Жагсаал, цуглаан тоолох арга


-фельетон-


Эдийн засаг, амьжиргаа хоёр дээшлэх эсэх нь балархай ч долларын ханш, жагсаал хоёр өсөх нь тодорхой байна. Долларын ханшийг унаж байгаа төгрөгтэйгээ харьцуулаад амархаан тооцоолж болно. Гэтэл жагсаалын чанарыг хэмжих нэгжгүйгээс болоод статистик нь будилж байна. 

       Монголчууд үзэл санааны эрх чөлөөг хэнтэй ч үзэл санаа нэгдэхгүй байх явдал гэж үзэх тул жагсаал болгон өөрийн гэсэн эсэргүүцэгчтэй. Үлдсэн хэсэг нь жагсагчдыг дэмждэг гэвэл бас худлаа. Харин “жагсаал эсэргүүцэгчид”-тэй санал нэгдэхгүй байгаа хүмүүс “жагсаалыг дэмжигчид” болж хувирна. 

   Ер нь монгол хүнийг дэмжиж байгаа юмаар нь бус, харин эсэргүүцэж байгаа юмаар нь хэний тал болохыг тодорхойлж болдог. Жишээ нь “ЖДҮ луйвар”-ыг эсэргүүцэж байгаа бол “60 тэрбумын авилга”-ын талынх болно. Эсрэгээрээ, “60 тэрбум”-ыг шүүмжилж харагдвал “ЖДҮ-чин”-ий ард тал байх жишээний. Харин хоюуланг нь буруушааж байгаа бол яалтгүй “хужаа” болоод явчих маягтай.

            Монголын улс төрийн намуудыг ч гэсэн энэ утгаар нь ойлговол зохимжтой. АН-ыг эсэргүүцдэг хүмүүс МАН-ыг дагаж, МАН-ыг тэвчдэггүй иргэд АН болсон гэж үзэлтэй. Түүнчлэн МАН, АН хоюуланд нь дургүй байгаа байх нь мөн л хужаа болох аюул дагуулна. Аль ч намын гишүүдийн зорилго бол өөрийн намаа хөгжүүлэх биш өрөөлийн намыг хөгжүүлэхгүй байлгах явдал авай.

         Бас хятадыг үзэн ядаж байгаа хүнийг Монголдоо хайртай гэж үздэг. Ингээд харахаар, Монголчууд улс болсны зорилго нь монгол орныг сайхан байлгах гэхээсээ хятадуудыг муухай байлгах явдал ч юм уу, хаашаа юм бэ?

        Дэлхий дахинд хүмүүс ямар нэгэн юмыг дэмжиж нэгддэг бол манайд юухан хээхнийг эсэргүүцэж хамтрана. Америкчууд л гэхэд дэл сул мөнгө шиншилж явдаг бол монголчууд эсэргүүцчихмаар юухэн хээхэн хайж явах байдалтай. Янкууд шиншилж олсон дэл сул мөнгөө дорхон нь эргэлдүүлээд бизнес, аягүйтвэл үндэсний баялаг болгож хувиргана. Харин манайхан өлгөж аваад эсэргүүцчихмээр юухан хээхнээ додомдож өсгөөд иргэний хөдөлгөөн, сүрт жагсаал, ихээхэн дургүй хүргэвэл үндэсний нам болтол нь хөгжүүлж мэднэ…

           Ингээд гол асуудалдаа оръё. Жагсаал цуглаан зөв тоолохыг ярьж эхлээд энэ хүртэл хадуурсан байна. Жагсагчид ирсэн хүмүүсийн тоог “зүрхийг нь үхтэл дээш шиддэг” бол эсэргүүцэгчид нь жагсагчдынхаа тоог “хүрэл зүрх ч хайлмаар” хорогдуулна. Зохион байгуулагчид ч тэдний хасах хүний тоог бодолцож, оролцогчдынхоо тоог хэд нугалан нэмэхгүй бол оргүй болчих аюултай.

