Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазарыг томилов. Яг бас асан гэж хэлэхэд төвөгтэй л дээ. Учир нь энэ өдрийн өглөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхтэйгээ хамт НИТХ-ын анхдугаар хуралдаанд морилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн байдаг юм. Намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, Нийслэлийн намын хороогоор дэмжүүлсэн түүнд өрсөлдөгч байсангүй.

Гэвч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс “УИХ-ын гишүүний ажил үүргийн хуваарьт үл хамаарах албан тушаалд давхар нэр дэвшээд явж байгаа чинь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн шүүмжлэлд мань хүн “Ерөнхий сайд намайг томилно гэж хэлээгүй. Томилохгүй бол бас яах юм” гэсэн тайлбар хийж байсан. Өөрөөр хэлбэл “Томилсных нь дараа итгэнэ” гэсэн үг л дээ. Харин орой нь УИХ-ын чуулган хуралдаж Д.Сумъяабазарыг чөлөөлөөд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилгоогоо хийсэн. Тэгэхээр энэ томилгоо нэлээд тулгамдуу буюу сүүлийн мөчид шийдэгджээ гэсэн үг. Өөрөөр МАН-ын даргад хууль зөрчин барин процессийн ийм алдаа хийх шалтгаан байхгүй. Магадгүй энэ нь нэлээд эртнээс угшилтай зөрчилдөөн байж болох юм.

Тухайлбал, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн хацрандаа “тентэй” зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Д.Сумъяабазартан үүнд нэр холбогдсон билээ. Тэр үед УИХ-ын сул гишүүн байсан Д.Сумъяабазарыг сайдын суудлаас болж намын даргадаа гар хүрсэн гэх яриа ч тархсан байдаг. Өөрөө энэ тухайд "Долдугаар сарын 2-ноос хойш Ерөнхий сайдтайгаа уулзаагүй" хэмээн жиргээгээр хариулсан байдаг ч уулзах, шанаадчих хоёр ч гэсэн яг адилхан биш л дээ.

Ерөнхийдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын “хаан” болох нь нэгэнт тодорхой болсон У.Хүрэлсүхийн суудлыг залгамжлагчийн тухай яриа нам дотор ид өрнөж байгаа. У.Хүрэлсүхийн цорын ганц өрсөлдөгч нь Сү.Батболд байж болох ч “Чингис” зочид буудлыг хувьчилж авсан асуудлаар нь хуулийнхан санаатай, санаандгүй ороогоод эхэлснийг үзвэл намын зүгээс нэг их дэмжлэг өгөх гээгүй л болов уу. Тэгэхээр шууд У.Хүрэлсүхийн залгамжлагч буюу шинэ Ерөнхий сайд, намын даргын асуудал руу орох хэрэгтэй болж байна.

Үүнд хамгийн их амбицлаж байгаа хүн нь Д.Сумъяабазар байж таарна. Өнгөрсөн удаа У.Хүрэлсүхийн танхимд багтаж чадаагүй, өмнө Уул уурхайн сайд байхдаа Тавантолгойд IPO гаргана гэсэн том амлалт, том мөрөөдлөө танхимынхаа тэргүүнд нугаслуулаад өнгөрсөн хүний хувьд. Тэгээд ч ард нь Нийслэлийн нам буюу МАН-ын гол цөм байж байдаг. МАН доторх "хотын фракци" гэдэг нэр томьёо огт санамсаргүй ч үг биш. 

Хэрвээ Д.Сумъяабазарыг дараачийн Ерөнхий сайд гэвэл МАН-ын даргын суудал ч гэсэн түүнд шилжиж таарна. Ингэвэл У.Хүрэлсүх намаасаа бүр мөсөн тасарна гэсэн үг. Тиймээс өөрт илүү ойр, гар дор нэгнийг МАН-ын толгойд, Ерөнхий сайдад суулгахын тулд Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь буулган хотын даргын суудалд суулгажээ гэж хардаж болохоор байна. Хэрвээ Сумка нь анхнаасаа л хотын даргад шунасан бол УИХ-ын сонгуульд яах гэж нэр дэвших билээ.

Тэгээд ч мань хүн ердөө хэдхэн хоногийн өмнө буюу орон нутгийн сонгууль болохын урьд "Намаа ялалтад хүргэвэл та хотын дарга болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би хотын дарга болохгүй. Олдсон нүх болгонд гүйж ороод байдаг оготно биш” хэмээн өөрийн амаар хэлсэн удаатай. Тэгэхээр түүнийг "оготны нүхэнд" шургахад хүргэсэн хүн нь өөр л хүн байж таарна.

www.inews.mn