УБТЗ ХНН-ийн харьяа “Ганзам” зочид буудалд Дорнод Сибирийн төмөр зам /ВСЖД/-ын 20 орос ажилчин тусгаарлагдан байрлаж байна. УОК-ийн Шуурхай штабаас ирэх иргэдийг байршуулах, тусгаарлан ажиглах байруудын жагсаалтад тус зочид буудлын нэр байгаагүй бөгөөд өчигдөр өглөөний байдлаар л гэхэд УБТЗ ХНН-ийн орлогч дарга тусгаарлалтад байгаа орос ажилчидтай уулзсан байх юм. Энд УОК-ийн шийдвэрийн хэрэгжилт цалгардсан байж болзошгүй. Дорнод Сибирээс ирж буй орос ажилчдын тухайд УБТЗ-ын их засварын ажилд оролцохоор ирсэн гэх мэдээлэл байна. Харин уг засварын ажлыг хийж байсан монгол ажилчдыг үндэсний бүтээн байгуулалт болох Таввантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллуулахаар төлөвлөжээ. 

Гадаад харилцааны сайд нар солигдсоор, С.Лавров хэвээрээ, ярьдаг сэдэв хэвээрээ...

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр хоногийн дараа ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон. Хоёр хоёр хоногийн зайтай шил даран үргэлжлэх энэ учир битүүлэг яаруу айлчлалуудын цаана юу нуугдаж буй нь анхаарал татаж буй. Ямар ч байсан төмөр замын асуудлыг тойрно гэж үгүй. Учир нь Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийх айлчлалын үеэр хэлэлцэх асуудалд “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлэх, санжүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал багтсанаас гадна Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төслүүдийг урагшлуулах гэж мэдээлжээ. Тэрхүү 32 төслийн дотор төмөр замын төсөл томоохон жин дардаг. Энэ удаад ч “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, санхүүжилт талаас шинэ эерэг мэдээлэл төдийлөн дуулдахгүй болов уу. Өнөөх л улигт 100 тэрбум рублийн зээлээ дахин ярих магадлалтай. Уг нь энэ зээлийн талаар анх 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдааны дараахан яригдаж байв. Тухайн үед Оросын  lenta.ru сайт “Монголын тал ийм хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлахаас  татгалзсан байна. Москва ийм хэмжээний зээл өгөхөөс татгалзаад “Монголын тал энэ зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүй нөхцөлд Оросын тал танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” хэмээн мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны хоёрдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээр хийх үеэрээ ийм санал тавьж байв. Тухайн үед дээрх мөнгөөр “УБТЗ” ХНН, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах тухай ярьж байсан юм. Харин Оросын тал “Өнгөрсөн жил буюу 2016 оны хоёрдугаар сард их өрийн асуудлыг шийдсэн учраас хоёр тал төслөө тохирчихвол ярилцаж болно. Мөн танай ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч байжээ. 

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас яваагүй. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд үүнээс долоо хоногийн дараа Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорьж “таарсан” байдаг. Тэрбээр энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитинтэй уулзаж төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцсан. Хамгийн гол нь энэ үеэр ч дээрх 100 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл одоо дахиад л дараагийн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нь С.Лавровтой уулзаад зурагдсан пянз шиг өнөөхөө ярих юм байх даа. 

Дашрамд сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 25-нд яг энэ асуудлаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзаж байв. Энэ уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх, мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт хийх, модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэргийг багтаасан байв. Товчхондоо УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болсон, иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярьж байж. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл “шил дарсан” осол аваар өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 

АТГ “УБТЗ”ХНН-ийн даргад холбогдох хэргийг яагаад шийдэгддэггүй вэ?

Эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас тус байгууллагад хийх шалгалтын ажлыг эрчимжүүлэх аж. Гэтэл АТГ-т шалгагдаад удаж буй Замын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг эцэслэн шийдэгдэлгүй замхарч байна. АТГ-ын экс дарга Х.Энхжаргалыг багласан тэр хүлээс АТГ-ын одоогийн дарга З.Дашдавааг ч бас ажлыг нь хийлгэхгүй бололтой. 

