ГАМШИГ
Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэлээ дахин сөхье. Нийслэл Улаанбаатарт маань төмөр сүргийн гамшиг нүүрлээд бүх ажил үйлс, бүр бүх амьдрал ахуйг минь хуйгаар нь “Тэг зогсолт” руу чирлээ. Худал биш үү?
Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэлээ дахин сөхье. Нийслэл Улаанбаатарт маань төмөр сүргийн гамшиг нүүрлээд бүх ажил үйлс, бүр бүх амьдрал ахуйг минь хуйгаар нь “Тэг зогсолт” руу чирлээ. Худал биш үү?
Нийслэлд түмэн зовлон байгааг ойлгож байна. Ядуурал, гуйранчлал, мөнгөтүйтэл, хүнс барааны хомсдол, ковидын дайрлага, байгаль орчны гамшиг, өвчин үхэл, гэмт хэрэг... өөр юм ч юм. Гэтэл энэ бүхнийг хол давсан, дагуулахааргүй том гамшиг нүүрлэсэн нь машины их түгжрэл, замуудын бөглөрөл–техник талаасаа, гол нь сэтгэхүйн талаасаа машин барьсан бариагүй бүх хүн ардын тархи нервийг ёстой нэг идэж өтүүлж байнаа!
Орчин цагийн монгол хүний нэг онцлог, бүр наагаад нялзаачмаар онцлог чанар гэж байнаа. Тэр нь юу вэ? Тэр бол асар их мөнгөөр (баячууд-олигархи, авилгач улс төрчид, төрийн тэрбумтнууд) асар их зовлон өөртөө худалдаж авдаг, дундчууд ба ядуус нь бас л хэрдээ таарсан мөнгөөр хэрдээ таарсан зовлон худалдаж авдаг, миний олж харснаар.
Худалдаж авсан зовлонгоо эдэлж барж байгаа царай нь зам дээр хэдэн цаг түгжрээд бензин шатахууны гарз хийгээд машин дотроо дэлбэрчих шахаад сууцгааж байгаа нь энэ. Машин худалдан авлаа, том том жийпээ лизинг ба өр тавьж авлаа, залгуулаад зовлон дагалдлаа. Бүх амьдрал нь Улаанбаатарын давчуу зам дээр машин дотор нь өнгөрөх нь байна. Энэ чинь жаргал уу, зовлон уу?
Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ байтугай, Монголын төр-засаг тэр чигтээ замын түгжрэлээр дагнаж ажиллах, УИХ-ын тусгай онцгой чуулган зарлах, Засгийн газар зөвхөн нийслэлийн замын түгжрэлийн асуудлаар үе үе хуралдах, тэгээд ямагт мухардах цаг мөдхөн ирнэ гэдгийг би баттай хэлж чадна. Улаанбаатарын замын түгжрэлийн асуудлаар Улсын хэмжээний лут лут зөвлөлгөөн шил дарах цаг айсуй! Улаанбаатарын замын түгжрэлийг засч чадсангүй гээд Засгийн газрууд шил даран огцрох цаг бүр ч айсуй!
Үй түмэн шийдэл ярих байх, тэгнэ ингэнэ гэж амны билгээр баахан ярина, тэгээд шийдчихнэ, ингээд шийдчихнэ, төсөвт төдөн тэрбумыг суулгана, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас төдөн сая доллар авч хотын түгжрэлийг шийдэх боллоо гэсэн мэдээ ярилцлага хөвөрч өгнө. Гэвч хэзээ ч шийдэгдэхгүй, энэ янзаараа бол лав хорь, гучин жил ярьсаар хэрэлдсээр, зам дээрээ бөглөрсөөр байх болно. Улаанбаатарын нийт тэнгэрийг бүрхсэн агаарын засмал зам тавиад ч түгжрэл үргэлжилнэ, тэр баттай. Метро, агаарын галт тэрэг, нийтийн нэн шинэ тээвэр, ер нь юу ч байгаад нэмэр болохгүй.
Ерөөсөө шийдье гэсэн ардчилсан бүх сонголт нурна, баларна. Автозамыг ардчилалтай холбодог нь хүний эрх, эрх чөлөө, машин худалдан авах, жолоо барих эрх чөлөөг нь би хэлж байгаа ухаантай юм. Бас монголчуудын машины шуналын дэв тархи зүрхэнд нь үүрд шингэсэнийг хэлж байгаа юм. Машин авсан л бол барьж л таарна–хаашаа ч бултан зайлах аргагүй бодит үнэн. Харин машины тансаглал, зиндаархал, хачин чамин, үнэтэй ганган машинтай байгаад хэрэг байна уу гэх асуулт босч ирж магадгүй. Үй түмэн прүс дотор чихэлдэн (нэгэнтээ нисээд явчихаж чадахгүй!) оочирлож ганц хоёрхон метрээр урагшлах түгжрэл дунд тэр ганган гоё үнэтэй машиныг нь тоож харж байгаа нэг ч амьтан алга. Ганган гоё үнэтэй машин, чамин дугаараар хүн айлгадаг цаг нь өнгөрчихсөн юм биш үү?
