ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ТОМИЛГООНЫ УЧИР ТОДОРЧ БАЙНА!
Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаана маш ноцтой хэд хэдэн асуудал бий.
АТГ цагаандаа гарчээ! Огт үйлдэгдээгүй үйлдлийг гэмт хэрэг гэв. Болоогүй явдлыг болсон мэтээр "шааж" гэмт хэрэг болгочхов. Тэгээд мөнөөх "гэмт хэрэг"-тээ холбогдуулан иргэнээ эг маггүй гүтгээд шууд цагдан хорьчхов. Хамгийн хошин шог нь "галзуу, солиотой" байж мэдэх боловч хувийн атгаг сонирхолдоо хөтлөгдсөн хүний матаасыг "гэрчийн мэдүүлэг" хэмээн үзээд, түүнээсээ "хар" аваад шүү!
Энхсайхан журамт иргэний ёсоор хуулиа ягштал сахин байсаар баривчлагдсан даа. Өмнө нь мань эр АТГ-аас дуудангуут Шведээс нисэж ирээд л, ирчхээд дуудсан цаг тухай бүр гүйхээрээ очоод л, "хуулийн байгууллагад шалгах ёстой зүйл байгаа бол шалгах л ёстой" гэх зэргээр "ухамсар заагаад" л! Ямар ч атугай хэрэг шалгах үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрийн саад учруулах нь битгий хэл АТГ үнэн зөвийг олж эндүүрлээ засах байлгүй хэмээн найдаж, журамт иргэний ёсоор "дэмжлэг" үзүүлсээр ирсэн билээ.
Харин АТГ иргэнийхээ хүчин зүтгэлийг тоогоогүйгээр барахгүй, хэргийн шалгалтад саад учруулсан мэтээр түүнийг гүжирдэн баривчлав. АТГ ядахдаа хуулийг буруу ойлгож, буруу ч хэрэглэсэнгүй шүү! Хуулийг тоосон ч үгүй. Хуульгүй цагдан хорих ажиллагаа явууллаа.
АТГ-ын илтэд дураар авирласан явдлыг прокурор таслан зогсоох ёстой. Гэтэл прокурор цаанаасаа "семенар авч байсан" бололтой удаж удаж шүүх хурал дээр ирмэгцээ АТГ-ын хүсэлтийг дэмжив. Ийнхүү иргэнийхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хуульчлагдсан үүрэг бүхий мэрэгжлийн прокурор мөн мэдэн будилж, хуулийг уландаа гишгэв.
Хуульт ёсны эцсийн найдвар болон хараат бус шүүх л үлджээ. Ашгүй, шүүх хараат бус байж чадлаа. М.Энхсайхан 461-р хорих ангиас суллагдлаа! Бас чиг эрх зүйт төрийн "балгас" үлдэж. Үүнийг хараад олон хүний санаа тайвширсан биз.
Уул шугамандаа тэгж л болохгүй юм даа! Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаана маш ноцтой хэд хэдэн асуудал бий. Тэдгээрээс онц ноцтойг нь жагсаан тоочвол:
Нэгд: Дахин дахин давтан анхааруулахад үйлдэгдээгүй үйлдлийг "гэмт хэрэг" гэж үзлээ. Ядахдаа "гэмт хэрэг" хэмээн үзэх гээд байгаа тэр зүйл нь үйлдэх, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн ямар нэгэн үйлдэл байх ёстой. Тийм юм үгүй аж! Гэмт хэрэг үйлдэгдэх байсан гэж "урьдчилан хардсан"-аа л үндэслэж гэнэ. Өөрөөр хэлбэл, АТГ ба прокурор хоёр нийлж хэрэг зохиожээ. Ингэхдээ дээрхийн гар болсон нэгэн "шариков"-оор гэрчийн мэдүүлэг хэмээгдэх матаас үйлдүүлсэн байна.
1930-1940 онуудад Монголд болсон Их хэлмэгдүүлэлт яг ийм технологиор хийгдэж байсан. Жишээ нь, хүний эхнэрт дурлахдаа нөхрийг нь зайлуулах гэж матаас бичсэн гайтай нэгэн хорон санаатны захиаг шүүрч аваад зохиосон Лхүмбийн хэрэг гэгч байна. Ямар ч гэм зэмгүй олон мянган хүнийг энэ зохиомол хэрэгтэй холбогдуулан хөнөөсөн билээ.