Энэ хэргийн эхлэл нь одоогийн Ерөнхийлөгчтэй холбогддог учраас хэргийг шийдвэрлэхэд саад учирдаг байж болзошгүй. Учир нь 2018 оны 3 дугаар сард Д.Жигжиднямаа даргыг ОХУ-д томилолтоор ажиллаж байх үед “ “ТМХС Монгол” компани, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2012 онд хийсэн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг өгнө үү” гэсэн Прокурорын бичиг тус байгууллагад очсон байдаг. Гэтэл энэ гэрээг салбарын сайдаар нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УБТЗ ХНН-ийн даргаар Н.Сэрээнэндорж ажиллаж байхдаа байгуулсан байдаг. Товчхон хэлэхэд 250 сая ам.долларыг хоёр тал хувааж гаргахаар болоод Оросын тал өөрийн оногдох хөрөнгийн хэмжээнд 30 зүтгүүр, түүнийгээ эвдэрнэ гэж тооцоолоод засварын компаний нь хүртэл УБТЗ ХНН-д “шахсан”. Өнөөх компани нь УБТЗ ХНН-ээс баахан орос ажилчинг ор нэр төдий цалин хангамж эдлүүлж байгаад алга болчихсон. Хаана байдгийг нь огт мэдэхгүй гэж Д.Жигжиднямаа дарга 2018 оны 3 дугаар сарын 8-нд надад өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ ярилцлагад Д.Жигжиднямаа дарга “АТГ-ын мэдүүлэгт хариулсан болгоноо чамд хэллээ шүү” гэж байгаад хариулахад нь үнэлж байв. Гэвч түүний хариултаас өнөөх оффшортой холбоотой хэсэг үнэхээр гайхашруулсан юм даг.

Тухайлбал:

-Яагаад заавал Английн компаниар зуучлуулав. Орос, монгол хоёр хоорондоо наймаа хийхэд английн компаниар зуучлуулах ямар шаардлага байв. Тэр тусмаа яагаад “мөнгө угаадгаараа алдартай” Латвийн ABLV банкаар  гэдгийг бас сонирхмоор байна?

-Худалдсан компани нь Английн компани байсан юм. “Первая грузовая” компани гэрээ хийхдээ хаягаа өөр газрын нэрээр хийсэн. Учрыг асуухад “Манай оффшор юм аа. Бид өөрийн татварын системээр ингэж худалдах нөхцөл тавьж байна” гэсэн.

-Оффшор гэдэг үгээс хүртэл айдаг болчихоод байхад та болгоомжлоогүй гэж үү?

-Манайд л айгаад байгаа болохоос байдаг л юм шүү дээ. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад хадгалах нь буруу байх.  Оффшор компанитай гэрээ хийж ажиллах нь хориглогдоогүй болов уу гэж бодож байна.

-Та анзаарсан бол худалдаж байгаа Оросын компани, зуучилсан Английн компани гээд энэ хоёр газрын тантай худалдах, худалдан авах гэрээг баталсан хоёр гарын үсэг ижил байгаа юм. Та үүнийг анзаарсан уу?

-Тэр компаниудын цаад эзэд нь хэн бэ гэдэг талаарх бүх материалыг хууль, хяналтынхан шалгаж байгаа. Яагаад гарын үсэг нь адилхан байгааг мэдэхгүй юм. Та нарыг бичээд эхэлсний дараа харахад адилхан ч юм шиг харагдсан. Гэрээ хийхдээ хуулийн албаныхан бүх материалыг судалж байж хийсэн.

-ABLV банкийг судалсан уу. Энэ оны хоёрдугаар сарын 27-нд дампуурлаа зарласан, мэдсэн үү?

