Эв санааны нэгдэл
Эв санааны нэгдэл гэж юу болох, яагаад чухал болох тухай, Монгол ба Польш улсын харилцаа, ардчилал, эрх чөлөө, улс төрийн хариуцлагын талаар Варшавын их сургуулийн монгол хэлний тэнхимийн ахлах багш, монгол судлаач, доктор Ян Рогалатай хөөрөлдсөн Синдикат ярилцлагын 40 дэх дугаарыг хүлээн авна уу.
В.Ганзориг: Манай урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа! Та хэзээнээс эхлэн монгол судлаач болсон бэ?
Ян Рогала: Намайг нэвтрүүлэгтээ урьсан танд баярлалаа. Монголчууд та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэе! Би Варшавын их сургуульд монгол хэлний ангийн ахлах багшаар ажилладаг. Сүүлийн 22 жилийн турш монгол судлаачаар ажиллаж байна. Анх 1999 онд Монголд ирж МУИС-ийн оюутан болж байлаа. Дараа нь Польш руу буцаж очоод монгол хэлний ангийн магистрийн ангийг дүүргэн, улмаар докторын зэргээ хамгаалсан.
В.Ганзориг: Сүүлийн 20 гаруй жилийн турш монгол судлалаар дагнаж буй хүний хувьд та Монгол, Польшийн харилцааг хэрхэн дүгнэдэг вэ?
Ян Рогала: Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохионо. Гэхдээ манай хоёр ард түмний харилцаа 800 жилийн арвин түүхтэй. Учир нь бид бие биенээ Чингис хааны цэргүүд европ тив рүү довтолсон 13 дугаар зуунаас эхлэн мэддэг болсон. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл хоёр улсын харилцаанд хэд хэдэн онцгой үйл явдал тохиосон. 13 дугаар зуунд монголчууд Польшийг довтлон том тулаан хийж байсан. Тухайн үед монгол цэргийн нэг жижиг анги Польшид суурьшин үлдсэн. Тэр үеэс хойш одоо хүртэл Польш улсад Монголица гэдэг нэртэй энэ тосгон байсаар байна. Нүүр царай нь ази маягийн шинжтэй энэ тосгоны иргэд дунд манай эрдэмтэд генетикийн судалгаа хийж үзсэн. Энэ нь манай хоёр улсын харилцааны анхны судлагдахуун болдог. Польш ба Монгол аль аль нь том гүрэн байж, мөн хагаран бутарч жижиг улс болж үзсэн. Монгол Манжийн дарлалд орж үзсэн бол Польш улс ижил түүхтэй буюу Герман, Орос, Австри-Унгарын эзэнт гүрний харъяанд хуваагдаж орж байсан. 20 дугаар зуунд ч гэсэн социализм гэдэг адилхан жимээр хоёр улс алхсан. Энэ үед хоёр улсын харилцаа илүү дотно болж, 1950-аад оны үед дипломат харилцаа тогтоосон. Энэхүү харилцаа маань өнөөдрийг хүртэл тасралгүй үргэлжиж байна.
Харин 1990 оноос хойш хоёр улсад ардчилсан хувьсгал өрнөсөн. Монголын ардчилсан хөдөлгөөн Польшоос үлгэр жишээ авсан байдаг. Эв санааны нэгдэл буюу Лех Валенсын солидарностийн түүхийг та бүхэн мэдэх байх. 1989 оны 6 дугаар сарын 4-ний өдөр манайд анхны хагас чөлөөт сонгууль болсон. Энэ үед Монголын ардчилсан хөдөлгөөнийхөн оюун санааны дэмжлэг хаанаас авах вэ гээд хайж байгаад Польшийн эв санааны нэгдэлтэй таарсан. Улмаар эв санааны нэгдлийнхэнтэй холбогдохын тулд Польш руу өөрсдийн төлөөллөө явуулж, Монголын ардчилсан хөдөлгөөн, тэр дундаа социал демократ үзлийг гүнзгий судалж эхэлсэн. Тухайн үеийн Монголын социал демократ холбооны зарим гишүүд, тухайлбал А.