Орон нутгийн сонгууль

МАН орон нутгийн сонгуулийг сүр дуулиантай, баяр наадамлаг парламентийн сонгуулийн дараа хийж байгаа нь сонгогчдын сонирхлыг бууруулах арга юм. Ирцийн босго тоо ч байхгүй. Ардын намын арван хүн очиж санал өгсөн ч сонгууль хүчинтэй. Айдгаа авдартаа хийлээ.

Ардчилсан нам ардын намаас хол дутахгүй хөлтэй боловч гишүүдийнх нь хагарал болон нийгэм дэх нэр хүнд нь залуу нам ХҮН-д бөөрнөөсөө шоглуулчих байдалд орсон тул сандарлаа.

Нэг өдрийн өмнө гарсан шийдвэр

Хэсэг пиарчид тэсч чадахгүй орж ирэн дэвсэлж, дур тавин баярлалдана гэдэг бол Ерөнхийлөгчийн* “би хийсэн” гэдэг гарын үсэг юм. Тэгээд ч шүүхийг** хэн удирдаж байгаа нь монголчуудад аквариум дахь загаснууд лугаа адил ил харагдаж байгаа. Хөдөлмөрийн үндэсний нам сонгуульд оролцоно гэдэг Ардчилсан намын саналд л халтай гэдэг нь ч мөн л тув тунгалаг зүйл. Хэрэв ХҮН нам 8 суудал авахад дор хаяж 5 нь АН-аас суудал булаах байв.

Ялангуяа ерөнхийлөгчийн сонгуулиар монголчуудын улстөрийн чиг баримжаа тод харагддаг. Тал нь МАН, тал нь бусад. Харин УИХ сонгуулиар МАН тал нь цулаараа байж, нөгөө тал нь ная хуваагдана. Энэ бутармал талыг нэгтгэж авах нь алсын хараатай удирдагчийн хийх л ёстой үйл. Харин хоёр том намын Монголын хөгжил*** ба ардчиллыг ээлжлэн муутгаж ирсний оролцогч байх хүсэлгүй бөгөөд улсын хөгжил ба ардчиллыг бэхжлийн өөр хувилбар санал болгон гарч ирсэн Хөдөлмөрийн үндэсний намын хувьд энэ нэгдэлд**** хамтран орох боломжгүй юм. Тэрийгээ ч илэрхийлж, хариуд нь сонгуулиас нэгхэн өдрийн өмнө шүүгчийн шийдвэр гарлаа. 

Дээрх хоёр догол текстээр “Ардчилсан намаас ардчиллаа аврая!” самбарын учир тайлагдана. “АН үүнд ямар буруутай юм бэ?”, “ХҮН бол МАН-ын халаасны нам юм” гэцгээгээд байгаа хүмүүс нэг бол зорилготой худал гүтгэгч АН-ын гишүүд, эсвэл улстөр огт ойлгодоггүй хүмүүс. 

Иргэдийн санаа бодол өөрөөр эргэж болзошгүйг харсан Ардчилсан намынхан самбарын үгтэй ч дайтав. Үнэхээр 5 настай (нөгөө талаар 9 настай гэж ч болно) ХҮН намыг 99 настай, 30 настай МАНАН хүчирхийллээ. Үүнийг өөрөөр яаж бичихэв. Аллаа гэвэл алагдсан хүнийг, яллаа гэвэл ялагдсан хүнийг ашиглалаа гээд явах уу? Өөрийгөө ямар нэг түвшинд сэтгэдэг гэж үнэлдэг бол тэр түвшиндээ мэтгэмээр байна. Сэтгэмээр ч байна.

Яагаад энэ нам?

Монголын улстөр хөгжлийн альтернативын уралдаан дээр биш зөвхөн хар пиар дээр тогтдог. Тэр этгээдийн юу чаддаг, юу бүтээсэн нь хэнд ч падгүй, зөвхө хар пиар л шийднэ. Нэгдэл бутрал нь үзэл бодлын ялгаан дээр биш мөнгө, эрх мэдлийн төлөө явагдана. 

