2020.10.06

Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар ганц хоёр аймаг, дүүргийг эс тооцвол хаа сайгүй үнэмлэхүй ялалт байгуулж бяр амталсан Ардын Нам орон нутгийн сонгуулиар өмнөхөө давтахын тулд ширүүн эхэллээ. Монгол Улсын тал болсон нийслэлд хотын ажил амьдралыг мэддэг, туршлагатай гэхээс илүү залуучуудыг бөөнөөр дэвшүүлжээ. Тэдний магтаал сайрхлын намтарт НАМЗХ, НАМЭХ, бас Зүүний хүчний холбоо зэрэг тус намын халаасны байгууллагуудын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн гэх албан тушаалыг хашсан буюу хашдагаа дурдсан байна. Нэлээд нь УИХ-ын гишүүдийн зөвлөхийн ажилтай байгааг үзэхэд эрхэм гишүүд маань тэднийг Төрийн ордонд ажилд оруулж дэргэдээ суулган хүмүүжүүлсэн боловсон хүчнүүд, гарын доорхи "бэлэн материалууд" ажээ. Тэгвэл Ардчилсан Намын нэр дэвшигчдийн тухайд Их хурлын сонгуульд ялагдагсдын нэрс хөвөрнө. Одоо унавал шившгээ хутгах эрсдэлтэй. "Гуравдагч хүчин" болон бие даагчид "уламжлал ёсоороо"  саналаа хувааж зэрэг унах нигууртай. ХҮН намын нэр дэвшигчид оролцож чадах нь үү? Хотын хүүхдүүдийн хотын нам юмсан. Өнгөрсөн сонгуулиар олны танил болж чадсан давуу тал тэдэнд бий.

Ингээд төр баригч Ардын нам эрх мэдэл, мод сүх, амаа ангайгаад мөнгө сахиж суугаа хэвлэл мэдээллийг тултал ашиглаж байгаад тэр залуучуудаа сонгуулах магадлал нэн өндөр. Зарим нь сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлээ ч үгүй байхад хэдийнэ од болчихсон бужигнуулав. 

Уг нь Монгол Улс тэр чигээрээ ардчилал. Аймаг, нийслэл, сум дүүрэг гээд бүх шатны хуралд иргэдийн төлөөлөгч 8000 хүн сонгогдон ажилладгаас гадна баг, хороо болгонд Иргэдийн нийтийн хурал, түүний тэргүүлэгчид гэсэн тав таван хүн байдаг. Гэвч нийслэлийн шинэ хуралд МАН-ын залуучууд, тэгэх тусмаа эрхэм гишүүдийн гарын хүмүүс зонхилж нөгөө талд нь сөрж зогсох бусад хэдэн нам, бие даагч сонгогдсон ч орон нутгийн хурлууд жинхэнэ дээрээ иргэдийн биш намын төлөөлөгчдийн хурал байдаг учраас бүх юм бахь байдгаараа үлдэнэ. 

Бид нэгэнт намын төлөөлөгчдийг сонгож өгөхөөс хойш тэдний ааш сайхан, чих зөөлөн байгаа энэ хэдхэн өдөр ганц нэг юмыг хэлүүлж, бас амлуулж авсан болохоос. Ингээд нэр дэвшигчдэд хандсан дараах есөн асуултыг бэлтгэлээ. 

НАМТАР

1.Төрсөн он сар өдөр.

Хэрвээ УИХ-д нэр дэвшигчид сонгогдмогцоо зангаа хувиргаж албан ёсны намтраасаа төрсөн огноо, газраа хасдаг (parliament.mn сайтыг үз) бол өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн төрсөн огноо ил тод (citycouncil.mn сайт) байлаа. Улс төрч хүн насаа нуух шалтгаан, боломж байхгүй. Хэрвээ залуу бол эрч хүчтэй, шинэлэг, ахмад бол буурь суурь, туршлагатай гээд ойлгоход болно. Сонгосон төлөөлөгчийнхөө төрсөн өдрөөр баяр хүргэхэд бас хэрэгтэй. 

2. "Та хаана төрөө вэ?"

Унасан газар угаасан ус нь аймаг, сум, эсвэл нэг, хоёрдугаар төрөх, крантны ус байх эсэх нь нийслэлд төр барихад чухал биш, гэхдээ ...

3. Төгссөн сургууль?

Энэ бол хаана төрсний үргэлжлэл юм.  

4. Дээд боловсрол ба мэргэжил

Нэр дэвшигчид өөрийн төгссөн их дээд сургууль, суусан курс дамжаа, явсан гадаад дотоод сургалт гээд бүгдийг нь хольж хутган жагсаагаад бүх мэргэжилтэй, хэт өндөр боловсролтойгоороо сүрдүүлж байгаад сонгогдохыг оролддог. Тэр бүгдийгээ ялгаж салгаад яг нэрээр, элссэн төгссөн огноотой бичихэд тийм хэцүү юу? 

5. Одоо эрхэлж байгаа ажил?