Ганбаатар, Баабар гуай зэрэг Польш улсад сурч төгссөн хүмүүс байсан. Эдгээр хүмүүс польш найзуудтайгаа холбогдон улмаар эв санааны нэгдэлийнхэнтэй уулзан дэмжлэг хүссэн түүхтэй. Эв санааны нэгдлийнхэн энэхүү хүсэлтийг нь дуртайяа хүлээн авсан. Учир тэд ардчилсан хувьсгалыг бусад орон руу, ялангуяа хуучин социалист улсууд руу экспортлох зорилготой байв. Улмаар эв санааны нэгдлийн төлөөлөгчид 1990 оны зун буюу сонгуулийн өмнөхөн Монголд айлчилж, хэвлэх машин ба түүний хор, бусад зүйлсийг ардчилсан хөдөлгөөнд туслах зорилгоор авч ирсэн байдаг. Тэр үеийн хамгийн сонирхолтой зүйл бол ардчилсан хөдөлгөөнийхний хийн гудамжинд нааж байсан сурталчилгааны ухуулах хуудас юм. Ардчилал гэж монгол бичгээр бичсэн энэ ухуулах хуудасны доод буланд Польшийн эв санааны нэгдлийн тэмдэг байдаг. Би нэг хувийг олоод хадгалсан байгаа. Энэ ухуулга хуудсыг Улаанбаатарын гудамжинд наасан газруудад авахуулсан фото зурагнууд минь хүртэл надад бий. Эв санааны нэгдэл хүчээ авч байхад би арван хэдэн настай хүүхэд байсан ч гэсэн бүх зүйлсийг маш тод санадаг. Ийм учраас би Польшийн хувьсгалыг үргэлжлүүлэн судалж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш Польш, Монголын харилцаа улам бүр хөгжсөн гэсэн үг. Хоорондоо нийцэх, хамтрах, гар нийлэх олон цэгүүд огтолцсон. Харин 2009 онд Польш улс Монгол дахь элчин сайдын яамаа хаасан. Энэ буруу шийдвэр байсан. Үүнийг би Польшийн дипломатуудад байнга хэлдэг. Энэ шийдвэр хоёр улсын төдийгүй хоёр орны иргэдийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Харин Монголчууд үүний эсрэг Польш дахь элчин сайдын яамаа зөрж хаагаагүй төдийгүй одоо хүртэл ажиллаж байгаа. Яг одоо Польшийн Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчилж байна. Дэд сайдын нэг ажил нь Монголд элчин сайдын яамаа сэргээх тухай байгаа. Энэ тухай олон жил ярьж байгаа тул одоо бодитой шийдвэр гаргах цаг нь болсон гэж би дэд сайдад байнга хэлдэг. 1000 удаа ярьснаас нэг удаа хийж үзүүл гэж бид ярьдаг. Удахгүй Улаанбаатарт Польшийн элчин сайдын яам нээгдэх байх аа.
Улс төрийн төвшинд хоёр улсын харилцаа хөгжиж буй мэт боловч харамсалтай нь эдийн засгийн талаас сүүлийн үед царцсан байдалтай байгаа. 1990 оноос хойш Польшийн зах зээл хурдацтай хөгжсөн. Харин Монгол амар зам туулаагүй. Энэ хугацаанд Польшийн хоёр компани Монголын зах зээлд амжилттай байршин, брэнд болж чадсан. Эдгээр компаниуд бол Урбанек болон Хорус Энергия буюу эрчим хүчний Монхорус интернэйшнл ХХК юм. Эдгээрээс гадна хэмжээ хэдий бага ч гэсэн Польшийн хэд хэдэн жижиг, дунд компаниуд монголын зах зээлд амжилттай ажиллаж байгаа. Монголд дипломат төлөөлөгчийн газаргүй бол эдгээр компаниуд цаашаа хөгжихөд хэцүү. Хоёр улсын худалдааны эргэлт одоо дөнгөж 60 сая ам.доллар байна. Энэ бол юу ч биш. Ирэх жилүүдэд энэ дүнг 100 сая ам.долларт хүргэнэ гэж сая Польш, Монголын бизнес форумаар яригдсан. Энэ бас л бага тоо. Гэхдээ монголчууд Польшоос дандаа худалдаан дээр суурилсан импорт хийгээд байх нь учир дутагдалтай. Польшийн ноу хау, технологийг авч ирэн Монголдоо үйлдвэр байгуулах цаг болсон. Ингэж байж Монголын эдийн засагт бодит үнэ цэнэ бий болж, танай улс илүү хурдан хөгжинө. Сая зохион байгуулагдсан бизнес форумын үеэр энэ санаагаа би Польшийн бизнесменүүдэд нэлээд хэлсэн. Монголд бодит хөрөнгө оруулалт хийн, ажлын байр шинээр бий болгосноор хоёр улсын худалдааны эргэлт богино хугацаанд нэмэгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих боломжтой. Гэхдээ эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг Монгол Улс бүрдүүлэх хэрэгтэй. Манай хоёр улсын улс төрийн нөхцөл байдал нэлээд донсолгоотой байгаа.
