг цус урсган дарж, сарниулав. Чухамдаа Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт “Алтан гадас”, “МАНАН” зэрэг эрх баригч намуудын хуйвалдааныг бий болгосон, учир нь АН амьд үлдэхийн тулд, тэсч үлдэхийн тулд хөдөлгөөнүүдийг аргадаж, МАН-д худалдаж байв. АН хоёр нүүр гаргаж байлаа. Эцсийн наймааг Ц.Элбэгдорж хийв.
Үүний дараа Иргэний улстөрийн хөдөлгөөнүүд бутран сарниж, улстөрийн хүч нөлөөгөө алдсан ч тавьж буй зорилтууд,тэмцлийн арга барил, туршлага, дэмжигчдийн масс хадгалагдан үлдэж, инерцээрээ нийгэмд нөлөөгөө үзүүлсээр байв. АН ялсан ч МАН-аас огт ялгаагүй авирлаж эхлэхэд л Иргэний хөдөлгөөнийхөн тэдний үнэн дүр төрхийг мэдсэн бөгөөд дэмжлэгээ татжээ. Ийм шалтгаанаар энэ үед болсон сонгуулиуд хамгийн цөөн оролцогчтой, хуулиар заасан босгыг давдаггүй байсан билээ. Эрх баригч намуудын рейтинг 20 хувиас давахаа байж, хэн нь ч итгэлтэй ялах чадваргүй болов.
2016 онд АН-ын алдаанаас үнэмлэхүй ялсан МАН М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн нь МАН дахь “про-хятад” бүлэглэл улсын эрхийг авах нь гэсэн болгоомжлолыг бий болгов. Иргэний хөдөлгөөнүүд хэдий хатуу улстөрийн үзэл санаанд зангидагдаагүй ч нийтлэгээрээ үндэсний үзэл санаанд тулгуурлаж байсан нь газар шороогоо хамгаалах тэмцлээс үүссэнд байв. МАН нарийн тооцож, С.Ганбаатарыг МАХН-аас дэвшүүлж Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдмэл саналыг хуваахыг оролдсон ч өөрсдөө хамгийн сүүлийн байранд оров.
Ингээд Х.Баттулга ялж, түүний богино эрин үндэсний үзлийн уриан дор өнгөрөв. МАН зүгээр өнгөрсөнгүй, М.Энхболдын нуралтын дараа залуучууд нь идэвхжиж, намын эрх мэдлийг өөртөө авлаа. Залуучуудыг дарахын тулд МАН-ын хууччуул залуучуудын байгууллага дахь хунтайж нараа турхирч байв. Тэдний нэг нь Н.Номтойбаяр байсан!
МАН-ын залуу үед гудамжны тэмцлээр намын эрхийг авав. Энэ залуучууд МАНАН-гийнхнаас ч залуу байж, тэднийг шахав. Н.Энхбаяр-Р.Гончигдоржийн хуйвалдаанаар эхэлж, С.Баяр-Ц.Элбэгдоржийн хуйвалдаанаар төгөлдөржиж, Ц.Элбэгдорж-М.Энхболдын хуйвалдаанаар сүйрсэн тэд төрд тулгуургүй болохыг шахав. Тэднийг улстөрийн эрх мэдлээс холдуулсан ч санхүүгийн эрх мэдлийг үнэмлэхүй атгаж байсан юм.
Түүх давтагдаж, шинэ хуучин үеийн зөрчил нь “Үндсэн хууль”-нд өөрчлөлт хийх замаар эрх мэдлээ авах, хадгалж үлдэхийг эрмэлзэхэд хүргэв. Өөрчлөлтийг хууччуул санаачлав. Гэвч залуучууд гардан хэрэгжүүлсэн. Х.Баттулгаас айж шүүхэд нөлөөлдөг Ерөнхийлөгчийн нөлөөг эрс бууруулснаар “Шүүхийн бие даасан байдал” нэрээр өөрсдийн бие даасан байдлыг хадгалж үлдэх санаархал нь дараа нь өөрсдөд нь гай болов. Засгийн газрыг илүү тогтвортой байлгаж, парламентын дарамтаас салгасан нь бас л өөрсдөд нь гай болов. Шинэ Ерөнхий сайд Монголын “№1” эрхтэй институци болов.
