Энэ талаар дахин сануулъя. Таван толгой, төмөр зам зэрэг том төслүүд яригдаж эхлэх үед ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж бичиж байв.

Оросын “РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа тулах вий” гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ? “Ирээдүйд,.. бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ” гэж. Сул шахам үнэтэй түүхий эдийн худалдаа дагнахаас бус нэмүү өртөг шингэсэн бол дургүйцнэ гэдгээ сануулаа юу. Түүхий эд, байгалийн баялгаа хагас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик цаанаа зөвшөөрдөггүйн нууц ийнхүү тайлагдлаа.

Дэлхийн банкны тооцоогоор Тяньжингаар дамжуулан нүүрсээ Япон, Өмнөд Солонгост тээвэрлэх, Оросоор дамжуулснаас хоёр дахин хямд тусах гэнэ. Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төмөр замын бодлогыг нэг бус удаа шүүмжилж, тээвэрлэлт Оросын нутгаар 4-5 мянган км тойрвол, Хятадаар тээвэрлэснээс гурав дахин их зардал гарна гэж сануулсан байдаг.

Асар их алдагдал үүрэх дээрх болзлуудыг тулгахад “үгүй” гэж түс тас хэлж чадаагүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт авч Орос ахынхаа өөдөөс шууд “үгүй” хэмээж зориглодоггүй түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон цаашилбал А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээстэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдвэл аюулгүйн баталгаа эрсдэлтэй хэвээр тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд л дуугай хохирч явна. Баяр, Сайханбилэг, Баярцогт, Бямбасайхан нарыг хар. Ээлжит ардын дайснууд.

ОХУ-ын улс төрийн тоймч Владимир Ворсобин “Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултчихдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа. Монголд ирсэн хүн болгоныг стратегийн түнш хэмээн зарладаг нь бараг ардын уламжлал болжээ” гэж бичсэн. Канад Фрийдланд Оюутолгой ордын хайгуулд маш их хөрөнгө зоригтой хаясан. Оюутолгойд агуу баялаг оршиж байсанд ганц Фрийдланд бус монгол хүн бүр баярласан. Тийм их хөрөнгөө хайгуулд цацчихаад юу ч гараагүй бол яах вэ ноён Фридланд?! Түүний үйлс бүтсэний цаана гол нь Монголын ард түмний амны хишиг нээгдсэн юм. 

Гэтэл ОХУ манайхыг Оюутолгойнхоо ашиглалтын лицензийг өг гэж тулгасан.Хайгуулд асар их зардал дагнан гаргаж Оюутолгой ордыг нээсэн Фрийдландаас ашиглалтынх нь лицензийг монголчууд хэдий бүдүүлэг ч гэсэн булаан авч ОХУ-д өгч чадалгүй В.Ворсобин мэтэд өдий хүртэл дооглуулаад сууж буй нь энэ. 

Монгол улс цөмийн энергийн хуультай болов. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурс” компани 58 хувийг, Оросын “Атомредметзолото” 21 хувийг эзэмшдэг аж. Мөн ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын засгийн газрын хувийг шинэ хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай шинэ хуулийн дагуу Канадын компани 58-аасаа зохих хувийг Монголд шилжүүлэхээр ярилцаж эхэлтэл Орос 21-ээсээ манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчсэнгүй. Тэр ч байтугай оросууд “Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулав. 

Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэх худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрсдөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлжээ. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй зөвхөн дорой хөрш Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн биз. Яг энэ үед хятад компани канад хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож Оросыг чаджээ.

Канадууд манай улсад нийт 350 сая ам. долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал тавьсан бол ах нар ердөө 50 сая ам долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны үйлдвэрт тээвэрлэж боловсруулах хувилбарыг санал болгосон байна. 

ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин цааш юу гэж вэ: “Москва энэ үеэр харин ухаалаг хүлээцтэй хандаж, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээснийг монголчууд бас л стратегийн түнш хэмээн хүлээж авсан. С.Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан ураны гэрээг цуцлахаар болгож чадсан. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын Засгийн газрын мөнгө дуусав” гэж тавлажээ.

В.Ворсобины бахархан бичсэнээр С.Кириенко Канадын компанийг манай засгийн газраар хөөлгөж дөнгөсөн байна. Канадын “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, хайгуулд зарсан хөрөнгөө нэхэж, ядуу бид төлсөн. “Хан ресурс” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч аргагүй. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид үү, хөөлгүүлсэн оросууд уу?

