Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар онцгой сайн санах хэрэгтэй!
Монголын ардчиллын хувь заяа одоо Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын, эрх мэдэлд дурлах дур хүслээ хэр зэрэг дарж чадахаас л хамаарна. Дарж чадвал ардчилал аврагдана. Эс чадвал ардчилал устана.
Халтмаагийн Баттулгыг Монголын ард түмэн Еранхийлөгчөөр томилсон. Тодруулбал, Монголын улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа сонгууль өгөх эрхтэй иргэдийн олонх нь Х.Баттулгын төлөө саналаа өгч Ерөнхийлөгчөөр сонгосон. Ард түмэн томилгоогоо чөлөөт ардчилсан сонгуулиар хийсэн хэрэг.
Ухнаагийн Хүрэлсүхийг Монголын ард түмэн Ерөнхий сайдаар томилсон. Тодруулбал, мөн л Монгол улсын нутаг дэвсгэр дээр орших суугаа сонгууль өгөх эрхтэй иргэд МАН-ын 62 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгож, ард түмний элчээр сонгогдсон тэдгээр гишүүд, ард түмний нэрийн өмнөөс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон.
Ийнхүү, ардчиллын ач буянаар Х.Баттулга ерөнхийлөгчийн, У.Хүрэлсүх ерөнхий сайдын албан тушаалд тус тус очсон. Хэрэв зээ ардчилал байгаагүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ерөнхийлөгч, ерөнхий сайд болох ямар ч шаансгүй байх асан. Харин Бээжин, эсхүл Москвад таалагдсан тавиул этгээдүүд л ерөнхийлөгч, ерөнхий сайд болох шаанстай байлаа.
Үүнийг манай түүх нотолно. Монгол улсыг 220 жил Бээжингээс томилсон амбан захирагчид, дараа нь 70 жил Москвагаас “виз” авсан Ерөнхий нарийн бичгийн дарга нар удирдаж байсан.
Чин гүрэн, Зөвлөлт Холбоот Улс хэмээх нэр бүхий, ээлж дараалан эзэн суусан улсууд Монголыг хэрхэхийг шийдэж байв. Монголчуудыг өвөр хооронд дайсагнуулан нэг хэсгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөж ч байв. Тийм үед Монгол орныг гладиаторын арена шиг болсон хэмээн дүрслэхээр. Гадны заавраар бие биеэ хядахдаа хүрэх шиг эмэгнэлт явдал улс үндэстэнд үгүй билээ!
Харийн эрхшээл дор бөхийсөн эл эмгэнэлт түүхийг 90 оны ардчилсан хувьсгал халсан юм. Сая л монголчууд үндэсний болон хувь хүний эрх чөлөөгөө олж аван жинхэнээсээ тусгаар тогтносон бүрэн эрхт улс болов. Бээжин, Москвад “нутаглаж” байсан засгийн эрх мэдлийг эргүүлэн Монголдоо, бүр ард түмэндээ авчирч өгөв.
1992 оны 1-р сарын 13-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан нь засгийн эрх мэдэл Бээжин, Москва зэрэг харийн газар нутагт байх ёсгүй, зөвхөн Монголд байх бөгөөд ард түмэндээ харьяалагдах болохыг баталгаажуулсан хэрэг ажгуу. Гуравдугаар зүйлийн 1 дэх заалт өдгөө ч баттай хэрэгжиж байгаагийн гэрч бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болой. Тэд бол Бээжин, Москвагаас томилогдсон тавиулууд биш ээ!
Ардчилал гэдэг бол угтаа их энгийн зүйл. Тухайн улсын харьяат иргэд өөрсдийгөө хэнээр удирдуулах вэ гэдгээ өөрсдөө шийдэх эрхтэй байя аа л гэсэн ойлголт. Ердөө л ийм. Ямар ч ард түмэн ийм байхыг хүснэ. Нэн ялагуяа, 300 жил Бээжин, Москвагаас удирдуулан доромжлогдож ханасан монголчуудын амин хүсэл мөн!