В.Ганзориг: Польшийн улс төрийн нөхцөл байдал Монголоос хамаагүй дээр байгаа биз дээ?
Ян Рогала: Би тэгж хэлэхгүй. Яагаад гэвэл улс болгон, ард түмэн бүрт өөрийн онцлог бий. Иймээс шууд харьцуулахад маш хэцүү. Ямартаа ч хоёр ард түмэн ардчилал гэдэг маш зөв замыг сонгож чадсан. Цаашдаа улс болгон өөр өөрийнхөө замаар явна. Аль ч зам донсолгоотой байх болно.
В.Ганзориг: Монгол судлаач хүний хувьд өнөөгийн монгол хүнийг хэрхэн харж, яаж тодорхойлж байгаа тань маш сонин байна. Ний нуугүй үзэл бодлоо хуваалцана уу?
Ян Рогала: Би шударга яръя. Тийм учраас зарим хүнд доромжилсон, гомдоосон мэт сэтгэгдэл төрвөл намайг уучлаарай. Сүүлийн 20 жилд Монгол хөгжсөн. Үүнийг хот, хөдөө, дэд бүтцийн хөгжлөөр хялбар баталж болно. Хөгжлийн сайн талууд зөндөө байгаа ч муу талууд бас байна аа. 20 жилийн өмнө Монголд анх ирж байхад монголчууд байнга инээмсэглэсэн, их жаргалтай ард түмэн гэж надад харагддаг байсан. Үүний хажууд польшууд уйтгартай царайтай байлаа. Харин сая Монголд ирээд харж байхад монголчуудын царайд уйтгар гуниг суужээ. Тэсэлгүй хэд хэдэн хүнтэй уулзаж, та нар яагаад инээмсэглэхээ болио вэ, юу болсон бэ гэж асуулаа. Амьдрал хүнд байна аа л гээд хариулж байна. Амьдралын бэрхшээл, хүндрэл бүх л улсад байдаг шүү дээ. Өнөөгийн монгол хүнд дутагдаж буй, эсвэл байхгүй байгаа зүйл нь эв нэгдэл болсон байна. 1990 онд монголчууд эвтэй байхдаа тайван замаар улс төрийн тогтолцоогоо өөрчилж чадсан. Харин одоо эв санаагүй нэгдэлгүй болжээ. Бүр алдчихаагүй юм аа гэхэд бага багаар доройтож байгаа нь мэдэгдэж байна. Энэ бол маш буруу! Учир нь ямар ч ард түмэн эвтэй байхдаа хүчтэй байдаг. Хүчтэй байж гэмээнэ улс хөгждөг. Хэрүүл, маргаан, эв түнжингүй байдал улс төрд маш муугаар нөлөөлж байна.
В.Ганзориг: Улс орныг эв нэгдэлтэй байлгах нь хэний үүрэг юм бол оо?
Ян Рогала: Дээрээсээ үлгэрлэх ёстой. Польш ба Монголын улс төрийн нөхцөл байдлыг харьцуулбал бараг ижилхэн байна. Энэ нь маш сонирхолтой. Уг нь улстөрчид нь ард түмэндээ үлгэр жишээ болох ёстой. Өнөөгийн Польш, Монголын улстөрчдийг харвал тэд хоорондоо яг адил. Тэд хоорондоо бараг ярьдаггүй болсон. Харин ам нээхээрээ л маргалдаж, хоорондоо хэрүүл хийдэг. Дээрээс нь бие биедээ өс санаж, муу үйл хийх санаатай. Энэ бол маш муу! Хүн бусдаас ялгаатай бодолтой, өөр үнэт зүйлтэй байж болно. Энэ бол асуудал биш. Бусад хүнтэй санал нийлэхгүй байж болно. Хоорондоо мэтгэлцэж болно. Эрүүл мэтгэлцээн маш чухал. Учир нь хүмүүс хоорондоо ярилцаж, мэтгэлцэж байж зөв замыг олдог. Харин хоорондоо ярилцдаггүй хүмүүсийн дунд хэрүүл маргаан үүсдэг. Би өдөр бүр монголын улс төрийн талаар мэдээ уншдаг. Польш, Монголын улстөрчдийн хийж буй ажил, гаргаж буй үйлдлийг хараад эд нар ер нь ард түмнээ хуваах, хагаралдуулан бутаргах хүсэлтэй юм байна гэдэг дүгнэлтэд би хүрсэн. Энэ бол маш буруу зам!