“Иргэний хөдөлгөөнүүд яасан бэ?” гэж үү? “Дайснуудынхаа гараар” Үндсэн хуулийг өөрчилж, хувьсгалт зорилгоо хагас дутуу ч болов гүйцэтгэсэн юм. Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын сонгуулийн нээлтэн дээр Г.Уянгыг “Үндсэн хууль”-аа өөрчилье гэхэд бүгд айж байсан, 10 жил “Хувьсгал хийнэ!” гэхэд бүгд л айж байсан, эцэст нь хувьсгал бол “Үндсэн хуулийн өөрчлөлт” юм гэсэн хувилбарт шилжсэн... энэ бүгд бодит байдал болоод байгааг анзаарч байна уу?
М.Энхболдыг УИХ-ын даргаас, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас унагаж байхад ордны эргэлт маягаар нийгмийн өөрчлөлт хийгдэж байсан юм. Үр дүнд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. “Хуучин үе” завдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулгын эрх мэдлийг сааруулж, У.Хүрэлсүхийн эрх мэдлийг нэмсэн. Дараа нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн, гэвч тэр эрх мэдлээ хасуулсан Ерөнхийлөгчийн суудалд суув. Харин эрх мэдлээ нэмсэн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ очив. Тэр залуу үеийн төлөөлөл байв. Тэд яг түүн дээр л алджээ.
Олигархийг халах залуучууд...
Л.Оюун-Эрдэнэ маш том эрх мэдлийг гартаа оруулж авчээ. Ардын намын дотоод зөрчлийн түүх бошгыг халахаар эхэлж байсан бол олигархийг халах тэмцлээр үргэлжлэв.
МАН-д үе халах донсолгоон хоёр удаа ч өрнөсөн. Эхнийх нь шалтгаан 1996 оны сонгуулийн ялагдлаас улбаатай ба шинэчлэгдсэн нам 76 суудлаас 72-ийг авч байжээ. Энэ инерцээрээ 2012 оныг хүртэл явсан. Дараагийнх нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал байсан ба үүний дараа одоо улстөрийн тавцанд үнэмлэхүй МАН ноёрхож байна. Чухамдаа МАХН-д 1996 онд шинэчлэгч залуучууд гарч ирснээр коммунизмыг халах үйл явц хэтэрхий хурдацтай өрнөсөн. Энэ хурдан үйл явцын дунд МАН хөрөнгөтнүүдийн нам, том хөрөнгөтнүүдийг төрүүлэгч нам болон өөрчлөгдсөн юм. Коммунизмаас Нагаржунай хүртэл төөрөлдсөн нам социал-демократ нам болон хувирсан бөгөөд заримдаа ашигт малтмалын ордыг хувааж авах, ашиглах гэрээ байгуулахдаа тулбал АН-аас илүү либерал нам болон хувирч байлаа. Гэтэл АН удирдаж буй нэгэн үеэ дагаад консерватив, хуучинсаг нам болон хувирчихаад одоо яагаад ч либерал нам гэхээргүй болжээ.
“Үндсэн хууль”-ийн өөрчлөлтийн дараа Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс 6 жилийн хугацаатай сонгодог болов. У.Хүрэлсүх бол шинэчилж өөрчилсөн Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсний баталгаа болж сонгогдсон юм. Төрийн тэргүүнийг сонгосноор шинэ “Үндсэн хууль” амилав. Тэр шүншиг нь байлаа.
Гэвч ардчилал бол дангаар ноёрхол биш, төвлөрсөн засаглал ч биш. Ардчилал дотооддоо сөргөлдөх шинжтэй. Үүний цаад шалтгаан нь олон үзэл бодол, олон үзэл санаа, олон гарц шийдлийг агуулдагт байдаг. Ардчилалд дасан зохицож буй Монголчууд одоо хүчтэй эрх баригчдыг биш хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжилж байна. Даанч хүчтэй сөрөг хүчин байх үүргээ Ардчилсан нам гүйцэтгэж чадахгүй байна, сая бас л чадсангүй. Хийж чадахаа байгаад хөхүүлж тавьдаг завхай эр лүгээ адил болжээ.