Их хэлмэгдүүлэлтийн технологи шууд утгаар эргэн ирж байна. Эрүүгийн хуулийн; зөвхөн үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага ноогдуулах ёстой гэсэн шударга ёсны зарчим эвдэгдэж байна!
Хоёрт: 2016 оны сонгуулиар байгуулагдсан шинэ УИХ-ын олон гишүүн тангаргаа өргөөд төд удалгүй өмнөх төрийн бодлогуудыг "гэмт хэрэг" хэмээн зарлаж эхэлсэн билээ.
Төрийн бодлогыг хэрэгжүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох тухай асуудал аль ч ардчилсан оронд зүй ёсны бөгөөд сайшаан дэмжигддэг үйл явц. Угаасаа ардчиллын нэг тулгуур нь хариуцлагатай төр билээ.
Харин хуулийн дагуу хууль ёсны инстүүц нь тогтоосон бодлогыг "гэмт хэрэг" гэж үзэх нь бүр эсрэгээрээ ардчилсан ёсны эсрэг чиглэсэн радикал үзэлт төрийн бодлого. Коммунист, нацист, фашист, хунтийн төрүүд өмнөх төрийнхөө бодлогыг "гэмт хэрэг" хэмээн зарлаж, бодлого гаргаж явсан төрийн зүтгэлнүүдээ хэлмэгдүүлж байсан олон түүх бий.
Тэгэхээр УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд, тэднийг дагаад зарим хуучин гишүүд ам уралдан өмнөх УИХ-аар тогтоосон олон бодлогыг, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг "гэмт хэрэг" хэмээн зарлаж, тухайн асуудлыг хариуцан ажиллаж байсан ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудыг хоморголон баривчлах болсон нь төр радикалчилж эхэлсэн дохио болов. Энэ дохиог авсан, манайтай харилцаатай олон улсууд болгоомжлох "араандаа хийсэн" ажгуу.
Ерөнхийлөгч, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах үүрэгтэй төрийн тэргүүн болохын хувиар улсын эрх ашигт хортой "нялхсын" энэ хийрхлийг таслан зогсоох ёстой байсан. Гэтэл, харин ч тэднийг бүр өөгшүүлж, өөрөө шинэ цагийн "Лхүмбийн хэрэг" бий болгох ажилд ханцуй шамлан орсон юм. "Таван толгойн хэрэг" хэмээх хавтастай хэрэг сугавчлан гүйж, өмнөх ерөнхийлөгчөө гэмт хэрэгт татахыг прокуророос шаардахдаа төрийн тэргүүний намбыг ч бодсонгүй, хуулийг ч ер тоосонгүй.
Өдгөө М.Энхсайхан, хуулиар ноогдсон үүрэг ёсоор гэрээний төсөл боловсруулж, үүнийхээ төлөө зохиомол хэрэгт холбогдон "гэмт хэрэгтэн" болжээ.
Гуравт: Хуульгүй баривчилагааны ард улс төрийн захиалга байдаг жамтай. Энхсайханыг баривчилсан нь; прокурорын байгууллага, АТГ-ын удирдлага тус тус солигдож, З.Энхболдын зүтгүүлэн томилуулсан шинэ хүмүүс очоод явуулж буй анхны баривчилгаа!
З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдмогцоо өгсөн нэгэн ярилцлагадаа, ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын өрсөлдөгчийг дэмжсэн М.Энхсайханыг Шведэд суух элчин сайдаас нь эгүүлэн татна гэдгээ мэдэгдсэн байдаг.
Элчин сайд эгүүлэн татах асуудал бол элчин сайдаа илгээсэн улс, элчин сайдыг хүлээн авсан улс хэмээх хоёр талын оролцоотой, дипломатын хэлээр "деликатный" асуудал. Хоёр улсын хоорондын харилцаа ноцтой муудах үед элчин сайдаа эгүүлэн татах үйлдэл хийдэг. Ерөнхийлөгчийн гар дор байдаг дипломат арга хэрэгсэл. Манай Үндсэн хуульд ийм утгаар бичигдсэн буй.
