Ганцхан үгийн алдаа: "Малчдын хашаа хороог шинэчлэх шаардлагатай"
“Малаа яаж маллахаа максизмаар заалгахгүй” гэж тунхаглаж байсан малчид ард түмэн яаж яваад малынхаа хашааг хүнээр бариулах, заалгахдаа тулчихав даа. Энэ тэгээд бидний нүүдэлчдийн ондоошил юм уу? Эсвэл хоцрогдол, зэрлэгшил үү?
Дахиад л малчдын тухай яриа. Угаасаа энэ хаврын зуд турхныг дуусан дуустал энэ яриа дундрахгүй нь бололтой.
Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ дахиад л алдаа гаргав. "Байгаль цаг уур өөрчлөгдөж, үүнийг дагаад сөрөг үр дагаврууд гарч байна. Дэлхий дахинд ондоошил болсон өв соёл, малчид маань нүүдэлчдийн үнэ цэн юм. Малчдын хашаа хороог өөрчлөх, шинэчлэх шаардлагатай” гэж ярьсан байна.
Зарим айл маш сайн хашаа саравчтай, мал нь дулаан, эрсдэлгүй, аюулгүй байна. Дийлэнх малчдын хашаа хороог өөрчлөх шинэчлэх шаардлагатай. Хашааны стандартын асуудлыг ярих ёстой гэжээ.
“Малаа яаж маллахаа максизмаар заалгахгүй” гэж тунхаглаж байсан малчид ард түмэн яаж яваад малынхаа хашааг хүнээр бариулах, заалгахдаа тулчихав даа. Энэ тэгээд бидний нүүдэлчдийн ондоошил юм уу? Эсвэл хоцрогдол, зэрлэгшил үү?
Ингээд хэлэхээр “Чи муу мал, малчин ярьдаг хэн бэ?” гэж зарим нь асах байх. Үгүй л дээ, би ч болсон малчин хүний хүүхэд. Төв суурин газарт шилжиж суурьшсан ердөө хоёр дахь үе нь. Хүүхэд байхад өвөл, зуны сургуулийн амралт болгоноор хөдөө өвөө, эмээ дээрээ очиж тусалдаг байлаа. Нэгдлийн суурь мал /500-600 хонь, ямаа/ маллана гэдэг тэдэнд маань тийм амар байгаагүй. Эрхбиш олон хүүхэд төрүүлж өсгөсний хэрэг ч гардаг л байсан байх. Гэхдээ нэг ч хүүхдээ сургууль завсардуулж, хажуудаа нааж байгаагүй.
Хуучны кинон дээр гардаг шиг цас, зуд болохоор нэгдэл сумаас баахан хүмүүс ирээд өвс, тэжээл буулгаад байдаг тийм зүйлийг ч хараагүй. Харин ч туйлдаад хэдэн төл хорогдуулж гэмээн тэднийгээ дарга нарын нүднээс нуух гэж арга чаргаа бардаг, сүүлд нь тэрийгөө шөлнийхөө хэдээс төлж өгдөг байсныг нь муухан гадарлана. Тэр үед нэгдлийн мал, амины мал хоёрыг тусад нь тэмдэглэдэг байсан юм.
Гэрээс гарч, бэлчээрт хүрч чадахгүй балчир бидний хийх ёстой ажил бол малын хашаа пүнз цэвэрлэх, дулаалах ажил байлаа. Өглөө босоод, цай цүйгээ ууж аваад үхрийн зэлнээс нойтон, халуун баас авчирч өвөлжөөний хашааг салхи орохгүй болтол шавна. Шахаж барьсан дүнзнүүдийн завсраар дотор гаднагүй үхрийн нойтон баас чихнэ. Салхи сийгэж байгаа эсэхийг шалгаад дахиад шавна. Дараа нь хонины хороо руу орж, шөнө хэвтсэн хонь, ямааны хөлдүүсийг ширхэг ч үлдээлгүй цэвэрлэж хотны гадаа хураана. Хөлдүү баас, шээсэн дээр нь хэвтүүлбэл хонь, ямаа хэвтэртээ осгочихно, хээл хүртэл хаядаг учраас тэр. Тэгээд араас нь хашаандаа үлдсэн эрт гарсан төл, турь муутай хэдэд авс тавьж өгнө.
Гэх мэтээр малчин хүний амьдрал хоногийн 24 цагийг борив бохисхийлгүй өнгөрөөдөг. Зундаа тараг шүүгээ хуримтлуулж байгаад идэшнийхээ үхрийн /шар үхэр/ ширээр нь сур элдэнэ, хазар ногт, бугуйлаа өөрсдөө үйлдвэрлэнэ. Өвлийн шөнө өвөөгийн орны төмрөөс ороосон, зүссэн ширний нидрэх чимээ, шүүний хурц үнэр одоо ч ханхийдэг. Арьс нэхийгээ элдэж, өвөл өмсөх дээл хувцсаа базаана. Хот, хүрээ газар амьдарч байгаа хүүхэд шуухаддаа хүртэл дулаан дээл явуулна. Намартаа хадлан тэжээлээ бэлтгэнэ. Тэжээлийг бол нэгдлээс мөнгөлж авна. Мөнгөөр худалдаж авна гэсэн үг. Эрхбиш нэгдэл гэж юм байсан болохоор нормоос давсан арьс шир, ноос ноолуурыг нь цөөхөн ч болтугай төгрөгөөр авдаг байсан байх л даа.
