Эрүүл ухаан
"Ишиг эврээ ургахаа эхээ мөргөнө" гэдэг хэлц зүгээр нэг давруу нөхрийн тухай биш юм.
"Ишиг эврээ ургахаа эхээ мөргөнө" гэдэг хэлц зүгээр нэг давруу нөхрийн тухай биш юм. Ишиг эвэр нь цухуйж, ургамагц юм мөргөмөөр санагдаад, даанч өөр амьтан очоод мөргөчихвөл "алуулах" учраас эхийгээ л элэг барьж мөргөдөг цаад утгатай аж. Түүн шиг "Адгийн шааруудын сүүлийн хоргодох газар эх оронч үзэл" гэж үг зүгээр нэг хулхи нөхрийн тухай биш юм. Цаад утгыг нь хөөж үзье. Жишээ нь эмч, инжэнэр, багш, мэнэжэр, дуучин, бөх, тэр байтугай лам хүртэл ямар нэг чадвар, мэргэшил, мэдлэг шаардана. Хэн нь сайн, хэн муу вэ гэдгийг шүүж, ялгаж болно. Харин "Эх орны төлөө" тэмцэхэд ямар ч мэдлэг хэрэггүй, хэн нь сайн муу ажиллаж буйг хэн ч шүүхгүй, тэгэхээр юу ч чадахгүй мөртлөө ямар нэг аргаар гялс томрох хүсэлтэй улсууд л хамгийн түрүүнд "Эх оронч"-ийн дүрд тоглодог гэсэн цаад утгатай болой.
Бид яаж амьдраад байнаа? Биднийг яаж амьдруулаад байнаа? гээд л бүгдээрээ хэн нэгнийг харааж халаглах. "Эх оронч" нар цахилгаан станц барихыг эсэргүүцсэн пост арван мянган лайк цуглуулж, сүлжээний бизнэст бөөндөө ханараад, ганц ходоодоо тэжээж буй уул уурхайгаа бөөндөө зүхээд, геологич геологийн шинжлэх ухаанаа жигшээд тэмцэгч нинжа нараа шүтсэн, хүчээр зээл өгчихсөн юм шиг банкуудаа муулаад, хүүхдийн пампэрсаа хээр булдаг, Монгол комэнт нэвтрүүлгийг өөрийн үзэл бодол болгосон ард түмэн ингэж л амьдрахаас өөр яах билээ.
Ер нь бид ямархуу улс юм бэ? Дэлхийн газарзүйн атлас харахад манай улсын нутаг дэвсгэр бусдаас ялгараад байх юмгүй, жирийн л тал хээр голдуу зураглал харагдана. Үнэндээ Монгол орон тийм тасархай байгалтай улс биш. Казахстан, Төвөд, Сибирийн байгаль, ус гол мөрөн манайхаас дээр. Бас манай улс дэлхийд гайхагдах тийм ч их байгалийн баялагтай улс ч биш. Харьцангуй том нутаг дэвсгэртэй улс гэхэд өчүүхэн бага газартай Чили, Азербайжин, Катар зэрэг орнуудаас хэдэн арав дахин бага баялагтай. Өвөрмонголын нүүрсний нөөц, олборлолт нь манайхаас 100 дахин их. Бас газрын тос олигтой юм байхгүй, одоо олборлож буй нь чанар муутай, өтгөн, нэрэхэд хэцүү тос. Монгол хүн тийм ч мундаг өндөр IQ -тэй юм биш, магад оросын өмнөд хэсэг хятадын умард хэсгийг л дундажлаад монгол хүний IQ гарчихдаг юм болов уу. Спортын хувьд 4 сая хүнтэй Хорватууд хөлбөмбөгийн дэлхийн аваргад финалдаж байна, 5 сая хүнтэй Норвеги өвлийн олимпоор дэлхийд тэрүүлж байна. Монгол бол жирийн л байгалтай, байдаг л баялагтай, жирийн л ухаантай, жирийн ард түмэн.
Нөгөө талаас Монгол орон ихэнхи тэмцэгчдийн ярьдаг шиг тийм ч сүйрч мөхөөд байгаа улс биш. Сүүлийн 20 жил хүм амын дундаж наслалт 10-аар нэмэгдсэн, ДНБ бараг 20 дахин өссөн /орос, хятад хоёр 7-8 дахин өссөн/, эмч багшийн цалин доллараар тооцвол 10-15 дахин өссөн /1998 онд доллар 980 төгрөг, багшийн цалин 15-20 мянган төгрөг байжээ/, замын хөдөлгөөнд өмнөхөөс соёлтой оролцдог болсон г.м. Хэрэв 2010 оны хүн амын тооллого харвал 2010 он хүртэл Дархан, Эрдэнэт, Өмнөговиос бусад бүх аймгийн хүн ам буурч байгаад саяхнаас эргэж өсөөд эхэлсэн сайн статистик ч байна. Хүний мөс муудлаа, бүгдээрээ "орк" хандлагатай боллоо л гэх, үнэндээ орк гэж үг өөрөө үгийн санд орж ирсэн нь том дэвшил. Өмнө нь орк гэдгээ мэддэггүй байж байгаад саяхнаас л мэддэг болж, түүнийгээ засах гэж хичээж байна гэсэн үг. 1990-2000 он хавьцааны "Жигшүүрт хэрэг", "Нүгэл Буян" сонинуудыг сөхөөд уншвал одоо шуугиулаад байгаа хүнд гэмт хэргүүд ч хар мянгаараа байгаа. Уг нь монголчуудын архи уудаг хэмжээ яг нэг хүндээ хуваахад орос байтугай япон солонгос хятадаасаа ч бага. Уусан жаахныгаа шингээхдээ л асуудалтайгаас биш архидалт нийт зургаараа буурч байгааг бүгд л анзаарч байна. Гэх мэтээр бид өөрсдийнхөө хэмжээнд л урагшилж буй жирийн л ард түмэн.
Муулах ёсгүйг хэтрүүлж муулаад, магтахаар сүртэй биш юмыг хэтрүүлж магтаж аархаад байхаар л нийгэм эрүүл ухаанаа алдаж буй хэрэг юм. Ядаж өөрсдийгөө зөв муулж, зөв шүүмжлэхээс л эрүүл ухаан эхэлнэ дээ. Эрүүл ухаанаар асуудлуудаа дүгнээд эрүүл ухаанаар шийдэхсэн.