“Бяцхан Монголд хятад хөрөнгө оруулалттай 2000 гаруй компани байхад орос хөрөнгө оруулалттай 200-хан бий” гэж Ворсобин чамлажээ. Үүнд монголчууд буруугүй. 1990 оноос оросууд Баруун гэж тэмүүлээд биднийг хаясан. Оросууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байхад монгол хүн тал нутаг шигээ нэг зангаараа налайж суусан. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас болж муудаггүй. Балтийн гурвыгаа алдаад, Гүржийг алдахаа шахаад, одоо Украйнаа тавиад тууж буй цагтаа азийн буурай биднийг тоож буй бол ир л дээ. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй. Бид хөгжмөөр байна. Хөрөнгөө оруулаад 200-гаа 2000 компани болгооч. Бид хөгжвөл хөрш-та нарт ашиг тустай Монгол улс болно. Товарищ Ворсобин энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ахан дүүс чинь яагаад ямагт зугтана вэ?

Оросын www.asiarussia.ru цахимд шинжээч Василий Иванович бичсэн нь: “Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Путинд зөндөө юм амлаж байсан ч дахин сонгогдож чадаагүй. Оросууд ингэж хаширсныхаа дараа Монголд хамгийн гол хүн нь Ерөнхий сайд юм байна гэж ойлгоод С.Баярыг Ерөнхий сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий сайдын суудалд очуутаа Оюутолгойн ордыг өгөлгүй хулхидсан. Тэгэхээр нь Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив.

ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг хүсэж байгаа. Тийм болоход бүх зүйл бий. Технологийн хоцрогдлоосоо болоод нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт экологийн энергийн бусад салбарт өрсөлдөхгүй. Оросод энэ салбар хэрэггүй. Харин Орост нефть, хий, нүүрс, уран байна. Яг энэ эрэмбээрээ энэ салбарыг чухалчлан үзэх ёстой. Эдгээр жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд байна. Иймээс л Монгол улс ОХУ-ын онцгой чухалчлах ашиг сонирхлын 1-д бичигдэж буй юм. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюул учруулна. 90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдан гарч байсныг сануулах нь зүйтэй. Тийм учраас ОХУ илүү шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.

Путин В.Якунин, О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинаар дамжуулсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.

Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Энэ үед оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ нь ч оросуудад нааштай шийдвэр байж.

Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгоод иржээ. Гэтэл манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадахсан билээ. Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхан мэдэгджээ. Тус сайтад “Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлж байж зогсоож чадсан. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба “1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол улсыг ч мөн оруулсан юм. Канад ч Франц ч Монголд ураны чиглэлээр ажиллах чадваргүй. Учир нь Монгол бол француудын уран олборлодог Африкийн Нигер биш. Зарчимын хувьд Монголын ураны олборлолтыг ОХУ хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Монголын геосангийн чухал материалууд Монголд бус ОХУ-д илүүтэй байршиж буйг сануулах хэрэггүй л бол уу. Үүнийг эгүрт мөнх санаж явах хэрэгтэй” гэжээ.

“Комсомольская правда” сонины сурвалжлагч Дарья Асламова, “ОХУ-ын Төрийн думын депутат В.Зубов Монголын өсөлт Оросын өмнөд Сибирийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа гэсэн юм. Зубов Монголыг бүр шинэ цагийн Кувейт болсон гэсэн. Энэ дуулиант мэдээг сонсоод би Улаанбаатарыг шинэ Дубай л гэж төсөөлж байв. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо” хэмээн хотынхны гуравны нэг нь монгол гэртээ ус, цахилгаан, цэвэр бохир усны шугамгүй амьдарч байна. Оросын өмнөд Сибирийн эдийн засагт Монгол саад болтлоо өдий хэвтэнэ гэж олзуурхаад, бидний муу муухайг хөөр бах, доог дохуу болгон бичив. Монгол хөгжвөл хөршдөө дэмтэй, доройтвол тээртэй баймаар. Манай өсөлтөд дургүйцэж, сааралтад олзуурхдаг хөрштэйгөө яс махандаа ухаарах цаг болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэжээ. Ерөнхийлөгчийнхөө айлчлалд амжилт хүсье. 

2018-06-08