Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын саналын нэгдэлд Монголын эдийн засаг Ковидыг ялах ёстой
-Засгийн газрын 23 арга хэмжээг ҮАБЗ-ийн хүсэл сонирхолд нийцсэн гэж хэлж болно-
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, ААН-үүдийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн хүсэлтүүдийг танилцуулъя.
- Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
- Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
- Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
- Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.
Гэтэл Ерөнхийлөгчийн ирүүлэн саналтай зэрэгцэн МҮХАҮТ-ийн зүгээс “Бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Саналд дурдагдсан агуулга нь мөн л Ерөнхийлөгчийн санал болон Засгийн газрын арга хэмжээтэй давхардсан бөгөөд ажил хэрэг болгох боломжгүй зарим саналыг тусгажээ. ТухайлбалII-3-т “Хувийн хэвшлийн ажиллагсдын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин, хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох” гэжээ. Хэрэв Засгийн газрын гэм буруутай үйлдлээс өнөөгийн нөхцөлд хүрсээн бол байж болох ч дэлхийн хэмжээний цар тахал, тэр тусмаа энэ тахлаас бүх талаар хамгаалах арга хэмжээг улс даяараа авсаар байсан ч гамшгийн өмнө хүчин мөхөстсөн энэ цаг үед ямар тооцооллоор энэхүү “гоё” бөгөөд биелүүлэх боломжгүй хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн нь гайхалтай. Уг нь тэнд бизнесийн эрсдлийг болон улс орны өнөөгийн нөхцөл байдлыг дэндүү сайн мэдэх торгон мэдрэмжтэй бизнесмэнүүд, бизнесийн байгууллагын олонлог байдаг болов уу гэж бодсон юм. Энэ ч үүднээсээ бизнесийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж буй нь аргагүй зөв боловч харь гаригаас ирээгүй учир улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал, батлагдсан төсвийн явцын талаар хангалттай мэдрэмжтэй учир бодитой санал хүргүүлсэн болов уу гэж найдсан. Гэтэл улстөржсөн ч гэж хэлж болохоор “биелэгдэшгүй даалгаврыг” Засгийн газрын эрх мэдлээс давсан бусад зүйл заалтын хамт, тэр тусмаа Ерөнхийлөгчийн гэнэт хүргүүлсэн саналтай зэрэгцүүлэн тавьсан нь анхаарал татлаа.
Мөн энэ сарын 17-ны орой УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцсоны эцэст зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай албан даалгавар өгсөн байдаг. Энэхүү цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан,Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцон зээлийн хүүг бууруулах, хойшлуулах, “царцаах”, юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг ББСБ, ХЗХ, ломбардын зээлийн хүүг хэрхэн зохицуулж иргэдэд учрах дарамтыг бууруулах талаар хэлэлцсэн.Эцэст нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулан ажлын хэсэг байгуулж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээдл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацааай үүрэг даалгавар өгсөн шийдвэртэйгээр цахим хурал өндөрлөжээ.
Ийм арга хэмжээний “араас” Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын шинэ шийдвэрүүдийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн албан бичигт “Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо” гэсэн байна. Ердөө маргааш нь буюу уг бичгийг хүлээн авсанаас 24 цагийн дотор Ерөнхий сайд Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээг танилцууллаа.
Эдгээр 23 арга хэмжээнээс Ерөнхийлөгчийн ирүүлсэн хүсэлтэд дурдсан 6 арга хэмжээнээс 5 нь их, бага ямар нэг хэмжээгээр туссан. Харин 2-рт дурдсан “Төрийн албан хаагчдаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдлын хувьд боломжгүйтэй холбоотойгоор тусгагдаагүй бололтой.
Товчхондоо Засгийн газрын 23 арга хэмжээг ҮАБЗ-ийн хүсэл сонирхолд нийцсэн гэж хэлж болно. Онцлог нь гэвэл Засгийн газар эдгээр арга хэмжээг боловсруулан танилцуулахдаа яарч тэвдсэн байдал ажиглагдаж байсан ч хатуухан хэлэхэд “Иргэн нь өрнөөс болж амиа хорлохооргүй, өлдөж туйлдахааргүй, хувийн хэвшлийнхэн нь хаалгаа барихааргүй” тэсч үлдэхэд гол анхаарлаа төвлөрүүлж хамаг нөөц бололцоогоо шавхжээ гэж ойлгохоор байлаа. Энэ талаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны орой Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар зөвлөлдөх нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн нь анхаарал татаж байна. Ямартай ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санал болгосон бүхэн улс орны эдийн засгийн амьдралд оролцогч иргэд, ААН-үүдийн эрх ашгийн төлөө байлаа. Ямар ч үе шат, арга барилыг хэрэглэсэн эцсийн дүндээ Монголын эдийн засаг Ковидын цар тахлыг ялах нь эцсийн зорилго билээ.
Ингээд Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр танилцуулсан 23 арга хэмжээг уламжилъя.
·Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
·2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг татвараас чөлөөлж, зохих шийдвэр гаргахыг даалгалаа.
·2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина.
·2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн түрээсийн төлбөрөө багасгасан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдвол бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуй нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлах.
·2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна.
·Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалтыг хэвийн явуулахыг холбогдох сайд нарт даалгав.
·Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна. Зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийнэ. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
·Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
·Ашигт малтмал газрын тосны экспортлодог аж ахуй нэгжийг халдвар хамгааллын дэглэм сахих тусгай дэглэмд шилжүүлэх.
·Монгол-Хятадын хилийн боомтын гарцыг нэмэгдүүлэх, ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний экспорт хэвийн горимд үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-ын талтай дипломат шугамаар шийдвэрлэх.
·Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилийн боомтуудыг онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Оюутолголгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордын хүрээнд тээвэр хийж буй жолооч нарыг бүрэн шинжилгээнд хамруулж, ногоон боомт болгон зарлаж, тээврийг хэвийн үргэлжлүүлэх үүрэг өглөө.
·Монголд ирж буй бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгал, халдваргүйжуулах арга хэмжээ авахыг даалгалаа.
·2021 оны дуустал коронавирусийн цар тахалтай холбоотой эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг НӨАТ, импорт, гаалийн татвараас чөлөөлсөн хуулийг олон нийтэд сурталчлах.
·Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын татварыг хасч тооцох хуулийг иргэдэд таниулах.
·Татвар, гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийх, хөнгөн шуурхай иргэдэд үйлчлэх ажлыг эрчимжүүлэх.
·Татварын өртэй татвар төлөгч, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцох.
·Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бизнесийг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх.
·Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид ажил үйлчилгээ, бараа материал нийлүүлсэн аж ахуй нэгжийн төлбөрийг нэн яаралтай хийж барагдуулах.
·Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, дотоодын бараа худалдан авахыг бүх төсвийн захиран зарцуулагч нарт даалгалаа. Эх оронч худалдан авалт хий.
·Аж ахуй нэгжүүдийг тендер шалгаруулалтад оруулах боломжийг хангахын тулд одоо бэлэн байдлын хугацаанд зарласан тендер шалгаруулалтын хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний хүртэл сунгахыг төвийн захирагч нарт даалгав.
·Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин, тэтгэврээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэлж, санхүүжүүлэхийг даалгалаа. Илүү зардал гаргахгүй.
·Үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах талаар авах арга хэмжээний саналаа гаргаж, яаралтай шийдэхийг салбарын сайд нарт даалгалаа.
·Хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг үзэх, гар ариутгагч байрлуулах, халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон түмэнд ил тод байршуулах, ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж, шаардлага, иргэд олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, үндэсний эв соёлыг харуулсан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг даалгавар болголоо.