Жижиг улс орны хувьд ардчилал байхгүй болбол жинхэнэ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нь бас байхгүй болдог зүй тогтолтой!
Ардчилал үгүй болно гэдэг бол засгийн эрх мэдэл нэг хүн юмуу эсхүл нэг бүлэг этгээдийн мэдэлд очлоо гэсэн хэрэг. Тэр этгээдүүд олж авсан эрх мэдлээ алдахгүйн тулд гарцаагүй гадны том гүрний улс төр болон эдийн засгийн дэмжлэгийг түших ёстой болдог. Энэ байдлыг ашиглан том гүрэн тухайн жижиг улсыг эрхшээлдээ авах нь бий!
Одоо Беларусьд яг тийм явдал болж байна. Дарангуйлагч Лукашенко эрх мэдлээ алдахгүйн тулд Беларусийг Оросын эрх баригчдын мэдэлд өгөхөөр байна. Уг нь Лукашенко Оросын ерөнхийлөгч Путиныг элдвээр баалж томрон беларусьчуудад байнга гайхуулдаг байсан нөхөр шүү дээ. Өнөөдөр “гөлөг” царайлчихсан Путиныг гуйгаад гүйж байна даа!
Тэгэхээр, ардчиллаа хамгаална гэдэг бол жинхэнэ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж буй үйл хэрэг. Ард түмний мэдэлд байгаа засгийн эрхийг эргэж Бээжин юм уу, Москвад одохоос сэргийлж байгаа явдал юм.
Ардчиллыг томоотой хүүхэд мэт хамжааргатай байлгах ёстой гэдэг хоёр хөршийн үзэл санаа сүүлийн жилүүдэд Монголд хүчээ авах болсон. “Урвасан дүлзэн” Лүндээжанцан нар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан эрх мэдлийг төвлөрүүлж ардчиллыг номхтгох үзэл санааг улаан цайм импортолсон билээ!
Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх; хувийн хэвшлийнхэн, хувийн хариуцлагаа барьцаалан, хувьдаа зээл авах эрхийг төрийн мэдэлд хураан авна хэмээн зарласан. Эрх мэдлийг төвлөрүүлэх явдал ямар хол явсныг харж байна уу?!
Эрх мэдэл хэчнээн төвлөрөх тусам дарангуйлал төдий чинээ ойртоно, Дарангуйлал гэдэг бол эцсийн бүлэгт эрх мэдлийг монополчлох явдал гэдгийг бодолцвол Лүндээжанцан нарын нэмэлт өөрчлөлт дарангуйлал ирэх явдлыг улам хурдасгасан арга хэмжээ болсон байхгүй юу!
Монголын ардчиллын хувь заяа одоо Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын, эрх мэдэлд дурлах дур хүслээ хэр зэрэг дарж чадахаас л хамаарна. Дарж чадвал ардчилал аврагдана. Эс чадвал ардчилал устана. Тэгвэл, 90 онд олж авсан Монголын жинхэнэ тусгаар тогтнол алдагдана. Бээжин, Москвагийн тавиулын хүнээр удирдуулсан тоглоомын улс болно.
Тоглоомын улсын удирдагчийг ямархан эмэгнэлт хувь заяа хүлээдгийг БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын 1941 оны 7-р сарын 10 нд Москвад цаазаар авахуулах ял сонсоод хэлсэн үгээс маш тодорхой харж болно. Тэрбээр “Том гүрэн жижиг улсыг колоничлоод удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа л тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот Улс Монголд мөн л ингэж хандаж байдаг гэдгийн нэг жишээ нь би өөрөө болоод байна” хэмээн хэлжээ.
Эдгээр үгс бол А.Амараас, чухамдаа Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт захиж үлдээсэн үгс юм шүү. Үүнийг тэд онцгой сайн санаж явах хэрэгтэй. Х.Баттулга, У.Хүрэлсүх бол ардчилсан Монголд төрсөн азтай, золтой Ерөнхийлөгч, Ерөнхий сайд учраас!!!