Жолооч нарын эрх ашгийн төлөөх хуулийн шинэчлэлтийг эсэргүүцэгчдийг яаралтай шалгах ёстой!
-Жолоочийн даатгал хийх нь таалагдахгүй байгаа бол яагаад энэ “бизнес”-ээс татгалзаж чадахгүй байгаа юм бэ?-
“Жолоочийн даатгалын тухай” хууль буюу Жолоочийн албан журмын хариуцлагын тухай хууль нь “жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”зорилготойгоор 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн зорилтын хүрээнд уг хуульд заасан дараах зарчмуудыг хангах ёстой байтал бодит байдал дээр даатгалын компаниудын эздийн үл цадах шунал, өөрсдийн ашиг олох гэсэн үндсэн эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлж ирснээс шалтгаалан жил бүр олон арван мянган жолооч нар хохирсоор даруй 10 жил болжээ.
Жолоочийн даатгалын тухай хуулийн зарчмууд:
Хохирогчид нөхөн төлбөр олгох;
Жолооч нь зам тээврийн ослоор даатгалын тохиолдол гарсан даруй цагдаа болон өөрийн гэрээт даатгал, бусад оролцогчдын даатгалын шуурхай албыг дуудах, хүлээх, тайлбарлах, баримтжуулах, ослын газраас хөдлөхгүй байх зэрэг маш олон шаардлагыг шүд зуун биелүүлсний үндсэн дээр цааш жолоочийн оноо хасуулах, 100 000 төгрөгөөс доошгүйгээр торгуулах, цагдаагийн тодорхойлолтоо хөөцөлдөх, даатгалын компанийн “заавал оч” гэсэн үнэлгээний компанийг нь эрэн хайсаар олж 30 000-100 000 төгрөг дахин төлөх, үнэлгээ бодит бусаас шалтгаалсан бухимдалзэрэг байж болох бүх шат дамжлагыг туулсны эцэст нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн даатгалд өгөх ба хуульд заасан 30 хоног дотор төрийн байгууллагын ажил хөөцөлдөх мэт танил талаар яриулан байж арай гэжнөхөн төлбөрөө авдаг ба нөхөн төлбөр хэзээ ч бодит бус байдаг буюу дутуу өгсөн гэх маргааныг дагуулдаг.
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
Бодит байдал дээр нийт жолоочийн 30 хувь нь даатгалын хугацаа дууссанаа мэдээгүй, эсвэл даатгалд төлөх мөнгөггүй, Жолоочийн даатгалын тухай хуулийг ойлгоогүй зэрэг янз бүрийн шалтгаанаар 200 000 гаруй даатгалгүй жолооч хөдөлгөөнд оролцдог байна. Гэтэл машинаа зарах, нэр шилжүүлэх, зээл авах зэрэг үйлдэл бүрт даатгалаа дахин дахин төлж жолооч нар хохирсоор байхад даатгалын компаниуд хураамжаа авсаар л байдаг. Энэ тохиолдолд жолооч нарыг хохироохгүй байх зорилт даатгалын компаниудад огт байгаагүй. Жолооч нарыг даатгалд бүрэн хамруулах ажлыг даатгалын компаниудын өндөр зардалтай, “нүсэр” бүтэц зохион байгуулж дийлэхгүй 10 жил болсоор ирсэн байна.
Зам, тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох;
Хэрэв жолооч та зам тээврийн осолд орсон л бол санхүүгийн асуудлаа даатгалын механизмаар шийдүүлэх бүх боломж бололцоог Жолоочийн даатгалын тухай хуулийн энэхүү зарчмаар хангасан байтал бодит байдал дээр эсрэгээрээ эргэсэн нь энэхүү Жолоочийн даатгалын тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатайг харуулж байна.