Чухам Ардчилсан намын энэ байдлаас шалтгаалж ардчилсан сөргөлдөөн нам хоорондынх бус жам ёсоор эрх баригч намын дотоод сөргөлдөөн болон хувирч эхэллээ. Өнгөрсөн түүхэнд нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр заавал зөрчилд ордог байсан. Энхбаяр-Багабанди, Энхбаяр-Элбэгдорж, Элбэгдорж-Алтанхуяг... гэх мэт зөрчилгүй үе байсангүй. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог учраас, Ерөнхийлөгч шүүхэд илүү нөлөөтэй учраас, Ерөнхийлөгч одон тэмдэг тараадаг учраас тактикийн ялагдал хүлээсэн ч алсдаа ялж үлддэг байв. Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 гаруй жилийн түүхэнд нэг ч Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорч байсангүй, харин Ерөнхий сайд бол 30 шахаж байгаа байх. Харьцангуй удаан ажиллаж байгаа Ерөнхий сайдууд бол Н.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр. Хоюул парламентын хэт олонх ба үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуягласан...
Одоо ч тэр зөрчил хэвээрээ үргэлжилж байна. Энэ зөрчил Үндсэн хуультай л очиж холбогдоно. Ерөнхийлөгч-Ерөнхий сайдын хооронд хүчтэй тэнцвэржүүлэгч байхгүй үед “дайн” ширүүсдэг. Энэ удаад Г.Занданшатар тэнцвэрийг барьж байсан боловч яг сонгуулийн үед УИХ-ын даргын үүрэг “0”-тэй тэнцдэг. Угаасаа дараагийн УИХ-ын дарга сонгуулийн үр дүнгээр тодорно.
АН-ыг хүчтэй сөрөг хүчин болно гэх сонгогчдын найдвар нэр дэвшигчдээ зарласан будлианаас хойш салхинд хийсчихэв. Одоо АН-ыг хэн орлох вэ? УИХ-ын сонгуулийн үр дүн эрт тодормогц хамгийн их сандарч байгаа хүн бол Ерөнхийлөгч юм. Тэрээр илүү консерватив байр сууринаас сонгуульд хандаж байна. Тэрээр парламентад тэнцвэртэй байдал тогтохыг “хүсч” байна. Тэрээр АН-ыг дэмжиж байна! Яагаад...
Өргийг өнгөц харвал тэр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад дахин сонгогдох хувилбарыг хүсч байгаа юм. Парламентаас 6 жил сонгогдсон Ерөнхийлөгч... Ингэвэл тэр 12 жил Ерөнхийлөгчөөр ажилласан цорын ганц хүн болно. Гэхдээ энэ бол зөвхөн түүний хүсэл биш, олигархуудын хүсэл юм. Түүнийг дахин сонгогдоосой гэж өөрөөс нь ч илүү хүсч байгаа олон хүн бий! Маш товчоор тэднийг улстөрийн хүрээнд “шоронгийнхон” гэдэг.
МАН-д асар хүчтэй үе халах процесс явагдахын хэрээр Н.Энхбаярын үеэс тогтсон олигополь зах зээлд хүчтэй задрал явагдах нөхцөл үүсээд байна. Ялангуяа уул уурхайн салбар хязгааргүй дур зоргоор аашилж, улсын аль ашигтай ордуудыг сорчлон хувааж аваад дураар дургиж байсан “бизнес эрхлэгчдийн” эрх ашгийг хамгаалагч байхгүй болчих вий гэдгээс тэд айж байна. Тиймээс тэдэнд У.Хүрэлсүх л хэрэгтэй...
Нэгэнт асуудлыг МАН дээр нарийсгаж байгаа учраас МАН-ын нэр дэвшилтийг харцгаая!
Сонгуулиас сарын өмнө МАН-ын хоёр хүчирхэг бүлэглэл жагсаалт, тойргоо бараг тохирчихоод байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угаасаа намын аппаратчик, намын бүхий л шатны ажлыг эрхэлж явсан учраас намдаа нөлөөтэйн дээр намын шийдвэр гаргах механизмыг хамгийн сайн мэддэг хүн. Ерөнхийлөгч болоод намаа түдгэлзсэн нь түүний нам дахь байр сууринд онцгой нөлөө үзүүлээгүй юм. Намынхны хувьд өөрөөсөө дээд үеийнхний “итгэл найдварыг хүлээсэн” хүн. Тэр дундаа намын гол санхүүжүүлэгчид түүнийг тойрон хүрээлдэг.
