Эрх баригчдын айдас буюу өнөө цагийн эмгэнэл, одоо тэд “ЭРДЭНЭТ”-ийг тононо
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан явдал
гэмт хэрэг юм бол буруутан нь төр, засаг өөрөө юм
Монголд үнэхээр гунигтай цаг үе ирж байгаа юм байна. Хамгийн өөдрөг үзэл бодолтой нэгэн ч шантарч байна шүү дээ. Нийгмийг өнөө цагийн эрх баригчдын өвөр хоорондын эд хөрөнгө, мөнгө, эрх мэдлийн төлөөх ил цагаандаа гарсан өрсөлдөөн жинхэнэ бузарлаж гүйцлээ. Бухимдал, хараал, хэрүүл, өш хонзон, үзэн ядалт, атаа хорслоос өөрийг тэд энэ улс оронд түгээхээ байлаа. Үр дүнд нь гэрэл гэгээтэй болгонд хорсож, нурааж, эвдэж, сүйрүүлэхийг тэчьяадсан хүн сүрэг бүтээгдэж байгаа нь аюултай. Бие биеийнхээ сайн сайханд чин сэтгэлээсээ талархаж чаддаггүй, шал худлаа зантай, бялдууч долдой, эргээд хэн нэгнийхээ нуруунд “ хутга зоодог”, бас хэдийд ч “зооход” бэлэн, хаашаа ч хуйларч болзошгүй тэрхүү “таг харанхуй масс” эрх баригчдыг адын хүслээ гүйцээхэд нь тулгуур болж улам өгдөөнө. Энэхүү тулгуур “цул хар бүтээл”-ийг хэдий чинээ өсгөж томруулна төдий чинээгээр тав тух, тансаг нөхцөл, ямар ч хуулийг давж, яаж ч даварч болох эрх чөлөө, дур зоргоор хангагдана гэдгээ эрх баригчид сайн мэднэ. Ийм эрх баригчид ард түмний төлөө юу ч хийдэггүй юм. Тэд төрөөр зүгээр л “айл гэр” болж тоглодог. Улс гэрийг бусниулж, бусдын босгосныг дээрэмдэж тононо, хураана. Тэгээд үйлдлээ ШУДАРГА ЁС, өөрсдийгөө ЭХ ОРОН Ч гэцгээдэг бүр тогтсон танил хэллэгтэй. Шуудхан хэлэхэд энэ төрлийнхнийг ПОПУЛИСТУУД, үг, үйлдлийг нь “ПООПРОХ” хэмээн монгол хүн бүр таньдаг, нэрлэдэг болжээ. Хамгийн гол нь улс орны , нийтийн эрх ашгийн төлөө юу ч хийж чаддаггүй, хоосон ярьдаг улстөрчид л “ПООПОРДОГ”. Нэн ялангуяа улс орны залуур, жолоог атгаж байгаа эрх мэдэлтнүүд популизм хийгээд байвал тухайн улс, ард түмэнд маш хохиролтой, аюултай гэдэг юм билээ. Яагаад, гэвэл хий хоосон популизм улс орныг ядуурал хоосролд оруулж, ард түмнийг самууруулж, үнэнийг үзэн яддаг болгодог. Тэгвэл Монголд ПОПУЛИЗМ жинхэнэ гаарч, өнөөдөр бүр оргилдоо туллаа. Монголын улс төр ганцхан популизмаар амьсгалж байна. Үүний тод жишээг Засгийн газраас ХХБ-ны удирдлагуудын эсрэг дэглэж найруулсан операц харууллаа. Энэхүү тавилттай жүжиг хэрхэн эхлэв?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэлгэсэн нууц биш нууц
Аливаа популизм аймаар сүржин, сүртэй байдгийн жишгээр энэ операцыг Монгол Улсын сайд Л. Оюун-Эрдэнэ эртнээс бэлтгэж, найруулсан зохиолынхоо дагуу үнэхээр дуулиантай эхлүүлэв. Эхлээд тэр Монгол Улсын эрх ашигт асар хохирол учруулсан байж болох НУУЦ-ад нэвтэрснээ нийтэд сүртэйгээр зарласан. Ингэхдээ тэр ямар их баяртай байгаагаа нуухыг хүсээгүй, инээгээд л байлаа. Шинэхэн сайдын удахгүй дэлгэнэ гэсэн нууц олон нийтийг гижигдсэн нь мэдээж. Үүнийг хүлээж байсан сайд нууцаа ч дэлгэлээ. Гэтэл нөгөө хүмүүсийн хүсэн хүлээсэн нууц нь ямар ч аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудын хооронд болж байдаг л үйл явдал байсныг ЗГХЭГ-ын даргын маш сүртэй тайлбарласан схемээс бид харлаа. Л.Оюун-Эрдэнэ сайд санхүүгийн нарийн мэдлэггүй жирийн иргэдэд гүн сэтгэгдэл төрүүлэхээр тайлбарласан л даа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд авахын тулд аж ахуйн нэгж хооронд мөнгө босгосон тэр схемийн нууц, бас аюултай тал нь тэгээд юу байсан гэж! Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэр босгосон схем нь үүнийг гэрчилнэ гэсэн мэдээллийг Л.Оюун-Эрдэнэ урьдчилан тараасан. Монголбанк, ХХБанк хооронд байгуулсан своп- гэрээ хэлэлцээрийн дагуу нийлүүлсэн мөнгийг л төрийн мөнгө ашигласан гэж тооцохгүй юм бол “Монгол зэс” корпорац цэвэр өөрсдөө мөнгө босгосон байхыг тэр схемээс хэн ч харж болно. ТӨРИЙН МӨНГӨ гэдэг бол Төсвийн мөнгө юм. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахдаа төсвийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй болохыг тэр схемээс монголчууд бүгд харлаа шүү дээ. Энд л гол учир бий гэдгийг дор өгүүлэх болно. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн сүржин дэлгэсэн НУУЦ-ад үнэндээ нууц юм юу ч байсангүй.
Зөвхөн ҮАБЗ-ийн хүрээнд мэдэгдсэн, тэр хүмүүс л мэдэж байсан гэх тэр чухал нууцыг нь гэтэл жирийн иргэд ч мэдэж байсныг ХХБ-ны удирдлагуудыг зориуд сүр дуулиантай баривчлахын өмнөх өдрийн орой С-1 телевизээр гаргасан “Цензургүй яриа” нэвтрүүлэг харуулсан билээ. Асар хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулж эртнээс бэлтгэсэн ажиллагаа байжээ гэдгийг тэр нэвтрүүлгээс олон түмэн ойлгосон. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход л “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах асуудлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдсан хуралдааны протокол нийтэд ил болсон байсныг Л.Мөнхбаясгалангаас эхлээд олон сэтгүүлч гэрчилнэ л дээ. Тэгвэл яагаад НУУЦ биш НУУЦ-ыг эрх баригчид гэнэт ингэж сүржин асар эмоцитойгоор “дэлгэх” болов гэдэг нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?
Айсан хүн адуу үргээдэг
Болсон үйл явдалд уншигч та хамтраад жаахан дүн шинжилгээ хийж болно. “Засгийн газрын мэдээ” сонины 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 037 дугаарт “Эрдэнэт”-ийн 51 хувийг шүүхэд авч гарах тархи угаалт албан ёсоор эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд “...Гэмт хүн гэлбэлзэхийн үлгэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хилийн чанадад дэнчин тавиад алдчихсан хэсэг нөхөд үнэнд гүйцэгдэх дөхөөд дагжин чичирчихсэн явна. Олон улсын Арбитрын шүүхийн хугацаа ойртож, Стандарт банкны нэхэмжлэлтэй холбоотой асуудал улам ноцтой болж, хуулийн хугацаа ойртох тусам олон нийтийн анхаарлыг сарниулах, тархи угаах ажиллагаа оролдлогууд ар араасаа үргэлжлэх боллоо ...” хэмээн цааш бичсэн байдгаас учир шалтгааныг хайж болно. Яг энэ нийтлэлийн дараа эрх баригчид 49 хувийнхныг баривчлах операцаа эхлүүлсэн юм. Монгол хүн байгаад, Монголоо гэсэн ухаанаар яаж ч бодоод үзсэн өнөөдөр монголчуудад аваад ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь аюул дагуулаад байна уу, эсвэл Хятадын “Стандарт” банкинд барьцаалагдаад, одоо алдахдаа тулаад байгаа 51 хувийн асуудал аюултай юу гэдгийг хүн бүр ойлгоно гэдгийг эрх баригчид энэ удаа тооцоолж чадсангүй. Үнэхээр ЭХ ОРОНЧ, ШУДАРГА зоригтой удирдагчид Монгол Улсыг залж яваа юм бол харьд алдаж буй 51 хувийнхаа асуудалд ухаанаа чилээх учиртай байлаа. Нэгэнт Монголд найдвартай ороод ирчихсэн 49 хувь манай эрх баригчдад Хятадад алдахад бэлэн болоод байгаа 51 хувиас яагаад амин чухал “асуудал” гэж!