      Сая л гэхэд жагсагч тал “30 мянган хүн оролцсон сүрт жагсаал” боллоо гэж мэдээлж байхад сөргөлдөгч тал “3-хан мянгахан хүнтэй цуглаан” боллоо гэж унтраах жишээний. Зөрүү нь социализмын үеийн статтистикаас ч фантаазтай болсон. БНМАУ-ын мал сүргийн тоо, төлөвлөгөө биелүүлсэн хэмжээг хоёроос дээш нугалдаггүй байсан юм. Нэг таван жилд 10 жилийн ажил хийсэн гавшгайч төрж байснаас биш 100 жилийн ажил хийсэн ударник огт дуулдаагүй. Хэрвээ хүсвэл 25 сая малаа 250 сая болгон мэдээлж чадах л байсан. Тэгээгүйг бодоход, ямар ч тоололд дүрэм хэрэгтэй нь мэдэгдээд байна.

   Угаасаа монгол улсын малын тоо хэзээ ч зөв гарч байгаагүйн нэгэн адил монгол жагсаалд оролцогчдийн тоо бодитой гарч байсан удаагүй. Ер нь бол, монголчууд малаа ч тоолж чаддаггүй, өөрсдийгээ ч тоолж бардаггүй улс гэж ойлгогдохоор.

      Эрт урьд цагт татвараас зугтаах, амины малд тогтоосон хязгаарыг давуулахгүй байх үүднээс мал тооллогыг үргэлж будлиантуулж иржээ. Социализмын үед малчид амины малынхаа тоог тултал дарах боловч сум, аймгийн удирдлага “мал өсгөх төлөвлөгөөг давуулсан” гэж рапортлохын тулд нэгдлийн сүргийн тоог өсгөж мэдээлнэ. Аль нь үнэн болохыг намзасаг, бурхан хоёрын хэн нь ч мэдэлгүй өнгөрч байж. Одоо бол малын хөлийн татвараас зайлсхийхийн тулд зориуд хасч, ХААН банкны зээлийн барьцаанд тавихын тулд санаатай нэмж байгаа гэх. Монголын мал яг хэд байгааг статистикийн хороо, бурхан хоёр ч үл гадарлана. Бурханд ч хоёр янзын тоо байгаа, өөрийнх нь харсан болон баяжихыг хүсэгчийн залбиралдаа оруулсан гэж.

   Харин өнөөдөр юуны ч тоог үнэнээр нь гаргах техник, технологийн боломжтой болсон нь биднийг мухардуулж байна. Ер нь жагсагчдын тоог зөв гаргах гээд байгаа ч юм биш, зүгээр л дүрэмтэй тоглох гээд байгаа юм. Угаасаа бодит тоо жагсагчдад ч, тэднийг эсэргүүцэгчдэд ч хэрэг байхгүй. Нэг нь хасч мэдээлэх сонирхолтой, нөгөөх нь нэмж тайлагнах бодлоготой тул.

     Ямар ч байсан жагсаалд оролцогчдын толгойг тоолж болохгүй, тэгвэл талуудын хүсээгүй цифр гарна. Иймээс хөлийг нь тоолж болж байна. Гэхдээ мал шиг дөрөв дахин өсөхгүй болохоор хэрэг алга. 

     Саваагүй зарим нь мөөм тоолох санаачилга гаргаж байгаа ч нэгдүгээрт Хууль зүйн Яамны эротикийн Зөвлөлийг давахгүй, хоёрдугаарт бараг зэрэгцэж гарсан харчуулын “өндөг”-ийг тоолох санал няцаагдсан, гуравдугаарт үнээнийх шиг дөрвөөр үржигдэхгүй болохоор нэмэр бага.  Энүүнд орвол, жирэмсэн эмэгтэйг хоёр хүнээр тоолох, таягийг 0,5 хүн гэж үзэх нь хамаагүй бодитой.