Цохилт гаднаас ирсэн ба гэв гэнэт түүний гол тулгуур намын нууц ноёнтон Сү.Батболдын хөрөнгийг Малайзид, дараа нь АНУ-д хурааж авахаар болов. Сү.Батболд гадагшаа явжээ, ингэхдээ гадаад дахь хуулийн маргаанд сэргэшсэн Ц.Мөнх-Оргилыг дагуулаад явжээ. Нэр дэвшилт эхэлтэл тэр хоёр хоюулаа мултарчихав. Намын жагсаалтыг гаргахад Ерөнхийлөгчийн оролцоо бараг байсангүй дээ? Ингээд намын дарга-Ерөнхий сайдын саналаар жагсаалт гарав.
Яг ийм үйл явц АН-д өрнөв. АН-ын хоёр гол фракц “Гранд”, “МоАХ” байв. МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Ц.Элбэгдоржтой БНСУ-д уулзаж фракцуудыг салаавчилж дэвшүүлэхээр тохирчээ. Гэтэл Эби зальтай учраас АН-ын үй олон фракцын нэрээр салаавчилж жагсаахыг Лу.Гантөмөрт “зөвлөж”, үр дүнд нь МоАХ тавд нэг дэвшигчтэй болж жагсаалтаас жийгдсэн байна. Дээгүүр жагсаалтанд МоАХ-ын квотоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санал болгосон АН-ын хүн ч орчихсон байж таараад бантан болов. Ингээд “Х” хуйвалдаан үүсэв.
МАН-ын давамгай тал АН-ын хохирогч МоАХ-тай, харин Ерөнхийлөгч АН-тай холбоолов гэсэн яриа тархаж эхэлжээ. Жагсаалт зарласны дараах будлианы улмаас АН золтой л сонгуульд оролцох хуулийн эрхээ алдчихсангүй. Олон нэр дэвшигч нь нэр дэвшихээс татгалзаж, жагсаалт хүчингүй болох шахсан тул утсаар заналхийлж байгаад буцааж оруулжээ. Энэ аргыг дараа нь МАН-д буцааж хэрэглэх болно. Эцэст нь Ерөнхийлөгч шахаж байж АН-ын будлиан нэг тийш болжээ. “АН оролцохгүй л бол сонгууль биш!” гэсэн алдарт афоризм нэг олон нийтийн байгууллага хуулиас, бусад адил хэмжээний намуудаасаа давуу эрхтэй гэсэн завхралын түүх болон үлдэнэ.
Эртнээс бэлтгэж намын саналыг хувааж болзошгүй Н.Номтойбаярыг номхотгох гэсэн МАН-ын төв штабын оролдогыг мөн л шүүхээр дамжуулах замхруулж, Н.Номтойбаярыг яаж ийгээд дэвшүүлэх шийдвэр гаргуулж дөнгөжээ. Үүнийг Ц.Элбэгдорж хийсэн гэлцэх авч “цүнхэндээ түүртэж” яваа улстөрөөс ч улс орноосоо л хол байгаа түүнийг нам нь юу юм гэхээстөрийн шүүх авч хэлэлцэхгүй, харин одоогийн Ерөнхийлөгчийг бол тооно л доо.
Ингээд тэмцэл эцэстээ нам хоорондын бус “үе хоорондын тэмцэл” болон хувирчээ. Ерөнхийлөгчид төвлөсөн хууччуулын бүлэглэл, Ерөнхий сайдад төвлөсөн шинэ үеийнхэн сонгуулийн тулаанд оржээ. Ийм үед Ерөнхийлөгч намынхаа эсрэг явах болно!
Шинэ эргэлт!?.
Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” бус “Шинэ эргэлт” хийжээ. Ордны эргэлт. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлээ нэмсэн Ерөнхий сайдын сууринаас тэр санаснаа хийж байна. Тэртээ 1930-аад онд амжилттай явж байснаа дарагдсан “Шинэ эргэлт”-ийн шинэ хувилбар. Л.Оюун-Эрдэнэ буруу ишилсэн сүх аятай системтэйгээ зөрчилдөж, хуучин системийг эвдэх гэж муйхарлан зүтгэсээр хууччуулын аргыг барж байна. Тэр системийн шинэтгэгч нэрээр түүхэн хүн болохоор шийдэв үү?