Яг үнэндээ “Монгол зэс” корпорац, ХХБанкинд монгол хүн бүр талархах нь шударга явдал болно. Одоо эс ч хожим талархах болно гэдэгт би хувьдаа өчүүхэн эргэлзэхгүй байна. Ц.Нямдорж сайд тэргүүтний яриад байгаа шиг “Эрдэнэт”-ийн 49 хувь бол монголчууд бидний өмч биш байсан юм. Энэ чинь Оросуудын өмч байлаа. Үүнийг гадаадын хэн нэгнээс мөнгө зээлж барьцаанд оролгүй, төсвийн мөнгөнд манай улстөрчид шиг хуруу, хумсаа дүрэлгүйгээр монгол хүн ухаанаа зарж, мөнгө босгоод аваад ирсэн явдал тэгээд гэмт хэрэг болох уу? Тэгээд Эрдэнэтийн 51 хувийг гаднынханд барьцаалж, Монголын хувь заяагаар тоглосон МАН-ын эрх мэдэлтнүүдийн хэрэг явдлыг гавьяа гэж үзэж байгаа хэрэг үү ? Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө!, Ерөнхий сайд аа! энэ 51 хувь бол жинхэнэ монголчуудын өмч байлаа. Одоо бидний өмч байхаа болих нь. Монголын төр яагаад ийм увайгүй байна вэ? Хятадын “Стандарт” банкинд 51 хувийг барьцаалсан МАН-ын дарга нар, энэ хэрэгт холбогдсон эрхмүүд маш их айн сандарч байгаа юм байна. Тэгээд тэд ялаас мултрахын тулд дээрэм хийхээр шийджээ. Тэд өөрсдийгөө биш, өрөөлд байсан 49 хувийг аваад ирсэн хүмүүсийг, гаднынханд алдсан бус гадна байсныг аваад ирсэн гавьяатнуудыг буруутган золиослохоор шийджээ. Өнөө цагийн хамгийн том эмгэнэл энэ байх биз ээ! Монгол хүн л бол хэн ч үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй нь лавтай.
Одоо тэд “Эрдэнэт”-ийг тононо
Монголчуудаас маш олон зүйлийг эрх баригчид жинхэнэ нууцалж байсныг бид ЖДҮ-ийн дээрэмчдийн хэрэг явдлаас хойш мэддэг болсон. МАН-ынхан дарга нараасаа эхлээд монголчуудаа хэрхэн шулж, шувтарч байсныгаа мартагнуулах гэж маш их хүчин чармайлт гаргаж эхэлж байгаа юм байна. Энэ хэрэг явдал тэднийг хөнтрөх дөхсөн ч, М.Энхболдын асуудлыг босгон түр намжаасан нь үнэн. Гэвч монголчууд мартахгүй ээ! Өнөөдрийн УИХ, тэр тусмаа Засгийн газарт ЖДҮ-чид олноороо сууж байгаа. Тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байгаадаа, бүгд эл хэрэгт холбогдсон болохоор эрх баригчид үхтлээ айцгааж байна. Ямар ч хамаагүй аргаар үйлдсэн гэм нүглээсээ ард түмний анхаарлыг хөндийрүүлэх гэж тэд оролдож эхэлсний түрүүчээс бид харж байна. “Эрдэнэт” үйлдвэрт яасан гэж онц байдал зарлав аа! Одоо тэд очоод тононо л доо. Тэд яг ингэдэг юм. Ерөөсөө арга барил нь энэ. ЖДҮ-ийн хэрэг нэгэнт ил болсон. Хууль бусийн эсрэг амь амьдралаа ч золино гэж хашгирч, заналхийлээд байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нар өөрсдөө бүгд ЖДҮ-чид байсан нь тогтоогдсон. Ийм болоод тэд туйлын хүнд байдалд орлоо. Энэхүү хүнд нөхцөл тэдэнд башир арга тулгасан хэрэг. Ядаж байхад нь 2020 оны сонгуулийн санхүүжилтийг хэрхэн босгох вэ гэдэг асуудал хутга болж тулгагдаад МАН-ын супер- популист дарга нарын амьсгалыг давчдуулж байгаа нь мэдээж. Ингэх бүрийдээ тэд ямар нэгэн банк, хамгийн ашигтай төрийн өмчтэй аж ахуй нэгж, компанийг тонодог жишээг “ Хадгаламж” банкыг өнөөдрийн Ерөнхий сайдын оролцоотой хэрхэн дампууруулж цөлмөсөн явдал байнга сануулдаг юм. Энэ удаа тэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувийн хэвшлийн оролцоог залгиад, 100 хувь ард түмний болгох нэрээр дахин саах гэж байна. Тус үйлдвэрт онцгой байдал тогтоож “хамгаалалтад” авч байгаа шалтгаан ердөө ийм энгийн юм. 100 хувь төрийн өмчит компаниудаас ард түмэнд ашиг тус гэж юу ногддог байсан билээ санаад үзээрэй. Ийм газруудад эрх мэдэлтнүүдийн шахааны бизнес л төгс цэцэглэж ирснийг монголчууд харин ч мартахааргүй болсон шүү дээ.
Эрх баригчид оролцсон, холбогдсон ямарваа дуулиант хэргийг, түүнээс дутахааргүй дуулианыг босгож байж дарж, олонд мартагнуулдаг технологи олонд одоо ил болсон цаг. ХХБ-ны удирдлагуудыг олон нийтийн нүдэн дээр ямар сүр, дуулиантайгаар баривчиллаа даа. Нүүр, амаа битүү халхалж, байлдааны буу зэвсгээр зэвсэглэж, сум нэвтэрдэггүй хантааз, хамгаалалт, хуягласан машинтай тусгай хүчнийхэн очоод л... гарыг нь гавлаж, машинуудыг нь хүртэл “баривчлаад” л... Тэднийг ингэж сүр бадруулахгүйгээр дуудаж байцааж шалгаж яагаад болохгүй байсан гэж. Нийгмийг, олон нийтийг зориуд ингэж дуулиантуулах нь л эрх баригчдын гол зорилго байсан байна. Энхтайваны гүүрэн дээгүүр дайн байлдаан болсон юм шиг хуягласан машин давхиуллаа. Энэ бүхэн ард түмэнд айдас, түгшүүр төрүүллээ. Биднийг юунд турхираад байна вэ? гэсэн асуулт нээлттэй үлдэж байна. Баялаг бүтээгчдийг үзэн ядах үзэл энэ үйл явдлын үеэр зарим нэгнээс хүчтэй гарч байгааг анзаарсан байх. Алаад, хядаад, буудах юм сан гэсэн үг яриа ил тод гарч байна. Төр, засаг өөрөө ийм зүйлд ард түмнийг уруу татаж байгаа нь гэмт хэрэг мөн үү! Хий сүгсэлзэж, сүржигнэсэн ПОПУЛИЗМ нэгэн цагт аюул дагуулах болно шүү гэдгийг эрх баригчид ухаарах хэрэгтэй юм. Айх ёстой жинхэнэ аюул энэ. Айсан хүн адуу үргээнэ гэхчээр Монголын өмч хөрөнгө болох “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан, ЖДҮ болон бусад сангаас хулгайлж, ард түмнээ шулсан гээд МАН-ын эрх баригчид үйлдсэн хэргээ манантуулж мартагнуулахын тулд марзан хэрэг явдлыг дэглэх гэж оролдлоо. Монголчууд 51 хувийнхаа хувь заяаг одоо эрх баригчдаас, МАН-аас нэхэх хэрэгтэй. Төсвийн мөнгөнөөс хулгайлахаа болихыг тэднээс байнга шаардаж байх ёстой. Баялаг бүтээгчдээ, ажлын байр олгогчдоо, хөгжилд хөтлөгчдөө хайрладаг болцгооё! Өмгөөлсөн шиг өмгөөлж сурцгаая! Популистууд та бидний хэнд маань ч гай тарина, авчирна. Өнөөдөр “Эрдэнэ”-тийн 49 хувийг Монголд авчирсан явдал үнэхээр гэмт хэрэг юм бол буруутан нь төр, засаг өөрөө юм. Тэдэнд зөвшөөрөхгүй байх бүрэн эрх нь байсан. Тэгээд ч 49 хувийн асуудал гэмт хэрэг мөн, биш эсэхийг улстөрчид тогтоодоггүй юм. Эцэст нь өгүүлэхэд иргэд банкнаас зээл авч бизнес хийх нь гэмт хэрэг болно шүү гэдгийг Монголын төр иргэддээ энэ операцаараа хатуу санууллаа.