-Гэрээ хийсний дараа энэ талаар сонссон. Сая дампуурсныг нь сонсоогүй.

Ингэж л ярьсан юм даа. АТГ үүнийг шалгахад яг юу нь хэцүү байдаг юм бол? Үүнээс илүү яаж хэргээ хүлээх вэ? Гэтэл яагаад хэргийг шийддэггүй вэ? Уг сурвалж нь Ерөнхийлөгчтэй холбоотой болохоор уу? 

УБТЗ ХНН-ийг “цэвэр” удирдлагаар хангах зайлшгүй шалтгаан байна!

Нөгөөтэйгүүр, Оросын Ерөнхий прокурорын газраас 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгчид төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчилтэй асуудалтай холбоотой албан бичгийг Ерөнхийлөгч В.В.Путинд ирүүлсэн байдаг. Үүнд нэлээд ноцтой асуудал бий. Тухайлбал “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белезоровыг тус улсын прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай, мөн шалгах явцад ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай дурджээ. Иймээс ОХУ-ын Засгийн газраас О.В.Белезоровтой байгуулсан гэрээнүүдийг цуцлах тухай ч 2019 оны хоёр, гуравдугаар сард нэлээд идэвхтэй яригдсан байдаг.

Тус улсын Прокурорын газрын шалгалтаар хуурамч болон бодит тооцоогүй, санхүүгийн зөрчилтэй хийгдсэн гэрээ, 814 худалдан авалтаас 557-г нь зөвхөн нэг газартай гэрээлж авсан, тоног төхөөрөмжийг хэт өндөр үнээр худалдан авч, хуурамч 30 компанид мөнгө шижлүүлсний дотор гүйцэтгэл нь бүрэн бус ажлын төлбөрийг төлсөн зэрэг олон зуун сая рублийн зөрчил илэрчээ. Мөн түрээсэлсэн газраа дам түрээслүүлсэн, хамтарсан байгууллагууд нь дампуурсан учраас 360 сая рублийн алдагдал хүлээсэн зэрэг цочоордмоор дүнг мэдээлжээ. Эцэст нь одоогоор захиргааны 32 хэрэг, эрүүгийн гурван хэрэг “РЖД” компанид үүсгээд байгаа бөгөөд Прокурорын газар эдгээр зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид энэхүү томоохон төслийн ажлыг хувийн компанид хариуцуулах биш төр өөрийн хяналтад байлгах нь зүйтэй гэсэн хүсэлтээ ОХУ-ын Ерөнхийлөгчид ирүүлсэн байдаг.

Ийнхүү хамтарсан том байгууллага гэх бахархалт үеэ үдэж аль болохгүй бүтэхгүй хүмүүсээр удирдуулсан, хэн хэндээ хяналт тавих боломжгүй болсон УБТЗ ХНН-ийн асуудлыг хэрхэх вэ гэдэг нь шинэ төмөр замууд баригдаж шинэ нөхцөл байдал үргэлжилж буй энэ цаг үед адармаатай асуудал болоод байна. Учир нь Монголын Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад эхлээд 750 тэрбум төгрөг, сүүлд 800 тэрбум төгрөг зарцуулахаар тогтоол шийдвэрээ “ЭТТ” компани руу өгчихсөн. Энэ ажлын голыг “МТЗ” үүрч буй ч УБТЗ ХНН мэргэжлийн, туршлагатай байгууллагын хувьд чухал үүрэгтэй. Гэтэл удирдлагууд нь “цэвэр” бус хүмүүс байгаа нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад байдгаа шавхан хөрөнгө оруулж байгаа ихээхэн итгэл хүлээлгэсэн олон нийтийн хувьд сэтгэлд сэвтэй төдийгүй хяналт шалгалт сул байна. Энэ талаар холбогдох байгууллагуудын хяналт зайлшгүй чухал байгааг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө заавал дуулгахыг хүсч байна!!!