Ийм л хөдөлмөрч хүнийг малчин хүн гэдэг юм. Тэгвэл өмнөх үеийн энэ малчдаас өвлөгдөж үлдсэн зүйл өнөө үеийн малчдад яг юу байна? Мал үхвэл хариуцлага хүлээхгүй, алдсан ч хариуцлага хүлээхгүй, бэлчээрт нь хээр хонуулаад чоно нохойд идүүлсэн ч миний дур. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ? гэдэг дүрэм үйлчилж байгаа. Хадлан, тэжээлийн тухай бүр ярих ч юм биш. Сая Сүхбаатар аймгийн малчин “Малдаа өгөх өвс байхгүй учраас цаас идүүлж байна” гэж ярьсан байна лээ. Цагтаа хамгийн их хадлан авдаг байсан аймаг биз дээ.
За тэгээд малын ашиг шимийн тухай бол яриад ч хэрэггүй. Зуны дэлгэр цагт сүү саалиа бүрэн авдаг айл цөөхөн. Үнээгээ хальт хульт шувтарсан болоод хонь, ямаагаа эхлээр нь туучихдаг. Эхлээрээ яваа төл мал өвсөнд ортлоо удна л даа. Арьс шир, ноосны тухай бол яриад ч хэрэггүй. Угаагаагүй ноосыг хилээр гаргахгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарснаас хойш хонины ноос хашаандаа, бэлчээртээ хаягддаг болсон. Эцсийн бүлэгт мал аж ахуйн түүхий эдийн экспорт бол мал аж ахуйг аварч үлдэх ганц арга зам юм л даа.
Атал үүнийг нь олж харахгүй байж малчин хүнд малын хашаа барихыг нь заана гэдэг бол элэг доог юм. Аль аль талдаа. Малынхаа хашааг барьж мэддэггүй малчинтай байгаад яах юм бэ? Тэрнийхээ оронд “Малчид малынхаа хашааг сайжруулах хэрэгтэй” гэсэн бол шал ондоо. Аягүйдвэл нэг нь араас нь залгаад “Малын хашаа барихад тэдэн төгрөг төсөвлөлөө” гэхдээ сийхгүй. Энэ чинь сонгуулийн жил шүү дээ. "Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа" гэсэн чинь зарим нь далимдуулаад “Ерөөсөө зээлийг нь тэглэчихье” ч гэж байх шиг. Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн малчны зээлтэй байна гэж байна. Манай төсвийн хорины нэг хувь шүү дээ. Энэ мөнгийг хаанаас төлөх вэ? Дахиад татвар төлдөг хэдийнхээ халаасыг тэмтрэх үү?
Тэгээд бодож олсон ганц юм нь “Хот айл” хөтөлбөр гэнэ ээ. Малчдыг нэг нэгээрээ уулын мухарт суугаад цасанд даруулахын оронд нийлж буугаад хөдөлмөрөө хоршуул, хашаа хороогоо зас гэж байгаа юм байх. Соц үеийн нэгдэлжих хөдөлгөөний тааруухан хувилбар. Ингэхэд тэр үед мал улсын өмч байсан юм шүү. Одоо бол мал хувийн өмч, хашаа хороо, буух газар нь хүртэл хувийн өмч болчихсон. Ийм байхад малчид нэгнийхээ өвөлжөөг засч сэлбээд, нэг хашаанд өвөлжинө гэж байх уу? Малаа хүнээр хариулуулсан дор бол гаргаад туучихсан нь дээр гэж хэлэх байлгүй. Ийм л “нүүдэлчид” шүү дээ.
Тийм болохоор малынхаа тоог яаж цөөрүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, нэг малаас илүү өндөр ашиг авах тухай бодох цаг нь болсон гэдгийг мөн ч олон удаа “хуцаж” байна даа. Ерөөсөө малаа хүчрэхгүй болсон, ганд нь хаясан гол шалтгаан малын тоо хэт өссөн, ашиг шим нь буурсан байна. Үүнээс болоод бэлчээр, тэжээл нь ч ховордоод байна гэдгийг хэдэн ч жил хоосон ярив. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чадвал малчин хүн мал нэг бүрээ малладаг болно. Хотоор нь туучихаад хойноос нь нулимс унагаж суухаа болино. Манай дарга нар ч гэсэн мэдэхгүй зүйл дээрээ дуугарахаа, матрын нулимс унагадгаа болих хэрэгтэй. Тэгж байж наад малчид чинь жинхэнэ малчин болно. Хоцрогдсон нүүдэлчин хэвээрээ үлдэх үү, мал аж ахуйтан, үйлдвэрлэгч болж төлөвших үү гэдэг сонголтоо хийнэ. Түүнд нь харин чиглүүлээд л өгчих. Хууль, журмаа эргээд харчих. Ядаж, мах, ноосных нь экспортод битгий хориг, хязгаар тавиад бай л даа. Өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд урагшлахад нь ингэж л тусал!
inews.mn
Sarnai
Zochin
малчин Дүүдэй
зочин