УИХ дэд дарга Т.Аюурсайханы 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай “шинэ” хуулийн төсөл нь одоо хэрэгжиж буй хуулийн зорилго, зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх бүх боломжийг эрэлхийлсэн, дээр дурьдсан буруу хэрэгжилтийг засахад чиглэсэн байгаа нь нийт нэг сая гаруй жолоочийн эрх ашигт бүрэн нийцэж байна.
Хуулийг өргөн барьсан даруйд, 48 цагийн дотор даатгалын компаниуд УИХ-ын бүх гишүүдтэй уулзаж амжсан сурагтай. Тэд шинэ хуулийн төслийг “унагаах” лоббигоо тултал хийхийн тулд дараах агуулгаар ярилцаж байгаа аж. Ингэхдээ “Бид бараг ашиггүй ажилладаг, сайхан сэтгэлээр энэ “алдагдалтай” шахуу даатгалыг хийсээр ирсэн байтал одоо биднээр жолоочийн хариуцлагын даатгал хийлгэхгүй гэж байна.Шинэ хуулийн төсөлд байгаа “Нийтийн эрх зүйн, хуулийн этгээдээр жолоочийн даатгал хийлгэх нь буруу ба бид алдагдалтай ч гэсэн цаашид үргэжлүүлэн энэ даатгалаа хийхээс өөр гарц төрд байхгүй” гэхчлэн ярьж уг хуулийн төслийг буцаалгахаар лоббидож байгаа ажээ.
Хууль хэрэгжсэн 10 жилийн хугацаанд даатгалын компаниуд нийтдээ 230 тэрбум гаруй даатгалын хураамж цуглуулсан байдаг. Үүнээсээ 110 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохдоо даатгуулагчдыг маш их зардал чирэгдэл, бухимдал, цаг заваар хохироосон байдаг.
Нөхөн төлбөр олгоод үлдэж буй 120 тэрбум гаруй төгрөгөөс үйл ажиллагааны болоннөөц санбайгуулах зардалд хуваарилаад хамгийн сүүлд бараг ашиг үлдэхгүй мэтээр даатгалын компаниуд тайлбарлаж байна.
Гэтэл Даатгалын нөөц сан нь баланс дээрээ өглөг талдаа бичигддэг ба энэхүү бичилтийг тэд өөрт ашигтайгаар “мэргэжлийн” байдлаар тайлбарладаг. Үнэхээр ашиггүй хүнд хэцүү даатгалын төрөл юм бол орхиод үндсэн сайн дурын даатгалаа яагаад хийхгүй байгаа нь бас эргэлзээтэй.
Өнөөдөр даатгалын компаниуд твиттер, фэйсбүүк зэрэг сошиал платформ дээр бараг л бүх тролл, хөлсний коммэнтчдийг “ажилд оруулчихсан” лоббигоо идэвхжүүлж байна. Даатгалынханд хандаж хэлэхэд та нар үнэхээр ашиггүй юм бол энэ Жолоочийн даатгалаа зүгээр орхичиж болдоггүй юм уу. Яагаад бүхэл бүтэн 10 жил бараг л “гаалийн онцгой татвар”-аас илүү татвар хураамж шиг ойлгогдтол өдөр бүр цагдаа зогсоож даатгал шаарддаг ийм хуулиар баталгаажсан даатгалынүйлчилгээг хэрэгжүүлж чадаагүй байж гомдоллож эсэргүүцээд байгаа юм бэ?
Цаашлаад даатгалын компаниудын эзэд нь улстөрчид голдуу байдаг. Мөн даатгалын компаниуд доторх Хууль, нөхөн төлбөрийн алба, хэлтсийн даргаар ихэвчлэн цагдаа, прокурорын байгууллагад ажиллаж байсан хүмүүс ажилладаг.Даатгалын хяналтыг хийж ирсэн СЗХ-ны даатгалын газар, хэлтэст мөн л даатгалын компаниас шууд хамааралтай хүмүүс ажилладаг зэрэг ноцтой асуудлууд олон бий. Төр нь төр шиг байж даварсан даатгалын компаниудаа цэгцлэх цаг нэгэнт болжээ.