Монголчууд 31 дэх жилдээ эрх чөлөөгөө эдлээд дур зоргоороо амьдраад байж байгаа царай нь нийслэлийн энэ их түгжрэл мөнөөсөө мөн л дөө. Мөчөөрхөл, шунал, бардамнал, цамаархал, сагсуурал, энэ бүгд чинь замын түгжрэлийг нөхцөлдүүлжээ.
Хүний эрх, эрх чөлөө хэтрэхээрээ ийм юм болдог юм байна. Насанд хүрсэн хүн бүхэнд автомашин худалдан авах эрх чөлөөг нь эдлүүлсээр, одоо ч эдлүүлээд, жилдээ олон арван мянган автомашин импортлоод байж байгаагийн үр дүн нь нэг мэдэхнээ ийм аймшигт гамшиг болон хувирчээ. Явж явж замын цагдаагийн дарга, дарга аснууд жолооны үнэмлэх хэтэртэл нь өгчихсөн хэргээр шоронгийн хаалга татаж золигтох юм биш байгаа? Буруутныг хайсаар явж явж ялтнаар тэд тодорч тун мэднэ шүү. Энэ өвөл хэд хэдэн удаа тэг зогсолт хийчэхсний дараа ялтан буруутныг хайна, тэр мэдээж болчихоод байна. Тэсрэлт гарцаагүй.
Мөнгөтэй холилдсон эрх чөлөөгөөрөө давагдашгүй их зовлон авчирав аа, хөөрхий. Явж явж улс нийтээрээ түгжрэлдээ дасан зохицож, үлдэх бүх амьдралаа түгжрэл дунд үргэлжилнэ хэмээн төлөвлөж тооцох ёстой боллоо. “Түгжрэлийн подкаст # төд” гэсэн ганц мэдээлэл news.mn сайт дээрээ мөнхөлжээ. Одоо хий дэмий л тийшээ ороод амаа цангатал яриад (арав, хорин жил) сэтгэлээ онгойлгоод байхаас өөр яалтай билээ.
Чи бичихээс өөр юу ч мэдэхгүй, юу санал болгох гээд байгаа юм гээд над руу довтлогтун. Надад алдаж хохирох зүйл байхгүй тул саналаа шууд биччихье. Чухам төр-засаг нь тоож авдаг нь юу юм гэхээс.
- ЕТГ, УИХ, Засгийн газар, ЗГХЭГ үлгэрлээд дарга нар нь ийм шийдвэр гаргагтун: Ажлын 5 өдөрт албан хаагчид нь хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй.
- Төрийн өндөрлөгүүдээс жишээдээд Төрийн бүх яамд, агентлагуудын сайд дарга нар яг ийм шийдвэр гаргагтун: Ажлын 5 өдөрт албан хаагчид нь хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй.
- Төрийн байгууллагуудын шийдвэрээс үлгэр аваад нийслэлийн баруун, зүүн 4 замын хооронд байрлах хувийн хэвшлийн бүх компани, хувийн байгууллагуудын ажилтнууд ажлын 5 өдөрт хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй.
- Хувийн машинаа ажлын бус цагт, бямба ням гаригт цаг наргүй унахыг зөвшөөрөх.
- Нийслэл дэх энэ их захуудын нэн яаралтай хотоос албадан нүүлгэгтүн.
- Нийслэлд ажиллаж амьдрах эрх бүхий иргэдийн тодорхойлолт, шалгаруулалтын журам нэвтрүүлэгтүн. Нийслэлд байх зайлшгүй хэрэгцээ шаардлага бүхий мэргэжил, мэргэжлийн дадал гэх мэт. Нийслэлд ажиллаж амьдрах гавьяатай иргэн гэсэн шалгуур тавьсан ч яадаг юм.
- Нийслэлд байхгүй байхад огт дутагдахгүй үй түм, буман иргэдийг нийслэлээс гаргагтун. Ирсэн аймаг, сум руу буцаагтун.
- Аж үйлдвэрийн парк хотоо Сайншанддаа яаралтай байгуулаад тэр гурав дөрвөн зуун мянган иргэнээ нүүлгэгтүн.
Үүнээс гадна өмнөх хоёр нийтлэлдээ бичсэн саналууд хүчинтэй хэвээр байгаа шүү. Жишээ нь баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл ажлын цагуудад явуулах машины марк, он, өнгө үзэмж, тав тухыг заа, ялгараад ирнэ, ихэнхи нь явахгүй болно. Эсвэл монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул. Тархи сэтгэлтэй нь ажилла. “Машингүй 7 хоног”, “Машиныг жигшэх 10 хоног”, “Машингүй зөв сар”, өөр юу ч гэдэг юм баахан аян, кампани өрнүүл. Эсвэл машин зардаг бизнесийг хавч. Машин оруулж ирж зардаг сүлжээ, төмөр сүргийг өөгшүүлдэг тэр механизмыг тодорхой хугацаанд хаа. Шатахууны үнийг тэнгэрт тулга. Картаар олгодог бол. Зайлшгүй хэрэгцээт ажлын машинд бензин олго, хувийн машинд зөвхөн амралтын өдрүүдэд үйлчил гэхчлэн хувилбар зөндөө байнаа!