   Хашир туршлагатай жагсаалчид, "ирсэн хүмүүсийн үсийг тоолох" санал гаргасан нь ихээхэн сонирхолтой. Эсэргүүцэгчид зөнгөөрөө “халзан хүнийг яах вэ” гэсэн сөрөг санал гаргаж байгаа ч гэсэн. Гэвч жагсагчдын үсний тоо БНХАУ-ын хүн амын тоотой ойролцоо гарчихвал хужаа жагсаал болчих вий гэсэн айдсаас болоод энэ санал буцлаа.

    Түүнчлэн жагсаалд ирсэн өрхийн тэргүүний гэр бүлийн гишүүдийг нэмж тоолох, хөдөөнөөс ирэгсдийн амины малыг жагсаалд нэмэх гэхчлэнгийн бодитой санал ч их байна. Уламжлалт аргаараа богийн толгойд шилжүүлж, "нэг тэмээг таван хонь, үхрийг гурван ямаа" гэхчлэн хувиргаж тооцоолно гэдгийг ч хэлж байна. Уламжлалаа хөгжүүлээд том хүнийг ч гэсэн хүүхдийн толгойд шилжүүлж, насанд хүрсэн эмэгтэйг хоёр хүүхэд, эрэгтэйг гурван хүүхэд болгон тоолж болох мэт. Мөн илүүдэл жинтэй улсыг ч гэсэн зохих хүснэгтээр үржүүлж болмоор. Жишээ нь илүүдэл жингийн 10 кг тутмыг нэг “хүүхдийн толгой”-д тоолж болох мэт.  Эцэст нь жагсагчдын хурууг тоолох санал овоо дэмжлэг авч байна. Хөл гарын хуруу нийлээд нэг хүнийг 20 болгож байгаа нь ихээхэн ирээдүйтэй юм.

    Гэтэл ерөөсөө хүн ирэхгүй бол яах вэ гэсэн золигийн эргэлзээ гарч байна. Ямар ч үед хэрэглэдэг суурь тоо аваад түүнийгээ хөдлөшгүй аксиом болгоод явсан нь дээр шиг. Угаасаа ямар нэгэн тоо байж л түүнийгээ 2-оор ч юмуу, 20-иор үржүүлнэ биз дээ.

   Огт хүн ирээгүй бол 1000 хүн гэдэг ч юмуу, 3000 гэсэндээ яах вэ. Ингэвэл жагсах асуудал их хөнгөвчлөгдөнө. Ганцаараа ирж нэг хашгирчихаад “Бидний 3000 хүн ингэж үзэж байна” гээд өргөх бичгээ барин ордон руу өөрөө өөртэйгээ мөр зэрэгцэн  алхаж болж байна. Ганцаараа ярьчихаад “1000 хүнтэй санал хуваалцаж дэмжлэг авлаа. Хангалттай биш гэж үү” хэмээн маргаж болно. Суурь тоо ийм хэрэгтэй байдаг байхгүй юу.

    Зарим хүн талбайн захад карт уншигч тавиад автобусны картыг умшуулж бүртгэх санаа хэлжээ. Хүн тутмаас хураагдсан 500 төгрөгийг хэн нь авахав гэдэг дээрээ хагараад нэг жагсаал биш, бие биенээ эсэргүүцсэн хоёр цуглаан болох аюул дагуулах санал. Гэтэл “дотроо хоёр дэд хэсэгтэй жагсаал болвол харин ч сүртэй байх юм биш үү” гэх хүн ч гарч байх юм.

    Мал тоолдог шиг хүмүүсийг дундуураа гүйлгээд толгой руу нь шилбүүрээр тоншин тоолсонч болж байна. Билет тасалсан ч хамаа алга. Дэс дараагаар тоолуулахнаа ч яахав. Тоолох бол амархан.

Хамгийн гол нь зөв тоо хэнд хэрэгтэй юм бэ гэдэг л байна. Бидэнд хүссэн тоо маань л хэрэгтэй байгаа болохоос бодитой тооны хэрэг алга. Асуудал энд л байна…


2019 оны 1-р сарын 2. N 47°54'. E 106°54'.