Нэр дэвшигчид намтар танилцуулгад яг ямар ажил хөдөлмөр эрхэлдгээ дүвчүүлдэг нь элбэг. Байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, компанийн зөвлөх, иргэдийн хурлын төлөөлөгч гэх мэтээр. Өнөө цагт хүмүүс олон ажил, бизнес эрхэлдэг болсон ч хамгийн өндөр албан тушаал, эсвэл гол ашиг орлого, цалин авдаг нь аль вэ? УИХ-ын гишүүнд зөвлөдөг бол мундаг, гэхдээ хэнд гэдэг нь түүнийг хэний хүн болохыг шууд харуулдаг. 

6. Одоо хаана амьдардаг вэ?

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 606 хүний 500 гаруй нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй гэсэн тоо гарчээ. Яармаг, нисэхийн гэр хороололд лав биш, Энхтайвны гүүр, төмөр замаас урагшаа, Зайсан, дархан цаазат Богдхан уулын амуудад амьдардаг гэсэн үг. УИХ-ын гишүүдээс эхлээд хотоос хөдөө очиж нэр дэвшжээ.  

Тэгвэл орон нутгийн сонгууль арай өөр. Энэ бол нутгийн сонгууль. Нэр дэвшигч та хаана амьдардаг вэ гэсэн асуултад хариулахдаа дүүрэг, хороо, хороолол, хотхоноо нэрлэхэд хангалттай. Нэг газарт бүртгэлтэй, нөгөө газарт амьдардаг бол яг хаана амьдардагаа хэлэх. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрх олон байр сууцны зөвхөн нэгэнд амьдардаг байж чадна. Харин байшин, хаалганы дугаараа нууж болно.   

БАЙР СУУРЬ

7. Хэрвээ та нийслэлийн иргэдийн хуралд сонгогдвол нийслэлийн төр захиргааны удирдах албан тушаалд очих уу? (Хэрвээ Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол удирдах албан тушаалд очсон уу?)

2016 онд сонгогдсон 45 төлөөлөгчөөс ИТХ-ын дарга, Засаг дарга болсныг тооцохгүйгээр арваад хүн нийслэлийн төр, захиргааны удирдах албан тушаалд очиж давхар дээл нөмөрсөн байдаг. Бид тэднийг дарга болж эрх мэдэлд хүрээрэй гэж сонгосон уу? Дарга болсон тэд иргэдийн төлөөлөгч мөн үү?       

8. Хэрэв та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол урамшууллын мөнгө авах уу? (Хэрвээ тухайн нэр дэвшигч Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол та өнгөрсөн хугацаанд урамшууллаар хэдэн төгрөг авсан бэ, дахин сонгогдвол авах уу?)

9. Ноднин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн төвд байгаа Байгалийн түүхийн музей, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театр, Үндэсний номын сангийн барилгыг буулгаж шинээр барина гэж мэдэгдсэн. Та үүнийг дэмждэг үү?

Эсвэл,

Нийслэлийн төвөөр Тэнгэрийн зам, Дүүжин тээвэр барихыг та дэмждэг үү, эсэргүүцдэг үү?

Гэх мэтээр тухайн сэтгүүлч, иргэн, сонгогч, бас өрсөлдөгч нь хамгийн чухал гэж үзсэнасуултыг тавих нь зүйтэй.

Энэ бол есөн эрүү биш, есөн асуулт. "Улс төрчид юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай" гэдэг. Учиртай үг шүү. Дээрх асуултанд хариулахгүйн тулд нэр дэвшигчдийн хувийн асуудал ямар хамаатай, гол нь бодлого, мөрийн хөтөлбөр гэж хэлэх байх. Даанч мөрийн хөтөлбөр шиг худал хуурмаг цаас, нэр дэвшигчийн сурталчилгаа шиг хоосон яриа хаана ч алга.

1965 оны "Сэтгэлийн дуудлагаар" гэж кинонд илгээлтийн эздийг үдэх цуглаан дээр залуучуудын эвлэлийн нэгэн дарга Шарав үг хэлэхдээ, ах дүү мэт гар гараасаа барилцан явж биеэ хайрлахгүй зүтгэж бэрхшээл бүхнийг даван туулж хөдөлмөрийн баатар гэдэг өндөр алдрыг хүн бүхэн авахын төлөө урагшаа гээд донгодож гардаг. Танхим дүүрэн залуучуудын нэг, киноны гол баатар Ишхүү "Энэ залуу мөн сайхан ярьж байна аа" гэж магтахад тэрхүү Шаравт мэхлүүлж нэвт шувт мэддэг болсон Дэнсмаа бүсгүй хариу дуугарсан нь: Хм, энэнээс ч сайхан ярина гээч ...  

Тиймээ, нэр дэвшигчид үүнээс сайхан ярина. Санал хураах өдөр ойртох бүр аугаа ярина! Түгжрэлийг бол 10-р сарын 16-ны үдээс өмнө шийдэхээс ч буцахгүй.