В.Ганзориг: Ийм аргаар тэдгээр улстөрчид эрх мэдлээ удаан хадгалах гээд байна аа даа?
Ян Рогала: Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй болжээ. Ийм улстөрчдөөс болоод Польшийн ард түмэн бараг хуваагдаад байгаа.Манай нийгэм улстөрчид, улс төрийн намуудаа дагаад талцаад хуваагдчихсан. Зарим гэр бүлд нам, улс төрийн ялгаатай байр суурь, талцлаас болоод эхнэр, нөхөр хоёр хоорондоо харьцахаа больсон жишээнүүд бий.
В.Ганзориг: Монголд ч ялгаагүй дээ. Хөдөө, орон нутагт иймэрхүү жишээ байдаг тухай би сонсож байсан.
Ян Рогала: Монголын нийгэм арай ийм болчихоогүй байгаа болов уу. Тийм болсон бол маш аюултай шүү. Энэ бол нийгэм хагарахын өмнөх анхны шат. Энэ зам руу монголчууд та бүхэн минь бүү яваасай.
В.Ганзориг: Энэ асуултыг арай хүндрүүлээд асууя. Ард түмнийг хагалган бутаргах үйлдэл хийж буй улстөрчид үүнийгээ мэдэхгүй хийгээд байна уу, эсвэл цаана нь хэн нэгэн удирдан хийлгээд байдаг юм уу?
Ян Рогала: Энэ асуултад шууд хариулахад хүнд. Эрдэмтэн хүн нотлох баримт дээр суурилан ярих ёстой. Ийм баримт олох маш хэцүү. Хэрэв гаднаас нөлөөлөл байсан ч үүнийг гэрчлэх баримт олдохгүй. Дотоод нөхцөл байдлыг шинжилж харвал улстөрчид энэ үйлдлээ бараг санамсаргүй хийгээд байх шиг. Хүнд зөвхөн өөрийгөө л боддог эгоист зан байдаг. Олон хүний ийм зангууд нийлсээр байгаад зохион байгуулалттай үйлдэл хийж буй мэт бусдад харагдах талтай. Нотлох баримт байхгүй ч гадны нөлөөлөл байж магадгүй. Гэхдээ зөвхөн улс төрийн орчилд биш. Дэлхийн улс орнууд хоорондоо дайн байлдаан хийгээд хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Харин эдийн засгийн нөлөөгөө бусад улсуудад нэмэгдүүлэх, үүний төлөө худалдааны дайн хийж буй том гүрнүүд байгаа. Энэ мэтээр том гүрнүүдийн бодлого ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа болов уу. Манай Польш ч гэсэн Монгол шиг том гүрнүүдийн дунд хавчуулагдсан улс. Эдгээр том гүрнүүд Монгол, Польш мэтийн жижиг улсуудыг тоохгүй мэт байдаг боловч эдийн засаг, улс төрийн хүрээнд өөрсдийн нөлөөгөө байлгах сонирхолтой нь мэдэгддэг. Нотлох баримт байхгүй учраас энэ хэлсэн бол зөвхөн миний бодол төдий шүү.
В.Ганзориг: Польшийн улс төр донсолгоотой буй нь харамсалтай ч нөгөө талаараа “гоё” байна. Учир нь Монгол ханьтай гэсэн үг (Инээв). Улстөрчдийн ойрын харалган бодлого, үндэстний үнэт зүйлийн хомсдол, эв санааны нэгдэлгүй байдал гээд нэлээд асуудал хөндлөө. Тэгвэл энэ бүхнийг шийдэх шийдэл нь юу юм бэ? Яаж энэ байдлыг засах вэ?