Үнэндээ Монголын уруудан доройтол, өчигдрийн түгжрэл 20 хувь дарга нарын эс үйлдлээс, 80 хувь төрийн албан хаагчдын ужгирч, цементжсэн сүлжээнээс болж байгаа юм. Жинхэнэ МАНАН энд хуралдан өтгөрч байна. Үүнийг олигтойхон сэгсрэхээс нааш бид нар үзнэ гэж худлаа. Олигтойхон журам дүрэм гаргаж, тэр нь биелэх орчныг бий болгож байж бид хөгжлийн тухай бодвол бодох юм. Үхширсэн хоёр нам үүнийг хэзээ ч хийхгүй. Өөрснийхөө диваажинг муутгах төрийн албан хаагч энэ хоёр намаас төрөхгүй нь ус дээшээ урсахгүйтэй адил үнэн. Дөнгөж уржигдар “ардчилсан” ерөнхийлөгч ХҮН-ийг хутгалж байхад АН дэвслэн баярлалдаж, МАН анзаараагүй дүр үзүүллээ. Нүдэн дээр нь булай юм болж байхад ядаж хашгирмаарсан. Нэг эрх ашиг, нэг зорилго, нэг дайсан, нэг бөлдөг.

Дарангуйлал руу нэг том үсрэлт

Энэ үг утгагүй болж байна доо. Дарангуйлалд орчихоор яг юу нь болохгүй болохын бүү мэд. Зүгээр л нэг үг. Харин дарангуйллыг хүсэгчид биднийг юу ч мэдэхгүй байхад олсоо улам хумин чангаруулсаар байна. Нэг л өдөр боомилон татахад маргааш нь цусаар уйлаад ч залруулагдахгүй. 

Дарангуйллыг сөрөгч хамгийн том хүч бол үзэл санаа юм. Үзэл санаагаа хамгаалах нь хүн бүрийн хүчин зүтгэл, бодлого тодорхойлогч бүрийн үүрэг байх ёстой. Үзэл санаагаа ариунаар нь авч үлдэхийн төлөө өнөөдрийн үмх мах ч сонин биш. Гэтэл бид өдрөөс өдөрт ардчиллын үзэл санаагаа гээж дарангуйллын үйлдлүүдэд дассаар байна. Бүр тооцоотой, дараа дараагийн алхмуудаа төлөвлөсөн үйлдлүүд гэж харагдах болсон. Хөдөлмөрийн үндэсний нам-д алдаа байсан ч, байгаагүй ч сонгуулиас нэг өдрийн өмнө шүүгчийн шийдвэр гаргуулна гэдэг ардчиллын дух руу алхаар цохин унагаж буй хэрэг. Тэнд ийм зүйл болоход энд захын хулигаан ТҮЦ-ний эмээг нүдээ цавчихгүй дээрэмдэж эхэлдэг. Дээр нэг том даргын хүчээр далайлгасан шийдвэр нь энд нэг шижээргүй хурган дарга хувийн хонзонгоор ажилдаа хандах зөвшөөрөл нь болдог. Үзэл санаа гэдэг ийм юм. Уг нь залуу хүн та нам ч, найз ч үл харгалзан үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө ардчиллын үзэл санаа бөхөж буйд санаа зовних ёстой юм л даа.


* Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон. Саях бужигнаанаар ч тэрээр намаа эзэмдэн тэвэрсэн билээ.

**Монгол улсад шүүх хэнээр удирдуулдаг тухай яриа бол өвөл болохоор хүйтэн болдог гэдэг шиг эв энгийн яриа. Монгол үндэстний сөнөл, төгсгөлийн бэлгэ тэмдэг.

***Олон байшин барилга, хүн болгон машинтай болсон зэрэг нь хөгжлийн үзүүлэлт биш, хүүхэд хүссэн хүсээгүй бие нь томорч өсдөг шиг аяндаа болж буй үйл явц юм

****Энэ бол гутамшигт нэгдэл. “Буяны төлөө бол чөтгөртэй ч эвссэн яахав” гэх үзэгдэл энд тохирохгүй. Учир нь энэ эвсэл буян үйлдэх гээгүй.