Тийм учраас харилцаа хүндрээгүй тохиолдолд, болж өгвөл илгээсэн улсаас элчин сайдынхаа тухай улс төрийн янз бүрийн мэдэгдэл хийлгүй, тухайн оронд сууж буй элчин сайдаар "өөрөөр нь хүсэлт гаргуулах" зэрэг дипломат арга хэрэглэдэг байна.
Манай нам засгийн эрх барьж байх үед, биднийг зад муулаад сууж байдаг, нөгөө намын угшилтай элчин сайд зөндөө л байсан. Бид, харилцагч орондоо гадаад бодлого тогтвортой үргэлжилнэ гэдгээ харуулахын тулд нэг ч элчин сайдыг улс төрийн шалтгаанаар эгүүлэн татаж байгаагүй.
Тэгээд ч Энхсайхан Ардчилсан намын гишүүн биш, өөр намын гишүүн байсан тул хэнийг дэмжихээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм.
Ийнхүү М.Энхсайхан улс төрийн шалтгаанаар эгүүлэн татагдсан анхны элчин сайд болсон билээ! Энхсайханыг элчин сайдаар эгүүлэн татаад ч зүгээр орхисонгүй. Эх орондоо эргэж ирэхэд нь Ерөнхийлөгчийн түүхчлэхүйд үндэслэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бүтээсэн "Цензүргүй түүх" киногоор түүнийг гутаах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа орон даяар, интернэт даяар явагдав.
"Цензүргүй түүх" зохиогчид 90 оны ардчилсан хувьсгалыг золтой л "Хятадууд хатгаж байгаад хийлгэсэн юм" гэчихсэнгүй. Харин "Хятад талын даалгавар"-тай П.Очирбат, М.Энхсайхан нар Монголын баялгийг үнэд орохыг урьдаас мэдээд "Монголыг колоничлох" ажлыг алсаас гүйцэтгэж байсан хэмээн "нотлоодхов".
Би энэ балайрлыг тэсэж бүтэн үзэх гэж хэд оролдоод чадаагүй юм. Ардчилсан хувьсгалд талархах үгээ олохгүй явсан Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нарын "шизоорол"-ыг хараад хэлэх үгээ баран халаглаж суулаа. М.Энхсайханыг гутаахын тулд ардчиллыг шороонд хутган "асар өндөр үнэ төлж" байгааг харахад "хүрэл зүрх минь" шимширч суулаа. Миний найз Х.Баттулга ардчиллаас эгнэгт урвахыг хараад цөхөрч суулаа. Би ч угаасаа ардчиллаар "шизоорсон" хүн болохыг хэлэх үү!
Ийнхүү Энхсайхан хэмээх "ардын дайсанг ангуучлах" цуврал ажил яв явсаар эцэст нь хуульгүй баривчилгаанд хүрчээ.
Энхсайханыг ангуучлах цуврал үйл ажиллагааны гол онцлог нь; гэмгүй хүнийг ардын дайсан болгон хэлмэгдүүлдэг арга ажиллагааг, тийм арга ажиллагааг өөрийн биеэр үзсэн, жигшсэн баймаар монголчуудад яг оригоор нь, цагдан хорих үе шат хүртэл нь тун ч ичих юмгүй ил цагаан харуулсан. Туршиж үзсэн бололтой. Цаашдаа энэ туршилт амжилттай болбол олон хүнийг хамарсан дайралт болох магадлалтай!
Дөрөвт: Ерөнхийлөгч хүчилсээр байж АТГ болон прокурорын удирдлагыг бүхэлд нь сольж өөрийнхөө санал болгосон хүмүүсийг томилуулсан. Чингэж АТГ болон прокурорын удирдлагыг өөрчлөх шалтгаанаа "шударга ёсыг тогтоох зорилготой" хэмээн тайлбарласан. Гэтэл Энхсайханыг баривчилсан хэрэг явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын жинхэнэ цаад санааг тодруулав.
Тэрбээр Таван толгойн асуудлыг зохиомол "гэмт хэрэг" болгохоор шийдсэн байж. Ийн хууль мууль гэж маягладаг мэргэжлийн комплекс үгүй, шууд л өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг гүжирмэг, ёс зүйгүй хуульчид хэрэгтэй болж. Албан тушаалын төлөө "эр биеийн өмхий бөгсөө ч худалдахаас сийхгүй болсон манай цаг үед" тийм хөгийн хуульчид, З.Энхболдод ядах юмгүй дороо олдсон юм.
Тэгээд З.Энхболд, хувийн ашиг сонирхлоо наймаалцахаас өөр үнэ цэнэгүй "чацга" шиг УИХ-ын гишүүдийг шахаж байгаад дор нь олсон хүмүүсээ томилуулсан. Төлөвлөсөн ёсоор сая, томилогдож очсон АТГ, прокурорын шинэ удирдлага, мэргэжлийн хуульчид өмнөөс нь ичиж үхмээр болхи, хуульгүй баривчилгаа явууллаа.
М.Энхсайханы баривчилгааны "сайн тал" нь Ерөнхийлөгчийн шинэ томилгооны жинхэнэ цаад улс төрийн зорилгыг тодрууллаа!
Энэ мэтээр Энхсайханы баривчилгаатай холбоотой ноцтой асуудлуудыг цааш нь жагсаагаад байж болохоор, гэхдээ тэр ажлыг уншигчдадаа үлдээх нь зүйтэй биз ээ.
Би Энхсайханыг мэднэ. Тэр өөрийнхөөрөө байх зүрх зоригтой хүн. Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө зогсохдоо зөрүүд нэгэн. Зөрүүдээсээ болоод Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Түүнийг огцруулах хэрэгт миний бие хошуучлан оролцогчдын нэг байлаа.
Хожим нь, нэгэнт ардчиллын гажуудал тодорхой болохын цагт түүний зөрүүдэлсэн нь зөв байсныг би хувьдаа ойлгосон юм. Хэрэв зээ тухайн үед М.Энхсайхан биднийг ялж Ерөнхий сайдаараа үлдэн, төр төвтэй улс төрийн тогтолцоог хадгалж чадсан бол өдийд галзуурчхаад байгаа нам төвтэй төрийн тогтолцоо руу хальтирч ардчилал ингэтлээ гажуудахгүй байсан билээ.
Өнөөдөр М.Энхсайхан дахиад л том сорилттой учирлаа. Ерөнхийлөгч Баттулга "унагаж байж салдаг" хүн. Түүнд маш зуумхай тамгын газрын дарга бий. "Онцгой комисс"-оос өгөх даалгаврыг хуулиас дээгүүрт үздэг, мэргэжлийн ёс зүйгүй, ногоон малгайтан мэт гүжирмэг АТГ, прокурорын шинэ удирдлага бий. Далдаганаж гүйх хэнхэгтэй шариковууд зөндөө бий. Команд авмагцаа комментоор галлах троллууд дүүрэн бий. Тэд бүгд нийлээд Энхсайханыг "ардын дайсан" болгож дөнгөнө.
Ийм үед Энхсайханд хуулийн дагуу шударгаар хандахыг шаардах зоригтон маш цөөн байх вий!
Уг нь манайд асуудлыг шударга ёсны үүднээс эрүүлээр хардаг ухаалаг хүмүүс цөөдөхгүй олуулаа. Тэд, Энхсайханд тохиож буй шударга бус явдал ээлж нь ирэхээр өөрсдөд нь, үр хүүхдүүдэд нь тохиож болзошгүй гэдгийг мэдэхтэйгээ. Хэн дуртайдаа хэрэг зохиож хүчинддэг дарангуйлагчийн аюулыг мэдэхтэйгээ.
Шүүхийн шийдвэрийг хараад тайвширч болохгүй. Зохиомол хэргээр гүтгэн хүн хэлмэгдүүлэх санаархлыг дөнгөж цухуйсан дээр нь нам дарах л хэрэгтэй байна! Гуч, дөчөөд оных шиг хэлмэгдүүлэлтийн эмгэнэлт явдлыг дахин Монголд гаргамааргүй байна. Өмнөхөө цагаатгаж дуусаагүй байгаа! Ийм явдлыг ядахдаа үр хүүхдүүдээсээ хол байлгамаар байна!