Ян Рогала: Энэ бүхнийг шийдэх боломжтой нийгмийн хоёр бүлэг байдаг. Нэг нь улсаа удирддаг улстөрчид. Нөгөө бүлэг нь ард түмэн. Улстөрчид “санамсаргүй байдлаар” өөрсдийгөө бодсон шийдвэр гаргаж явсаар байгаад нийгмээ засахын аргагүй нөхцөл байдал руу оруулж байгаа тухай би дээр хэлсэн. Ийм учраас ард түмэн улстөрчдөд нөлөөлөл үзүүлэх ёстой. Тэгж байж тэд ойлгоно. Ард түмний гарт асар их хүч байдаг. Би хүмүүсийг гудамжинд гараад жагсаал хий гэж хэлээгүй шүү. Залуус хүмүүсийг улстөрд оруулах хэрэгтэй. Шинэ цус гэж Польшууд ярьдаг юм. Залуучууд өөрсдийнхөө ирээдүйг бодсон шийдвэр гаргана. Мэдээж өмнөх үеэсээ туршлага, зөвлөгөө авах ёстой. Нийгмийн бодлого дээр үнэ цэнээ нэгтгэсэн залуучууд, шинэ үеийнхэн улс төрд орох ёстой. Иймээс шинэ нам эсвэл иргэний хөдөлгөөн байгуулах замаар улстөрчдөд хүчтэй нөлөө, шахалт үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ хүч хэрэглэх тухай яриагүй шүү! Оюун санааны нөлөөлөл үзүүлэх тухай би хэлж байна. Ингэж чадвал улстөрчдийн бодол санаа өөрчлөгдөнө. Улстөрчид нийгмийн дуу хоолойг сонсож сурна. Нөгөө талдаа нийгэм, ард түмэн өөрсдөө юу хүсч байгаагаа мэддэг байх ёстой. Хүссэн бүхнийг нь улстөрчид, шийдвэр гаргагчид мэдээж биелүүлж чадахгүй, тийм нөөц боломж ч байхгүй. Эцэст нь улстөрчид бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн, олон нийт улстөрчдийн үйлчлүүлэгч гэдгийг талууд ойлгох болно. Ингэж чадвал танай манай хоёр улс хөгжиж чадна.
В.Ганзориг: Зөв хүмүүсийг улс төрд гаргаж ирэх зорилго бүхий электорат гэдэг хөдөлгөөн манайд явагдаж эхэлсэн байгаа. Польшид иймэрхүү, тэр дундаа залуучуудын хөдөлгөөн явагдаж байна уу?
Ян Рогала: Бага зэрэг явагдаж байгаа. Монгол ийм хөдөлгөөн эхэлсэн бол маш сайн байна. Ирээдүйд юу хэрэгтэй вэ гэдгийг залуучууд илүү сайн мэддэг. Өмнөх үеийнхний зөвлөгөө, сургамжийг авах ёстой гэдгийг ч би дээр хэлсэн. Гэхдээ үе хоорондын зөрүү гэж айхтар юм бий. Үе хоорондын ялгааг багасгахын тулд төлөөллүүд хоорондоо ярилцаад ардчилсан зарчмын дагуу дундын замаа олоод хамтдаа цаашаа явах ёстой. Настайчууд залуусаа сонсох ёстой. Улстөрчид ард түмнээ сонсох ёстой. Улстөрчид нийт нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэх ёстой.
В.Ганзориг: Хөгжиж буй улсуудын хувьд эрдэмтэн, судлаачдын дуу хоолой орхигдох эрсдэлтэй байдаг. Үүнтэй зэрэгцээд хулхины эрдэмтэн, судлаачид нийгэмд гарч ирэн олон нийтийг үймүүлчих гээд байдаг хандлага анзаарагдсан. Сая ярилцсан нийгмийн асуудлуудыг шийдэхэд эрдэмтэн, судлаачдын үүрэг хариуцлага ямар байх ёстой вэ? Тэд ард түмэн ба улстөрчид хооронд гүүр болох ёстой юу?