Гадаад зах зээлээс улсын нэрээр зээл бага хүүтэй босгоод хуваагаад авчихсан “Хөгжлийн банк”-ны булхайг илчилснээс хамаг юм эхэлсэн. “Дээдэс” нь улсыг ингэж тонодог байсныг ард түмэн мэдсэн. Монголын баячуул цоорхой завинд суусан байв. Гаднаас бага хүүтэй валютын зээл аваад казино тоглох, мөнгө хүүлэх зэрэг сурсан “бизнес”-ээ эрхэлж байтал лайтай ковид гарч, мөнгөний ханш навсайтал унаад ханшны зөрүүгээр алдагдалд орж эцэстээ хүчээр төлөхдөө тулж “шатав”
Дараа нь “Нүүрсний хулгай”-г илчилсэн. Ерөнхий сайд шинэ Үндсэн хуулиар ямархуу эрх хүчтэй болсныг тоймлоогүй, мөнгөндөө галзуурсан компанийн захирал “Чамайг унагана аа!” гэж хаалга савж гараад өөрөө уначихсан. Түүний араас хулгайч нар цувчихсан ажээ.
Зүгээр л хэдэн жил Ерөнхий сайд хийгээд тэднээс “хаалтын татвар”-аа цуглуулаад суух байсан юм, Ерөнхий сайд болмогц бүгд л цүнхтэй мөнгөө бариад очно шүү дээ, тэгээд зүгээр л мартчихад насаараа идэх хоолтой бууна! Буу гэсэн цагт л бууна, буухгүй гэсэн ч буулгана, их шазалзвал хонгилдчихно!...
“Уг нь энэ муу пацаныг ингэсхийж байгаад няслачихна” гэж байсан олигархууд одоо бол Ерөнхий сайдыг жинхэнэ дайсны хэмжээнд харж байна. Н.Номтойбаярыг хорьж чадаагүй ч муйхар, зөрүүдээрээ “Цагаан суварга”-ыг нь бол авчихаж чадна, гэхдээ ингээд зогсдог бол ч яах вэ, цаашлаад “Ухаа худаг”, стратегийн ордоос гаргахын тулд жижиглэсэн нүүрсний ордууд, газрын ховор элемент, ураны ордуудыг нь булааж авна гэж болгоомжилж эхэлжээ. Улстөрчидтэй хуйвалдаж, улстөрчдийг худалдаж авсан баялгуудыг нь буцааж авах нь... гэж айж байна. Тиймээс МҮХАҮТ-ын даргыг хүртэл шахамдуулж нэрийг нь татуулах замаар МАН-ын жагсаалтыг нь эвдээд сонгуульд оролцуулахгүй болгохыг хамгийн сүүлд оролдов. Мөнгөтэй, мөнгө хүчтэй л дээ!
Л.Оюун-Эрдэнэ “Баялгийн дахин хуваарилалт” хийх гэж байна, хуучин систем нь энэ баялгийг цөөнх эзэмших систем учраас энэ дахин хуваарилалтыг эсэргүүцэж байна. Үүний улмаас улстөрийн орчинд ч дахин хуваарилалт эхлэж, зайлшгүй үйл явц болчихлоо. Ингээд “Х” хувилбар буюу МАН, АН шинэ хуучнаараа зөрөөд гацчихлаа.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ энэ сонгуульд ялбал, дангаараа ЗГ байгуулбал тэгээд тэдний хорвоо эргэнэ. Чухамдаа дараагийн Н.Энхбаяр төрнө гэж айж байгаа юм. Эхэнд бичсэн нөхцөл байдал туйлын адилхан гэж... гэхдээ нэг нь зэрлэг капитализмыг соёолуулсан, хууль бусаар баяжигчдыг төрүүлсэн бол одоо хууль ёсоор төрийнхийг төрд, хувийнхийг хувьд “цэр цээжинд бөөр нь бөгсөнд” болгох чигтэй юм уу даа! Л.Оюун-Эрдэнийг “дарангуйлагч болчихвол” тэртээ 1990-ээд оны эцсээр Н.Энхбаярын өмнө сунаж унаад гутлыг нь үнсээд байсан шигээ шарваганаад унацгаах вий дээ!
“Хэрэв МАН ялбал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар дахиж томилно” гэсэн баталгааг МАН-ын УЗ-өөс гаргуулж авсан цагаас... тэр улам их айдас төрүүлэх болжээ. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ ялбал үнэгүй жагсаалтаар орж ирэгсэд түүний ЗГ-ын газраас оруулж ирсэн хууль бүрийг дэмжих үүрэг хүлээнэ, ядаж л ёс суртахууны хувьд! Тэгвэл “Баялгийн сан”-д бүх ордуудыг хурааж авна, эсвэл улсын зардлаар хайгуул хийсэн учраас 34, эсбөгөөс 51 хувийг нь “нийгэмчилнэ”. Ингээд алга дарам цаасаар авсан “баялгийн эзэн” хэн ч биш болно!
Улстөр талаасаа тэр үнэмлэхүй ялбал ЗГ-ын кабинетаа өөрөө байгуулна, ингэхдээ голдуу залуучуудаас бүрдүүлнэ. Цоо шинэ хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй, авилга өгч болохгүй авилгын туршлагагүй, “мангуу” эрдэмтэн залуусаар... Тиймээс тийшээ очиж болзошгүй залуусыг нэг хар тамхичнаар цоллуулах нь зүгээр л дээ!
Аливаа томилгоонд намын эрх мэдлээр дамжуулаад хэнийг ч оролцуулахгүй байж болзошгүй, нэн ялангуяа АН-ынхныг бүрмөсөн дарна! Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийг барьж ирнэ гэж өвчигнөж болзошгүй! МАН хэдий хүчирхэг боловч дотроо тэмцэлдээд эхлэхээрээ АН-ынхны дэмжлэгийг авч ар талаа бэхэлдэг тэр систем эвдэрнэ. Зоригийн хэргийг лавшруулбал АН-ын сүнс тэнгэрт одмуй...
Тиймээс МАНАН бүх хүчээ, бүх мөнгөө дайчлаад унагах ёстой, системээ хамгаалах ёстой, бүх ресурсыг шавхан ашиглах ёстой. Тэгээд...
Энэ үед улстөрд ашиглах боломжтой нэг субъект тодроод байсан нь “Богд” байв. Тэгээд 126 саяын зээл авсан “Монполимет”-ыг эзэмшигч Богдын эмээг бариад авчээ. Зээлээсээ нэг байшин авсан нь “зориулалт бус”-аар зээлийг зарцуулсан хэрэг болно.
Л.Оюун-Эрдэнийн ЗГ “Хөгжлийн банк”-тай тэмцсэн ба баривчилгааны буруутнаар ЗГ-ыг заагаад бултаж болно. Гайтай нь “Монполимет” зээлээ 100 хувь буцаан төлсөн цорын ганц компани байлаа. ЗГ эмээг бариагүй гэдгээ мэдэгдэж, Богдын ээж үүнд ”...намууд, ЗГ хамаагүй...” гэж жиргэлээ. Тэгээд хэн байх вэ? Хэргийн эзэн тодормогц Тяньжинд боогдсон 5400 чингэлгээ авахын тулд “Богдыг зольчихъё!” гэж ч үзжээ. Нөгөө Христийг 30 мөнгөн зоосор худалддаг Иуда шиг...
Үнэндээ Богдын эмээг барьснаар иргэд ЗГ-т дургүйцнэ, дургүйцээд буддистууд нь саналаа МАН-д биш АН-д өгнө гэж тооцсон нүүдэл байж... Тэгээд МАН-ын суудал цөөрнө, сонгуулийн амжилт өмнөх сонгуулиас буурвал Л.Оюун-Эрдэнийг жийнэ. Ийм юм сонгууль дуустал олон гарна аа... Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй гэж Элбэгдорж, Баяр, Тэмүжин, Занданшатар нар хэлсэн юмдаг, хэн нь түрүүлж хэлсэн юм бүү мэд! Харин Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм зоригтой байна? Үндсэн хуулийн өөрчлөлт ийм болгов уу? Эсвэл илүү хүчирхэг дэмжлэгт тулгуурлаж байна уу?
Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх дарга АН-аас дэвших... нээрээ Х.Баттулга шиг нэг л дэвших эрхтэй бил үү?
5555
Зочин
Энэ гавьяагуй « Гавьяат»
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Жагсаалтын сайдууд
Уянгын дэмжигч
МОНГОЛ
TsM
ABCD-KOREA-GAAS
1
Сарантуяа
тогоо
Boohoi Khuyagaa
Нэргүй
Alag Ajaa taij
bandi
Иргэн
Зочин
8989
Зочин
зочин