Ян Рогала: Эрдэмтэн, судлаачид нийгмийн дунд гүүр болж ажиллах ёстой. Гэхдээ эрдэмтэн хүний зөв зөвлөгөөг дагах ёстой. Зарим судлаачид улстөрчдөд худалдагддаг. Энэ маш муу! Зарим улстөрчид өөрсдийгөө ард түмнийхээ нэг хэсэг гэж боддоггүй. Улстөрчид бол ард түмний нэг хэсэг гэдгийг, ард түмэн эв нэгдэлтэй байх ёстой гэдгийг эрдэмтэн хүмүүс байнга сануулж байх үүрэгтэй. Эрдэмтэн судлаачид асуудлыг сайн, муу талаас нь судлаж нотлон зөвлөгөө өгдөг. Зөвхөн нийгмээ оношлоод зогсох нь учир дутагдалтай. Харин оношоор батлагдсан нийгмийн асуудлуудыг хэрхэн арилгах арга зам, сайжруулах шийдлийг олох ёстой. Энэ бол зөвхөн эрдэмтэн хүний хийх ажил биш юм. Энэ бол улстөрчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, залуучууд хамтдаа хийх ёстой ажил. Ийм учраас хоорондоо нэгдэн ярилцах хэрэгтэй. Гудамжинд яваа хүмүүсийг ажиглаарай. Бүгд гар утсаа оролдоод хоорондоо ярилцахаа больсон. Экономист сэтгүүл дээр Солонгосын нийгмийн тухай сонирхолтой нийтлэл гарсан байсан. Smart phone zombie буюу Смомпи гэдэг нэр томъёо хүртэл хэдийнэ үүсчээ. Хажуу хажуудаа зэрэгцэн сууж байгаа залуус найз охин, найз залуутайгаа үгээр биш тоног төхөөрөмжөөр харьцдаг болжээ. Хүмүүс хоорондоо амьдаараа харилцаж, эрүүлээр мэтгэлцэж байж гэмээнэ асуудлаа шийдэх арга замыг олдог. Иймээс хүмүүс ээ, залуус аа, хоорондоо сайн ярилцаж байгаарай гэж хэлмээр байна. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсохын сацуу бусдыг сонсож байж бодол санаагаа нийтэд илэрхийлж, асуудал биш шийдэл олохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна аа хэдүүлээ. Ингэж уриалмаар байна.
В.Ганзориг: Нийгмийн бүхий л салбар хоорондоо хамтран ажиллаж байж үндэсний зөвшилцөл, эв санааны нэгдлийг бий болгох ёстой гэдэг дээр олон хүмүүс санал нийлдэг. Гэхдээ яаж, ямар бүтцээр ажиллах ёстой вэ гэдэг дээрээ манайхан жаахан учраа олохгүй яваад байх шиг санагддаг. Харин сүүлийн үед мэргэжлийн тинк танк буюу хүчтэй бодлого судалгааны хүрээлэн байх ёстой гэж яригддаг болсон. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
Ян Рогала: Мэргэжлийн бодлого судалгааны хүрээлэнтэй байх гэдэг бол зөв гарц. Гэхдээ нэг биш олон байх ёстой. Яагаад гэвэл өрсөлдөөн байх ёстой. Бодлого судалгааны хүрээлэнгүүд сэдэв, салбараараа төрөлжих хэрэгтэй. Улмаар ард түмний хүсэл, хэрэгцээг судлан улстөрчдөд зөвлөгөө өгдөг бодлого судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээг бий болгох хэрэгтэй. Улс төрийн намаар дамждаг хэдий ч хууль санаачлах, батлах үйл ажиллагааг энэ процесс руу оруулж болно. Польшид ийм тинк танкууд олон бий. Яамны бодлого, манай их хуралд хүртэл тэд нөлөөлж чаддаг болсон. Ийм учраас Монголд ийм тинк танкуудыг байгуулах нь зөв зүйтэй.
В.Ганзориг: Миний асуулт дунд таны хэлэхийг хүсч байсан сэдвийг хөндөөгүй бол та энэ нэвтрүүлгийн сүүлийн мөчийг ашиглан үгээ хэлж болно шүү.
Ян Рогала: Дэлхий даяар хүмүүс эв нэгдэлтэй байх ёстой. Бид бие биенээ үзэн ядах ёсгүй. Хүмүүс бие биенээ хүндлэх ёстой. Хүн бүр өөр бодол санаатай байж болно. Өөрсдийн ялгаатай үзэл бодлоо харилцан хүндэлж сонсох хэрэгтэй. Ингэж ойлголцоод хоорондоо зөвшилцөж чадвал хамтын үнэ цэнийг олж чадна. Ийм замаар манай хоёр орны ард түмэн цаашаа явах ёстой гэж би боддог.
В.Ганзориг: Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа!
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин